Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1196

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01134 дүгээр шийдвэртэй Б.Г-ын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрлээ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.  

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г, Д.З нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 108 946 050.78 төгрөг гаргуулах талаарх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 130 290 614.42 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнээр буюу 209 520 000 төгрөгөөр худалдагдахаар байсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас багаар үнэлж, дуудлага худалдаанд оруулсан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор хураан авсан. Улмаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 238 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, төлбөр төлөгч Б.Г, Д.З нарт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/24971 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Улмаар худалдан борлуулах тухай саналтай эсэхийг Б.Г, Д.З нарт мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 130 290 602 төгрөгийн 70 хувь буюу 91 203 421 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь буюу 65 145 301 төгрөгөөр оруулахад 110 000 000 төгрөгөөр худалдан борлогдож Г.Золжаргал дуудлага худалдааны ялагчаар тодорсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу төлбөр төлөгч Д.З, Б.Г нар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацаа хэтэрсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээгүй, тодорхой үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч марган, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбар гаргажээ. /хх.40/

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3178 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 81б-7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206033172 эрхийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх22-23/

Дээрх захирамжийн дагуу тохиролцсон хугацаанд Б.Г төлбөрийг төлж барагдуулаагүй тул тус захирамжийг албадан биелүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17051 тоот захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 81б-7 тоот орон сууцыг битүүмжлэн хураажээ. /хх.24, 30-31/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож үнэ тогтоогоогүй болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “ХХБ” ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 238 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Шинжээч 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийг 130 290 602 төгрөгөөр үнэлсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна.

Хариуцагч нь шинжээч томилж барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн, үүнтэй холбоотойгоор албадан дуудлага худалдаа зохион байгуулах болсон талаарх 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/40 тогтоол болон 2017 оны 10 дугаар сарын 16-ны  өдрийн 3/25466 мэдэгдэл зэргийг төлбөр төлөгч Д.Зд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ. /хх.57/ Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Б.Г, Д.З нарын зүгээс барьцааны хөрөнгийг худалдахгүй, төлбөр төлөхөд хугацаа шаардлагатай гэсэн агуулгатай тайлбар өгч байсан нь шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 17, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан байна.

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нарын зүгээс үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байгаа нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул шүүх хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд нийцжээ.

Дээрхээс үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч буюу Б.Гын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01134 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ТУЯА

 

                                                 ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ