Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00867

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00867

 

 

*********** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00786 дугаар шийдвэртэй,

*********** нэхэмжлэлтэй, *************-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 28,066,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, түүний өмгөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Би *************-тай 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан 23-76 УНМ улсын дугаартай ND3253 Beiben /Норд бенз/ маркийн,

70-83 УНН улсын дугаартай ND3253 Beiben /Норд бенз/ маркийн тээврийн хэрэгслүүдийг 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус бүрийг өдрийн 266,666 төгрөгөөр, сарын 8,000,000 төгрөгөөр түрээсэлж, түрээслэгч төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон.

Гэтэл хариуцагчийн ажил нь дуусаагүй байгаа үндэслэлээр түрээсийн хугацааг хойшлуулж, 23-76 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 83 хоног буюу 05 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 70-83 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 71 хоног тус тус ашигласан.

70-83 УНН дугаартай тээврийн хэрэгслийн түрээсийн нийт төлбөр 18,933,333 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг төлж, үлдэх 12,433,333 төгрөгийг төлөөгүй байна.

Түрээсийн зүйл болох 23-76 УНМ дугаартай тээврийн хэрэгслийн нийт төлбөр 22,133,278 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг төлж, үлдэх 15,633,278 төгрөгийг төлөөгүй.

Тус компани нь түрээсийн төлбөрт нийт 13,000,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл төлбөр нийт 28,066,611 төгрөгийг төлөөгүй. Удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч менежер н.Идэрбат нь удахгүй төлнө, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэсээр өдийг хүргэсэн. Одоо холбогдох ажилтнууд нь утсаа авахгүй болоод байна. Иймд *************-иас 28,066,611 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тухайн тээврийн хэрэгслүүдийг жолоодож байсан операторууд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө техник тус бүрийн түрээс 8,000,000 төгрөг байсныг гэрчилсэн. Мөн Ц.Амартүвшин захирал техник тус бүрээр нь цагийн бүртгэл гаргаж, техник тус бүрээр нь тооцож хоёр тусдаа 6,500,000 төгрөгөөр нийт 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа нь техник бүрийг тусд нь түрээсийн төлбөрийг тооцохоор тохиролцсон гэдгийг нотолно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Түрээсийн үйл ажиллагаа явагдаж байх үед Ковидтой, Таван толгойн төмөр зам дээр байж байгаад 04 дүгээр сарын 01-ний өдөр хатуу хөл хорио тавигдахаас өмнө Багануурын чиглэлийн зам дээр очсон. Тэндээ хатуу хөл хорионд байж байгаад нэмэлт гэрээ хийгдсэн.

Гэрээнд 7,000,000 төгрөг гэж яригдаж байсан боловч нэхэмжлэл дээр 8,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна. *********** гэдэг хүнтэй би уулзаж байгаагүй. Хотод гэрээ хийгдсэн гэж яригддаг. Эрдэнэхүү болон Бямбахүү гээд жолооч нар миний машин гэж яригддаг байсан учраас би *********** машин мөн эсэхийг мэдэхгүй байна.

8,000,000 төгрөг өдрийн 266,666 төгрөгөөр нэхэгдэж байгаа нь хугацаагаар тооцоод үзвэл үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна. Хэрэв түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол 17,966,560 төгрөгийн хохирол байна. Хоног хугацаа, үнийн дүн, цаг хугацаагаар тооцоод үзэхээр ийм хохирол байна. 13,000,000 төгрөгийг хасаад тодорхой хэмжээний мөнгө байгаа хэмжээгээр шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол идеал ХХК-иас 28,066,611 /хорин найман сая жаран зургаан мянга зургаан зуун арван нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***********т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 298,283 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 298,283 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс 70-83 УНН, 23-76 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэн өмчилдөг талаарх лавлагааг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулах, нэхэмжлэгч нь үнийн дүнгийн тооцоон дээрээ алдаатай, буруутай ойлголттой байгаа тул эвлэрэх хугацаа авах хүсэлтийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл үргэлжлүүлсэнд гомдолтой.

70-83 УНН, 23-76 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хэн болох нь тодорхойгүй, ***********аас өөр хүн байх магадлалтай.

4.2. Мөн гэрээний 5.1-д заасны дагуу гэрээний нийт үнийн дүнг долоон сая төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Автомашин тус бүрээр 8,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч *********** 4 автомашин механизм түрээслэх гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус гэрээнээс нэг машины нийт үнийг харах боломжтой.

Өмчлөл шилжүүлэх гэрээний харилцаа үүсээгүй, эзэмшил ашиглалтад шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн тул тухайн түрээслүүлэгчийн өмчлөлд байхыг хуулиар шаардаагүй гэж шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч *********** нь хариуцагч *************-д холбогдуулан 2 тээврийн хэрэгслийг операторын хамт ашиглуулан, тээврийн хэрэгсэл тус бүрийг сарын 8,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн тул 28,066,611 төгрөг гаргуулна гэж шаардсаныг хариуцагч нэхэмжлэгч өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй, тээврийн хэрэгслүүдийг хамтад нь нэг дүнгээр түрээслэхээр тохиролцсон гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Талууд 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Машин механизм түрээслэх гэрээ бичгээр байгуулан, 2009 онд үйлдвэрлэсэн 70-83 УНН улсын дугаартай өөрөө буулгагч, 2010 онд үйлдвэрлэсэн 23-76 УНМ улсын дугаартай өөрөө буулгагч зэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрийг 8,000,000 төгрөг /тоогоор/, 7,000,000 /үсгээр/ гэж бичсэн байна. Түрээслэгч *************-ийн захирал Ц.Амартүвшин гэрээг баталж, гэрээнд түрээслэгчийг төлөөлөн ерөнхий менежер Ж.Эрдэмбилэг, түрээслүүлэгч *********** нар гарын үсэг зуржээ.

2.б. Гэрээгээр өөрөө буулгагч тээврийн хэрэгслүүдийг операторын хамт түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлж, 70-83 УНН улсын дугаартай өөрөө буулгагч 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 71 хоног, 23-76 УНМ улсын дугаартай өөрөө буулгагч 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 83 хоног тус тус ажилласан үйл баримтад талууд маргаангүй.

2.в. Түрээслэгч түрээсийн төлбөрт 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг машин механизм түрээсийн урьдчилгаа гэх утгаар, мөн өдөр дахин 3,000,000 төгрөгийг машин механизм түрээсийн урьдчилгаа гэх утгаар, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг *********** үйлчилгээний хөлс гэх утгаар, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг *********** үйлчилгээний хөлс /котехник/ гэх утгаар, нийт 13,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

2.г. Гэрээний харилцаа дуусгавар болсон, техник хэрэгслүүдийг буцаан хүлээлгэж өгсөнд талууд маргаангүй.

 

3. Талууд түрээсийн төлбөрийн хэмжээ тээврийн хэрэгсэл тус бүрээр, эсхүл хамтдаа байхаар үнэлсэн, түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг эсхүл 7,000,000 төгрөгийн алин болох тухайд маргаантай байна.

Зохигч гэрээндээ хоёр өөр үнэ заасан тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээнд тайлбар хийх, нотлох баримтыг үнэлэх, хэргийн нөхцөл байдлыг харьцуулах замаар тодорхойлох юм.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслүүдийг ашиглуулсан тул гэрээний үүргийг буюу түрээсийг хариуцагчаас шаардах эрхтэй.

3.а. Талууд гэрээний 5.1-д ...техник түрээсийн үнэлгээ доорх байдалтай байна. Сарын 8,000,000 /Долоон сая/ төгрөг байхаар тохиров гэжээ. Энд нийт техник, эсвэл техник тус бүр гэж тодотгон заагаагүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.

Дээрх 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Машин механизм түрээслэх гэрээнд сарын 8,000,000 /Долоон сая/ төгрөг байхаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, тус гэрээнд машин механизм тус бүрийн үнийг дурдаагүй байх тул нийт 8,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

3.б. Талууд Машин механизм түрээслэх гэрээний дагуу нийт 83 хоногийн хугацаанд хэрэглэсэн талаар маргаангүй.

Иймд 8,000,000 төгрөг, нэг хоногийн 266,666 төгрөг болох бөгөөд нийт ашигласан хоногийн төлбөр /266,666*83=22,133,278/ 22,133,278 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 13,000,000 төгрөгийн хассанаар /22,133,278-13,000,000=9,133,278=9,133,278 төгрөгийг хариуцагч *************-аас гаргуулж, нэхэмжлэгч ***********т олгох нь зүйтэй байна.

3.в. Мөн анхан шатны шүүх хариуцагч *************-ийг Монгол идеал ХХК гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдааг залруулж байна.

 

4. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гэрээний үнэ долоон сая төгрөг болох тухай гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Мөн гэрээ хэрэгжээд дууссан, өмчлөлийн асуудал түрээсийн гэрээнд хамааралгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00786 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 28,066,611 /хорин найман сая жаран зургаан мянга зургаан зуун арван нэг гэснийг 9,133,278 гэж, Монгол идеал ХХК гэснийг ************* гэж,

2 дахь заалтын хариуцагчаас 298,283 гэснийг хариуцагчаас 161,082 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,283 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД