Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/шш2023/00428

 

 

2023 оны 02 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2023/00428 Улаанбаатар хот

 

//МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Гончигсумлаа Д.Мөнхцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 1 дүгээр гудамж, 0а тоот хаягт оршин суух, Нүржав овогт Н.Т /УГ00000000/-ын нэхэмжлэлтэ

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандийн гудамж, 00 байр, 0 орц, 00 тоот хаягт оршин суух, Б.Д /ХА00000000/-д холбогдох

Гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Б.Д-д холбогдуулан гэм хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын орлогч дарга Б.Д нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны ажилтан Н.Т намайг манай байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж 2017оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн хэрэгсэл 25-р телевизээр миний нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал модээллийг олон нийтэд тараасанд гомдолтой байна. Хөдөлмөр сонинд ярилцлага өгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус 1-р баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны ажилчин Н.Т манай байгууллагыг төлөөлөх эрхгүй хүн гэж олон нийтийн хэрэгсэл сониноор миний нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. Намайг ажил хийлгэхгүй гэж зодож шүд хуга цохисон. Үүнийг шүүх эмнэлэг болон цагдаагийн байгуулага тогтоосон. Шүтээн уул ХХК-ний хамгаалалтын ажилчдад үүрэг өгч байгууллага руу оруулаагүй, ажил хийлгээгүй. Би Автобус-1 ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Автобус-1 ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний хорооны бүх гишүүдийн хурлаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон сонгуульт ажлыг өнөөдрийг хүртэл ажиллах эрхтэй байна. Иймд Б.Д-гээс сэтгэл санаа болон шүд хугалсан гэм хорын төлбөрийн хохиролд 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.Д- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд: 2017 оны 09-р сарын 19 ны өдор Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны Үйлдвэрчний холбооны нэрийн өмнөөс Н.Т, н.Болорсүх нар нь хэвлэлийн бага хурал хийж Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын орон тоо бүтэц данхайсан, хууль бусаар ажилчдыг халдаг, цалин бууруулсан, сэлбэг материал өндөр үнээр авдаг гэж байгууллагатай холбоотой буруу ташаа мэдээллийг хэвлэлийн хурал хийж тараасан тул Зорчигч тээврийн нэгтгэлийн захиргаанаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 25-р суваг ТВ-ээр Зорчигч тээвэр нэгггэлийн орлогч дарга ерөнхий инженер, эдийн засагч. хэлтэс албадын дарга нар болон хууль эрх зүйн мэргэжилтэн инженер техникийн ажилчид, жолооч нар зэрэг хүмүүсийг оролцуулан хэвлэлийн хурал хийж албан ёсоор залруулга хийсэн. Тухайн хурал дээр би болон бусад албан тушаалтнууд иргэн Н.Т болон Үйлдвэрчний байгууллагын талаар түүний нэр төрд халдсан зүйл ер яригдаагүй нь 25-р суваг телевизийн бичлэгээс тодорхой харагдана. Н.Т нь нэхэмжлэлдээ энэ үед Автобус 1-р баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан мэтээр бичжээ. Автобус 1-р бааз, Автобус 3-р бааз, Цахилгаан тээвэр компаниудыг 2014 онд нэгтэн "Зорчигч тээврийн нэгтгэл' ОНӨААТҮГазар болгон өөрчлөгдөхөд дээрхи байгууллагууд тус бүрт Үйлдвэрчний эвлэлийн хороо, мөн Нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн хороо ажиллаж байсан. Иймд ажилчдын эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн нэг хороо байгуулах шаардлага гарсан тул 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бүх ажилчдын хурал хийж Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгон шалгаруулалт явуулж Нэгггэлийн "Эв нэгдэл' Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Ариунбаатар сонгогдож Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороо нь "Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГазрын захиргаатай хамтын гэрээ байгуулан ажилласан. Н.Т нь 2017 онд болсон Үйлдвэрчний хорооны даргыг сонгох бүх ажилчдын хурлаар сонгогдоогүй ба өөрийгөө Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга мөн, надтай хамтын гэрээ байгуулах ёстой, цалин мөнгө, ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнчлэлийн татвар авна гэх зэргээр байнга байгууллага дээр ирж удирдлагуудтай хэрүүл маргаан үүсгэн, өдөн хоргоож байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан танхайрдаг, байгууллага болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуулийн талаар шүүхээр байнга зарга үүсгэсээр ирсэн. Н.Т нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаа хийж байсан байгууллагын санхүүгийн болон хэсгийн дарга нарын өрөөнд орж тэдэнтэй хэрүүл маргаан үүсгэн улмаар байгууллагын хашаан дотор машинаа хүлээгээд зогсож байсан над дээр ирж над руу дайрч хэрүүл маргаан үүсгэн хөл рүү өшиглөж толгой руу цохисон. Б.Д- миний бие Н.Тын биед халдаж зодоогүй. Гэтэл Н.Т нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаснаар надад холбогдуулан 0000000000000 дугаарын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдсан. Н.Т нь хэрэг болсон тухайн үед Шүүх эмнэлэгт үзүүлсэн ба Шүүх эмнэлэгийн шинжээчийн 000 дугаарын дүгнэлтээр Н.Тын биед гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Гэтэл Н.Т нь 2 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт материалаар Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийлгүүлснээр шинжээчийн 000 дугаарын дүгнэлтээр Н.Тын биед баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Шинжээч эмч Ц.О мэдүүлэгтээ...тухайн үед би өөрөө Н.Тын биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд ил харагдах гэмтэлгүй буюу уруул, завьж, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт салстын шарх зэрэг гэмтэлгүй, баруун дээд 5-р шүд авсан эмзэглэлтэй байсан ч гэмтэл тогтоогдоогүй ...цохиход үүсэх боловч хэрэг гарсны нэг хоногийн дараа үзэхэд ямар нэгэн шарх гэмтэл байхгүй байсан, энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй. Хэрэг болсон тухайн үед Н.Тын 5-р шүдний цөгц гэмтсэн эсэх нь эргэлзээтэй тогтоогдоогүй юм. Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 01 ны өдрийн 0000 дугаарын тогтоолоор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Н.Т зөвшөөрөхгүй удаа дараа гомдол гаргаж хэрэг шалгагдсаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан хаагдсан юм. Тухайн үед би Н.Тын шүдийг цохиж гэмтээгээгүй энэ талаар эрүүгийн хэрэг шалгагдаж тогтоогдоогүй. Иймд би Н.Тын шүдний нэхэмжлэлийн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно гэв.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.09.01-ний өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 0000 дугаар прокурорын тогтоол, 2021.07.26-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, кассын орлогын ордер, үзлэгийн карт, фото зургууд, 2022.09.02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/00000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, фото зураг, 2018.01.08-ны өдрийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын 0/00 дүгээр албан бичиг, ОНӨААТҮГазрын захирлын тушаал, хамтын гэрээ, Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хороонд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, 2017.05.10 өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 00/000 дугаар албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2017.09.18-ны өдрийн ОНӨААТҮГазрын автобусны 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны 40 дүгээр албан бичиг, Д.Э-ийн гараар бичсэн өргөдөл, 2021.08.19-ний өдрийн Монгол Улсын ерөнхий Прокурорын газрын 0/0000 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх 2-12 хуу, хх 35-39 хуу, хх 83-96 хуу/

4. Хариуцагчаас: шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ,зэрэг баримтыг ирүүлсэн. /хх 26-31 хуу, хх 41-44хуу, /

5. Шүүх, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б.Д-д холбогдох 0000000000000 дугаар эрүүгийн хэргээс 000, 000 дугаар шүүх эмнэлэгийн дүгнэлтүүд, Н.Тын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Н.Тын хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 76-80 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

2. Нэхэмжлэгч Н.Т хариуцагч Б.Д-д холбогдуулан гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч нь надтай холбоотой ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсаны улмаас таарамжгүй харилцаа үүсэж, миний биед халдаж, шүд гэмтээсэн. Хариуцагч Б.Д- намайг зодсоны улмаас миний биед баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл учирсан нь шүүх эмнэлэгийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд хиймэл шүд /имплант/ суурилуулах зардалд 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Б.Д- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие Н.Т болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын талаар түүний нэр төрд халдсан зүйл огт яриагүй, энэ нь 25-р суваг телевизийн бичлэгээр нотлогдоно. Н.Т нь 2017 оны Үйлдвэрчний хорооны даргыг сонгох бүх ажилчдын хурлаар сонгогдоогүй атлаа өөрийгөө Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, надтай хамтын гэрээ байгуулах ёстой, цалин мөнгө, ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнчлэлийн татвар авна гэх зэргээр байгууллагын удирдлагуудтай хэрүүл маргаан үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан байнга танхайрч, байгууллага болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуулийн талаар шүүхээр байнга зарга үүсгэсээр ирсэн. Н.Т нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөн л санхүүгийн болон хэсгийн дарга нартай хэрүүл маргаан үүсгэж, байгууллагын хашаан дотор зогсож байсан над руу дайрч хөл рүү өшиглөж толгой руу цохисон. Би Н.Тын биед халдаж зодоогүй. Гэтэл Н.Т нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаснаар надад холбогдуулан 0000000000000 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Н.Т нь шүүх эмнэлэгт үзүүлэхэд шинжээчийн 000 дугаар дүгнэлтээр Н.Тын биед гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан боловч тэрээр 2 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт материалаар шүүх эмнэлэгийн шинжилгээ хийлгэж, шинжээчийн 000 дугаар дүгнэлтээр Н.Тын биед баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл гэх хөнгөн зэргийн гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. Шинжээч эмч Ц.О мэдүүлэгтээ...тухайн үед би өөрөө Н.Тын биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд ил харагдах гэмтэлгүй буюу уруул, завьж, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт салстын шарх зэрэг гэмтэлгүй, баруун дээд 5-р шүд авсан эмзэглэлтэй байсан ч гэмтэл тогтоогдоогүй ...цохиход үүсэх боловч хэрэг гарсны нэг хоногийн дараа үзэхэд ямар нэгэн шарх гэмтэл байхгүй байсан, энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Дээрхээс үзэхэд шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй бөгөөд хэрэг болсон үед Н.Тын 5-р шүдний цөгц гэмтсэн эсэх нь эргэлзээгүй тогтоогдоогүй бөгөөд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0000 дугаарын тогтоолоор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн боловч Н.Т зөвшөөрөхгүй удаа дараа гомдол гаргаж хэрэг шалгагдсаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Н.Тын шүдийг цохиж гэмтээгээгүй, энэ талаар эрх бүхий байгууллага шалгаж тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2019.02.09-ний өдөр Н.Т хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, хохирогчоор мэдүүлэг өгсөн, /хх 78-79 ху/

4.2 Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020.09.01-ний өдрийн 0000 дугаар тогтоолоор ...иргэн Н.Т бусдад зодуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх гомдлыг хүлээн авч хянаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, /хх 4-5 ху/

4.3 2021.07.26-ны өдөр Нийслэлийн Прокурорын газар Н.Тын гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай 0/0000 дугаар хариу өгөх албан бичгээр мэдэгдсэн, /хх 6 ху/

4.4 2021.08.19-ний өдөр Монгол улсын Ерөнхий Прокурорын газраас Н.Тын гомдлыг хүлээн авахаас тагалзаж шийдвэрлэсэн талаар 0/0000 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, /хх 96 ху/

4.5 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.12.12-ны өдрийн 000 дугаар дүгнэлтээр Б.Д-гийн биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн агуулга бүхий дүгнэлт үйлдэж, амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хавсаргасан /хх 27-30 ху/

4.6 2019.12.13-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Н.Тын биед гэмтэл тогтоогдоогүй гэх агуулга бүхий 000 дугаар дүгнэлт гарсан, /хх 77 ху/

4.7 2020.02.05-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Н.Тын биед баруун дээд 5 дугаар шүдний цөгц хэсгийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл тогтоогдсон гэх агуулга бүхий 000 дугаар дүгнэлт гарсан, /хх 76 ху/

4.8 2020.06.08-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Н.Тын биед 1 шүдний цөгцний хугарал, гэмтэл учирсан, 2020.02.05-ны өдрийн 000 тоот дүгнэлттэй санал нэгтэй байна гэх 774 дугаартай дүгнэлт гарсан, /хх 36-38 ху/

4.9 Цагдаагийн байгууллага шинжээч эмч Ц.Оэс мэдүүлэг авсан /огноо тодорхойгүй, хх 80 ху/

4.10 Рүүт оф дэ ворлд ХХК-ний 2019.09.10-ны өдрийн үзлэгээр 2 620 000 төгрөгийг төлбөртэй эмчилгээ төлөвлөсөн, /хх 9 ху/

4.11 Бат-Оюу номин ХХК хугаралтай шүд авах үйлчилгээний төлбөрт 20 000 төгрөг төлсөн, /хх 7 ху

4.12 2017.04.26-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороо нарын хооронд 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ байгуулагдсан, /хх 41-44 ху/

4.13 2018.01.08-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас Нийслэлийн эмргэжлийн хяналтын газарт Н.Т үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлөх эрх бүхий этгээд биш гэх агуулгатай 0/00 дугаар албан бичиг явуулсан, /хх 83 ху/

4.14 2013.02.05-ны өдөр Автобус нэг ОНӨҮГ, Үйлдвэрчний эвлэлийн хороо нарын хооронд Хамтын гэрээ байгуулагдсан, 2014.01.22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан, /хх 84-89 ху/

4.15 2017.05.10-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас 01/980 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ны үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 90 ху/

4.16 Хэргийн 8, 11, 39, 84, 91-95 дугаар хуудсанд авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт хамааралгүй үндэслэлээр үнэлээгүй болно.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байхыг ойлгодог.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч түүний бие махбодид халдсаны улмаас шүд хугарсан тул сэтгэл санааны болон гэм хорын төлбөрт 2 500 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж, хариуцагч Б.Д- нэхэмжлэгч Н.Тад гэм хор учруулсан шалтгаант холбоо тогтоогдохгүй, гэм хор учруулсныг эрх бүхий байгууллага тогтоогоогүй, шүд хугалсан тухайд өөр хоорондоо зөрүүтэй хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан тул эргэлзээгүй нотлогдохгүй гэж маргасан.

Шүүх, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020.09.01-ний өдрийн 0000 дугаар тогтоол, 2019.12.13-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Н.Тын биед гэмтэл тогтоогдоогүй гэх агуулга бүхий 000 дугаар дүгнэлт, 2020.02.05-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Н.Тын биед баруун дээд 5 дугаар шүдний цөгц хэсгийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл тогтоогдсон гэх агуулга бүхий 000 дугаар дүгнэлт, 2020.06.08-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Н.Тын биед 1 шүдний цөгцний хугарал, гэмтэл учирсан, 2020.02.05-ны өдрийн 000 тоот дүгнэлт зэргийг харьцуулан дүгнээд зохигчийн маргаантай харилцааны улмаас нэхэмжлэгч Н.Тын биед шүд хугарах гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байна гэж дүгнээд нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд маргаантай харилцаа бий болох үед нэхэмжлэгчийн шүд хугарсан, нэхэмжлэгч хиймэл шүд хийлгэх зардал 2 500 000 төгрөгийн өртөгтэй болох нь Рүүт оф дэ ворлд ХХК-ний 2019.09.10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдохоос гадна уг үнийн дүнг хариуцагч маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

Түүнчлэн талууд, нэхэмжлэгч Н.Тын ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан гэх үйл баримтын тухайд маргаж, телевизийн сувгаар цацагдсан хэвлэлийн бага хурлын дүрс бичлэгт үзлэг хийлгэсэн боловч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эрүүл мэндэд гэм хор учирч шүд хугарсан, сэтгэл санаа, гэм хорын хохоирол гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлаж байх тул уг үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй буюу зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэл болсон гэж үзэхээр байх тул шүүх дүгнэлт өгөөгүй болно.

6. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч Ц овогт Б. Д /ХА00000000/-гээс 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Нүржавын Н.Т /УГ00000000/-д олгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасаар нэхэмжлэгч Н.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б. Д-ээс 59 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


                     ДАРГАЛАГЧ                       Д.ЭНХЦЭЦЭГ

                     ШҮҮГЧ                                Б.ГОНЧИГСУМЛАА

                     ШҮҮГЧ                                 Д. МӨНХЦЭЦЭГ