Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1124

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/00817 дугаар шийдвэртэй Б.М-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “АТҮТ” ТӨҮГ-т холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АТҮТийн Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны захирлын тушаалаар 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тус төвийн бүртгэлийн хэлтэст тоо бүртгэлийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж хуурамч баримт бичгээр “Эм Си Пи Эл" ХХК-ийн 14 ширхэг тээврийн хэрэгсэл, 13 ширхэг чиргүүлийг “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12, хөдөлмөрийн дотоод журмын 3.18, 3.18.1, 3.18.8, 3.9.12, 5.1.1, 5.1.3, 11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.13, 4.3.18, 4.3.22-т заасныг баримталж чөлөөлсөн. Миний бие хууль, дүрэм, журамд заасан дээрх нөхцөлүүдийг зөрчиж ямар нэгэн сахилгын болон бусад зөрчил дутагдал гаргасан зүйл байхгүй. Тушаалд заасан хоёр компанид холбогдох тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийхдээ өөрөө хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах санаатай үйлдэл гаргаж бүртгэл хийсэн үйлдэл огт байхгүй бөгөөд Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу бүртгэлийг хөтлөн явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй юм. Миний зүгээс хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлэх явцдаа хүсэлт гаргагч этгээдээс гаргаж байгаа бичгийн баримтууд нь хуурамч, хууль бус гэдгийг бүртгэл хөтлөх явцдаа шууд илрүүлж, мэдэх боломжгүй бөгөөд дээрх байдлыг тогтоох нь тусгай мэргэжлийн байгууллагын тогтоох боломжтой ажиллагаа юм. Гэтэл дээрх зөрчлийг намайг өөрөө санаатайгаар хийж гүйцэтгэж явуулсан мэтээр дүгнэж ажлаас халах шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.М нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлэхдээ “Эм Си Пи Эл” ХХК, “Хуан Лун Ке Жи” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтны нэр зөрүүтэй, баримтууд нь эргэлзээтэй илтэд алдаатай байтал зориудаар бүртгэлийг хийж хөдөлмөрийн гэрээний 4.3.22-т заасан ноцтой зөрчлийг гаргасан. Энэхүү зөрчил нь “Эм Си Пи Эл” ХХК-аас гаргасан гомдлын дагуу илэрч шалгагдсан. Шалгах явцад нэхэмжлэгч болон нэр бүхий компанитай уулзаж тайлбар, албан бичгүүдийг авсны үндсэн дээр сахилгын зөрчил гаргасан гэдгийг тогтоож сахилгын шийтгэлийг хүлээлгэсэн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “АТҮТ” ТӨҮГ-т холбогдох, өмнө нь эрхэлж байсан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэлийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2 300 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ажилтан Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болон 11 дүгээр сарын 29-ний өдөр “Эм Си Пи Эл” ХХК, “Хуан Лун Кө Жи” ХХК нарын гэх хүсэлтээр “Эм Си Пи Эл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 14 чирэгч толгой, 13 чиргүүлийг “Хуан Лун Кө Жи” ХХК-ийн нэр рүү бүртгэж, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч талын болон хариуцагч талын тайлбараар нотлогдож байна, “Эм Си Пи Эл” ХХК, “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн бүрдүүлж өгсөн гэх бичиг баримтууд нь журамд заасан бүрдлийг хэлбэрийн төдий хангаж байх боловч бүртгэлийн мэргэжилтэн мэдэх боломжтой байсан дор дурдсан илэрхий алдаатай, эргэлзээтэй байхад бүртгэлийг хийсэн нь буруу болжээ” гэжээ. Талуудын хооронд хийгдсэн Хөдөлмөрийн гэрээгээр “сахилгын ноцтой зөрчил” байх тохиолдлыг заасан байх боловч нэхэмжлэгч Б.М нь “ноцтой”-д тооцогдох яг ямар зөрчил гаргасан, түүнийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь хэрхэн илрүүлж, шалгаж, тогтоосон нь тодорхойгүй, шалгалтын баримтыг хэрэгт ирүүлээгүй, Б.М болон Г.Урангуагийн Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд гаргасан тайлбараас өөр баримт хэрэгт авагдаагүй, тус албанаас Б.М-ийг сахилгын ноцтой зөрчил гаргаснаас хариуцлага тооцож, ажлаас халах талаар ямар нэг дүгнэлт, шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс шууд шилжилт хөдөлгөөний баримтыг үндэслэж “илэрхий алдаатай, эргэлзээтэй, анзаараагүй бүртгэл хийсэн” гэж дүгнэх нь учир дутагдалтай юм. Нэхэмжлэгч Б.М-ийн хийсэн “Эм Си Пи Эл” ХХК, “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн тээврийн хэрэгслийн шилжилттэй холбоотой баримтуудыг н.Бямбадорж гэгч нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, “Эм Си Пи Эл” ХХК-ийн өмчлөлийн дугаар бүхий 14 ширхэг чирэгч толгой, 13 ширхэг чиргүүлийг “Хуан Лу Ке Жи” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан болохыг тогтоож, н.Бямбадоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №1/1001 дугаартай албан бичиг нотлох баримтаар авагдсан байдаг. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдох бичиг баримтыг “хуурамч” гэдгийг энгийн нүдээр шууд хараад тогтоох боломжгүй. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед тийм л нөхцөл байдалд ажилласныг буруутгах боломжгүй юм. Алдаа зөрчил гарсныг тухайн үед хариуцагч байгууллага өөрөө мэдээгүй, шалгаж тогтоогоогүй. Гагцхүү өмгөөллийн “Мон легал сервис” ХХН-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр гаргасан гомдлоор дээрх асуудлыг мэдсэн нь хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, түүний удирдах албан тушаалтнууд нь ажилдаа хэр хариуцлагатай хандаж байгаа нь харагдана. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “АТҮТ” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 300 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх1-4/ хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд заасныг зөрчсөн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ. /хх25/

Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албаны захирлын 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч Б.М-ийг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр анх томилжээ. /хх.8/

Улмаар нэхэмжлэгчийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл бүртгэлийн ахлах мэргэжилтэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн архивын мэргэжилтэн, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтний албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ. /хх.8, 118-120, 146/

Дээрх Б/46 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж, хуурамч баримт бичгээр тээврийн хэрэгслийг бусдын эзэмшилд шилжүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, тус төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.13, 4.3.18, 4.3.22, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18, 3.18.1, 3.18.8, 3.19.2, 5.1.1, 5.1.3, 11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22-т заасныг  тус тус үндэслэжээ. /хх15/

Талуудын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.3.1-т “байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм журамд харш үйл ажиллагаа явуулсан”, 4.3.22-т “тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, шууд цуцлах талаар тусгайлан заасан байна.

Нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тээврийн хэрэгслийг холбогдох журамд заасан баримтын бүрдлийг шалгаж шилжүүлсэн, “Эм Си Пи Эл” ХХК-ийг баримт бичиг хуурамчаар бүрдүүлснийг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тус хоёр компаниас “АТҮТ” ТӨҮГ-т хандаж гаргасан хүсэлт, тодорхойлолт зэрэг баримтуудаар няцаагдаж байна. /хх.33-95/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь уг баримтуудад үндэслэж 2018 оны 11 дүгээр сарын 23, 11 дүгээр сарын 29-ний өдрүүдэд “Эм Си Пи Эл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 14 чирэгч толгой, 13 чиргүүлийг “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийхдээ баримт бичгийн бүрдлийг нарийвчилж шалгахгүйгээр бүртгэл хийсэн байна. “Хуан Лун Ке Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал солигдож 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн талаар гэрчилгээний хуулбарт заасан байхад анзаараагүй, тус компанийн гаргасан хүсэлтэд захирал Taogesi гэж зөрүүтэй бичигдсэн, эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлыг анхаараагүй, мөн тухайн тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэхээр хүсэлт гаргасан Б.Бямбадорж нь тус хоёр компанийн алийг нь төлөөлж байгаа, эсхүл төлөөлөх бүрэн эрх олгогдсон эсэх нь тодорхой бус байхад тодруулах ажиллагааг хийхгүйгээр шилжилт хөдөлгөөнийг хийсэн, өмчлөх, эзэмших эрхгүй этгээдийн эзэмшилд хөрөнгө шилжүүлсэн буруу үр дагавар үүссэн болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүх “АТҮТ” ТӨҮГ-ын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтад үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.М-ийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж түүнийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/46 дугаар тушаал үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Уг хугацаанд зөрчлийг ажил олгогч байгууллага өөрөө шалган тогтоосон, эсхүл хөндлөнгийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу олж тогтоосон нь энэ хэргийн шийдвэр, хууль хэрэглээний хувьд ач холбогдолгүй тул “ажил олгогч байгууллага шалган тогтоох чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт ирүүлээгүй” гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/00817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                                 ШҮҮГЧ                                  Б.НАРМАНДАХ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ