Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/01040

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг ... тоотод оршин суух, эрэгтэй, Б.... овогт М....ын Б...,  

Хариуцагч:Баянгол дүүрэг 20 дугаар хороо, ... өөрийн байранд байрлах, регистр ..., Н... ХК,    

Хариуцагч:Хан-Уул дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., Ш... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:Баянзүрх дүүрэг, ... тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн 35 тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцуудын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгах тухай  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.Б..., өмгөөлөгч С.Я..., хариуцагч Н... ХК-ийн төлөөлөгч Б.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Хариуцагч Ш... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б... нь хариуцагч Н... ХК, Ш... ХХК-д  холбогдуулан Баянзүрх дүүрэг, ... тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн 35 тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: 

Би 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Н... ХК-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ... тоот 67.06 м.кв 2 өрөө орон сууц, мөн 20 тоот 76.94 м.кв 3 өрөө орон сууцыг, мөн С блок байрны 30 тоот 47.95 м.кв 1 өрөө орон сууц, 35 тоот 47.95 м.кв 1 өрөө орон сууцыг, нийтдээ 4 ширхэг орон сууцыг захиалсан болно.

Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан, гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1250 ам.доллароор харилцан тохиролцож, Б блок байрны 22 тоот байранд 83 825 ам.доллар, 20 тоот байранд 96 175 ам.доллар, С блок байрны 30 тоот байранд 59 937 ам.доллар, 35 тоот байранд 59 937 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон.Энэхүү тохиролцооны дагуу би гэрээ байгуулагдсан өдөр буюу 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 4 орон сууцны захиалгын төлбөрт нийтдээ 300 000 ам долларыг бэлнээр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан.Н... ХК-ийн кассанд 300 000 ам.доллар бэлэн тушаамагц бэлэн мөнгөний орлогын баримт өгсөн.Энэ үнийн дүнд 4 орон сууцны төлбөр багтсан учир 300 000 ам.доллар болсон.

Би Б блок байрны 22, 20 тоотын асуудлыг өмнө нь шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн.Харин С блок байрны 30, 35 тоот байрны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээгүй үлдээсэн учир одоо ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.Өмнөх шүүхийн маргаанд 300 000 ам.долларын баримтыг эх хувиар нь өгсөн ба тухайн хэргийн материалд эх хувиараа хадгалагдаж байгаа учир энэхүү нэхэмжлэлд хавсарган өгөх боломжгүй болсон.Энэхүү нэхэмжлэлээр иргэний хэрэг үүссэний дараагаар шүүхэд хүсэлт тавих байдлаар тухайн баримтыг гаргуулах болно.Мөн эдгээр нөхцөл байдлыг нотлох үүднээс Б блок байрны 22, 20 тоотод хамаатуулан гарсан шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлдээ хавсаргасан болно.

Н... ХК нь 2012 оноос хойш миний захиалсан орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн ба төлбөр тооцоо дууссан бичиг хийж өгөхийг удаа дараа хүссэн боловч хийж өгөөгүй.Оршин суугчдын байгуулсан Т... СӨХ-оос гэрчилгээ гаргуулах, сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах асуудлаар удаан хугацаанд хөөцөлдсөн боловч огт үр дүнд хүрээгүй.Гэрчилгээ гарахгүй байгаа нь банкны барьцаанд байгаа гэсэн яриа оршин суугчдын дунд байдаг боловч энэ нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.Н... ХК-аас энэ талаар тодорхой мэдээлэл өгдөггүй.Өмнө нь нэхэмжилсэн 2 орон сууцыг шүүх үнэн зөвийг тогтоож, гэрчилгээг гаргуулахаар даалгаж шийдвэрлэж өгсөн.Анхнаас нь захиалж гэрээ байгуулсан өдрөө гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагчийн хувьд тухайн орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй бөгөөд гаргаж өгөх үүргийг Н... ХК хариуцах үүргийг хүлээсэн болно.Иймд нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүрэг ... тоот 47.95 м.кв 1 өрөө орон сууц, 35 тоот 47.95 м.кв, 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг Н... ХК, Ш... ХХК-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Н... ХК хариу тайлбартаа:М.Б... 2012 оны 01 дүгээр 17-ны өдөр манай байгууллагатай байр худалдан авах гэрээг хийж, төлбөрөө төлсөн.М.Б... нь 2 орцтой 58 дугаар байраас 2 байр, 59 дүгээр байраас 2 байр буюу нийт 4 байр захиалсан.Уг барилга нь 58, 59, 60 гэх 3 блоктой буюу манайх А, Б, С блок гэж нэрлэдэг.60 дугаар байр нь А блок бөгөөд А блокийг барьж Улсын комисст хүлээлгэж өгсөн.59 дүгээр байр нь Б блок бөгөөд дотоод засал, сан техникээс бусад ажлыг хийсэн.Тийм хэмжээнд байхад нь Б...ад  байрыг шилжүүлсэн.Ингэхдээ 58 дугаар байр буюу С блок байрыг хамт өгсөн.Тухайн үед 58 дугаар байр баригдаж дуусаагүй байсан.Манай Н... ХК нь К... Банк ХХК-д өртэй байсан бөгөөд К... Банк ХХК-аас Б...ад байраа өг гэж санал гаргасан.Түүний дагуу Өргөө Хотхон гэх байрны 58, 59 дүгээр байрыг Б...ад 2 000 000 000 төгрөгийн үнийн дүнтэй бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.Улмаар 59 дүгээр байранд хүмүүс орж чадахгүй болж маргаан үүссэн, 58 дугаар байрыг Б...ад өгөхдөө 58, 59 дүгээр байранд захиалга өгч мөнгө тушаасан захиалагч нарын гэрээнүүдийг өгсөн.Тус гэрээнүүдийн дунд М.Б...ын гэрээ байсан, хэд хэдэн айл байранд ороогүй, төлбөрөө бүрэн болон хагас төлсөн айлуудын гэрээг өгсөн.Б... М.Б...ыг 59 дүгээр байрны 2 байранд оруулсан.Ингэхдээ 1 орон сууцад нь шууд оруулсан бөгөөд нөгөө орон сууцад нь шүүхээр явж байж оруулсан байсан.Харин 58 дугаар байрны асуудлын хувьд тус байрыг цааш Ш... ХХК-д 5 000 000 000 төгрөгөөр зарсан гэдэг бөгөөд шилжүүлж зарахдаа захиалга өгсөн хүмүүсийн гэрээг мөн адил өгсөн гэдэг.Иймд М.Б...ын нэхэмжлээд байгаа 58 дугаар байрны 2 орон сууцыг Ш... ХХК-ийн захирал Алтанхуяг хариуцна гэдэг.Тэр орон сууцын барилгыг гүйцээж барина гэж Ш... ХХК нь К... Банк ХХК-аас 10 000 000 000 төгрөг авсан, уг нь байрыг 5 000 000 000 төгрөгийн зардлаар барьж дуусах боломжтой байсан.

М.Б... Н... ХК-тай гэрээ байгуулж, 4 байр захиалсан, манайх барилгыг барьсан.Манай Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас зээлсэн авсан гэрээний үүргийг К... банк шилжүүлэн авсан байсан, ингээд К... банкны хүсэлт, шахалтаар манайх Баянзүрх дүүрэг ... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 652,76 м.кв, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр Б.Б...ад шилжүүлсэн бөгөөд Б.Б...ад байр захиалсан айлууд болон М.Б...ын гэрээг нь хүлээлгэж өгч, мөнгөө бүрэн төлсөн, эдгээр айлуудын гэрчилгээг олгож өгөөч гэсэн баримтуудыг өгсөн, М.Б... 4 байрны төлбөрийг бүрэн төлсөн, М.Б...од байрны гэрчилгээг өгөх ёстой, Н... ХК нь М.Б...од байрны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй.

Н... ХК нь барилга барьдаг үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд шударгаар барилгыг барьж өгсөн.Би тухайн үед М.Б...од болон түүний 2 өмгөөлөгчид хэлж байсан, байрыг шилжүүлж байх үедээ Б...тай хүмүүсийг нь холбож өгч байсан гэв.

Хариуцагч Ш... ХХК хариу тайлбартаа:Манай байгууллага М.Б...той эрх зүйн харилцаанд орох гэрээ байгуулаагүй, М.Б... манайд байрны төлбөр төлж байгаагүй, манайх 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр М.Б...тай ... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 652,76 м.кв, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ хийж 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 5 тэрбум төгрөгийг М.Б...ын ... тоот дансанд шилжүүлсэн тул М.Б...ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс:Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг шүүхэд өгсөн./1хх 6, 7, 8-11/

Хариуцагч Н... ХХК-аас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд өгсөн./1хх 23/

Хариуцагч Ш... ХХК-аас:Б.Б...тай 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, төлбөрийн баримтыг шүүхэд өгсөн./2хх 178, 179/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн /1хх 49-250, 2хх 1-137/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Н... ХК-тай гэрээ байгуулж, 4 байр захиалсан, байрны төлбөрийг бүрэн төлсөн, үүнээс үлдсэн Баянзүрх дүүрэг, ... тоот 47.95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 35 тоот 47.95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг надад шилжүүлэн өгөхийг Н... ХК, Ш... ХХК-д даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч Н... ХК нь М.Б... Н... ХК-тай гэрээ байгуулж, 4 байр захиалсан, байрны төлбөрийг бүрэн төлсөн байсан, М.Б...од байрны гэрчилгээг гаргаж өгөх ёстой гэж тайлбарласан.

Хариуцагч Ш... ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:М.Б...той манай компани гэрээ байгуулаагүй, манайд байрны төлбөр төлж байгаагүй, манайх Баянзүрх дүүрэг, ... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 652,76 м.кв, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр М.Б...тай хийж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 5 тэрбум төгрөгийг М.Б...ын 2012012206 тоот дансанд шилжүүлсэн тул М.Б...ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээнүүд, Б.Б...тай 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, төлбөрийн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, ... тоот гэрчилгээтэй, ... тоот улсын бүртгэлийн дугаартай, 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Н... ХК эзэмшиж байсан болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн, 2008 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр олгогдсон гэрчилгээгээр нотлогдож байна./1хх 112/

Нэхэмжлэгч М.Б... нь хариуцагч Н... ХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, ... тоот гэрчилгээтэй, ... тоот улсын бүртгэлийн дугаартай, 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилгад байршилтай буюу Баянзүрх дүүргийн ... тоот 47.95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 59 937 ам.доллароор, мөн байрны 35 тоот 47.95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 59 937 ам доллароор тус тус худалдан авахаар тохиролцсон байна.

М.Б...ын Н... ХК-тай байгуулсан дээрх гэрээний агуулга, талуудын хүсэл зориг, гэрээний гол нөхцөлөөс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

М.Б... Баянзүрх дүүргийн ... тоот 47.95 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон 35 тоот 47.95 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны үнийг мөн Н... ХК-аас худалдан авсан Баянзүрх дүүрэг, ... тоот 67.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон Баянзүрх дүүрэг, ... тоот 72 м.кв, 3 өрөө орон сууцны үнийн хамт нийт 4 байрны үнэ 300,000 ам.долларыг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Н... ХК-д төлсөн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч Н... ХК-ийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Мөн М.Б... нь Н... ХК-д нийт 300,000 ам.долларыг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байрны төлбөрт гэсэн утгаар төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт хэргийн 9 дүгээр талд авагдсан гэдгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 485 дугаар магадлалд дурдсан байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба худалдагч Н... ХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Н... ХК-ийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг К... банк өөртөө шилжүүлэн авсан гэх үндэслэлээр, тус банкны санаачилгаар Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, ... тоот гэрчилгээтэй, ... тоот улсын бүртгэлийн дугаартай, 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийг Б.Б...ад шилжүүлсэн, ингэж шилжүүлэхдээ М.Б...той байгуулсан гэрээг Б.Б...ад өгсөн гэж Н... ХК-ийн төлөөлөгч тайлбарласан.

Н... ХК нь М.Б...ын худалдан авсан орон сууцуудын байрлаж буй Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, ... тоот гэрчилгээтэй, ... тоот улсын бүртгэлийн дугаартай, 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийг Б...д ХХК эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн болох нь Н... ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоол, хурлын тэмдэглэлээр нотлогдож байна./2хх 28-31/

Б...д ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Б...ад итгэмжлэл олгож, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан байна./2хх 24, 20/

Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, ... тоот гэрчилгээтэй, ... тоот улсын бүртгэлийн дугаартай, 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй, 2 000 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгын өмчлөх эрх Б...д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б...ын өмчлөлд шилжсэн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна./2хх 25, 74, 78/

Улмаар Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, ... тоот гэрчилгээтэй, ... тоот улсын бүртгэлийн дугаартай, 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Ш... ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна./2хх 73, 75, 79/

Мөн Б...д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б... нь Н... ХК-аас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах, Ш... ХХК нь Б...д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б...аас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах үйлдлүүдтэй хамт Н... ХК-ийн М.Б...той байгуулсан дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийг тус тус шилжүүлэн авсан байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн Н... ХК-тай байгуулсан гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь биет байдлаараа Ш... ХХК-ийн эзэмшилд байгаа болох нь дээр дурдсан үйл баримтаар бүрэн тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэгэнт тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар хэлцэл хийж, уг хөрөнгийн төлбөрийг бүрэн хэмжээгээр төлсөн болох нь тогтоогдож байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Ш... ХХК нь бусдаас шилжүүлэн авсан үүргээ биелүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүрэг ... тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн 35 тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Б...ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Ш... ХХК-д, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.

Харин хариуцагч Н... ХК нь М.Б...той байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг Б.Б...ад шилжүүлсэн үеэс тухайн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч Н... ХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш... ХХК-аас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг ... тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн 35 тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Б...ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Ш... ХХК-д, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж, хариуцагч Н... ХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш... ХХК-аас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б...од олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН