Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01078

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01078

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/01040 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НӨ ХК, ШД ХХК-д тус тус холбогдох,

Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхоны С блок байрны 00 тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн 00 тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцуудын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хариуцагч ШД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагч НӨ ХК-ийн төлөөлөгч Б.Г, хариуцагч ШД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Би 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр НӨ ХК-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок байрны 22 тоот 67.06 м.кв 2 өрөө орон сууц, мөн 20 тоот 76.94 м.кв 3 өрөө орон сууцыг, мөн С блок байрны 00 тоот 47.95 м.кв 1 өрөө орон сууц, 00 тоот 47.95 м.кв 1 өрөө орон сууцыг, нийтдээ 4 ширхэг орон сууцыг захиалсан болно.

Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан, гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1250 ам.доллароор харилцан тохиролцож, Б блок байрны 22 тоот байранд 83,825 ам.доллар, 20 тоот байранд 96,175 ам.доллар, С блок байрны 00 тоот байранд 59,937 ам.доллар, 00 тоот байранд 59,937 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон. 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 орон сууцны захиалгын төлбөрт нийтдээ 300,000 ам.долларыг бэлнээр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан. НӨ ХК-ийн кассанд 300,000 ам.доллар бэлэн тушаамагц бэлэн мөнгөний орлогын баримт өгсөн. Энэ үнийн дүнд 4 орон сууцны төлбөр багтсан учир 300,000 ам.доллар болсон. Би Б блок байрны 22, 20 тоотын асуудлыг өмнө нь шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Харин С блок байрны 30, 00 тоот байрны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээгүй үлдээсэн учир одоо ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Өмнөх шүүхийн маргаанд 300,000 ам.долларын баримтыг эх хувиар нь өгсөн ба тухайн хэргийн материалд эх хувиараа хадгалагдаж байгаа учир энэхүү нэхэмжлэлд хавсарган өгөх боломжгүй болсон. НӨ ХК нь 2012 оноос хойш миний захиалсан орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Оршин суугчдын байгуулсан Тохилог Өргөө СӨХ-оос гэрчилгээ гаргуулах, сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах асуудлаар удаан хугацаанд хөөцөлдсөн боловч огт үр дүнд хүрээгүй. Гэрчилгээ гарахгүй байгаа нь банкны барьцаанд байгаа гэсэн яриа оршин суугчдын дунд байдаг боловч энэ нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагчийн хувьд тухайн орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй. Иймд Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхоны С блок байрны 00 тоот 47.95 м.кв 1 өрөө орон сууц, 00 тоот 47.95 м.кв, 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг НӨ ХК, ШД ХХК-д даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч НӨ ХК-ийн тайлбарын агуулга:

М.Б- 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай байгууллагатай байр худалдан авах гэрээг хийж, төлбөрөө төлсөн. М.Б- нь 2 орцтой 58 дугаар байраас 2 байр, 59 дүгээр байраас 2 байр буюу нийт 4 байр захиалсан. Уг барилга нь 58, 59, 60 гэх 3 блоктой буюу манайх А, Б, С блок гэж нэрлэдэг. 60 дугаар байр нь А блок бөгөөд А блокыг барьж Улсын комисст хүлээлгэж өгсөн. 59 дүгээр байр нь Б блок бөгөөд дотоод засал, сан техникээс бусад ажлыг хийсэн. 58 дугаар байр баригдаж дуусаагүй байсан. Манай НӨ ХК нь К ХХК-д өртэй байсан бөгөөд Өргөө Хотхон гэх байрны 58, 59 дүгээр байрыг Б.Б-ад 2,000,000,000 төгрөгийн үнийн дүнтэй бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Улмаар 59 дүгээр байранд хүмүүс орж чадахгүй болж маргаан үүссэн, 58 дугаар байрыг Б.Б-ад өгөхдөө 58, 59 дүгээр байранд захиалга өгч мөнгө тушаасан захиалагч нарын гэрээнүүдийг өгсөн. Тус гэрээнүүдийн дунд М.Б-ын гэрээ байсан, хэд хэдэн айл байранд ороогүй, төлбөрөө бүрэн болон хагас төлсөн айлуудын гэрээг өгсөн. Б.Б- М.Б-ыг 59 дүгээр байрны 2 байранд оруулсан. Харин 58 дугаар байрны асуудлын хувьд тус байрыг цааш ШД ХХК-д 5,000,000,000 төгрөгөөр зарсан гэдэг бөгөөд шилжүүлж зарахдаа захиалга өгсөн хүмүүсийн гэрээг мөн адил өгсөн гэдэг. Иймд М.Б-ын нэхэмжлээд байгаа 58 дугаар байрны 2 орон сууцыг ШД ХХК-ийн захирал А- хариуцна гэдэг. Тухайн орон сууцын барилгыг гүйцээж барина гэж ШД ХХК нь К ХХК-аас 10,000,000,000 төгрөг авсан, уг нь байрыг 5,000,000,000 төгрөгийн зардлаар барьж дуусах боломжтой байсан. Б.Б-ад байр захиалсан айлууд болон М.Б-ын гэрээг нь хүлээлгэж өгч, мөнгөө бүрэн төлсөн, эдгээр айлуудын гэрчилгээг олгож өгөөч гэсэн баримтуудыг өгсөн, М.Б- 4 байрны төлбөрийг бүрэн төлсөн, М.Б-од байрны гэрчилгээг өгөх ёстой, НӨ ХК нь М.Б-од байрны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй. НӨ ХК нь барилга барьдаг үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд шударгаар барилгыг барьж өгсөн.

 

3. Хариуцагч ШД ХХК-ийн тайлбарын агуулга:

Манай байгууллага М.Б-той гэрээ байгуулаагүй, М.Б- манайд байрны төлбөр төлж байгаагүй, манайх 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.Б-тай 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 0000 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 652,76 м.кв, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ байгуулж, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 5 тэрбум төгрөгийг Б.Б-ын 2012012206 тоот дансанд шилжүүлсэн тул М.Б-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхоны С блок байрны 00 тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн 00 тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Б-ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ШД ХХК-д, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж, хариуцагч НӨ ХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШД ХХК-аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-од олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч ШД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн.

5.б. Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч НӨ ХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. НӨ ХК-ийн бусдаас авсан зээлийн төлбөрийг К- шилжүүлэн авсан гэх үндэслэлээр тус банкны санаачилгаар Баянзүрх дүүргийн 6 хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0000 тоотод байрлах, 000384012 тоот гэрчилгээтэй, улсын эрхийн Ү-2204024184 бүртгэлийн дугаартай, 652.76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийг Б.Б-ад шилжүүлсэн боловч 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ШД ХХК-д шилжүүлсэн.

5.в. Анхан шатны шүүх М.Б-той байгуулсан гэрээг Б.Б-ад өгсөн гэж НӨ ХК-ийн төлөөлөгч тайлбарласан, мөн НӨ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоол, хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Шүүх хуульд заасны дагуу нотлох баримтыг ач холбогдолтой эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, мөн нотлох баримтыг тал бүрээс үнэлээгүй. НӨ ХК-ийн төлөөлөгч иргэн Б.Б-аас ШД ХХК-д өмчлөлд шилжсэн атал М.Б-той байгуулсан гэрээнд Б.Б-ад өгсөн гэж тайлбарласан. НӨ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын 1в дугаар улсын бүртгэлийн бүртгэлд Баянзүрх дүүргийн 6 хороо, 13 дугаар хороолол, /13373 / Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0000 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 652.76 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын байрлаж буй газрын ашиглах эрхийн хамт шилжүүлж бүртгэлийг хийлгэх, холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлэх, зардлыг хариуцан төлөхийг НӨ ХК-ийн ерөнхий захирал Б.Г-т даалгаж шийдвэрлэсэн атал өөр бусад иргэн М.Б- НӨ ХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууц захиалахдаа хийх хөрөнгө оруулалтын гэрээ буюу орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч орон сууцны захиалгын гэрээг шилжүүлээгүй, ШД ХХК энэхүү гэрээг биелүүлэхгүй үүрэг хүлээхгүй буюу эрх зүйн харилцаа үүсээгүй. Анхан шатны шүүх НӨ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор нотлогдож, тогтоогдож хэмээн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, 2 орон сууцыг нэхэмжлэгч М.Б-ын өмчлөлд шилжүүлэхийг, ШД ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу НӨ ХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хуулбар улаан тамгатай байх боловч 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэсэн огноотой байдаг. Мөн тогтоолын 2 дугаар хуудас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хуулбар улаан тамгатай байх боловч 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэсэн 2 хуудас бүхий төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь цаг хугацааны хувьд 2 өөр цаг хугацаанд авагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг шүүх хуралдаанд 5-6 минут хоцрон ирсэн бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргад мэдэгдсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

ШД ХХК 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу 4 хоногийн дараа К-наас 10,000,000,000 төгрөгийг зээлэн авч, 5,000,000,000 төгрөгийг Б.Б- руу шилжүүлсэн. Б.Б- иргэний хувиар тус мөнгийг аваагүй БТ ХХК-ийн өмнөөс төлбөрийг авсан. К- болон БТ ХХК нь нэг удирдлагатай, нэгдмэл ашиг сонирхолтой, хамаарал бүхий этгээдүүдэд юм. ШД ХХК тухайн орон сууцыг барьцаалж, 10,000,000,000 төгрөгийн зээл авсан боловч тухайн орон сууцны хэдэн хувь борлуулагдсан эсэх, 10,000,000,000 төгрөгийн зээлийг ямар орлогоор эргэн төлөх талаар судалгаа гаргадаг. Иймд ШД ХХК захиалагч нарын мэдээллийг шалгахгүйгээр зээл авах боломжгүй. Хариуцагч ШД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 6-7 минутад хоцорч ирсэн нь үнэн. Гэвч шүүх хуралдаан цагтаа эхлэх бөгөөд нэгэнт шүүх хуралдаан эхэлсэн байсан тул шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч НӨ ХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

НӨ ХК 2008 оноос Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд Өргөө хотхон цуврал А-60, Б-59, С-58 блок барилга барьж эхэлсэн. С блокийн барилгыг барихдаа ОХУ-ын банкнаас зээл авсан байсан. Тухайн зээлийн эрхийг К- шилжүүлэн авсан. К-наас намайг дуудан зээлээ төлөхийг мэдэгдсэн, би барилга барьж байгаа борлуулалтаас төлнө гэхэд орон сууцыг хурааж авна гэсэн. Тухайн үед А блокыг борлуулж дуусч байсан учраас Б, С блокыг шилжүүлэхээр тохиролцсон. К ХХК-аас Б.Б- руу орон сууц болон захиалагч нарын бичиг баримтыг шилжүүлэхийг мэдэгдсэн тул Б.Б- руу шилжүүлэхээр тохиролцон, нотариат дээр бэлэглэлийн гэрээ байгуулснаар миний эрх дуусгавар болсон. Би бүх гэрээ хэлцлүүдийг хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. Надаас орон сууцны барилгын эрх үүргийг шилжүүлж авсан дараагийн хүмүүс орон сууц захиалгын гэрээ байгуулсан иргэдийн байрыг хүлээлгэж өгөх ёстой.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч НӨ ХК, ШД ХХК-д тус тус холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхоны С блок байрны 00 тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн 00 тоотод байршилтай, 47,95 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцуудын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжилжээ.

 

1.а. Хариуцагч НӨ ХК нь М.Б- НӨ ХК-тай гэрээ байгуулж, 4 байр захиалсан, байрны төлбөрийг бүрэн төлсөн байсан, М.Б-од байрны гэрчилгээг гаргаж өгөх ёстой гэж хүлээн зөвшөөрчээ.

 

1.б. Харин хариуцагч ШД ХХК эс зөвшөөрч М.Б-той манай компани гэрээ байгуулаагүй, манайд байрны төлбөр төлж байгаагүй, манайх Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 0000 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 652,76 м.кв, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр М.Б-тай хийж, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 5 тэрбум төгрөгийг М.Б-ын 2012012206 тоот дансанд шилжүүлсэн гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч НӨ ХК-тай байгуулагдсан 2012 онд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,13 дугаар хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0000 тоотод байрлах, 000384012 тоот гэрчилгээтэй, Y-2204024184 тоот улсын бүртгэлийн дугаартай, 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилгад байршилтай буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын, Өргөө хотхон орон сууцны С блок байрны 00 тоот 47.95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 59,937 ам.доллароор, мөн байрны 00 тоот 47.95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 59,937 ам доллароор тус тус худалдан авахаар бичгээр гэрээ байгуулжээ.

/1хх 8-11/

 

2.а. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0000 тоотод байрлах, 000384012 тоот гэрчилгээтэй, Y-2204024184 тоот улсын бүртгэлийн дугаартай, 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй, 2,000,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын өмчлөх эрх БТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын өмчлөлд шилжсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа болон холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

/1хх 49, 2хх 25-26, 78/

 

2.б. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр дээрх хаягт байршилтай орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б-аас ШД ХХК-д өмчлөлд шилжсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байна. /2хх 73-79/

 

3. Дээрх 30 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийг хариуцагч НӨ ХК-аас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан Б.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байх ба, тэдгээрийн хооронд болон Б.Б-, ШД ХХК-ийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байхад түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

4. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн дээр дурдсан холбогдох нотлох баримтуудыг харьцуулан үзвэл шүүхээс гарах шийдвэрээр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар дүгнэлт хийх, түүнчлэн шүүхээс талуудыг маргааны зүйл рүү чиглүүлэх, энэ талаар мэтгэлцүүлэх, тодруулах ажиллагааг явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагч ШД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/01040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ШД ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

  ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ