Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 183/шш2022/03729

 

 

2022 оны 12 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2022/03729 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн, 19 дүгээр хороо, Улаанбаатар таун, 00 дүгээр байр, 0 тоотод оршин суух А овогтой Б.Г /ШБ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах Н.Ш.Ш.Г.Г-т холбогдох, 

Дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Г Н.Ш.Ш.Г.Г-т холбогдуулан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгохыг шаардах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дүгээр сарын 10-ны өдрийн 0000 дугаар захирамжаар Б.Г-оос 70 715 150 төгрөгийг гаргуулж Х.Г-О-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Г. Ч.Ц нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо. 19 дүгээр хороолол 00 дугаар байрны 00 тоот 44 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийсэн Компани нь барьцаа эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо. 19 дүгээр хороолол 00 дугаар байрны 00 тоот 44 м.кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнийг 70 744 850 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг Н.Ш.Ш.Г.Г-т 2021 оны 6 дугаар сард хүргүүлсэн байдаг. Тус газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч Ахмад Ц.Б нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор барьцаа эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч надад ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасан дараах нөхцөл үүссэн. Үүнд: 1. Барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдснээс хойш 6 жил 1 сарын хугацаа өнгөрсөн байна. 2. Барьцаа эд хөрөнгө нь үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор 65 800 000 төгрөгөөр зах зээлийн ханш өсч үнийн дүнд өөрчлөлт орсон байна. Үнэлгээ хийсэн компани нь 2016 оны 6 дугаар сард улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 00 дугаар байрны 00 тоот 44 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнийг 185.000.000 төгрөг, буюу 1кв.м талбайг 4 200 000 төгрөгөөр тогтоосон. Дээрх эд хөрөнгө нь өнөөгийн байдлаар 1кв.м талбай 5 700 000 төгрөг буюу 65 800 000 төгрөгийн өөрчилөлт орсон байх тул барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч бичгээр ямар нэг тайлбар өгөөгүй байна.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022.05.05-ны өдийн шийдвэр гүйэцтэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, 2022.06.16-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 00/0000 дүгээр гомдолд хариу өгөх тухай, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-7 хуу/

4. Хариуцагчаас: шүүхийн гүйцэтгэх хуудас, 2015.12.10-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ20156/00000 дугаар захирамж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, шийдвэр гүйцэтгэх албаны 2015.04.21-ний өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016.05.04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 000/00дүгээр эд хөрөнгийг хураасан тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.05.16-ны өдрийн 0/00000 дугаар мэдэгдэл, 2016.05.11-ний өдрийн Х.Г-Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт, 2015.05.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.05.30-ны өдрийн 0/00000 дугаар мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үнийн санал өгөх тухай, 2016.06.08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд үнийн санал өгөх тухай, 2016.06.09-ний өдрийн Б.Г-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.06.13-fны өдрийн 0/00000 дугаар мэдэгдэл, 216.0614-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016.06.24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 0/000 дугаар тогтоол, 2016.06.24-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 0/00000 дугаар мэдэгдэл, албадан дуудлага худалдаа, 2016.07.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016.07.08-ны өдрийн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын протокол, , Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.07.27-ны өдрийн 0/00000 дүгээр мэдэгдэл, 2016.07.22-ны өдрийн 0/000 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2016.08.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016.08.05-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны дэнчин авах тухай протокол, 2016.11.02-ны өдрийн Б.Гын тайлбар,Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.11.16-ны өдрийн 0/00000дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдэлүүд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.05.01-ны 183/ШЗ2020/00000дүгээр хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.10.02-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж зэрэг баримтыг гаргасан. /хх 30-118 ху/

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 2020.10.22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/00000 дүгээр шийдвэр, 2021.04.09-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, 2021.02.08-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 000 дугаар магадлал зэргийг хариуцагчаас гаргуулсан. /хх 119-124 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.Г нь Н.Ш.Ш.Г.Г-т холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 44 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.10-ны өдрийн 0000 дугаар захирамжаар Б.Г-с 70 715 150 төгрөг гаргуулан Х.Г-О-д олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2016 оны 6 дугаар сард 185 000 000 төгрөгөөр үнэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тус орон сууцны үнэ 65 80 000 төгрөгөөр өссөн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар үнэлгээг дахин тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г- татгалзлын үндэслэлээ тодорхойлсон хариу тайлбар бичгээр ирүүлээгүй боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.10-ны өдрийн 183/ШШ2019/00000 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Г нь зээлийн гэрээний үүрэгт 70 350 000 төгрөгийг 2016.02.21-ний өдөр нэхэмжлэгч Х.Г-О-д төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, /хх 30-00ху/

4.2 Дээрх шүүхийн шийдвэрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.09-ний өдрийн 00000 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, /хх 30 ху/

4.3 2016.03.21-ний өдрийн 00000000дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн, /хх 34 ху/

4.4 2016.04.21-ний өдрийн 000/00 дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилсэн, /хх 35 ху ар тал/

4.5 2016.05.04-ний өдрийн 000/00дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан, /хх 37 ху/

4.6 2016.05.16-ны өдрийн 0/00000 дугаар, 2016.05.30-ны өдрийн 0/00000 дугаартай үнийн санал тохиролцох тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн, /хх 38 ху/

4.7 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийг 185 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн, /хх 40-42 ху/

4.8 2016.06.24-ний өдрийн 0/000 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, 0/00000 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн, /хх 43ху ар тал, 44 ху/

4.9 2016.07.22-ны өдрийн 0/000дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, 2016.07.27-ны өдөр 0/00000 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн, /хх 48, 49 ху/

4.10 2016.11.16-ны өдөр албадан дуудлага худалдааны комиссын хуралд ирэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, 2016.12.01-ний өдрийн 000 дугаар комиссын хурлын шийдвэрээр, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 44 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр өвөгч зөрүү төлбөр 21 715 150 төгрөгийг төлснөөр өмчлөх эрх шилжих нөхцлөөр 14 хоногийн дотор төлбөр авагч Х.Г-О-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн, /хх 54-56 ху/

4.11 Төлбөр төлөгчид үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх мэдэгдлүүд хүрүүлсэн, /хх 56-58 ху/

4.12 Төлбөр төлөгчийн 2019.12.12-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлулах тухай хүсэлтийг Н.Ш.Ш.Г.Г- 2020.01.20-ны өдрийн 0/00дугаар албан бичгээр хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн, /хх 60 ху/

4.13 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 183/ШЗ2020/00000, 2020.10.02-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн, /хх 116-118 ху/

4.14 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.22-ны өдрийн 183/ШШ2020/дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.02.08-ны өдрийн 000 дугаар магадлал зэргээр Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй Н.Ш.Ш.Г.Г-т холбогдох Орон сууцны үнийг 50 хувь бууруулж, 92 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.04.09-ний өдрийн 001/ШХТ2021/00000 дугаар тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан, /хх 119-124 ху/

4.15 Төлбөр төлөгчийн гаргасан гомдлыг 2022.05.05-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч, 2022.06.16-ны өдөр 00/0000 дугаар албан бичгээр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч тус тус гомдлыг хангах үндэслэлгүй талаар мэдэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 6, 7 ху/

5. Нэхэмжлэгч Б.Г нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй үндэслэлээр Н.Ш.Ш.Г.Г-, төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж, хураасан ажиллагаанд гомдол гаргаагүй, харин  үнэлгээ тогтоосноос хойш 6 жил гаруй хугацаа өнгөрч, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш өссөн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч үндэслэлгүй гэж маргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж заажээ.

Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу дахин үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасныг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2022.06.16-ны өдөр 00/0000 дугаар албан бичгээр эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгох тухай төлбөр төлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.22-ны өдрийн 183/ШШ2020/дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.02.08-ны өдрийн 000 дугаар магадлал зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Ц нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувиар хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасныг шүүх шийдвэрлэсэн байна.

 

Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 2022.05.05-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч, 2022.06.16-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 00/0000 дугаар албан бичгээр тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн, эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон нь хуульд нийцэхгүй гэж үзлээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална" гэж заасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016.03.21-ний өдөр үүсч, 2016.06.08, 09-ний өдөр хөрөнгийн үнэлгээг талууд 185 000 000 төгрөгөөр тохиролцсоноос хойш 6 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлж байсан үйл баримт тогтоогдохгүй байхад хүсэлтийг хангахгүй орхисон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хуульд заасан зарчимд нийцэхгүй байх тул хариуцагч Н.Ш.Ш.Г.Г-т Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 44 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоохыг даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн, дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах шаардлагыг хангасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасанд нийцэхгүй гэх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.06.24-ний өдрийн 0/000 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгохыг шаардах эрхийн үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 44 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоохыг Н.Ш.Ш.Г.Г-т даалгаж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016.06.24-ний өдрийн 0/000 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсан нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      Д.ЭНХЦЭЦЭГ