Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/шш2023/00786

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 28,066,611 /хорин найман сая жаран зургаан мянга зургаан зуун арван нэгэн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М...., Б....,

Хариуцагчийн төлөөлөгч Ц....,

Хариуцагчийн өмгөөлөгч Б....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

Би ... ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан ... улсын дугаартай ...маркийн, ... улсын дугаартай ...маркийн тээврийн хэрэгслүүдийг 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус бүрийг өдрийн 266,666 төгрөгөөр, сарын 8,000,000 төгрөгөөр түрээслэж, түрээслэгч байгууллага төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагчийн ажил нь дуусаагүй байгаа үндэслэлээр түрээсийн хугацааг хойшлуулж, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 83 хоног буюу 5 дугаар сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5 дугаар сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 71 хоног тус тус ашигласан. ... дугаартай тээврийн хэрэгслийн түрээсийн нийт төлбөр 18,933,333 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг төлж, үлдэх 12,433,333 төгрөгийг төлөөгүй байна. ... дугаартай тээврийн хэрэгслийн түрээсийн нийт төлбөр 22,133,278 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг төлж, үлдэх 15,633,278 төгрөгийг төлөөгүй байна. Тус компани нь түрээсийн төлбөрт нийт 13,000,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл төлбөр нийт 28,066,611 төгрөгийг төлөөгүй. Удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч менежер н.Идэрбат нь удахгүй төлнө, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөн гэсээр өдийг хүргэсэн. Одоо холбогдох ажилтнууд нь утсаа авахгүй болоод байна. Иймд ... ХХК-иас 28,066,611 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлэх, түрээслэгч тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Энэ үүднээс нэхэмжлэгч тал хуульд заасан үүргээ биелүүлж хоёр автомашиныг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан автомашины ажилласан өдрийн бүртгэлээр нотлогдоно. Мөн гэрээнд Ц.... захирал өөрөө компанийнхаа тэмдгийг дарж, гарын үсгээ зураад өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд байгуулсан байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тоогоор 8,000,000 гээд бичсэн үсгээр долоон сая гэж бичсэн зүйл дээр маргаан үүсэж байна. Үүний нотолгоо нь бусад тээврийн хэрэгслийг тухайн цаг мөчид өмнө бол хойно түрээсэлсэн гэрээнүүд дээр хамгийн доод тал нь 9,000,000 төгрөгийн үнэтэй байдаг. Бид нар хамгийн доод үнээр ковидын үйл ажиллагаатай байсан учир 8,000,000 төгрөгөөр түрээсэлсэн гэдэг хүсэл зоригийг илэрхийлж 8,000,000 төгрөгийг зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлоод байгаа тооцооллыг хийхдээ цагаар нь тооцвол өндөр дүн гарна. Харин Ц....гийн гаргаж, гарын үсгээ зурж өгсөн бүртгэлийн дагуу ажилласан хоног нь түрээсийн ажиллаагүй хоногоо хасаад ажилласан хоногоор тооцох юм бол 8,000,000 төгрөгийг 30 хоногт хувааж нэг өдрөөр тооцож гаргаж өгч байгаа юм. Энэ бүртгэлийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Түрээсийн гэрээ нэг сарын хугацаатай байгуулагдаад явж байсан. Иргэний хуулийн 318.5-т Тухайн бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Иргэний хуулийн 296 дугаар зүйлд 296.1 дэх хэсэгт зааснаар тодорхой бус хугацаагаар тухайн гэрээний хугацаа үргэлжлээд явж байсан. Энэ хугацааны төлбөрийг нэхэмжлэгч тал тооцож нэхэмжлэх эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээг дүгнэсэн актыг хоёр талаасаа байлцаж байгаад үйлдэх ёстой. Гэтэл нөгөө талаас энэ актыг гаргаж өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцоо нийлье гэж хэлээд хугацаа авдаг шиг хаясан зүйл байгаа. Хариуцагч талаас гэрээнд тээврийн хэрэгсэл тус бүрийн түрээсийн үнийг тодорхойлоогүй гэж маргаж байна. Тэгвэл гэрээнд мөн хоёр тээврийн хэрэгслийн нийт түрээсийн үнэ гэж тусгайлан зааж тодорхойлоогүй. Тухайн тээврийн хэрэгслүүдийг жолоодож байсан операторууд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө техник тус бүрийн түрээс 8,000,000 төгрөг байсныг гэрчилсэн. Мөн Ц.... захирал техник тус бүрээр нь цагийн бүртгэл гаргаж, техник тус бүрээр нь тооцож хоёр тусдаа 6,500,000 төгрөгөөр нийт 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа нь техник бүрийг тусд нь түрээсийн төлбөрийг тооцохоор тохиролцсон гэдгийг нотолж байна. Гэрээний үнийг бичихдээ долоон сая гэж үсгээр бичсэнийг бид техникийн алдаа гэж харж байгаа. Хариуцагчийн өөрсдийнх нь байгууллагын гаргадаг гэрээний загвар. Өөрсдийнхөө алдаатай гаргасан загварыг одоо өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаад, нэхэмжлэгчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...гэв.

2.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Ц.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: ..., ... өөрөө буулгагч автомашинуудыг түрээслэсэн нь үнэн боловч гагцхүү нийлсэн хэд, авсан яасан ийсэн нь тийм тодорхой бус байгаа тул манай компанитай тооцоогоо тулгаад нэхэмжлэх байх. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түрээсийн үйл ажиллагаа явагдаж байх үед ковидтой, хөдөө орон нутагт Таван толгойн төмөр зам дээр байж байгаад 4 дүгээр сарын 1-нд хатуу хөл хорио тавигдахаас өмнө Багануурын чиглэлийн зам дээр очсон. Тэндээ хатуу хөл хорионд байж байгаад нэмэлт гэрээ хийгдсэн. Гэрээнд миний ойлголтоор 7,000,000 төгрөг гэж яригдаж байсан боловч нэхэмжлэл дээр 8,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна. Ч.... гэдэг хүнтэй би уулзаж байгаагүй. Хотод гэрээ хийгдсэн гэж яригддаг. Эрдэнэхүү болон Бямбахүү гээд жолооч нар миний машин гэж яригддаг байсан учраас би Ч....ын машин мөн эсэхийг мэдэхгүй байна. 8,000,000 төгрөг өдрийн 266,666 төгрөгөөр нэхэгдэж байгаа нь хугацаагаар тооцоод үзвэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс хоёр тээврийн хэрэгсэл буюу тээврийн хэрэгслүүдийг 16,000,000 төгрөгөөр түрээслэх нөхцөл олж харсангүй. Миний үйлчлүүлэгч Ч.... аль аль нь эрх зүйн мэдлэггүй байж болно. Гэхдээ хүсэл зоригийн илэрхийлэл нь хоёр машиныг 8,000,000 төгрөгөөр түрээсэлэе. 7,000,000 төгрөг гэж бас ойлгогдоод яваад байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч түрээслүүлэгч заавал өмчлөгч байх албагүй гэж байна. Ч.... гэдэг хүн өмчлөгч биш юм биш үү. Түрээслүүлэгч заавал өмчлөгч биш юм бол У....гийн машиныг 30 хоног найздаа өгч байгаач гэж байгаад 30 хоног би хүнд түрээсэлж болох юм байна л даа. Тус тусдаа цагийн бүртгэл гарч байсан гэж байна. Ч.... нэгтгээд цагийн бүртгэл гаргахгүй яасан бэ? өөрт нь боломж бололцоо байсан. Тус тусад нь цагийн бүртгэл гарсан нь хоногуудаас шалтгаалаад байгаа, хоёр өөр жолоочтой тэд нар нь архи уудаг. Нэг нь 71 хоног ажилласан, нөгөөх нь 83 хоног ажилласан. Тухайн гүйцэтгэх ажлаасаа шалтгаалаад ийм цаг хугацаа, цаг агаарын нөхцөл байдал байна. Гэрч нар Ч....ын ажилтнууд байгаад байдаг. Гэрээний үнийн дүнг мэдээд байна. Гэрчүүдтэй гэрээ байгуулаад байна уу?, эсвэл Ч....тай байгуулаад байна уу?, Ч....ын шууд дүгнэлт яваад байх шиг байна. Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна. Хэрэв түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол 17,966,560 төгрөгийн хохирол байна. Хоног хугацаа, үнийн дүн, цаг хугацаагаар тооцоод үзэхээр ийм хохирол байна. 13,000,000 төгрөгийг хасаад тодорхой хэмжээний мөнгө байгаа хэмжээгээр шийдэж өгнө үү. Сүүлдээ гэрээг тулгаж хийсэн болж байна. Хянаж байгаад гарын үсэг зурсан гэж байгаа нь ойлгомжгүй зүйл ярьж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

- Машин механизм түрээслэх гэрээний эх хувь /хх-5-7/, Түрээсийн техникийн цагийн бүртгэл /хх-8-14/, Ч....ын Хаан банк ХХК дахь 5749661259 тоот харилцах дансны хуулга /хх-15-17/, Ч....ын бусадтай байгуулсан Өөрөө буулгагч автомашины түрээсийн гэрээнүүдийн эх хувь /хх-37-46/;

4.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

- ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн лавлагаа /хх-19-22/;

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн _.. дугаар захирамжаар О..... нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, тэдэнд хууль сануулснаар гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн. /хх-33, 55-58/

Гэрч ... гэх машинд оператор хийдэг байсан. 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 18-ны хооронд ажилласан байх. Нэг машины түрээсийн үнийг хэдэн төгрөгөөр тохирсон талаар мэднэ. 1 машин 8,000,000 төгрөгийн үнэтэй. Багануураас Мөнгөнморьт чиглэлийн авто замын ажилд явсан. Толгой компани нь Тотал гэх нэртэй байсан. Түүний туслан гүйцэтгэгчээр замын гүүр хоолойны ажлыг Амараа авч ажилласан. 2 машин шаардлагатай байна гээд очиж ажилласан. Цалингаа Ч....аас авдаг байсан. Цалингаа аваагүй. Ажиллаж байсан хугацааныхаа бүх цалинг аваагүй. Ажлын инженер нь цагийн хуваарийг гаргаад Амраагаар гарын үсэг зурж, баталгаажуулж авсан баримт дээр байгаа байх даа. Би 7 дугаар сарын 18-ны өдөр ажлаас буухдаа Амраагаар гарын үсэг зуруулж авсан. Ч....тай хувийн шугамаар ажилласан. ... ХХК-иас гарахдаа ажилласан цагийн бүртгэлээ авсан. Өмнө андуурч хэлсэн байна. 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан гэж мэдүүлсэн.

Гэрч ... Машин барьж байсан талаараа ярих гэж байгаа. Би 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр анх ажиллахаар очсон. 2376 УНМ дугаартай машины жолооч байсан. 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр очоод 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр буцсан. 1 машины сарын түрээс 8,000,000 төгрөг гэж байсан. Би Ч....аас цалин аваагүй. ... ХХК-тай утсаар холбогдож уулзаагүй. Хариуцаж авсан хугацаандаа түлшний хулгай хийх гэх мэт алдаа дутагдал гаргаж байгаагүй. Архи ууж байсан гэж мэдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх Ч....ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Хариуцагч талтай бичгээр байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2 тээврийн хэрэгслээ операторын хамт ашиглуулан, тээврийн хэрэгсэл тус бүрийг сарын 8,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирч, түрээсийн зүйл тус бүрийн ажилласан хоногийн төлбөрт нийт 28,066,611 төгрөг төлөөгүйг гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслүүдийн өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй учир түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхгүй, гэрээгээр тээврийн хэрэгслүүдийг хамтад нь нэг дүнгээр түрээслэхээр, үнийг долоон сая төгрөгөөр түрээслүүлэхээр бичсэн, төлөх төлбөрийн үлдэгдэлгүй учир шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байна.

4.Зохигчид гэрээний хүчин ... байдал болон гэрээний дагуу хоёр тээврийн хэрэгслийг нэхэмжлэлд дурдсан хугацаанд ашигласан, хариуцагчаас нэхэмжлэгчид 13,000,000 төгрөгийг хоёр тусдаа хувааж төлсөн, гэрээг түрээсийн гэрээ гэж нэрлээд, гэрээний удиртгал хэсэгт 343-358 гэж бичсэн, мөн түрээсийн төлбөрийг 8,000,000 /тоогоор/, 7,000,000 /үсгээр/ гэж тус тус бичигдсэн, гэрээнд тээврийн хэрэгсэл тус бүрийн үнэ болон нийт тээврийн хэрэгслийн үнийн дүн гэж бичигдээгүй талаар маргаагүй. Харин түрээсийн төлбөрийн дүнг тээврийн хэрэгсэл бүр тусдаа, эсхүл хамтдаа байхаар үнэлсэн эсэх, түрээсийн төлбөр 8,000,000 эсхүл 7,000,000 төгрөг эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслүүдийн цагийн бүртгэл, нэхэмжлэгчийн дансны хуулга, нэхэмжлэгчийн бусад иргэн, хуулийн этгээдүүдтэй байгуулсан түрээсийн гэрээнүүд зэрэг баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1. Талууд 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Машин механизм түрээслэх гэрээ бичгээр байгуулан, 2009 онд үйлдвэрлэсэн 7083 УНН улсын дугаартай өөрөө буулгагч, 2010 онд үйлдвэрлэсэн 2376 УНМ улсын дугаартай өөрөө буулгагч зэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрийг ...сарын 8,000,000 /Долоон сая/ төгрөг байхаар тохиролцсон байна.

5.2. Талууд гэрээнд гарын үсэг зурж, түрээслэгч ... ХХК-ийн захирал Ц.... гэрээг баталж, тухайн гэрээг түрээслэгчийг төлөөлөн ерөнхий менежер Ж.Эрдэмбилэг, түрээслүүлэгч Ч.... нар байгуулжээ.

5.3. Гэрээний дагуу дээрх хоёр өөрөө буулгагч тээврийн хэрэгслүүдийг операторын хамт түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлж, .... улсын дугаартай өөрөө буулгагч 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 71 хоног, ... улсын дугаартай өөрөө буулгагч 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 83 хоног тус тус ажилласан байна.

5.4. Түрээслэгч тал гэрээний дагуу түрээсийн төлбөрт 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг машин механизм түрээсийн урьдчилгаа гэх утгаар, мөн өдөр дахин 3,000,000 төгрөгийг машин механизм түрээсийн урьдчилгаа гэх утгаар, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг ... үйлчилгээний хөлс гэх утгаар, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг ... үйлчилгээний хөлс /котехник/ гэх утгаар, нийт 13,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талд шилжүүлжээ.

6. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний аль нэг нөхцлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлвол гэрээнд Иргэний хуулийн 343-358 зааснаар удирдлага болгохоор тохирсон гэж байгаа ч агуулгаар нь тодорхойлвол Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна.

7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Талуудын байгуулсан Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин ... гэрээ бөгөөд түрээслүүлэгч ... нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж түрээслэгч ... ХХК-д гэрээний дагуу тохиролцсон хоёр тээврийн хэрэгслийг операторуудын хамт шилжүүлэн ашиглуулсан байна.

8. Хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэгч талаас хүлээн авсан тээврийн хэрэгслүүдийг буцаан хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн байх боловч түрээсийн зүйлийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагч талын төлсөн 13,000,000 төгрөгийг нийт тооцогдсон төлбөрөөс хасаж суутган, үлдэгдэл 28,066,611 төгрөгийг шаарджээ.

9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт заасны дагуу түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ. Мөн зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчид тодорхой хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээх ба үүний дагуу гэрээнд тусгагдсан 2 тээврийн хэрэгслийг ашиглуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

10. Талууд гэрээний 5.1-д ... техник түрээсийн үнэлгээ доорхи байдалтай байна. Сарын 8,000,000 /Долоон сая/ төгрөг байхаар тохиров гэжээ. Энд нийт техник, эсвэл техник тус бүр гэж тодотгон заагаагүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэжээ.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулж асуусан, гэрээний зүйл болох тээврийн хэрэгслүүдийг жолоодон ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлгээр нэг тээврийн хэрэгслийн түрээс сарын 8,000,000 төгрөг байсан гэж мэдүүлсэн, түрээсийн зүйлсийн цагийн бүртгэлийг тээврийн хэрэгсэл тус бүрээр тооцсон бөгөөд хариуцагч тал эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, Түрээсийн гэрээгээр тээврийн хэрэгсэл тус бүрийн түрээсийг сарын 8,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

12. Түрээсийн зүйл тус бүрийн нэг сарын төлбөр 8,000,000 төгрөг, нэг хоногийн 266,666 төгрөг болох бөгөөд ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нийт 71 хоног, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нийт 83 хоног ажилласан байна. Түрээсийн зүйлсийн ажилласан хоногийг тооцвол .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласны түрээс 18,933,286 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6,500,000 төгрөгийг хассанаар 12,433,286 төгрөг, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласны түрээс 22,133,278 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6,500,000 төгрөгийг хассанаар 15,633,278 төгрөг, нийт 28,066,564 төгрөгийн түрээс шаардах эрхтэй байна.

13. Нэхэмжлэгч Ч.... түрээсийн төлбөрийн үлдэгдлийг тооцохдоо нэг хоногийн төлбөрийн дундажийг 266,666 төгрөгөөр тооцоолсон байх бөгөөд сарын төлбөр 8,000,000 төгрөгийг хоногт тооцвол 266,666.6 төгрөг болж, энэхүү дүнгээр тооцвол нэхэмжлэлийн шаардлагаас хэтрэхээр байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

14. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 298,283 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 298,283 төгрөг гаргуулах нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 28,066,611 /хорин найман сая жаран зургаан мянга зургаан зуун арван нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч....т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 298,283 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 298,283 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА