Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01076

 

 

 

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00933 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н-ын хариуцагч А.М-од холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай хүү А.А- нь эхнэрийнхээ хамт 2019 оны 04 сарын сүүлээр манайд ирж, орон сууцны ипотекийн зээлд хамрагдах гэтэл урьдчилгаа мөнгө хүрэхгүй хүнээс мөнгө аваад банкинд өгчихлөө, та газрын гэрчилгээгээ өгөөч, барьцаалах эд хөрөнгөтэй гэдгээ харуулчихаад буцаагаад өгье гэхээр нь гэрчилгээгээ  өгч явуулсан.  2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү утсаар ярьж, нотариат руу очсон. Тухайн үед хүн их, нүдний шилгүйгээс шалтгаалан баримтад гарын үсэг шууд зурсан. Намар газрын гэрчилгээгээ авъя гэхэд А.М-ын нэр дээр шилжсэн байсан. Ингээд зохих газраас гэрээг хуулбарлаж авснаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан болохоо мэдсэнИргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-д зааснаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлж байна. Миний бие 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд тэтгэврийн зээлийг хүүгийн хамт төлдөг байсан тул өөрт хамааралгүй, харь элгийн хүнд өмч хөрөнгөө хариу төлбөргүйгээр шилжүүлэх, бэлэглэх ямар ч шаардлага байхгүй. А.М-ыг урьд өмнө огт харж байгаагүй учраас танихгүй, түүнтэй эрх зүйн ямар ч харилцаа үүсгээгүй тул түүний өмнө би үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Иймд зохигчийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 4б дүгээр гудамж, 4 тоот хаягт байрлах 374 м.кв талбай бүхий газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б.Н-ын хүү болох А.А- нь надаас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй 60,000,000 төгрөг зээлсэн. Тус зээлдүүлсэн хугацаанд 1 сарын хүү болох 4,200,000 төгрөг авсан. А.А-аас үндсэн зээлийн үлдэгдэл 60,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан ба Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/Ш32019/09583 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээ баталгаажуулсан байдаг. Харин А.А-ын хувьд надад тус газрыг шилжүүлэн өгөхдөө бэлэглэлийн гэрээ байгуулбал татвар төлдөггүй гэж хэлсэн учир бид бэлэглэлийн гэрээ байгуулсан. Б.Н-т хүү А.А- нь энэ талаар хэлсэн ба тухайн газрыг хүүхдийнхээ авсан зээлээс хагасалж төлөхөөр нэхэмжлэгч өөрөө бэлэглэлийн гэрээ байгуулан, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Хэрэв миний биө А.А-т тус мөнгийг итгэн зээлдүүлээгүй бол 2019 оны 05 сараас 2022 оны 06 сар хүртэл тус мөнгийг өөрийн бизнесдээ хөрөнгө оруулалт хийн ашигласан бол хэд дахин өсгөх боломжтой байсан. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаарлагыг эс хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-, хариуцагч А.М- нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 4б гудамж, 4 тоот хаягт байрлах 374 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Н-т буцаан шилжүүлэхийг хариуцагч А.М-од даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Н-ын хүү А.А-т 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч А.А- нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Хариуцагч А.М- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд А.А- нь зөвшөөрч, эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/Ш32019/09583 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч Б.Н- нь иргэн А.М-той бэлэглэлийн гэрээ байгуулахдаа үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэж байсан бөгөөд А.А-ын А.М-од төлбөл зохих зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд уг зээлийн тодорхой хувьд тооцож, газрыг шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Харин бэлэглэлийн гэрээ байгуулсан нь А.А-, Б.Н- нар нь татвараас зайлсхийх гэсэн санаа зорилготой холбоотой юм. Газрын өмчлөх эрх нь А.М-од шилжсэн боловч бодит байдалд Б.Н-, А.А- нар нь газрыг эзэмшиж ашигласаар байгаа болно. Хэрэв А.М-од төлбөл зохих 80,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд газрыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг. Хууль хэрэглээний хувьд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/Ш32020/07619 дугаартай захирамжаар иргэн Б.Н-ын нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш дахин 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 108.3 дахь хэсгийг тайлбарласан бөгөөд тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ ... татан авч болно гэдгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан-тай нэгэн адил ойлгоно. гэж заасан. Мөн энэхүү тогтоол гарахаас өмнө, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс өмнөх хугацаанд ч хүртэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл татан авах, нэхэмжлэлээсээ татгалзах тухай асуудлыг ижил агуулгаар тайлбарлан хэрэглэж байсан шүүхийн практик тогтсон байдаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ажиллагаа явуулах боломжгүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

 

4.а.Миний бие нь олон улсын барын холбооноос зохион байгуулагдах арга хэмжээнд оролцохоор 2023 он 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны хооронд Америкийн Нэгдсэн Улсад зорчсон. Шүүх хуралдааны тов гарахаас өмнө АНУ-д зорчих тасалбараа авсан бөгөөд хамгийн сүүлд хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурахдаа АНУ-д зорчих болсон талаараа шүүгчийн туслахад мэдэгдэж байсан. Цахимаар шүүгчийн туслах буюу эрх бүхий этгээдэд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох баримт болох нислэгийн тасалбар, МХХ-ны албан бичиг зэргийг илгээсэн боловч хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэнийг хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргасан. Тухайн гомдол гаргасныг үндэслэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор нэхэмжлэлээ татан авсан нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд хамаарахгүй тул уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлах, талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхийг дүгнэхээр гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу анхан шатны шүүхээс тухайн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь удаа дараа шүүх хуралдаанд ирээгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр нь удаа дараа хангасан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч А.М-од холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Цайз 4б гудамж, 4 тоот хаягт байрлах, 374 м.кв талбай бүхий газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч Б.Н- нь Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Цайз 4б гудамж, 4 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006179 дугаарт бүртгэлтэй, 374 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 19-р тал/

4.а.Маргаан бүхий газрын өмчлөгч буюу нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч А.М-той 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, дээрх 374 м.кв газрыг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн байна. /хх-ийн 18-р тал/

4.б.Нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ тус гэрээнд гарын үсэг зурахдаа уншаагүй, хүү А.А- нь орон сууц худалдан авах зорилгоор хариуцагч А.М-оос мөнгө зээлсэн ба зээлийн гэрээний үүрэгт миний газрыг барьцаалсан байсан, хариуцагчид газраа бэлэглэх хүсэл зориг байгаагүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Н- нь өөрийн хүү А.А-ын зээлээс хасуулах зорилгоор газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн, бэлэглэлийн гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож гарын үсгээ зурсан гэж тайлбарлажээ. /хх-ийн 16-17-р тал/

4.в.Хариуцагч А.М- нь нэхэмжлэгч Б.Н-ын хүү А.А-т тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор маргаан бүхий газрын өмчлөх эрх хариуцагч А.М-од шилжсэн байх бөгөөд талууд дээрх хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байсан эсэх талаар маргасан.

 

4.г.Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулсан боловч бодит хүсэл зориг нь А.М-, А.А- нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалах зорилготой байсан нь зохигчийн тайлбар, гэрч А.А- нарын мэдүүлгээр тогтоогджээ. /хх-ийн 148-150-р тал/. Иймд бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Тодруулбал, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавч болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог хэлцлийг хэлдэг. Талууд маргаан бүхий газрыг хариу төлбөргүй шилжүүлэх зорилгоор биш зээлийн гэрээнд барьцаалах зорилгоор шилжүүлсэн нь бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, хэлцэл хийж буй этгээдүүдийн илэрхийлэл бодит хүсэл зоригт нийцсэн байх, агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх зэрэг хэлцэл хүчин төгөлдөр байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэхээр байна.

 

4.д.Иймд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, маргаан бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Н-т буцаан шилжүүлэхийг хариуцагч А.М-од даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь урьд маргаан бүхий асуудлаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ татан авсан тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн анхан шатны шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэх агуулгыг заасан байна.

 

5.а.Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч А.М-од холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/07619 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 57-58-р тал/

 

5.б.Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 9 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарласан ба дээрх захирамж нь уг тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.в.Шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэх гомдлын тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрх, үүргийн тайлбарлан, хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн байна. /хх-ийн 9-р тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн ... дотор хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

 

5.г.Зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 9 сар гаруйн хугацаанд хариуцагч талын өмгөөлүүлэх, хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдаан удаа дараа хойшилсон үйл баримт тогтоогдсон буюу анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хэргийн баримтын хүрээнд хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг явуулсан анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ