Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/01134

 

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/01134

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух, А овогт Б.Гын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах НШШГГт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгох  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.                                                             

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны  4 дүгээр сарын 19-ний өдрийн 3178 тоот захирамжаар  Б.Г, Д.З нараас үүргийн гүйцэтгэлд 108 946 050,78 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033172 дугаарт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 81б – 7 тоот орон сууцыг битүүмжлэн хураан авч, 130 290 614,42 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Манай байрны зах зээлийн үнэ 1 м.кв нь 3 000 000 төгрөг буюу 209 520 000 төгрөгөөр худалдагдахаар байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн 130 290 601,42 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна. Эхний албадан дуудлага худалдааг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гомдлыг шийдвэрлээгүй байхад явуулсан болно. Бид 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр НШШГГт гомдол гаргасан.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны  4 дүгээр сарын 19-ний өдрийн 3178 тоот захирамжаар  Б.Г, Д.З нараас үүргийн гүйцэтгэлд 109 297 390 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Г, Д.З шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 81Б байрны 7 тоот орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 190/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 190/03 тоот тогтоолоор хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 238 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, төлбөр төлөгч Б.Г, Д.З нарт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/24971 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналтай эсэхийг Б.Г, Д.З нарт мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 81б – 7 тоот орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 130 290 602 төгрөгийн 70 хувь буюу 91 203 421 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

Хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10.00 цагт шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 130 290 602 төгрөгийн 50 хувь буюу 65 145 301 төгрөгөөр оруулахад 110 000 000 төгрөгөөр худалдан борлогдож Г.З дуудлага худалдааны ялагчаар тодорсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу төлбөр төлөгч Д.З, Б.Г нар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацаа хэтэрсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явсан, төлбөр төлөгч нар маш их хугацаа алдаж банкийг хохироож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

  Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч НШШГГт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 81б – 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206033172 эрхийн дугаартай, үл хөлдөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнэлгээ хийхдээ орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, манай байрны зах зээлийн үнэ 1 м.кв нь 3 000 000 төгрөг буюу 209 520 000 төгрөгөөр худалдагдахаар байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн 130 290 601,42 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

 

           Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ тогтоолгох боломжгүй, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдах, борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

 

           Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г, Д.З нарт  холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 108 946 050,78 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №102/ШШ2016/03178 дугаар захирамжаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар хариуцагч Б.Г, Д.З нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 108 946 050,78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, хариуцагч Б.Г, Д.З нарын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 81б – 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206033172 эрхийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №102/ШЗ2016/17051 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан  гүйцэтгүүлэх тухай” захирамж, 1928 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 16290518 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 22-24, 30 талын хуудас/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 238 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор нэхэмжлэгчийн өмчлөлийн  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 81б – 7 тоот хаягт байрлах эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Итгэлт истимэйт ХХК-ийг томилж, тус компанийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 38/2017 тоот дүгнэлтээр тус орон сууцны зах зээлийн үнийг 130 290 602 төгрөгөөр тогтоосон байна. /х.х-ийн 39 -52 хуудас/

зНШШГГ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/24971 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Б.Год “...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 130 290 602 төгрөгийн 70 хувиар тооцож, 91 203 421 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгджээ.

 

Түүнчлэн дээрх мэдэгдлийг Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12.20 цагт нэхэмжлэгч Б.Год хүлээлгэн өгч, мөн өдөр Б.Г нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн өмчлөлийн орон сууцыг зарахгүй, төлбөрийг яаж ийгээд төлж барагдуулах талаарх тайлбараа НШШГГт бичгээр гаргасан байна. /х.х-ийн 53 хуудас/

 

Түүний хүсэлтийг тус газар хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/40 тоот “...Төлбөр төлөгч Б.Г, Д.З нарын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033172 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар  хороо, Үйлдвэр Туул гол гудамж 81б байрны 7 тоот 69,84 м.кв талбай бүхий орон  сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 130 290 602 төгрөгийн 70 хувь буюу 91 203 421 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийн тогтоон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулах 2017.10.27-ны өдрийн 10.00 цагт тус газрын 400 тоотод болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг шийдвэр гүйцэтгэгч Ц.Чд үүрэг болгосон” гэсэн агуулга бүхий мэдэгдэл гаргаж, уг мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Год гардуулж өгсөн  баримт хэрэгт авагджээ. /х.х-54 хуудас/

 

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/40 тоот мэдэгдэлд нэхэмжлэгч гарын үсэг зурж, хүлээн авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, хуулиар тогтоосон 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

        Иймд нэхэмжлэгч Б.Гын НШШГГт холбогдох “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 81б – 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206033172 эрхийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №183/ШЗ2018/01705 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болно.  

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

       1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 81б – 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206033172 эрхийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Гын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

       3.Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №183/ШЗ2018/01705 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.О