Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/00933

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/00933

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, Цайз ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, Б овогт Б-чийн Н /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байр, ... тоотод оршин суух, Б овогт А-гийн М /РД: .../-д холбогдох,

 

   Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Миний ууган хүү А.А нь эхнэрийнхээ хамт 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр манайд ирээд орон сууцны ипотекийн зээлд хамрагдах гэтэл урьдчилгаа мөнгө маань хүрэхгүй байхаар нь хүнээс мөнгө аваад банкинд өгчихсөн юм, тэгсэн нөгөө хүн маань мөнгөө нэхээд байна, та хашааныхаа газрын гэрчилгээг надад өгөөч, барьцаалах эд хөрөнгөтэй гэдгээ харуулчихаад буцаагаад өгнө өө гэхээр нь хүү, бэр хоёртоо итгэж, гэрчилгээгээ эх хувиар нь өгөөд явуулсан. Түүнээс 10-аад хоногийн дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү маань над руу утсаар яриад Дүнжингаравын нотариат руу та ирээд, орон сууцны зээл хөөцөлдөж байгаа материалд гарын үсэг зураад өгөөч гэсэн. Тэгээд нотариат руу очиход хүн ихтэй байхаар нь орон байртай болох гэж байгаа хүүдээ туслаж байна гэж бодоод нүдний шилгүйгээс шалтгаалан холбогдох баримтад гарын үсэг шууд зурсан ба намар 09 дүгээр сараас нь газрын гэрчилгээгээ эгүүлэн авья гэхэд хүү маань ажил ихтэй байна аа, бусдын зээлийг удахгүй төлөөд, гэрчилгээг чинь аваад өгнө гээд гэрчилгээ маань сураггүй л байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын сүүлээр өөрийгөө А.М хэмээн утсаар танилцуулсан хүн шүүхийн шийдвэрийн дагуух 80,000,000 төгрөгөө 2020 оны 04 дүгээр сарын 20 гэхэд яаралтай төл, үгүй бол хашааг чинь би бусдад зарна гэсэн. Ингээд зохих газраас гэрээг хуулбарлаж авснаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан болохоо мэдсэн. Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2020 оны 04 дүгээр сард тус шүүхэд нэхэмжлэл гаргахад нөгөө хүнтэйгээ учраа олж байгаа, та нэхэмжлэлээ шүүхээс түр авч байгаач хэмээн хүү маань хэлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Дараахь үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.4-д үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж тус тус заасныг үндэслэн уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд,

 

а/ Гэрээний 1.1.-т үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэхтэй холбоотой хэмээн бичсэн байна. Миний бие нь 5 хүүхэд төрүүлж өсгөсөн өрх толгойлсон эмэгтэй бөгөөд тэтгэврийн зээлийг хүүгийн хамт төлдөг байсан тул өөрт огт хамааралгүй харь элгийн хүнд өмч хөрөнгөө хариу төлбөргүйгээр шилжүүлэх, бэлэглэх ямар ч шаардлага байхгүй.

 

б/ Гэрээний 3.1.-т Бэлэглэх болсон үндэслэл: дүүдээ гэжээ. Надад А.А.М гэдэг ямар ч дүү байхгүйгээс гадна түүнийг огт танихгүй. Ер нь бол дүүдээ бус харин өөрийн төрсөн аль нэг хүүхэддээ л гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар авсан газрыг үнэ төлбөргүй өгнө. Тэгэхээр худлаа зүйл бичсэн байна.

 

в/ А.А.Мыг урьд өмнө нь огт харж байгаагүй учраас танихгүй, түүнтэй эрх зүйн ямар ч харилцаа үүсгээгүй тул түүний өмнө би үүрэг хүлээх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл гэрээний 4.1-т эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй ... үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй, 4.2-т ... элэгдэл, доголдлын талаар холбогдох мэдээллийг бэлэг хүлээн авагчид өгөх үүрэггэй гэжээ. Би яагаад А.А.Мод хөрөнгөө үнэгүй шилжүүлэх үүрэг хүлээгээд байгаа юм, яагаад элдэгдэл хорогдлыг тайлагнаад байгаа юм.

 

Иймд зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А.А.Мын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Иргэн Б.Н-ын хүү болох А.А нь миний бие А.А.Моос 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй 60,000,000 төгрөг зээлсэн. Тус зээлдүүлсэн хугацаанд 1 сарын хүү болох 4,200,000 төгрөг авсан үүнээс хойш 1,000,000 төгрөг авсан одоогоор өөр мөнгө өгөөгүй байгаа. А.Ааас авах үндсэн зээлийн үлдэгдэл 60,000,000 төгрөг мөн түүний алданги болох 20,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан ба Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/Ш32019/09583 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээ баталгаажуулсан байдаг. Харин А.Аын хувьд надад тус газрыг шилжүүлэн өгөхдөө бэлэглэлийн гэрээ байгуулбал татвар төлдөггүй гэж хэлсэн учир бид бэлэглэлийн гэрээ байгуулсан. Б.Нт хүү А.А нь тэрхүү газрыг нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч байгааг хэлсэн, хоорондоо ярилцсан гэж хэлж байсан ба тухайн газрыг хүүхдийнхээ авсан зээлээс хагасалж төлөхөөр нэхэмжлэгч өөрөө бэлэглэлийн гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэн өгсөн тус асуудалд миний бие ямар нэг байдлаар оролцоогүй. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй мэндэлсэн, нэхэмжлэгч миний хүүд зээл өгч тусалж байгаад баярласнаа хэлж байсанаас өөр зүйл яриагүй. Нэхэмжлэгчийн Б.Н нэхэмжлэлдээ нүдний шилгүйгээс шалтгаалан холбогдох баримтад гарын үсэг шууд зурсан гэх тайлбар бичсэн байна. Нотариатч нь тус гэрчилж буй зүйлийг уншуулж, үр дагаварыг тайлбарлан өгөх үүрэгтэй байдаг үүний дагуу Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Н.Оюуны дэргэд гарын үсэг зурсан. Нотариатын тухай хуулийн 21.2-т Нотариатч дараахь үүрэг хүлээнэ, 21.2.1-д үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдпыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ямар зүйл гэрчилж байгааг Б.Нт тайлбарлан өгсөн болно. Мөн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний 4.3-т шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон байдаг, тус заалтад миний зүгээс нэхэмжлэгчийг ямар нэг хохироосон, хохироохыг завдсан зүйл огт байхгүй, харин миний зүгээс өнөөдрийг хүртэл асар их хохирол амсаж байна. 2019 оноос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар явж энэ хүртэл нэхэмжлэгчийн хүү А.Ааас мөнгөө авч чадахгүй өдий хүрлээ. Нэхэмжлэгч Б.Н, түүний хүү болох А.А нар нь нийлж залилан мэхлэх зорилготой гэж ойлгож байна. Энэ талаар өдий хүртэл хохирсон талаар нотлох баримттай цагдаагийн газар шалгуулхаар гомдол өгсөн. Надаас гадна ахин 2 хүнийг хохироосон хэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэг нь хүргэгдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Хэрэв миний биө А.Ат тус мөнгийг итгэн зээлдүүлээгүй бол 2019 оны 05 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл тус мөнгийг өөрийн бизнесдээ хөрөнгө оруулалт хийн ашигласан бол хэд дахин өсгөх боломжтой байсан гэтэл хүний эрх ашгийг хөндөн энэ урт хугацаанд надад хохирол учруулж байгаад асар их гомдолтой байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаарлагыг эс хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргасан.

 

4. Хариуцагч хариу тайлбарын хамт 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000276330 тоот гэрчилгээ, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/07619 дүгээр захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргажээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн ... дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, 4 тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий газрын хувийн хэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч А.А.Мод холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний ууган хүү А.А нь эхнэрийнхээ хамт 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр манайд ирээд орон сууцны ипотекийн зээлд хамрагдах гэтэл урьдчилгаа мөнгө маань хүрэхгүй байхаар нь хүнээс мөнгө аваад банкинд өгчихсөн юм, тэгсэн нөгөө хүн маань мөнгөө нэхээд байна, та хашааныхаа газрын гэрчилгээг надад өгөөч, барьцаалах эд хөрөнгөтэй гэдгээ харуулчихаад буцаагаад өгнө өө гэхээр нь хүү, бэр хоёртоо итгэж, гэрчилгээгээ эх хувиар нь өгөөд явуулсан. Тэгээд нотариат руу очиход хүн ихтэй байхаар нь орон байртай болох гэж байгаа хүүдээ туслаж байна гэж бодоод нүдний шилгүйгээс шалтгаалан холбогдох баримтад гарын үсэг шууд зурсан. Зохих газраас гэрээг хуулбарлаж авснаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан болохоо мэдсэн. Дараахь үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.4-д үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж тус тус заасныг үндэслэн уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд, А/ Гэрээний 1.1.-т үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэхтэй холбоотой хэмээн бичсэн байна. Миний бие нь 5 хүүхэд төрүүлж өсгөсөн өрх толгойлсон эмэгтэй бөгөөд тэтгэврийн зээлийг хүүгийн хамт төлдөг байсан тул өөрт огт хамааралгүй харь элгийн хүнд өмч хөрөнгөө хариу төлбөргүйгээр шилжүүлэх, бэлэглэх ямар ч шаардлага байхгүй. Б/ Гэрээний 3.1.-т Бэлэглэх болсон үндэслэл: дүүдээ гэжээ. Надад А.А.М гэдэг ямар ч дүү байхгүйгээс гадна түүнийг огт танихгүй. В/ А.А.Мыг урьд өмнө нь огт харж байгаагүй учраас танихгүй, түүнтэй эрх зүйн ямар ч харилцаа үүсгээгүй тул түүний өмнө би үүрэг хүлээх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл гэрээний 4.1-т эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй ... үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй, 4.2-т ... элэгдэл, доголдлын талаар холбогдох мэдээллийг бэлэг хүлээн авагчид өгөх үүрэггэй гэжээ. Би яагаад А.А.Мод хөрөнгөө үнэгүй шилжүүлэх үүрэг хүлээгээд байгаа юм, яагаад элдэгдэл хорогдлыг тайлагнаад байгаа юм гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч А.А.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ Иргэн Б.Н-ын хүү болох А.А нь миний бие А.А.Моос 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй 60,000,000 төгрөг зээлсэн. А.Ааас авах үндсэн зээлийн үлдэгдэл 60,000,000 төгрөг мөн түүний алданги болох 20,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан ба Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/Ш32019/09583 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээ баталгаажуулсан байдаг. Б.Нт хүү А.А нь тэрхүү газрыг нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч байгааг хэлсэн, хоорондоо ярилцсан гэж хэлж байсан ба тухайн газрыг хүүхдийнхээ авсан зээлээс хагасалж төлөхөөр нэхэмжлэгч өөрөө бэлэглэлийн гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэн өгсөн тус асуудалд миний бие ямар нэг байдлаар оролцоогүй. Нэхэмжлэгчийн Б.Н нэхэмжлэлдээ нүдний шилгүйгээс шалтгаалан холбогдох баримтад гарын үсэг шууд зурсан гэх тайлбар бичсэн байна. Нотариатч нь тус гэрчилж буй зүйлийг уншуулж, үр дагаварыг тайлбарлан өгөх үүрэгтэй байдаг үүний дагуу Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Н.Оюуны дэргэд гарын үсэг зурсан. 2019 оноос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар явж энэ хүртэл нэхэмжлэгчийн хүү А.Ааас мөнгөө авч чадахгүй өдий хүрлээ. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаарлагыг эс хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.-ын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 000276330 тоот гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн ... дүүргийн ... хороо,, Цайз 4б дүгээр гудамж, 4 тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Н-ын өмчлөлд бүртгэсэн ба 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч Б.Н нь бэлэг хүлээн авагч А.А.Мод өөрийн өмчлөлийн дээрх газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцсоноор 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А.А.М нь маргаан бүхий газрын өмчлөгчөөр бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээ авсан. Мөн нэхэмжлэгчийн хүү А.А нь мөн өдөр хариуцагч А.А.Моос 60,000,000 төгрөгийг зээлж авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

6. Хэдийгээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан бэлэглэлийн гэрээ байгуулсан мэт боловч мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж зааснаар барьцааны гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж шүүх дүгнэлээ. Учир нь гэрч А.Аын ...А.А.М гэдэг хүнээс 2017 онд 40,000,000 төгрөгийг зээлж авсан, тухайн зээл 10 хувийн хүүтэй байсан ба барьцаанд нь ээж Б.Н-ын өмчлөлийн газрыг барьцаалсан, буцаан авах зорилготой байсан гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн ... Миний бие нь 5 хүүхэд төрүүлж өсгөсөн өрх толгойлсон эмэгтэй бөгөөд тэтгэврийн зээлийг хүүгийн хамт төлдөг байсан тул өөрт огт хамааралгүй харь элгийн хүнд өмч хөрөнгөө хариу төлбөргүйгээр шилжүүлэх, бэлэглэх ямар ч шаардлага байхгүй гэх тайлбар, хариуцагчийн ... Б.Н-ын хүү А.Ат би 2019 оны 05 дугаар сард 60,000,000 төгрөг зээлдүүлээд одоо хүртэл авч чадахгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр асуудалтай байгаа гэх тайлбар, нэхэмжлэгч Б.Н-ын хүү А.А, хариуцагч А.А.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Б.Н нь хүү А.Аын А.А.Мод төлөх төлбөрт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... дүүргийн ... хороо,, ... гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий газрыг барьцаалах зорилгоор хэлцэл хийсэн байна.

 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж тодорхойлсон боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нэг үр дагавар үүсгэхгүй бөгөөд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул гэрээний эрх, үүрэг, хариуцлага тооцох боломжгүй. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоодог.

 

8. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн ... дүүргийн ... хороо,, ... гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Нт буцаан шилжүүлэхийг хариуцагч А.А.Мод даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчараас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Н, хариуцагч А.А.М нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн ... дүүргийн ... хороо,, ... гудамж, ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Нт буцаан шилжүүлэхийг хариуцагч А.А.Мод даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР