Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00907

 

 

 

Г.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03729 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.А-ын хариуцагч ИШ-газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнлхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дүгээр сарын 10-ны өдрийн 7877 дугаар захирамжаар Г.А-оос 70,715,150 төгрөгийг гаргуулж Х.Гэрэлт-Одод олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 32 дугаар байрны 31 тоот хаягт байрлах Г.А-, Ч.Цэцэгмаа нарын өмчлөлийн 44 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон. Шинжээч дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 70,744,850 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг ИШ-газарт хүргүүлсэн. ИШ-газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор барьцаа эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч Г.А-од хүргүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 6 жил, 1 сар өнгөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ тогтоолгох нөхцөл бүрдсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш ойролцоогоор 65,800,000 төгрөгөөр зах зээлийн ханш өссөн. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 32 дугаар байрны 31 тоот 44 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ 185,000,000 төгрөг буюу 1 м.кв нь 4,200,000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл өнөөгийн байдлаар 1 м.кв талбайн үнэ 5,700,000 төгрөг болж өссөн. Иймд үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож, үнэлгээг дахин тогтоохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 7877 дугаар захирамжаар Г.А-оос 70,744,850 төгрөгийг гаргуулж, Х.Гэрэлт-Одод олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16290324 дүгээр тогтоолоор үүсгэж, тус газрын 2016 оны 3/10767 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 32 дугаар байр, 31 тоот хаягт байрлах төлбөр төлөгч Г.А-, Ч.Цэцэгмаа нарын өмчлөлийн 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 138/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 138/04 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Г.А- өмчлөгч Ч.Цэцэгмаа нараас үнийн санал авахад 185,000,000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч зөвшөөрсөн. Талуудын харилцан тохиролцсон 185,000,000 төгрөгийн 70 хувь 129,500,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3/23153 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэж 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ 92,500,000 төгрөгөөр санал болгож, зөрүү 21,715,150 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 32 дугаар байрны 31 тоот хаягт байрлах, 44 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоохыг ИШ-газарт даалгаж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016.06.24-ний өдрийн 7/267 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсан нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИШ-газраас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 7877 дугаар захирамжаар Г.А-оос 70,350,000 төгрөгийг гаргуулж Х.Гэрэлт-Одод олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол, 32 дугаар байрны 31 тоот хаягт байрлах Г.А-ын өмчлөлийн 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 138/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, мөн оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 138/04 дугаар тогтоолоор хураасан. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 185,000,000 төгрөг гэж талууд харилцан тохиролцсон тул анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолыг талуудад хүргүүлсэн. Анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй тул төлбөр авагч Х.Гэрэлт-Одод дуудлага худалдааны анхны үнэ 92,500,000 төгрөгөөр санал болгож зөрүү 21,715,150 төгрөгийг ИШ-газрын дансанд байршуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Г.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7/267 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4048 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 7/267 дугаар тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийг бүрэн хангасан. Тус газраас Г.А-ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол, 32 дугаар байрны 31 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг талуудын харилцан тохиролцсон үнэ 185,000,000 төгрөгийн 50 хувь болох 92,500,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2016 оны 3/23839 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Тус газраас зохион байгуулсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааны комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар төлбөр төлөгч Г.А-од 14 хоногийн дотор төлбөр төлөх хугацаа өгч, хугацаа хэтэрсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Х.Гэрэлт-Одод шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөрт хураагдсан орон сууцыг чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/37336, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/22649, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/23669, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4/26076, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4- 92/8751, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4-92/14856 дугаар албан бичгээр төлбөр төлөгчид тус тус мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1.Нэхэмжлэгч Г.А- ИШ-газарт холбогдуулан барьцаа үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээг тогтоолгохыг хариуцагчид даалгах, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7/267 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2015/07877 дугаар захирамжаар хариуцагч Г.А-оос 70,350,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 254,850 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Гэрэлт-Одод олгохоор шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхээр хуульд заасан байдаг. (хх-ийн 31-32)

 

Төлбөр төлөгч шүүгчийн дээрх захирамжийг биелүүлээгүйн улмаас тус шүүхийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 01021 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч ИШ-газар 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

1.2. ИШ-газар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002297 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 32 дугаар байрны 31 тоот хаягт байрлах, 44 м.кв талбай бүхий орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 138/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, мөн оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 138/04 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 36-38)

 

Мөн хариуцагч байгууллага 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч Г.А- болон өмчлөгч Ч.Цэцэгмаа нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд уг орон сууцны зах зээлийн ханшаар 185,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлснийг төлбөр авагч Х.Гэрэлт-Од зөвшөөрсөн байна. (хх-ийн 41-43)

 

1.3. ИШ-газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7/267 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг талуудын харилцан тохиролцсон үнэ 185,000,000 төгрөгийн 70 хувь буюу 129,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн байна. (хх-ийн 43-45)

 

1.4. Өмчлөгч Ч.Цэцэгмаа төлбөр хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02859 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (хх-65-70)

 

1.5.ИШ-газар нь дээрх орон сууцыг анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 92,500,000 төгрөгөөр төлбөр авагчид санал болгож, зөрүү 21,715,150 төгрөгийг буцааж төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэж, энэ тухай төлбөр төлөгч, өмчлөгч нарт удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан. Гэтэл төлбөр төлөгч Г.А- 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7/267 дугаар тогтоолд уг хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

3. Мөн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03/1490 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.А-од ... хөрөнгийн үнэлгээ дахин тогтоох хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэх хариу өгсөн ба энэ хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолоход дээрх хугацаа хэтэрсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд нэхэмжлэгч Г.А-ын үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7/267 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж удааширсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, харин өмчлөгч Ч.Цэцэгмаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгох үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч ИШ-газар холбогдох 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоохыг ИШ-газарт даалгах тухай нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03729 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ИШ-газар холбогдох Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7/267 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг ИШ-газарт даалгах тухай нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ