Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/00122

 

 

 

 

 

 

 

                            2022         12              19                                 207/МА2022/00122

 

 

 “Т банк” ХХК-ийн Орхон салбарын

  нэхэмжлэлтэй, хариуцагч С.И

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/01398 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Т банк” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.И холбогдох,

“Зээлийн төлбөрт 9.793.421,73 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.Г, хариуцагч С.И, нарийн бичгийн дарга Н.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

“...Иргэн С.Т, С.И нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-нд Т банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвөөс 340502449703 тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч С.Т 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зээлээ төлөхгүй байгаа бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 16, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийн хамтран зээлдэгч С.И хүргүүлсэн. Иймээс уг зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээг дуусгавар болгож 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 8,185,685.76 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,519,829.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 87,906.76 төгрөг, нийт 9,793,421.73 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч С.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...С.Т надад охинд мөнгө хэрэгтэй болчихлоо, зээл авах гэж байгаа юм, батлан даагчаар ороод өгөөч гэж хэлэхэд нь зөвшөөрч гарын үсэг зурсан. Би С.Тгийн авсан зээлээс өөрт хэрэглээгүй, аваагүй, шууд охин руугаа шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгаас тодорхой харагдана. Уг зээлийг зээлдэгч төлөхгүй эсхүл ямар нэг шалтгааны улмаас төлбөрийг барагдуулахгүй байх үед миний бие төлнө гэсэн хүсэл зориг байгаагүй. Учир холбогдлыг ойлгоогүй гарын үсэг зурсан болно. Өөрт авч ашиглаагүй зээлийн төлбөрийг төлөх боломжгүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3.-т хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн;, 58.3.3.-т хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн; гэж тус тус зааснаар би уг гэрээний учир холбогдлыг ойлгоогүй. Т банк болон С.Т нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд С.Иийг хамтран зээлдэгч гэж, зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг өөрийн цалин, түүнтэй адилтгах орлогоос төлөх ба энэ зорилгоор цалин хөлс, тэтгэмж, түүнтэй адилтгах бусад орлогоос, банк дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авахаар тусгасан атлаа зөвхөн С.Тгийн цалингаас үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ. Гэрээний хавсралтад барьцаа хөрөнгө болон нэг хүний буюу С.Тгийн цалин тусгагдсан. Хөдөлмөрлөх, түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Тиймээс энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэхээр байна. Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан С.Тд холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн тэтгэврийг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй надад хамааруулах боломжгүй. Т банк болон С.Тгийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дээрх заалт агуулгын хувьд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан зохицуулалтад харшлахгүй гэж үзэж байна. Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй надад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т банк-ны зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. С.И миний бие талийгаач С.Тгийн цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр тусгагдсанаа мэдэж, ойлгосон, С.Тгийн нас барснаас хойш зээлийн төлбөрийг төлж байгаагүй байдал нь Иргэний хуулийн тухайн харилцаанд хамааралтай зохицуулалтыг хэрэглэх үндэслэл болохгүй гэж үзэж байна...” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг баримтлан хариуцагч С.Иээс зээлийн гэрээний үүрэгт 4,310,967.38 /дөрвөн сая гурван зуун арван мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,482,454.35 /таван сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

            “...Т банк 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12.000.000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг иргэн С.Т байгуулж, хамтран зээлдэгчээр С.И нь гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгч болсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байгаа. С.И нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уг зээлийг төлөгдөж дуусах хугацаанд гарсан аливаа эрсдлийг бүрэн хариуцаж дуусгах хүсэлтийг гарган үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний 2.3.1.-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг бөгөөд С.Иийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь байсан. Тэгэхээр өөрөө үр дагаварыг нь ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Иймд С.И нь гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3. дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу банк үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн аль нэгнээс үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй болно. Иймд анхан шатны шүүх “зээлийн төлбөрийг зээлдэгч нар хоёулаа хариуцах үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 11.-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасныг мөн шүүхээс буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуульд тухайлан /242.3/ үүргийг үндсэн үүрэг гүйцэтгэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн аль нэгнээс шаардах эрхийг хуульчилсан байхад 242.11. дэх заалтыг хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэрт хамтран зээлдэгчид зээлийн гэрээний үүргийг биелүүлэх мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сард мэдэгдсэн байх тул мэдэгдэл өгсөн хугацаанаас эхлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн байна. Зээлдэгч нар банктай зээлийн гэрээ байгуулснаар гэрээний үүрэг үүснэ. Гэтэл шүүхээс гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгснөөр үүргийн гүйцэтгэлийг хариуцах үүрэг үүснэ гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1., 20.3., 20.7., 21.1., 21.2. дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөн байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/01398 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дугаар хэсэгт хамтран зээлдэгч С.И нь үндсэн зээлдэгч С.Тг нас барсан гэдгийг дурдсан байдаг. Зээлдэгч С.Т нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь Т банкинд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1., 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийг зээлийн гэрээний агуулга болон хамтран үүрэг гүйцэтгэх талаарх Иргэний хуулийн зохицуулалтад нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийг шийдвэрийн хүчингүй болгосон 5.482.454,35 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

                                                           ХЯНАВАЛ :

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 2.Нэхэмжлэгч Т банк ХХК нь  шүүхэд “.... гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний төлбөр- 9.793.421,73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч С.И “...надад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй...“ гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх хариуцагч С.Иээс зээлийн гэрээний үүрэгт 4.310.967,38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.482.454,35 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч “Т  банк” ХХК нь  зээлдэгч С.Т, хамтран зээлдэгч С.И нартай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээл-12.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 15.6 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 05-ны өдөр дуусгавар болохоор байна.  

         5.Нэхэмжлэгч “Т банк” ХХК нь зээлдэгч С.Тг нас барсан учраас зээлийн гэрээг дуусгавар болгож, хамтран зээлдэгчээс зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

          6.Үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд нэхэмжлэгч банк нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4.-д ...зээлдэгч нас барах тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлал, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах“ гэж зааснаар хамтран зээлдэгчээс нэхэмжлэгч тал зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

         

        7.Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр нэхэмжлэгч нь үндсэн зээлдэгч С.Тгаас зээлийн төлбөрийг шаардахгүй байгаа үндэслэл тодорхойгүй, үндсэн зээлдэгч нас барсан гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч “Т банк” ХХК нь зээлдэгч С.Т, хамтран зээлдэгч С.И нараас шаардах эрх үүссэн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11.-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна“ гэж зааснаар зээлийн төлбөрийг зээлдэгч нар хоёулаа хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

         8.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 340502449703 дугаартай зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүх нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлагаасаа татгалзаж буй эсэхийг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан иргэний хэрэг үүсгэх №5196 дугаартай, хэргийг хэлэлцүүлэх тухай №5709 дугаартай шүүгчийн захирамжинд уг шаардлагыг бичээгүй орхигдуулсан, шийдвэрийн тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна. 

 

           9.Шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэлийг тодруулах, үндсэн зээлдэгч нас барсан эсэхийг тогтоосны дараа зээлийн гэрээний талаарх маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

10.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцааж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/01398 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.669 төгрөгийг Т сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.У

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.Б

      ШҮҮГЧ                                               Б.О