Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/01424

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 21 101/ШШ2023/01424

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Н-н Н-н нэхэмжлэлтэй,

хариуцагч-  Б-н Э,

хариуцагч-  Өийн Б нарт холбогдох,

********** хаягт байрлах, *************** нэгж талбарын дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх, уг газар дээр зөвшөөрөлгүй баригдсан байшинг нүүлгэн шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д,

Хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч У.Х /ӨҮ-****/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Н нь Б.Э, Б.Б нарт холбогдуулан ********** хаягт байрлах, нэгж талбарын *************** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх, уг газар дээр зөвшөөрөлгүй баригдсан байшинг нүүлгэн шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Өвөө Г.Л, эмээ Б.Д нар ********** газар, хашааг 1990 онд худалдан авч амьдарч байсан. Тухайн үед миний аав Л.Нын үеэлийнх Дэнжийн 1000-д нэг хашаанд олуулаа таарамж муутай, хөөгдөөд хэцүү байна гэж гуйгаад манай хашаанд гэр барьж буусан. Тус айл нь яваандаа манай хашаанд хоёр давхар модон байшин барьж амьдарч байгаад манай ааваас хашааны чинь гадна талд дэлгүүр барья гэж гуйгаад зам хүртэлх газрыг тэд өөрсдөө хөөцөлдөн нэр дээрээ зөвшөөрөл авч одоо тэндээ 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байгаа.

2006 онд төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа улсаас бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ миний аав Л.Нын нэр дээр гарсан бөгөөд энэхүү газрыг манайх гэр бүлээрээ эзэмшиж, өмчилж ирсэн бөгөөд Л.Н нь нас барах хүртлээ буюу 2019 оныг хүртэл тус газар, хашаа байшиндаа оршин суудаг байсан. Уг газрыг миний аав Л.Н нь 2010 оны 03-р сарын 4-ний өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Нын Нын нэр дээр шилжүүлж, бэлэглэсэн.

Одоо ************* хаягт Бын Эынх /манай аав Л.Нын үеэлийн хүүхэд/ гэдэг айл эзэмшиж, манай хашааг төмөр хашаагаар таллан хувааж, машин засвар болон нохой үржүүлгийн үйл ажиллагаа явуулж хашааг маань чөлөөлж өгөхгүй байна. Бидний зөвшөөрөлгүй барьсан байшингаа нүүлгэн шилжүүлэх өөрсдийн дураар таллаж барьсан төмөр хашаагаа чөлөөлөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй өдийг хүрч, миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учруулж байна.

Хариуцагчийн гэр бүл манай хашаанд байсан 380 волтийн цахилгаан дамжуулах тогны шонг өөрсдийн дураар бидэнд мэдэгдэлгүй хашаанаас гадна гаргаж байршлыг өөрчилсөн байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй уг этгээдүүдийг манай газар, хашааг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй байгаа гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч Б.Э хариу тайлбартаа нэхэмжлэлд дурдсан газрыг ашиглаагүй, эзэмшээгүй бөгөөд ******************** тоотод өөрийн газрыг өмчилж, эзэмшиж ашиглаж амьдардаг тул нэхэмжлэгчийн газрыг хууль бусаар эзэмшээгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-р шаардах эрхээ тодорхойлсон боловч 2019 оноос хойш шаардах эрх хэрэгжүүлсэн болох нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч Н нь энэ газраа худалдах зорилгоор Б гуайтай ирж уулзсан, харин Этай уулзаж байгаагүй. Хариуцагч Эын тухайд нэхэмжлэгчид саад учруулсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-н үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Хариуцагч Б.Б хариу тайлбартаа манайх 1993 онд **********ын хашаанд нүүж ирээд амьдарч байсан, тэр үед хоёр хөгшин байшин бариад амьдар гэснээр байшин барьж амьдарч байгаа. Газрыг хувьчлах үед мэдээгүй байгаад өмчлөлийн талаар хүсэлт гаргаагүй, энэ газарт 30 жил амьдарч байна. Нэхэмжлэгч Н энэ газар дээрээ ирдэггүй, нэг ирж уулзаад явахдаа газрыг худалдаж авах үнээ хэл гэхэд нь би боломжоороо авья гэдгээ хэлж байсан ч эвлэрэхгүй гээд байгаа. Миний барьсан байшингийн үнэ өртгийг гаргаж өгвөл эвлэрч болно. Намайг байшин барихад хоёр хөгшин л байсан, газар Нын нэр дээр шилжиж ирээгүй байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Нотлох баримтын тухайд

5а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, 2022-9-9-ний өдрийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-6/, иргэн Н.Нын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг 2010-04-16-ны огноотой /хх-7/, *************** тоотын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгчөөр 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Н.Н бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-8/, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /хх-9/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-10/, 2010 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн бэлэглэлийн гэрээ /хх-11/, *************** тоотын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгчөөр Лгийн Н 2006 оны 02-р сарын 22-ны өдөр бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-12/, Л.Н, Н.Н нарын иргэний үнэмлэх хуулбар /хх-13/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р хорооны засаг даргын Л.Н оршин сууж байсан тухай тодорхойлолт /хх-14/, Л.Нын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-15/, нэхэмжлэгчийн 2023-01-25-ны өдөр төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-80/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

5б. Хариуцагч Б.Эаас төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-27/, хариу тайлбар /хх-28/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р хорооны засаг даргын Б.Э оршин суудаг тухай тодорхойлолт /хх-29/, Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улиастайн 4-р хэсэг гудамж, 242 а тоотод байршилтай, нэг талбарын 18651309414815 дугаартай, 173 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Бын Эыг 2014 оны 11-р сарын 18-ны өдөр бүртгүүлсэн гэрчилгээ /хх-30/, Нийслэлийн ********************* тоотод Б.Э оршин суудаггүй тухай тодорхойлолт /хх-32/, хариу тайлбар /хх-79/ зэргийг гаргасан.

 

5в. Хариуцагч Б.Бын хариу тайлбар /хх-78/, өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-94-95/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р хорооны засаг даргын Б.Б нь 1993 оноос тус хорооны 4 хэсэг Хангамж гудамж 242 тоотод бүртгэлтэй, оршин сууж байгаа тухай тодорхойлолт /хх-108/, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 4 Т-242 тоотын у ХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-109/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10-р сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж /хх-111/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

5г. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ********** газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-55-63/ баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагчаар Б.Э, Б.Б нарыг тодорхойлон татаж, тэдгээрт холбогдуулан ********** хаягт байрлах, нэгж талбарын *************** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх, уг газар дээр зөвшөөрөлгүй баригдсан амины орон сууц бүхий байшинг нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

Өвөө Г.Л, эмээ Б.Д нар ********** газар, хашааг 1990 онд худалдан авч амьдарч байсан. 2006 онд төрөөс хувьчилсан газарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор миний аав Л.Нын нэр дээр анхны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.

Миний аав Л.Нын үеэл болох Б нь манай хашаанд гэр барьж бууснаар яваандаа манай газар дээр хоёр давхар модон байшин барьж амьдарч байгаад манай ааваас хашааны чинь гадна талд дэлгүүр барья гэж гуйгаад зам хүртэлх газрыг тэд өөрсдөө хөөцөлдөн нэр дээрээ зөвшөөрөл авч одоо тэндээ 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байгаа.

Аав Л.Нын 2010 оны 03-р сарын 4-ний өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Н.Н нь газрын өмчлөх эрхийг шилжүүлж авсан боловч уг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нар саад болж газар болон хашааг суллаж өгөхгүй байгаа. Бидний зөвшөөрөлгүй барьсан байшингаа нүүлгэн шилжүүлэх өөрсдийн дураар таллаж барьсан төмөр хашаагаа чөлөөлөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй өдийг хүрч, миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учруулж байна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Хариуцагч нар маргаан бүхий хаягт оршин суудаггүй, тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн өвөө, эмээ зөвшөөрсний үндсэн дээр тухайн газарт хариуцагч Б.Б амьдарч эхэлсэн бөгөөд одоог хүртэл тэр газарт амьдарч байгаа. Хоёр хөгшнийг нас барснаас хойш 2010 оны үед газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Н авсан байсан. Хоёр хөгшнийг зөвшөөрсний дагуу тэр газарт Б.Б 30 жил амьдарч, тэр газрыг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Нтай холбоо барихад та үнээ хэлчих гээд байдаг. Газраа худалдахгүй гэсэн байр суурьтай байгаа бол үнийн санал асуухгүй байх байсан. Газар албадан чөлөөлүүлэх, байшинг албадан нүүлгэх шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

************************ тоот нутаг дэвсгэрт нэгж талбарын *************** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр Лгийн Н 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байна /хх-12/.

 

2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч Л.Н нь бэлэг хүлээн авагч Н.Нын өмчлөлд өөрийн өмчлөлийн ************************ тоот хаягт байрлах 700 кв.м, 9,240,000 төгрөгийн үнэ газрыг хариу төлбөргүй шилжүүлсэн байна /хх-11/.

 

Нэхэмжлэгч Н.Н нь ************************ тоот хаягт байршилтай, нэгж талбарын *************** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгчөөр 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн Г-2204003689 дугаартай гэрчилгээ гарсан байна /хх-8/.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар ************************ тоотын газрын өмчлөгчийн мэдээлэлд төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх бүртгэлийн өмчөлөгчөөр 2006 оны 02-р сарын 22-ны өдөр Лгийн Н, бэлэглэсэн гэж, 2010 оны 03-р сарын 05-ны өдөр бэлэглэх гэрээгээр Н.Н өмчилсөн гэж бүртгэгдсэн байна /хх-10/.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ***-р хорооны засаг даргын 2022 оны 9-р сарын 15-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолтод Боржигин овогт Лгийн Н нь тус хорооны 4 хэсэг Хангамж гудамж 242 тоотод бүртгэлтэй оршин сууж байсан нь үнэн болно гэж тодорхойлсон байна /хх-14/.

Б.Э нь Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улиастайн 4 дүгээр хэсэг гудамжны 242а тоот хаягт байршилтай, 18651309414815 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 175 м.кв газрын өмчлөгчөөр 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэгдсэн байна /хх-30/.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ****-р хорооны засаг даргын 2022 оны 10-р сарын 10-ны өдрийн 119 дугаартай тодорхойлолтод Убаши овогт Бын Э нь тус хорооны 4 хэсэг Хангамж гудамж 242 тоотод бүртгэлтэй оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлсон байна /хх-29/.

 

Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн үзлэгээр **************** гудамж /гэрчилгээн дээр, хорооны тодорхойлтод хангамж гудамж гэж тодорхойлсон/ *** тоотын газарт очиж үзэхэд зураг 3, 4-т харуулсан амины орон сууц бүхий байшин зэрэгцээ баригдсан, 3-рт дугаарласан цэнхэр хаалгатай байшинг хариуцагч Б.Бын байшин гэж, 4-рт харуулсан байшинг нэхэмжлэгч Н.Нын байшин гэж талууд заасан, зураг 1, 2, 5-рт харуулсан контейнэр, дундын хайс бүхий хашаа, поошиг бүхий савуудыг хариуцагч Б.Б миний эд зүйл гэж тайлбарласан бөгөөд тухайн газарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон нохой үржүүлэг болон машин засварын үйл ажиллагаа эрхэлж байгаа, хариуцагч нар тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй /хх-55-63/.

 

5. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Б.Э, Б.Б нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлэх, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө бүхий амины орон сууцыг нүүлгэн шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Маргааны зүйл болох **************** гудамж /гэрчилгээнд бичигдсэн хаяг/ ********** тоот хаягт байрлах, нэгж талбарын *************** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрын өмчлөгчөөр Н.Н бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нарын хууль бусаар газрыг эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Н.Н нь ********************** тоот хаягт байрлах, нэгж талбарын *************** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрын өмчлөгч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэг талаас өмчлөгч байх нөгөө талаас хууль бус эзэмшил байх гэсэн хоёр үндсэн нөхцөл тавигдаж байна.

 

Энэ тохиолдолд хариуцагч нар тухайн газрыг хууль ёсны дагуу эсхүл хууль бусаар эзэмшиж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч Н.Н нь 2010 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу дээрх газрын өмчлөгч болсон байх бөгөөд тухайн газарт хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн өвөө Л, эмээ Д нарын зөвшөөрлийн дагуу 1993 оноос амьдарч, 1998 онд амины орон сууц барьсан болохыг нэхэмжлэгч мэдэж байсан, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр газрын өмчлөгч болоход тухайн газарт хариуцагч Б.Бын барьсан амины орон сууц байсан болохыг нэхэмжлэгч тайлбарласан.

 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын анхны өмчлөгчийн зөвшөөрлөөр хариуцагч Б.Б тухайн амины орон сууц бүхий байшин баригдсан болохыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй.

 

Дурдсан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Н.Н нь бэлэглэлийн гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг олж авахад хариуцагч Б.Б өөрийн амины орон сууцыг барьсан, тухайн газарт амьдарч байсан байх бөгөөд хариуцагч Б.Э, Б.Б нар нэхэмжлэгч Н.Нын өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж, түүний зөвшөөрөлгүйгээр амины орон сууц бүхий байшин барьсан гэх байдал хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тул газар албадан чөлөөлүүлэх, газар дээр баригдсан байшинг нүүлгэн шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг /70,200+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1зааснаар нэхэмжлэгч Н.Нын хариуцагч Б.Э, Б.Б нарт холбогдуулан гаргасан ********** хаягт байрлах, *************** нэгж талбарын дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх, уг газар дээр зөвшөөрөлгүй баригдсан амины орон сууц бүхий байшинг нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.Я