Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01016

 

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01016

 

 

Н.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/01424 дугаар шийдвэртэй,

 

Н.Нын нэхэмжлэлтэй,

Б.Э, Б.Б нарт холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастайн гудамж - хаягт байрлах, - нэгж талбарын дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх, уг газар дээр зөвшөөрөлгүй баригдсан байшинг нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дөлгөөн, хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Өвөө Г.Л, эмээ Б.Дэжид нар Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастайн гудамж - газар, хашааг 1990 онд худалдан авч амьдарч байсан. Тухайн үед миний аав Л.Нын үеэлийнх гуйж  манай хашаанд гэр барьж буусан.  

2006 онд  газар өмчлөх эрхийг миний аав Л.Н авч,  энэхүү газрыг манайх гэр бүлээрээ эзэмшиж, өмчилж ирсэнУг газрыг миний аав Л.Н нь 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Н.Н миний нэр дээр шилжүүлж, бэлэглэсэн.

Одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамж - хаягт Б.Эынх /манай аав Л.Нын үеэлийн хүүхэд/ гэдэг айл газрыг эзэмшиж, манай хашааг төмөр хашаагаар таллан хувааж, машин засвар болон нохой үржүүлгийн үйл ажиллагаа явуулж байна.  

Иймд газрыг чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагч Б.Эын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлд дурдсан газрыг ашиглаагүй, эзэмшээгүй. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамж - тоотод өөрийн газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж амьдардаг тул нэхэмжлэгчийн газрыг хууль бусаар эзэмшээгүй.

Нэхэмжлэгч Н.Н нь энэ газраа худалдах зорилгоор Б.Б гуайтай ирж уулзсан, харин Б.Этай уулзаж байгаагүй. Хариуцагч Б.Эын тухайд нэхэмжлэгчид саад учруулсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Хариуцагч Б.Бын татгалзал, тайлбарын агуулга: Манайх 1993 онд Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастайн гудамж -ын хашаанд нүүж ирээд амьдарч байсан. Тэр үед хоёр хөгшин байшин бариад амьдар гэснээр байшин барьж амьдарч байгаа. Газрыг хувьчлах үед мэдээгүй байгаад өмчлөлийн талаар хүсэлт гаргаагүй.  Энэ газарт 30 жил амьдарч байна.

Нэхэмжлэгч Н.Н энэ газар дээрээ ирдэггүй, нэг ирж уулзаад явахдаа газрыг худалдаж авах үнээ хэл гэхэд нь би боломжоороо авья гэдгээ хэлж байсан ч эвлэрэхгүй гээд байгаа. Миний барьсан байшингийн үнэ өртгийг гаргаж өгвөл эвлэрч болно. Намайг байшин барихад хоёр хөгшин л байсан, газар Н.Нын нэр дээр шилжиж ирээгүй байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нын хариуцагч Б.Э, Б.Б нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастайн гудамж - хаягт байрлах, - нэгж талбарын дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх, уг газар дээр зөвшөөрөлгүй баригдсан амины орон сууц бүхий байшинг нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбар зэргээр Н.Н нь маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байгаа бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох буюу эрхээ хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлага гаргаагүй, харин өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа зөрчлийг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атал шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

5.2. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн 3 дахь зурагт хариуцагч Б.Бын байшин, 1, 2, 5 дугаар зурагт харуулсан контейнер, дундын хайс бүхий хашаа, төмөр савуудыг хариуцагч Б.Б миний эд зүйл гэж тайлбарласан гэх, мөн шүүхийн шийдвэрийн 4 дэх талын 3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх тайлбартаа Б.Б нь тухайн газарт одоог хүртэл амьдарч байгаа, тэр газар 30 жил амьдарч байна" гэх,  Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 119 тоот албан бичигт “маргаан бүхий газар болох "Убаши овогт Бын Э нь тус хорооны 4-р хэсэг Хангамж гудамж, -од бүртгэлтэй, оршин суудаг нь үнэн" болохыг тодорхойлсон байна гэж бичсэн болохыг шүүхийн шийдвэрийн 5 дугаар хуудсанд дурдсан гэх дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт нэхэмжлэгч Н.Н, өмнөх хууль ёсны өмчлөгч Л.Н нарын бичгээр өгсөн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр тус газрыг хууль бусаар эзэмшиж нэхэмжлэгчийн шаардлагын дагуу чөлөөлж өгөхгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхийг ноцтой зөрчсөөр байгаа нь нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрт дээрх нөхцөл байдлыг дурьдсан.

Түүнчлэн, өмнө нь уг газарт амьдарч байсан гэх нэхэмжлэгчийн эмээ, өвөө болох н.Лхам, н.Дэжид нараас хариуцагч нарт газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглах болон үл хөдлөх эд хөрөнгөө уг газар дээр барих зөвшөөрлийг бичгээр өгч байсан зүйл байхгүй, тэдгээрийн зөвшөөрлөөр амьдарч эхэлсэн бөгөөд байшин барьсан гэх дээрх тайлбараа нотолсон баримтыг, мөн хэний ямар зөвшөөрлөөр байшин барьсан, эзэмших, ашиглах эрхийг хууль зүйн ямар үндэслэлээр олж авсан гэдгээ нотолсон баримтууд нэг ч гаргаж өгөөгүй байхад шүүх хариуцагч нар нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж түүний зөвшөөрөлгүйгээр амины орон сууц бүхий байшин барьсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон.

Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхээр очсон тус өдөр хариуцагч нар тухайн хашаанд байсан нохойнууд болон нохой байсан, авто засвар ажиллуулж байсан контейнэр зэргээ хааж үйл ажиллагаа явуулж байсан гэх ул мөрийг арилгасан байсныг дурьдах нь зүйтэй бөгөөд энэ талаар шүүх хуралдааны үеэр тайлбартаа хэлсэн.

5.3. Шүүхийн шийдвэрийн 6 дахь талд "дурьдсан үйл баримтуудаас үзэхэд Н.Н нь бэлэглэлийн гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг олж авахад хариуцагч Б.Б өөрийн орон сууцыг барьсан байсан, тухайн газарт амьдарч байсан байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж түүний зөвшөөрөлгүйгээр амины орон сууц бүхий байшин барьсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэжээ. Үүнээс үзэхэд шүүгч хариуцагч нар тухайн газрыг хууль бусаар эзэмшээгүй харин хууль ёсоор эзэмшиж байна гэж дүгнэсэн гэж ойлгогдохоор байна.

Гэтэл шүүгч шийдвэртээ хариуцагч нар маргаан бүхий газар болон байшинг хууль ёсоор эзэмшиж байгаа талаар ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй, мөн хариуцагч нараас газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа талаарх баримтыг гаргаж өгөөгүй буюу хэрэгт авагдсан баримт, хариуцагч нарын тайлбараас газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж дүгнэх ямар ч үндэслэл тогтоогдохгүй.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд орж, эрх нь зөрчигдсөн нь уг үйл баримт тогтоогдож байхад шүүх өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангахгүй, зөрчлийг хүлээн зөвшөөрсөнд гомдолтой байна.

Түүнчлэн шүүгч нотлох баримт бүрдүүлж, цуглуулах тайлбар, татгалзлаа нотлох үүргийг зөвхөн нэхэмжлэгч тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй гэж дүгнэж хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтуудыг гаргаж өгсөн эсэх болон дээр дурдсанчлан хариуцагч нарын эзэмшил хууль ёсных эсэх талаар дүгнээгүй буюу хэргийг талуудын аль альных нь байр суурьнаас бүхэлд нь хянан хэлэлцээгүй, хэт нэг талыг барьсан.

5.4. Мөн шүүхийн шийдвэрийн 6 дахь талд "маргаан бүхий газрын анхны өмчлөгчийн зөвшөөрлөөр хариуцагч Б.Б тухайн амины орон сууц бүхий байшин баригдсан болохыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй" гэжээ. Энэхүү шийдвэрийг үндэслэн бусдын орон байрыг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчих боломжийг хангалттай олгож байгааг анхаарах нь зүйтэй.

Тухайн амины орон сууц гэх байшин нь хүн амьдрах боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй бөгөөд хэрвээ хариуцагчийн тайлбарласнаар хэн нэгэн өмчлөгчийн зөвшөөрлөөр барьж, 30 жил амьдарч байгаа гэх боловч энэ хугацаандаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж аваагүй, газар өмчлөх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь хариуцагчийн эзэмшил хууль бус болохыг хангалттай нотолж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Б.Э маргаан бүхий газрын зэрэгцээ газрыг болон газар дээрх байрыг өмчилдөг тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Эт холбогдуулж өмнө нь шаардах эрхээ хэрэгжүүлж байсан эсэх үйл баримт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.Бын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Б.Б нь Л.Н болон Н.Н нараас зөвшөөрөл аваагүй. 1993 онд талиийгаач н.Лхам, н.Дэжид нар Б.Быг амины орон сууцыг барихад эсэргүүцээгүй. Тус амины орон сууцыг удаан хугацаанд барьсан бөгөөд тухайн цаг хугацаанд барилгын явцыг таслан зогсоох талаар шаардлага тавиагүй. Тухайн газрыг шударгаар эзэмшдэг бөгөөд 2006 онд Д.Н өмчлөх эрхийн гэрчилгээг авсан бөгөөд түүнээс хойш шаардах эрхийг хэрэгжүүлээгүй. 1993, 1998, 2006, 2010 эдгээр огноогоор хуульд зааснаар шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тухайн өмчлөлийн газрыг Б.Э, Б.Б нар анхны эзэмшигчийн зөвшөөрлөөр эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. 10 гаруй жил тухайн газартаа амьдарсан бөгөөд хоёр 2 хөгшин нас барсан. Бидний зүгээс тухайн газрын эзэмших гэрчилгээг авах талаар хөөцөлдөөгүй. Гэвч 10 жилийн дараа надад хэлэлгүй нэхэмжлэгч тал газрын гэрчилгээг гаргуулж авсан байсан. Мөн энэ хугацаанд Л.Н, Н.Н нар нэг ч ирж амьдраагүй. Н.Н 2015 оны үед тус газрыг нэг хүнд зарна гэж ирэхэд нь би мэдсэн. Одоо 30 жилийн дараа ач нар нь надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би өдийг хүртэл тус газар амьдарч байна. Амьдрах хугацаанд хашаа байшинг суллах талаар мэдэгдэж байгаагүй.

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Б.Э, Б.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастайн гудамж - хаягт байрлах, нэгж талбарын - дугаартай газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, уг газар дээр зөвшөөрөлгүй баригдсан амины орон сууцыг нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан маргаан бүхий газарт үзлэг хийлгэх хүсэлтийг шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2022/29369 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.

 

3.2. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхээс үзлэг хийсэн боловч үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгтТэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхээс үзлэг хийддэг. Гэтэл шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд хариуцагч Б.Бын эзэмшлийн гэж тайлбарлаж байгаа амины сууц, хашаан доторх эд зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр байгаа эсэх, байгаа тохиолдолд хаана байршиж байгаа талаарх нөхцөл байдал бүрэн тусгагдаагүй байна.  

 

4. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, мөн уг үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/01424 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                        ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА