Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2022/0580/З |
Дугаар | 128/ШШ2023/0229 |
Огноо | 2023-03-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2023/0229
2023 03 15 128/ШШ2023/0229 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Аюушийн Энхтуул /РД:***********
, Хариуцагч: Төрийн албаны зөвлөл, Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хариуцагч: Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Хэвлэл мэдээллийн байгууллага /РД:/, Маргааны төрөл: “төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан шийдвэр болон шалгалтын комисс байгуулсан шийдвэртэй маргаж, улмаар тухайн албан тушаалд шалгарч томилогдсон иргэнийг албан тушаалаас чөлөөлүүлэх, дүйцүүлэх ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас хууль бусаар халагдсан хугацааны эрүүл, мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн кодыг өөрчлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх, 7 жилийн хугацааны цалингийн нэмэгдэл гаргуулах, шүүхэд дуудагдсан хугацааны зардал хохирол гаргуулах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг дээрх хариуцагч нарт холбогдуулан гаргасныг хэлэлцэж шийдвэрлэлээ. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхтуул, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Лхагвадорж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаа, иргэдийн төлөөлөгч А.Мөнхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч А.Энхтуул нь нэхэмжлэлийн шаардлагаа: А. Төрийн албаны зөвлөлд холбогдуулан 1. Тус зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар “тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан” албан бичгийг хүчингүй болгуулах, 2. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай “Шалгалтын комисс байгуулсан” тушаалыг хүчингүй болгуулах, 3. Г.Хэрлэнг уг албан тушаалаас чөлөөлүүлэх, 4. Ажилд эргүүлэн томилуулах, Б. Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үндэсний радио, телевизэд тус тус холбогдуулан 5. Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг “32 ангилал”-аар хийснийг засуулах, В. Монголын үндэсний радио, телевизэд холбогдуулан 6. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх 7. Ажилгүй байсан хугацааны цалингийн нэмэгдлийг 7 жилээр тооцон 23,0 сая төгрөг гаргуулах, 8. ОХУ-д суралцаж байх хугацаанд шүүхэд дуудсанаас гарсан зардал, учирсан хохирол 300,0 сая төгрөг гаргуулах хэмээн тодорхойлсон бөгөөд энэ хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. Хоёр. Маргах үндэслэл болсон үйл баримтын хувьд. 1. Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Шалгалтын комисс байгуулах тухай” 80 дугаар тушаалаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-01/245 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу тус байгууллагын зарим гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комиссыг байгуулсан, 2. Төрийн албаны зөвлөлөөс Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-01/245 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу төрийн албаны тусгай шалгалтыг зарласан, 3. Нэхэмжлэгч А.Энхтуул нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтийн албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр хандсан, 4. Төрийн албаны зөвлөлийн гишүүн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 02/887 тоот албан бичгээр “тус албан тушаалд тавигдсан тусгай шаардлагын боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангаж байх боловч төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх туршлагын болон мэргэшлийн шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариу өгсөн. Гурав. Маргаж буй үндэслэл. 1. Нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шаардлага тус бүрийн дарааллаар тодорхойлбол, 1/ Төрийн албаны зөвлөлөөс миний ажилласан жилийг 12 жил хүрэхгүй гэж үзэж байгаа. Би төрд 11.6 жил ажилласнаас 11 жилд нь ахлах түшмэлийн албан тушаал хашсан. Би Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 11,6 жил, үүнээс 11 жил редактор, тоймч, ахлахын албан тушаал хашсан. Миний ажилласан 11,6 жилийг 12 жилд оруулахгүй гэж тооцоод байгаа юм бол миний бие Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд хэд хэдэн сар тасалдсан тул дунд нь тасалдсан сараар нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхэд миний ажилласан жил хангалттай хүрэх үндэслэлтэй. Миний хувьд ОХУ-ын Санктпетербургийн их сургуульд олон улсын сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан, Эрхүү хотын Техникийн их сургуульд хэлний бэлтгэл төгссөн орос хэлний 1, 2 дугаар түвшинтэй, ОХУ-ын Москва хотын Высшая школа экономика сургуульд магистрын зэрэг хамгаалж явж байгаад ирсэн. Миний диссертаци хил хаасан үед гарсан байсан. Хөл хорионы улмаас ирсэн тул Боловсролын яамаар дамжуулж, Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, төлбөрөө 2 улсын зардлаар гаргуулж, дипломоо цахимаар авчихвал би магистрын зэрэгтэй болж шаардлагаа нэмээд гаргах боломжтой гэж үзэж байсан. Гэтэл Боловсролын яамнаас боломжгүй гэсэн хариуг өгсөн. Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз нь Олон нийтийн радио телевизийн тухай хуультай боловч төсвөөс санхүүждэг. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар заасан. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална, 20 дугаар зүйлийн 20.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз нь төсвөөс санхүүждэг учраас төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах хуулийн нөхцөл бүрдсэн байхад өөрсдөө хууль зөрчиж өөр ангилалд хамааруулаад байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг голчилж тайлбараа гаргадаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас буюу төрийн албанд орох хүмүүсийн дэс дараалал, эрэмбийг тогтоож байгаа. Төрд ажиллаж байгаа хүнээс байхгүй бол нөөцөд байгаа хүнээс авна гэдэг. Яагаад мэргэжлийн бус хүн төрийн албанд авчихаад, надаас тусгай шалгалт аваагүй байж, зэрэгцүүлж хэн нь мундаг гэдгийг мэргэжил, ур чадварыг дүгнэж үзээгүй байж урьдчилсан байдлаар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ. Төрийн албаны тусгай шалгалтыг энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д заасны дагуу би өгөх хуулийн бүрэн эрхтэй, Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.6 ил тод байх, 7.1.7 ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тухай хуулийн заалтуудыг илт зөрчсөн. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуульд өөрчлөлт орж төрийн албанд ажилласан жил 8 жил, үүнээс туслахын албан тушаалд ажилласан жилийг 4 жил болгож өөрчлөлт оруулсан. Энэ шаардлагыг би 100 хувь хангаж байгаа. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд орсон өөрчлөлт А.Энхтуулд хамаарахгүй гэж байна. Энэ хууль гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалт учраас Монгол улсын нийт иргэдэд хамаарна гэж үзэж байна. Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн хэвлэл мэдээллийн ахлах референтийн албан тушаалд томилогдоход төрийн албанд нийт 8 жил ажилласан байх ёстой байсан. Тиймээс би ажилласан жилийн шаардлагыг бүрэн хангаж байгаа. Гэтэл Төрийн албаны зөвлөл ажлаа хийгээгүйн улмаас улсын онц чухал объект, улсын төсвөөс санхүүждэг бөгөөд доороо төрийн үйлчилгээний байгууллагын жагсаалтад өөрсдөө оруулж Засгийн газраар батлуулах ажлаа хийгээгүйн улмаас шалгалт хойшлогдоод байгаа юм. Яагаад гэхээр Монголын олно нийтийн радио телевиз нь төрийн үйлчилгээний байгууллагын жагсаалтад байхгүй, төрийн өмчит үйлдвэрийн газар гэх утгатай зүйл ярьж байгаа. Өөрөөр хэлбэл Монголын үндэсний олон нийтийн радио телевиз улсын онц чухал объект, төсвөөс санхүүждэг тусгай хамгаалалттай байгууллага юм. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь төрийн үйлчилгээний байгууллагын жагсаалтад орж түүнийг нь Төрийн албаны зөвлөл Засгийн газраар батлуулах ёстой. Гэтэл Төрийн албаны зөвлөл нь энэ жагсаалтдаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг оруулаагүйгээс, эсхүл тэрийг нь Засгийн газар батлаагүйгээс би Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 11,5 жил ажиллачихаад байхад “танай байгууллага төрийн байгууллага биш” гэсэн асуудлыг яриад, үүнээс болж шалгалт цуцлагдсан. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь төсвөөс санхүүждэг соёл, урлагийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар биш. Төрийн өмчит үйлдвэрийн газар гэж төрийн оролцоотой үйлдвэрүүдийг хэлдэг. Гэтэл Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь төрийн оролцоотой үйлдвэрийн газар биш. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь наад зах нь талх үйлдвэрлэдэггүй учраас төрийн өмчит үйлдвэрийн газар гэж хэлэх бололцоо байхгүй. Соёлын бүтээл үйлдвэрлэдэг газар болохоор Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслээд Засгийн газар баталж төрийн үйлчилгээний байгууллагын жагсаалтад оруулах ёстой. Гэтэл улсын онц чухал объект, төсвөөс санхүүждэг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийнхнийг орхигдуулчихсан. Үүнээс болж би 11.6 жил ажилчихаад туршлага, мэргэшил шаардлага хангахгүй гэж хэлүүлж байна. 2/ Шалгалтыг шууд цуцлаад миний өмнөөс нэг хүн томилчихсон. Шалгалтыг цуцалчихсан учраас шалгалт зохион байгуулах энэ тушаалыг хүчингүй болгуулна. 3/ Г.Хэрлэн англи хэлний орчуулагч мэргэжилтэй тул мэргэжлийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Г.Хэрлэн нийт 8,9 жил ажилласан гэдэг боловч нийгмийн даатгалын дэвтрийн лавлагаагаар 6,9 жил ажилласан нь батлагддаг. 2,6 жилд нь улс төрийн албан тушаал хашиж байсан гэдэг ч улс төрийн албан тушаал хашиж байсан үеийн нийгмийн даатгалын лавлагаа шүүхэд нотлох баримтаар ирээгүй тул тухайн хүнийг улс төрийн албан тушаал хашиж байсан гэж хэлэх үндэслэлгүй. Уг тушаалыг нөхөж үйлдсэн эсэхийг би мэдэхгүй. Үүнийг шүүх тогтооно. Ажилласан жил нь нийт 83 сар буюу 6,9 жил байдаг. Төрд 6,9 жил ажилласан хүн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 буюу Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллахын тулд төрд 12 жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байгаа. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт орсон. 12 жилийг 8 жил болгож өөрчилсөн хуулийн өөрчлөлт надад үйлчлэхгүй юм бол ялгаагүй Г.Хэрлэнд бас үйлчлэхгүй. Төрд ажиллаж байгаа хүнээс, байхгүй бол нөөцөд байгаа хүнээс сул орон тоог нөхнө гэдэг. Яагаад мэргэжлийн бус хүн төрийн албанд авчихаад, надаас тусгай шалгалт аваагүй байж, зэрэгцүүлж хэн нь мундаг гэдгийг мэргэжил, ур чадварыг дүгнэж үзээгүй байж урьдчилсан байдлаар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ. Эхлээд төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд ороод, дараа нь Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тусгай шалгалт өгөх байсан ч Г.Хэрлэнг шалгалт өгүүлж, үлдсэн нэр дэвшигчийг шалгалтад оролцуулаагүй. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.6 “ил тод байх”, 7.1.7 “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэсэн Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг илт зөрчиж байна. Зөвхөн Г.Хэрлэнг албан тушаалд үлдээж, бусад нэр дэвшигчдээс шалгалт авалгүй, шалгалтад оруулалгүйгээр нэг хүнд давуу байдал олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэсэн заалтыг илт зөрчсөн нь харагддаг. Г.Хэрлэн Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан учраас шалгалтад оруулсан гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнийг төрийн албан тушаалд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтад хамруулна”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д заасан сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага хариуцан зохион байгуулна”, 29.3-т “Энэ хуулийн 29.1-д заасан сургалтын агуулга, хөтөлбөрийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тодорхойлно” гэж заасан буюу намайг шалгалтад орохоос өмнө мэргэшлийн багц сургалтад хамрагдсан байх гэсэн шаардлагыг тавих бус шалгалтаа өгч тэнцсэний дараа сургалтад хамрагдах ёстой. Хуулиас давсан дүрэм журмыг Төрийн албаны зөвлөл баталсан. 4/ 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуульд өөрчлөлт орж төрийн албанд ажилласан жил 8 жил, үүнээс туслахын албан тушаалд ажилласан жилийг 4 жил болгож өөрчлөлт оруулсан. Энэ шаардлагыг би 100 хувь хангаж байгаа. Төрийн албаны зөвлөл нөөцөд байгаа хүмүүсээ өөрсдөө сул орон тоо гаргаж бүртгэх боломжтой, яагаад гэвэл би үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн, гэхдээ үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн хугацаа нь дуусчихсан. Тэгэхдээ би үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдөхдөө ямар нэгэн хугацаа зааж чөлөөлөгдсөн хүн биш. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг нийт 12, 13 удаагийн шүүх хуралдаанаар шийдчихсэн. Гэхдээ би яагаад шууд томилогдоно гэж хэлж байна гэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд тоймчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд нэг удаа ажлаас чөлөөлж, үндэслэлгүй чөлөөлсөн гэдэг нь тогтоогдвол нэг, хоёр, гурван удаа ажлаас үндэслэлгүй чөлөөлөх хуулийн заалт байдаггүй. Одоо эргүүлэн томилуулах гэж буй албан тушаал бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст. Би Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст шалгалт өгсөн. Гэтэл авахгүй гээд н.Хэрлэнхүүг томилж, шалгалт цуцалчихсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст албан тушаал гаргаж өгөхийг хүссэн. Тухайн үед би шалгалтдаа орох гээд олон сар, жил бэлдсэн, гэтэл гэнэт шалгалт цуцалчихсан. Өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж шалгалт цуцлагдсан тул Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст дүйцэх албан тушаалыг олж томилоод өгөхийг хүссэн. Төрийн албаны зөвлөлд холбогдуулж байна. Тухайн үед шалгалт авсан бол тэнцээд орох нь тодорхой байсан. Сонгон шалгаруулалтад орсон бол нөөцөд бүртгэгдээд нөөцөөсөө тухайн газар руу албан тушаалд томилогдох байсан. 5/ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхдээ 32 гэх ангилалд хамааруулж төлсөн байна. Уг 32 гэх ангилал нь хууль бусаар ажлаас зайлуулагдаж, хоригдож, мөрдөгдсөн ангилал байгаа нь илт бусдыг гүжирдэж хууль зөрчсөн байх тул, үүнийг залруулж, хэвийн ангилалд оруулах. Миний бие гэмт хэрэгт холбогдож байгаагүйг Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа, шүүхийн шийдвэрийн лавлагаагаар нотлогдоно. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүнийг мөрдөгдөж, хоригдож байсан гэсэн ангилалд оруулсан нь хууль зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдыг гүжирдсэн асуудал. Уг шаардлагыг Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулж гаргаж байна. Нийгмийн даатгалын тухай хууль /хуучин/-иар эрүүл мэндийн даатгалын шимтгэл 2 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 8 хувь нийлээд 10 хувь байсныг хуульд шинэчлэлт ороод 12 хувь болсон байсан. Эрүүл мэндийн даатгалыг хасаагүй бол 10 хувьд орж өөр ангилалд орох боломжтой байсан. Гэтэл Монгол үндэсний олон нийтийн радио телевиз нийгмийн даатгалын шимтгэлийг 8 хувиар төлж, 32 кодоор оруулчихсан. Нийгмийн даатгалын шимтгэлээ 10 хувиар төлсөн бол арай өөр ангилалд орох байсан. Миний бие өөр ангилалд оруулсны дараа нөхөж эрүүл мэндийн даатгалаа төлсөн. Цагдаагийн байгууллага, шүүх зэрэг бүх хяналтын байгууллагуудад шалгагдаж эцэст нь шүүхийн шийдвэрээр би ажилд орсон. Хууль бус үйл ажиллагааг хийж буй гол үндсэн эх үүсвэр нь Монголын үндэсний олон нийтийн радио телевиз юм. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Нийгмийн даатгалын ерөнхий газартай яаж зохицож үүнийг хийснийг мэдэхгүй тиймээс хоёуланг нь хариуцагчаар татах байх. 32 код нь хууль бусаар ажлаас зайлуулагдаад, хоригдоод, шийтгэгдсэн хүний ангилал. Би хоригдож, мөрдөгдсөн хүн биш, ажлаасаа чөлөөлөгдсөн нь үнэн. Чөлөөлөгдсөн байхаараа хоригдсон, мөрдөгдсөн хүний ангилалд орж чадахгүй. Үүнийг хуулийн цоорхой ашиглаж хүнийг яллаж байна гэж үзэж байна. Хоригдож, мөрдөгдөөгүй хүнийг албаар 32 кодоор эрүүгийн ял шийтгэл эдэлж байгаа хүний шимтгэл төлөх кодоор тэмдэглэчихэж байгаа учраас ирээдүйд нэг газар ажилд орох гэхээр хоригдоод, мөрдөгдөж байсан байна гэх ойлголтыг төрүүлнэ гэж ойлгож байна. Цагдаагийн газрын лавлагаагаар ял шийтгэл эдэлж байгаагүй хүнийг, хилсээр шууд ял, шийтгэл оногдуулж байна. Энэ нь наад зах нь миний нэр хүндийг унагааж байгаа юм. 32 кодыг арилгадаггүй юмаа гэхэд ажлаас чөлөөлөгдсөн гэх ангилалд нь оруул, хоригдож, мөрдөгдсөн ангилалаа ялгаад авчих. Хоорондоо таслалтай байх нь хамаагүй, мэргэжлийн та нар ойлгоно, мэргэжлийн бус хүмүүс ойлгохгүй. 6/ миний 11.6 жилийг 12 жилд оруулахгүй гэж тооцоод байгаа юм бол миний бие Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд хэд хэдэн сар тасалдсан тул нийгмийн даатгалын дэвтэр нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэх хүсэлтэй байгаа. Миний шалгалт өгч томилогдох гэж буй албан тушаал дээр нийт 12 жилийн шаардлага, хуульд өөрчлөлт орж 8 жилийн шаардлага болсон. 12 жилийн шаардлага буюу хуучнаараа явна гэвэл Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлье гэсэн шаардлагыг тавьж орж ирсэн. 2016 оны 03 дугаар сараас хойш 2019 оны 10 сар хүртэлх хугацаанд төлөгдсөн, гэхдээ 1, 2 сар дунд нь дутуу төлөгдсөн. Оросын холбооны улсад Высшая школа экономик сургуульд суралцаж байхад шүүх ажиллагаанаас болж Монгол улсад буцаад ирсэн. Улмаар шүүхдэж ялаад ажилдаа ортол Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз намайг 45 хоног ажиллуулчихаад 36,000 төгрөгийн цалин өгсөн. Өөрөөр хэлбэл надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан мөнгийг өгөөгүй. Сард 1,000,000 төгрөгийн цалин олгохоор гэрээ хийснээ 45 хоногийн хугацаанд 36,000 төгрөг өгч доромжилсон, басамжилсан үйлдэл гаргасан. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хаана ч хүрэхгүй байгаа бөгөөд энэ цалин хөлсөө авахгүй байснаас гадна төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлүүдийн бичилтийг давхар хийлгэе гэж байгаа юм. Би ажилдаа ирж ажиллаад байхад ажиллаагүй гэж үзээд цалин өгөөгүй. Уг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд холбогдуулж гаргаж байна. 7/ Өнгөрсөн хугацаанд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээс зөвхөн үндсэн цалин гаргуулах шүүхийн шийдвэрүүд гарсан болно. Миний бие сар бүрийн 20 хувийн нэмэгдэл, сар бүрийн ур чадварын 132 мянган төгрөгийн нэмэгдлээ аваагүй болно. Тиймээс эдгээр нэмэгдлийг аваагүй хугацаагаар буюу 7 жилийн хугацаагаар тооцуулж нөхөн гаргуулна. Энэ нь ойролцоогоор 23 сая төгрөг болно. Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизэд холбогдуулж гаргаж байгаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн цалингийн шатлал гэж байдаг. Үндсэн цалин, ур чадварын урамшуулал, сар бүрийн 20 хувийн нэмэгдэл зэрэг хөдөлмөрийн гэрээнд заагдсан. Тухайн байгууллага нь намайг ажлаас чөлөөлчихөөд зөвхөн үндсэн цалинг шүүхээр олгосон. Харин үлдсэн ур чадвар, сар бүрийн 20 хувийн нэмэгдэл зэргийг ерөөсөө авч чадахгүй байгаа. А.Энхтуул гэдэг хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлчихсөн байгаа учраас би шүүхэд хандаж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг авъя. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалдаа нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргахад Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацаанд үндсэн цалинг олгосон. 1,200,000 төгрөгийн гэрээ байгуулаад 600,000 төгрөг буюу тал мөнгийг өгсөн. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд ашигтай байгаа юм. Хүн ажилд авчихаад цалингийн тал мөнгийг нь өөрсдөө авч үлдээд. 8/ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь хүний нөөцөө өөрсдийн зардлаар сургаж чадавхжуулах ёстой атал, сургах нь битгий хэл А.Энхтуул намайг шалгалт өгч тэнцэн ОХУ-ын Москва хотын Высшая школа экономикад суралцах тэтгэлэг авч, тэнд суралцаж байхад араас шүүхдэж, шүүх процесс нь дуусахгүй удсан, хүндрэл учруулсаар байсан болно. Тиймээс миний бие суралцаж байх хугацаандаа Монголд эргэн ирж уг шүүх хуралдааныг дуусгасан болно. Удалгүй улс орон даяар хөл хорио тогтоож, миний бие буцаж амжих боломжгүй болсон болно. Хөл хорионы хугацаа дуусмагц, сурч байсан сургуульдаа тус улсын зардлаар үргэлжлүүлэн суралцахаар Ерөнхий сайдын тэтгэлэг буюу Орос-Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хамрагдах өргөдлөө Боловсрол шинжлэх ухааны яаманд гаргасан. Гэвч ямар ч шалгалтын тов зарлаагүй, шалгалт аваагүй атлаа та тэнцэхгүй гэсэн хариу илгээсэн байна. Миний бие шалгалтаа өгч тэнцээд, тухайн сургуульд элсэн суралцаж байхдаа ирээд, шүүхийн болон коронавирусын нөхцөл байдлын улмаас буцаж амжаагүй учраас дахин шалгалт өгөхгүйгээр сургуульдаа үргэлжлүүлэн суралцах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймд сургуулийн зардалтай холбогдож гарсан зардлыг Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээс нэхэмжилж байна. Магистрт суралцахаар гадагшаа зорчсон галт тэрэгний тасалбар, ирсэн онгоцны тийз, тэнд зорчсон автобус, такси, метро зэрэг замын зардал, байрны зардал, визийн зардал, виз сунгуулах хураамж, утасны төлбөр, амьжиргааны зардлыг буруутай этгээдүүд буюу Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээс нөхөн гаргуулна. Ажил, сургууль, нэр хүнд, сэтгэл санаа, хувийн санхүүд учирсан хохирлыг шүүхээр эцэслэн тогтоолгож, инфляцийн түвшинтэй уялдуулан, ханшийн алдагдал, хүүгийн алдагдлын хамт Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээс нөхөн гаргуулна. Надад нийт учруулсан хохирол 300,000,000 гаруй төгрөг байгаа. Шүүхээр хэргээ шийдвэрлүүлж нэлээн хэдэн удаа ялж, шүүхийн шийдвэрүүд гарсан. Гэхдээ Улсын Дээд шүүхийн шийдвэр гараагүй байхад би шалгалт өгч Оросын холбооны улс руу Засгийн газрын тэтгэлгээр Высшая школа экономики сургуульд орсон. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз энэ асуудлаа цэгцлэхгүй н.Нинжжамц захирал нь шүүхээр дуудсаар байгаад би хүний нутагт байж чадалгүй ирсэн. Ирчихээд шүүх хуралдааныг нь дуусгаад ажилдаа эргэж орсон. Сэтгэл санааны зардал болон ирж очсон зардалтай холбоотой хохирлыг гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан маргаан байхгүй." гэв. 2. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-01/245 дугаар албан бичгээр эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах 4 гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зохион байгуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн. Захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 80 дугаар тушаалаар төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах үүрэг бүхий комисс байгуулагдсан бөгөөд комиссын даргаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат, Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам, комиссын нарийн бичгийн даргаар тус газрын ахлах мэргэжилтэн Д.Азбаяр нар ажилласан. Улсын Их хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтийн албан ташаалд нэхэмжлэгч А.Энхтуул н.Ариун-Отгон, н.Хэрлэн гэх 3 хүн цахимаар холбогдох баримтуудаа бүртгүүлсэн. Ингэхдээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж холбогдох баримт бичгүүдийг нэг бүрчлэн шалгаж, шалгалтад оролцох эрх олгох эсэх асуудлыг шийдсэн. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтийн албан тушаалд нийт 3 иргэн бүртгүүлэхээр цахимаар хүсэлт холбогдох баримтаа ирүүлсэн бөгөөд шалгалтын комисс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, зарлагдсан 4 ажлын бaйрaнд бүртгүүлсэн иргэдийн ирүүлсэн анкет, холбогдох баримт, файлуудтай нэг бүрчлэн танилцаж, Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон албан тушаалын тусгай шаардлагыг хангасан байдлыг харгалзан бүртгэлд хамруулах эсэхийг шийдвэрлэсэн. Уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад заасны дагуу эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал бөгөөд хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлагыг хуульчилсан. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай" журмын дагуу Зөвлөлийн 2020 оны 73 дугаар тогтоолоор УИХ-ын Тамгын газар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтийн албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгосон. Шалгалтын комисс албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага буюу боловсрол, мэргэжил, мэргэшил, ажилласан жилийн туршлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүртгэх эсэх, улмаар тусгай /тухайн албан тушаалын/ шалгалтад оруулах эсэх шийдвэр гаргаж баталгаажуулна. Төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д бүртгүүлсэн Г.Ариун-Онон нь япон хэлний багш орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжлийн шаардлага хангаж байгаа боловч ахлах түшмэлийн албан тушаалд 4 жил ажилласан байдал болон эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан тухай нотлох баримт ирүүлээгүй тул комиссын гишүүдийн 100 хувийн саналаар туршлага, мэргэшлийн шаардлага хангахгүй гэж үзэн бүртгэлд хамруулж, шалгалтад оруулах боломжгүй талаар шийдвэрлэсэн. Г.Хэрлэн нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шинжээчийн албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн албанд 8 жил 9 сар, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 5 жил 5 сар, төрийн үйлчилгээний албан тушаалд 1 жил 2 сар, төрийн улс төрийн албан тушаалд 2 жил 2 сар ажилласан нь түүний ирүүлсэн албан тушаалд томилж, чөлөөлсөн тушаал шийдвэр, нийгмийн даатгалын дэвтрийн лавлагаагаар, мэргэшлийн шаардлага хангасан байдал нь удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11/86 тоот албан бичгээр тус тус нотлогдсон. Тус албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу томилох эрх бүхий байгууллагаас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ТГ-01/286 тоот албан бичгээр санал ирүүлсний дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан байдлыг харгалзан комиссын гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэлд хамруулж, шалгалтад оруулахаар шийдвэрлэсэн. А.Энхтуул нь хэл шинжлэл, сэтгүүл зүй мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байдлаар албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжлийн шаардлага хангаж байх боловч төрийн албанд ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан эсэх мөн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн эсэх холбогдох нотлох баримт ирүүлээгүй тул комиссын гишүүдийн 100 хувийн саналаар туршлага, мэргэшлийн шаардлага хангахгүй гэж үзэн бүртгэлд хамруулж, шалгалтад оруулах боломжгүй талаар шийдвэрлэсэн байна. Мөн А.Энхтуул нь 2022 оны 4 дүгээр сард зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалт өгч, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т "төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас", Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам"-ын 2.3-т "Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, эсхүл холбогдох төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлнэ" гэж тус тус заасны дагуу тухайн албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвшихээр бүртгүүлсэн тул төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж оролцуулах боломжгүй юм. Нэхэмжлэгч А.Энхтуулын хувьд мэргэжил, боловсролыг хангаж байгаа ч мэргэшил, туршлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл туршлагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2-т эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тухайн үеийн зохицуулалтаар төрийн албанд 12 жилээс доошгүй, ахлах түшмэлийн албан тушаалд 4-оос доошгүй жил ажилласан байх. Мэргэшлийн тусгай шаардлагын хувьд эрхэлсэн түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэсэн шаардлагуудыг хангаагүй байсан. Нэхэмжлэгч А.Энхтуулын өрсөлдөх гэж байсан Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 болон Засгийн газрын 2019 оны 275 дугаартай тогтоолд зааснаар эрхэлсэн түшмэлийн ангиллын гүйцэтгэх албан тушаалтанд хамаарахаар хуульчлагдсан байсан. Уг албан тушаалд томилогдоход мэргэшил болон туршлагын шаардлагыг хангаагүй учраас Төрийн албаны зөвлөлийн албан бичгээр та энэ шаардлагыг хангаагүй байх тул шалгалтад орох боломжгүй гэх байдлаар хариу өгсөн. А.Энхтуул нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 2008 оноос 2019 он хүртэлх хугацаанд нийт 11 жил ажилласан бөгөөд сурвалжлагчаар 7 сар, редактораар 6 жил, тоймчоор 5 жил ажилласан байдаг. Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд ажилласан хугацаа нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд ажилласан хугацаанд тооцогдохгүй. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуулиар энэ байгууллагын статус нь төрийн өмчит үйлдвэрийн газар буюу төрийн өмчит компанийн статустай байдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан тушаалд төрийн үйлчилгээний болон улс төрийн, төрийн тусгай, төрийн захиргааны албан тушаалууд хамаарна гэж заасан байдаг. А.Энхтуулын хувьд төрийн эдгээр албан тушаалд ажиллаагүй бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд ажилласан хугацаагаа нэхэмжлэгч нь төрд ажилласан гэж өөрөө ойлгодог боловч холбогдох хууль, тогтоомжоор төрийн албанд ажилласанд тооцогдохгүй. Нэхэмжлэгч нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд ахлах тоймч, ахлах редактораар ажиллаж байснаа төрийн захиргааны ахлах түшмэлийн ангилалд оруулж тооцоод байдаг юм. Төрийн албаны зөвлөлийн даргын шалгалтын комисс байгуулсан 80 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шийдвэрээр нэхэмжлэгч А.Энхтуулын эрх, ашиг сонирхол хэрхэн, яаж зөрчигдөж байгааг тодорхой тайлбарлаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд нэхэмжлэл гэдгийг “Захиргааны актын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсхүл хөндөгдөж болзошгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж зааснаар эрх, хууль ёсны сонирхлоо хамгаалуулахаар гаргасан байх ёстой. Гэтэл шалгалт зохион байгуулах комисс байгуулсан шийдвэр нь дотогшоо чиглэсэн, зохион байгуулалтын шинжтэй шийдвэр, өөрөөр хэлбэл энэ нь гадагшаа чиглээгүй, А.Энхтуулын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, Төрийн албаны тухай хууль, тогтоомжид заасны дагуу Төрийн албаны зөвлөл хуулиар олгогдсон эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэхээр заасны дагуу уг комиссыг томилж ажиллуулсан. Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, Төрийн албаны зөвлөл А.Энхтуулыг ажиллуулаагүй, ажлаас халсан, чөлөөлсөн зэрэг эрх зүйн байдлыг ямар нэг байдлаар дордуулсан тушаал, шийдвэр огт гаргаагүй учраас Төрийн албаны зөвлөлөөс цалин, хөлсөө нэхэмжлэх, эргүүлэн томилуулах гэсэн шаардлагыг гаргах нь үндэслэлгүй, хариуцагчаа буруу тодорхойлж байна. 3. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны 1506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизэд даалгасан байна. Уг шийдвэрийг үндэслэн хариуцагч байгууллага Нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөлтийн тайланг ирүүлсний үндсэн дээр нийгмийн даатгалын байгууллага дэвтэрт нөхөн бичилт хийдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа "MYOHРТ нь Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг 32 кодоор бүртгэсэн байна" гэсэн нь хууль бус үйлдлийг манай байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэсэн мэтээр нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т "Төр аж ахуйн нэгж байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно" гэж заасан ба мөн зүйлийн 5-д "Хууль бусаар ажлаас зайлуулагдсан хугацаа" гэж заасан бөгөөд энэ нь ажилтан хууль бусаар халагдсаныг тодорхойлно. Нэхэмжлэгч А.Энхтуулыг шүүхээс хууль бусаар халагдсан гэж тогтоосон тул уг хугацааны шимтгэлийг ажил олгогч тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн байна. Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-д зааснаар тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох ... шимтгэл төлөхдөө тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд оруулна гэж заасан байдаг. Уг тогтоолын 2 дугаар заалтын "е" хэсэгт "хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын санд төлнө" гэж заасан байна. Нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн кодыг Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Маягт, журам батлах тухай" 246/A/245 дугаар тушаалаар баталснаар мөрдөж байна. Уг журмын дугаар хавсралтад заасны дагуу "хууль бусаар ажлаас зайлуулагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг даатгуулагчийн төрлийн "32" кодоор тайлагнах юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч, даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлийг эргүүлэн авах, дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч, даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргасан байх шаардлагатай. Иймд нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилтийг хууль тогтоомжийн хүрээнд хийсэн байх тул нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашгийг хөндсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно” гэв. 4. Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246/A/245 дугаар хамтарсан тушаалтын хавсралт "ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл, код"-д дурдсаны дагуу нийгмийн даатгалын нөхөн бичилтийг 32 кодоор 2016 оны 3 сараас 2017 оны 10 сар, 2018 оны 1 сараас 2013 оны 4 сар хүртэл 40 сарын хугацаанд нөхөн тайлагнасан” гэв. 5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Би Төрийн албаны зөвлөл болон тэдгээрээс өгсөн тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дараах дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэг. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 тоот “тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан хариу өгсөн” албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 тоот А.Энхтуулд хаягласан “өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “албан тушаалд тавигдсан тусгай шаардлагын боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангаж байх боловч төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх хуульд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр бүртгэж шалгалтад оролцуулах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн” болохыг мэдэгджээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-01/245 дугаар албан бичгээр ирүүлсэн зарим албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын захиалгад дурдсан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтийн албан тушаалд 3 иргэн бүртгүүлэхээр хүсэлт, холбогдох баримтаа ирүүлсний нэг нь нэхэмжлэгч А.Энхтуул байна. Шалгалтын комисс Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон албан тушаалын тусгай шаардлагыг хангасан байдлыг харгалзан шалгалтад бүртгэх эсэхийг шийдвэрлэж, А.Энхтуулыг ийнхүү албан тушаалд тавигдсан тусгай шаардлагын боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангаж байх боловч төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх хуульд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр бүртгэж шалгалтад оролцуулахаас татгалзаж шийдвэрлэжээ. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах төрийн жинхэнэ албан тушаал байх ба албан тушаалд “төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” шаардлагыг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т нарийвчлан тогтоосон байдаг. Нэхэмжлэгч А.Энхтуулын хувьд тус албан тушаалын тодорхойлолтод заасан “боловсрол”, “мэргэжил”-ийн шаардлагыг хангасан талаар талууд маргаагүй боловч тэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан тусгай шаардлагыг хангаагүй, тодруулбал “төрийн албанд, тэр дотроо төрийн захиргааны тодорхой албан тушаалд ажилласан байх” хугацааны шаардлага буюу “туршлага”-ын шалгуур, мөн “мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” “мэргэшил”-ийн шалгуурыг тус тус хангаагүй нь тогтоогдсон байна. Төрийн албыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний алба хэмээн ангилах бөгөөд эдгээрт ямар албан тушаал, ажлын байр хамаарахыг Төрийн албаны тухай хуулиар тусгайлан тогтоосон, А.Энхтуулын 2008 оноос 2019 он хүртэлх хугацаанд нийт 11.6 жил эрхэлсэн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч, редактор, тоймчийн ажлын байр нь төрийн албаны дээрх аль ч ангилалд хамаарахгүй юм. Тиймээс ч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар оруулсан “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” төрийн алба хаасан, тэр дотроо төрийн захиргааны тодорхой албан тушаалд ажилласан байх хугацааны буюу туршлагын шаардлагыг тэрээр анхнаасаа хангахгүй. Нэхэмжлэгч А.Энхтуул нь 2022 оны 4 дүгээр сард зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалт өгч, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байх ч энэ нь түүнийг шууд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтад бүртгэх шалгуур биш юм. Иймд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 тоот албан бичгээр гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хоёр. Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар “шалгалтын комисс байгуулсан” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Шалгалтыг цуцалчихсан учраас шалгалт зохион байгуулах энэ тушаалыг хүчингүй болгуулна.” гэж тодорхойлдог. Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-01/245 дугаар албан бичгээр ирүүлсэн зарим албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаалаар төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий комиссыг байгуулжээ. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан “төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах” чиг үүргээ хэрэгжүүлж, зөвлөлийн гишүүн, ажлын албаны холбогдох албан тушаалтнуудад сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг үүрэг болгосон энэ тушаал нь захиргааны байгууллагын дотогшоо чиглэсэн зохион байгуулалтын шинжтэй Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт биш байна. Тодруулбал шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг байгуулж, түүний чиг үүргийг заасан энэ шийдвэр нь гадагшаа нийтэд чиглээгүй, тухайлбал нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн хууль зүйн үр дагавар шууд бий болгоогүй буюу түүний төрийн албанд орох, шалгалт өгөх эрхийг хөндсөн агуулгагүй, нэхэмжлэгчид хандсан захирамжилсан шинжгүй байх тул захиргааны акт гэж үзэхгүй бөгөөд тушаалын хууль зүйн үндэслэлийг сонгон шалгаруулалтад горилогчийн нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй. Тухайн тушаалаар байгуулагдсан комисс шалгалтад бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь комиссыг байгуулсан шийдвэртэй маргах эрхийг бий болгохгүй. Тиймээс захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Гурав. Нэхэмжлэгч нь “Г.Хэрлэнг албан тушаалаас чөлөөлүүлэх” шаардлагаа “Г.Хэрлэн уг албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлага хангахгүй” хэмээх үндэслэлээр гаргадаг. а/ Төрийн жинхэнэ албан хаагчийг шүүхийн журмаар албан тушаалаас чөлөөлүүлэхээр маргах, шүүх хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтгүй. б/ Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч А.Энхтуул тусгай шалгалт зарласан төрийн жинхэнэ албаны тухайн албан тушаалд тавигдах туршлага, мэргэшлийн шаардлагыг хангаагүйгээс сонгон шалгаруулалтад бүртгэгдээгүй хасагдсан байх тул тэрээр уг албан тушаалын томилгооны шийдвэр болон төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлүүлэхээр шаардлага гарган маргах эрхгүй юм. в/ Харин эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албанд иргэнийг томилохдоо тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага хангуулаагүй, төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журам, томилох үндсэн шалгуурыг зөрчсөн, сонгон шалгаруулалт явуулаагүй томилсон, сул орон тоог нөхөх дарааллыг зөрчсөн бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгох зохицуулалт Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д бий. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл, Г.Хэрлэн нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шинжээчийн албан тушаалд ажиллаж, тус хэлтсийн ахлах референтийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд төрийн албанд 8 жил 9 сар, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 5 жил 5 сар ажилласан нь ажилласан жилийн шаардлагын 50 хувийг, мэргэшүүлэх сургалтад хамрагдаж мэргэшлийн шаардлага хангасан гэж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг мэргэжил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж заасантай, мөн 27 дугаар зүйлийн 27.1.2-т "төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас" нөхөж томилох сул орон тоог нөхөх дараалалд нийцсэн байна. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан томилгоотой холбоотой шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгох үндэслэл үүсээгүй байгааг дурьдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байх тул “Г.Хэрлэнг уг албан тушаалаас чөлөөлүүлэх” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинй 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Дөрөв. Нэхэмжлэгч нь “ажилд эргүүлэн томилуулах” шаардлагаа Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан бөгөөд өмнөх 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд “Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтээр томилуулах” хэмээн тодорхойлж байсан бол шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны эцэст 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн энэ шүүх хуралдаанд “Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст шалгалт өгөх гээд бүртгүүлэхэд шалгалтыг цуцалж, хүн томилчихсон. Шалгалтад бүртгэсэн бол тэнцээд нөөцөд бүртгэгдээд нөөцөөсөө тухайн газар руу албан тушаалд томилогдох байсан. Төрийн албаны зөвлөлийн буруутай ажиллагаанаас шалгалт цуцлагдсан тул Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст дүйцэх албан тушаал олж томилуулахыг хүссэн” гэж энэ шаардлагын үндэслэл болон эргүүлэн томилуулахыг хүссэн албан тушаал, ажлын байрыг заасан болно. а/ Ажилд эргүүлэн томилуулах шаардлагыг гаргах урьдчилсан нөхцөл нь тухайн албан тушаалаас хууль бусаар халагдсан, чөлөөлөгдсөн болохыг маргаан таслах зөвлөл, шүүхийн шийдвэрээр тогтоосон байх явдал юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөх суурь харилцааг зохицуулдаг Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтаар ажил олгогч нь маргаан таслах зөвлөлийн болон шүүхийн шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон хүнийг ажил, албан тушаалд нь эргүүлэн авах үүрэгтэй. Тодруулбал, хариуцагчаар тодорхойлсон этгээд нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй ажил, албан тушаалаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн, халсан, энэ шийдвэрийг нь хууль бус хэмээн маргах тохиолдолд тухайн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож буюу хууль бусаар халсан чөлөөлсөн болохыг тогтоож байж шүүхээс ажилд нь эргүүлэн тогтоох, эргүүлэн томилуулах шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл үүснэ. б/ Энэ шаардлагын хувьд хариуцагчаар тодорхойлогдсон Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд энэ маргаанд холбогдсон бөгөөд төрийн тухайн албанд томилгоо хийх үүрэг хүлээхгүй тул дээрх “ажилд эргүүлэн томилуулах” шаардлагыг Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл төрийн албаны сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулснаас өөрөөр нэхэмжлэгч А.Энхтуултай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй, тухайлбал хөдөлмөрийн харилцаа үүсгэх, дуусгавар болгох шийдвэр гаргаагүй, түүний хувьд ажил олгогч биш, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул хариуцагчаар тодорхойлсон этгээд нь нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд эргүүлэн томилох үүрэг хүлээхгүй нь. Мөн адил Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцагчаар тодорхойлогдоогүй тул аливаа үүрэг үүсэхгүй. в/ Түүнчлэн урьд хөдөлмөрлөх харилцаа үүсээгүй буюу тухайн албан тушаалд томилогдож, чөлөөлөгдсөн, халагдсан харилцаа бий болоогүй албан тушаалд, тэр дундаа хуулиар нийтлэг болон тусгай шаардлагууд тавигддаг төрийн жинхэнэ албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага нь огтоос үндэслэлгүй. Тодруулбал Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар түүнтэй хөдөлмөрлөх харилцаа үүсгээгүй тул түүнийг ажлаар хангах, ажилд эргүүлэн томилох үүрэг үүсэхгүй, ажилд эргүүлэн томилуулах шаардлагыг ч тэдгээрт холбогдуулан гаргах үндэслэлгүй, түүнчлэн хуулиар нийтлэг болон тусгай шаардлагууд тавигддаг төрийн албан тушаал болох хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтээр эргүүлэн томилуулах шаардлага гаргах боломжгүй юм. г/ Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч А.Энхтуул нь Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд 2008-2019 онуудад буюу 11,6 жил сурвалжлагч, редактор, тоймчоор ажилласан, эдгээр ажлын байр нь төрийн алба биш тул энэ ажилласан хугацаа нь төрийн албанд ажилласан хугацаанд, тэр дотроо төрийн жинхэнэ албаны тодорхой ангилалд хамаарах албан тушаалд ажилласан жилд тооцогдохгүй талаар дээр тодорхой дүгнэсэн. Энэ ч үндэслэлээр тэрээр Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтийн албан тушаалын сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад бүртгэгдэж чадаагүй хасагдсан тул ийнхүү албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй, тусгай шалгалтад ороогүй атал албан тушаалд эргүүлэн томилуулахаар шаардлага гаргаж буй нь огт үндэслэлгүй. д/ Уг албан тушаалтай дүйцэхүйц хэмээн өөрийнх нь тодорхойлсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст референт, ахлах референтийн албан тушаалд мөн төрийн албанд ажилласан байх шаардлага тавигдахыг, нэхэмжлэгч нь тухайн байгууллагатай хөдөлмөрлөх аливаа харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн ийм шаардлага гаргах боломжгүй, үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр “ажилд эргүүлэн томилуулах” хэмээн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тав. Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үндэсний радио, телевизэд тус тус холбогдуулан гаргасан “нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг “32 ангилал”-аар хийснийг засуулах” шаардлагын хувьд. 1. Нэхэмжлэгч А.Энхтуул нь Монголын үндэсний радио, телевизийн тоймчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж, улмаар шүүхэд хандсанаар ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр иргэний хэргийн шүүхийн дараах шийдвэрүүд гарч байжээ. Тухайлбал, 1/ Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1506 дугаартай шийдвэрээр А.Энхтуулыг Монголын үндэсний радио, телевизийн Монголын мэдээ сувгийн тоймчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,972,900 төгрөг Монголын үндэсний радио, телевизээс гаргуулан А.Энхтуулд олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монголын үндэсний радио, телевизэд даалгаж шийдвэрлэн, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн, 2/ Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 506 дугаар шийдвэрээр “ажилгүй байсан хугацааны цалинд нэмээд 4,080,000 төгрөг Монголын үндэсний радио, телевизээс гаргуулан А.Энхтуулд олгохоор, 2017 оны 5 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монголын үндэсний радио, телевизэд даалгаж шийдвэрлэсэн, 3/ Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1393 дугаартай шийдвэрээр А.Энхтуулыг Монголын үндэсний радио, телевизийн Монголын мэдээ сувгийн Шуурхай мэдээний албаны тоймчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,092,425 төгрөг Монголын үндэсний радио, телевизээс гаргуулан А.Энхтуулд олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын зохих шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монголын үндэсний радио, телевизэд даалгаж шийдвэрлэн, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 онд захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн, 4/ Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1696 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,036,125 төгрөг Монголын үндэсний радио, телевизээс гаргуулан А.Энхтуулд олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын зохих шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монголын үндэсний радио, телевизэд даалгаж шийдвэрлэсэн байдаг. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын мэдээллээс үзвэл иргэний хэргийн шүүхийн дээрх шийдвэрүүдийн дагуу ажил олгогч Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс 2016 оны 3-12 сар, 2017 оны 1-5 сарын шимтгэлийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 5-11 сарын шимтгэлийг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 1-4 сарын шимтгэлийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 5-12 сар, 2019 оны 1-4 сарын шимтгэлийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус 32 дугаартай төрлийн кодоор нөхөн төлсөн байна. 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 5-д зааснаар ажлаас хууль бусаар халагдсан, чөлөөлөгдсөнөөс ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлснөөр тухайн хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцдог ба, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 246/A/245 дугаар тушаалаар ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн кодыг баталсан, үүнд "хууль бусаар ажлаас зайлуулагдсан” хугацааны даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн төрлийн кодыг “32” гэж дугаарласан байдаг. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч нь ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлснээр нийгмийн даатгалын байгууллага дэвтрийн нөхөн бичилтийг баталгаажуулдаг, даатгуулагчийн төрлийн кодыг эрх бүхий этгээд ийнхүү тодорхой журамласан, энэ дагуу ажил олгогч нөхөн төлж тайлагнах ба даатгуулагчийн төрлийн кодыг сонгож нөхөн төлөхөд даатгалын байгууллагын оролцоо байхгүй юм. 3. Иймд иргэний хэргийн шүүхийн дээрх шийдвэрүүдээр нэхэмжлэгч А.Энхтуулыг “хууль бусаар халагдсан болохыг тогтоосон”-оор ажил олгогч Монголын үндэсний радио телевиз уг хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд "хууль бусаар ажлаас зайлуулагдсан” даатгуулагчийн төрлийн "32" кодоор нөхөн төлж тайлагнасанд нийгмийн даатгалын байгууллага аливаа оролцоогүй байх тул Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг “32 ангилал”-аар хийснийг засуулах” шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм. 4. Нэр томьёоны хувьд "Хууль бусаар ажлаас зайлуулагдсан хугацаа" хэмээсэн нь өөрчлөгдөөгүйн дээр “,” /таслал/-аар зааглан өөр бусад нөхцөлийг журамласан нь энэ маргаанд хамааралгүй, хамаатуулан тайлбарлах үндэслэлгүй болно. 5. Монголын үндэсний радио телевиз Хэвлэл мэдээллийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон захиргааны байгууллагад хамаарахгүй тул уг байгууллагад холбогдуулан гаргасан “нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг “32 ангилал”-аар хийснийг засуулах” шаардлагыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй. Зургаа. Нэхэмжлэлийн бусад 6, 7, 8 дахь шаардлагууд болох Монголын үндэсний радио, телевизэд холбогдуулан гаргасан “эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх”, “ажилгүй байсан хугацааны цалингийн нэмэгдлийг 7 жилээр тооцон 23,0 сая төгрөг гаргуулах”, “ОХУ-д суралцаж байх хугацаанд шүүхэд дуудсанаас учирсан хохирол 300,0 сая төгрөг гаргуулах” шаардлагуудыг хэргийн харьяаллын хүрээнд зөвхөн дүгнэлт хийгээд “захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Хэвлэл мэдээллийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон захиргааны байгууллагад хамаарахгүй тул түүнд холбогдуулан гаргасан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт, иргэний хэргийн шүүхээр тогтоолгосон ажилгүй байсан хугацааны цалинд дутуу тооцсон нэмэгдэл болон шүүхийн маргааны явцад гарсан гэх зардал, сэтгэл санааны хохирол тооцон гаргуулах агуулгатай маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй. Долоо. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Төрийн албаны зөвлөл болон тэдгээрээс өгсөн тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн” дүгнэлтийг хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Энхтуулын нэхэмжлэлийн шаардлагаас Төрийн албаны зөвлөлд холбогдох “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 02/887 дугаартай тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, ажил эргүүлэн тогтоолгох” шаардлагыг, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох “эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт 32 кодоор хийснийг залруулах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны зөвлөлд холбогдох “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 80 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Г.Хэрлэнг ажил, албан тушаалаас чөлөөлүүлэх”, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд холбогдох “эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 32 кодоор төлснийг залруулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж нөхөн бичилт хийлгэх, 7 жилийн хугацааны цалингийн нэмэгдэл болох 23,000,000 төгрөгийг гаргуулах, Оросын холбооны улсад суралцах байхад шүүхэд дуудагдсан зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 300,000,000 төгрөгийг гаргуулах” шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА ШҮҮГЧ Л.БАТБААТАР ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ