Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00381

 

Б.Мий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/00817 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1124 дүгээр магадлалтай,

Б.Мий нэхэмжлэлтэй

АТҮТТӨҮГ-т холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АТҮТТээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны захирлын тушаалаар 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тус төвийн бүртгэлийн хэлтэст тоо бүртгэлийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж хуурамч баримт бичгээр “Э С П Э”" ХХК-ийн 14 ширхэг тээврийн хэрэгсэл, 13 ширхэг чиргүүлийг “Х Л К Ж”ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан АТҮТтөрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12, хөдөлмөрийн дотоод журмын 3.18, 3.18.1, 3.18.8, 3.9.12, 5.1.1, 5.1.3, 11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.13, 4.3.18, 4.3.22-т заасныг баримталж чөлөөлсөн. Миний бие хууль, дүрэм, журамд заасан дээрх нөхцөлүүдийг зөрчиж ямар нэгэн сахилгын болон бусад зөрчил дутагдал гаргасан зүйл байхгүй. Тушаалд заасан хоёр компанид холбогдох тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийхдээ өөрөө хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах санаатай үйлдэл гаргаж бүртгэл хийсэн үйлдэл огт байхгүй бөгөөд Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу бүртгэлийг хөтлөн явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй юм. Миний зүгээс хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлэх явцдаа хүсэлт гаргагч этгээдээс гаргаж байгаа бичгийн баримтууд нь хуурамч, хууль бус гэдгийг бүртгэл хөтлөх явцдаа шууд илрүүлж, мэдэх боломжгүй бөгөөд дээрх байдлыг тогтоох нь тусгай мэргэжлийн байгууллагын тогтоох боломжтой ажиллагаа юм. Гэтэл дээрх зөрчлийг намайг өөрөө санаатайгаар хийж гүйцэтгэж явуулсан мэтээр дүгнэж ажлаас халах шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Мэ нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлэхдээ “Э С П Э” ХХК, “Х Л К Ж”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтны нэр зөрүүтэй, баримтууд нь эргэлзээтэй илтэд алдаатай байтал зориудаар бүртгэлийг хийж хөдөлмөрийн гэрээний 4.3.22-т заасан ноцтой зөрчлийг гаргасан. Энэхүү зөрчил нь “Э С П Э” ХХК-аас гаргасан гомдлын дагуу илэрч шалгагдсан. Шалгах явцад нэхэмжлэгч болон нэр бүхий компанитай уулзаж тайлбар, албан бичгүүдийг авсны үндсэн дээр сахилгын зөрчил гаргасан гэдгийг тогтоож сахилгын шийтгэлийг хүлээлгэсэн гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/00817 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар АТҮТТӨҮГ-т холбогдох, өмнө нь эрхэлж байсан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэлийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2 300 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1124 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/00817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.5, 172-р зүйлийн 172.1, 172.2.1-д зааснаар, дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Шийдвэр, магадлал нь ИХШХШТХ-д заасан “хууль ёсны буюу үндэслэл бүхий” байх шаардлага хангахгүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтанд нийцээгүй гэж үзнэ. Тухайлбал: Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “... Ажилтан Б.Мэ нь 2018 оны 11-р сарын 23-ны өдөр болон 11-р сарын 29-ний өдөр ““Э С П Э”” ХХК, ““Х Л К Ж”” ХХК нарын гэх хүсэлтээр ““Э С П Э”” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 14 чирэгч толгой, 13 чиргүүлийг ““Х Л К Ж”” ХХК-ийн нэр рүү бүртгэж, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч талын болон хариуцагч талын тайлбараар нотлогдож байна... ““Э С П Э”” ХХК, ““Х Л К Ж”” ХХК-ийн бүрдүүлж өгсөн гэх бичиг баримтууд нь журамд заасан бүрдлийг хэлбэрийн төдий хангаж байх боловч бүртгэлийн мэргэжилтэн мэдэх боломжтой байсан дор дурдсан илэрхий алдаатай, эргэлзээтэй байхад бүртгэлийг хийсэн нь буруу болжээ...” гэж, Магадлалын хянавал хэсэгт: “... ““Э С П Э”” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 14 чирэгч толгой, 13 чиргүүлийг “Х Л К Ж”ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийхдээ баримт бичгийн бүрдлийг нарийвчилж шалгахгүйгээр бүртгэл хийсэн байна...” гэжээ. Эдгээр дүгнэлтүүд нь үндэслэл муутай болжээ. Учир нь: “Сахилгын ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэх байхыг ойлгодог. Талуудын хооронд хийгдсэн Хөдөлмөрийн гэрээгээр “сахилгын ноцтой зөрчил” байх тохиолдлыг заасан байх боловч нэхэмжлэгч Б.Мэ нь “ноцтой”-д тооцогдох яг ямар зөрчил гаргасан, түүнийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь хэрхэн шалгаж, тогтоосон нь тодорхойгүй, шалгалтын баримтыг хэрэгт ирүүлээгүй, Б.Мэ болон Г.Урангуагын Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд гаргасан тайлбараас өөр баримт хэрэгт авагдаагүй, тус албанаас Б.Мэг сахилгын ноцтой зөрчил гаргаснаас хариуцлага тооцож, ажлаас халах талаар ямар нэг дүгнэлт, шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй байхад зөрчлийг ажил олгогч байгууллага өөрөө шалган тогтоосон, эсхүл хөндлөнгийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу олж тогтоосон нь энэ хэргийн шийдвэр, хууль хэрэглээний хувьд ач холбогдолгүй гэж дүгнэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч Б.Мий хийсэн, ““Э С П Э”” ХХК, ““Х Л К Ж”” ХХК-н тээврийн хэрэгслийн шилжилттэй холбоотой баримтуудыг н.Бямбадорж гэгч нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, ““Э С П Э”” ХХК-ийн өмчлөлийн дугаар бүхий 14 ширхэг чирэгч толгой, 13 ширхэг чиргүүлийг “Х Л К Ж”ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан болохыг тогтоож, н.Бямбадоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 03-р сарын 15-ны өдрийн №1/1001 дугаартай албан бичиг нотлох баримтаар авагдсан байдаг. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдох бичиг баримтыг “хуурамч” гэдгийг энгийн нүдээр шууд хараад тогтоох боломжгүй, нэхэмжлэгчийн хувьд тухайн үед тийм л нөхцөл байдалд ажилласныг “... тодруулах ажиллагааг хийхгүйгээр шилжилт хөдөлгөөнийг хийсэн, өмчлөх, эзэмших эрхгүй этгээдийн эзэмшилд хөрөнгө шилжүүлсэн...” гэж буруутгах боломжгүй юм. Алдаа зөрчил гарсныг тухайн үед хариуцагч байгууллага өөрөө мэдээгүй, шалгаж тогтоогоогүй. Гагцхүү өмгөөллийн “Мон легал сервис” ХХН-ийн 2018.12.24-ний өдрийн №30 дугаартай, “Гомдол гаргах тухай” албан бичгээр гаргасан гомдлоор дээрх асуудлыг мэдсэн нь хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, түүний удирдах албан тушаалтнууд нь ажилдаа хэр хариуцлагатай хандаж байгаа нь харагдана. Байгууллагын буруутай үйлдлийн улмаас ажилтан хохирох ёсгүй юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Мэ нь хариуцагч АТҮТТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2 300 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, Б.Мэ нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж,  хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч  санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т заажээ.

Б.Мэ тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 23, 11 дүгээр сарын 29-ний өдөр “Э С П Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 14 чирэгч толгой, 13 чиргүүлийг “Х Л К Ж”ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийхдээ баримт бичгийн бүрдлийг нарийвчилж шалгаагүй, хуулийн этгээдийг төлөөлсөн этгээд бүрэн эрхтэй эсэхийг анхаарахгүйгээр алдаатай бүртгэл хийсэн, ажил олгогч бүртгэлийг хүчингүй болгож залруулсан үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон ажил олгогчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/46 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дүрмийн 6.10.7, 6.12, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.13, 4.3.18, 4.3.22, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18, 3.18.1, 3.18.8, 3.19.2, 5.1.1, 5.1.3, 11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22-т заасныг тус тус баримталж, Б.Мэ нь бүртгэл хийхдээ эд хөрөнгийн эзэмших эрхийг бусдад үндэслэлгүйгээр шилжүүлсэн ноцтой зөрчил гаргасныг дурдаж, ажлаас нь халжээ.

Талуудын байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.3.1-т ...хууль тогтоомж, дүрэм журамд харш үйл ажиллагаа явуулсан, 4.3.22-т тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохыг тусгайлан заасан ба Б.Мэ гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй, хоёр шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн гэж үзнэ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3.3-д заасан бүрдүүлбэл зохих материал бүрдсэн байх ба “Э С П Э” ХХК-ийг баримт бичиг хуурамчаар бүрдүүлснийг мэдэж, илрүүлэх боломж байгаагүй  байж болох боловч нэхэмжлэгч Б.Мэ нь улсын бүртгэлийн гэрчилгээ, өмнөх эзэмшигчийн мэдээлэл зэрэг баримтаас бүрэн эрхтэй этгээдийг лавлах, тодруулах ажиллагааг хийж, бүртгэлийг зөв хийх боломжтой байжээ. Иймд зөрчил гаргаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Шүүх гомдол гаргах хугацаа, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа, ноцтой зөрчил тогтоогдсон эсэх эрх зүйн асуудлаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/00817 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1124 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэний гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА