Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00908

 

 

 

 

Т.Ө-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/00428 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ө-ын хариуцагч Д.А-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ө-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын орлогч дарга Д.А- нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хэвлэлийн бага хурал болон Хөдөлмөр сонинд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны ажилтан Т.Ө- манай байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж миний нэр төр, алдар хүндийг гутаасан. Мөн Т.Ө-ыг цохиж шүд хугалсан. Т.Ө- Автобус-1 ОНӨААТҮГ-ын автобус нэгдүгээр баазын жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Автобус-1 ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний хорооны бүх гишүүдийн хурлаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсон тул байгууллагыг төлөөлөх эрхтэй. Иймд Д.А-гээс сэтгэл санааны болон шүд хугалсан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Т.Ө-, н.Болорсүх нар 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны Үйлдвэрчний холбооны өмнөөс хэвлэлийн бага хурал хийж ... Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын орон тоо бүтэц данхайсан, хууль бусаар ажилчдыг халдаг, цалин бууруулсан, сэлбэг материал өндөр үнээр авдаг гэж буруу мэдээлэл тараасан тул Зорчигч тээврийн нэгтгэлийн захиргаанаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 25 дугаар суваг телевизээр залруулга хийсэн. Д.А- уг хуралд Т.Ө- болон үйлдвэрчний байгууллагын нэр төрд халдсан зүйл яриагүй. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын бүх гишүүдийн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар н.Ариунбаатар сонгогдсон тул Т.Ө- үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан гэх тайлбар үндэслэлгүй. Гэтэл Т.Ө- өөрийгөө үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга мөн, хамтын гэрээ байгуулах ёстой, цалин мөнгө, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнчлэлийн татвар авна гэж байгууллагын удирдлагатай маргаан үүсгэж Д.А- рүү дайрч хөл рүү нь өшиглөж, толгой тус газар цохисон. Харин Д.А- Т.Ө-ын биед халдаагүй. Т.Ө- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаснаар Д.А-д холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1412 дугаарын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн 134 дугаар дүгнэлтээр Т.Ө-ын биед гэмтэл тогтоогдоогүй. Гэтэл Т.Ө- нь 2 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт материалаар дахин шинжилгээ хийлгэж шинжээчийн 217 дугаарын дүгнэлтээр түүний дээд талын 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл тогтоогдсон гэж дүгнэсэн. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ ... тухайн үед Т.Ө-ын биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд ил харагдах гэмтэлгүй буюу уруул, завж, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт салстын шарх зэрэг гэмтэлгүй, баруун дээд 5-р шүд авсан эмзэглэлтэй байсан ч гэмтэл тогтоогдоогүй ...цохиход үүсэх боловч хэрэг гарсны нэг хоногийн дараа үзэхэд ямар нэгэн шарх гэмтэл байхгүй байсан, энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг нь зөрүүтэй. Хэрэг болох үед Т.Ө-ын шүдний цөгц гэмтсэн эсэх нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч Д.А-гээс 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ө-ад олгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-гээс 59,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Д.А- нь бусдыг зодож гэмтэл учруулсан гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдоогүй байхад шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Т.Ө- цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө ...Д.А- тархи, толгой руу цохисон. Толгой бөөр өвдөж байна гэж бичсэн, мөн хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ...Д.А- миний баруун нүд болон чих хэсэг рүү цохисон гэж мэдүүлсэн ба шанаа болон шүд рүү цохисон, шүд өвдөж байгаа талаар мэдүүлээгүй. Гэтэл Т.Ө- нь хэрэг болсноос хойш 2 сарын дараа 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ...он сар өдөр бичигдээгүй Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмчийн ... гэмтлийн гаралтай 15 дугаар шүдний цөгцний хугарал гэх мэт материал өгсөн. Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээгээр Т.Ө-ын биед баруун дээд 5 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал тогтоогдсон гэж дүгнэсэн. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ ... Т.Ө-ын биед үзлэг хийхэд ил харагдах гэмтэлгүй буюу уруул, завж, хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт салстын шарх гэмтэлгүй, баруун дээд 5 дугаар шүд авсан эмзэглэлтэй байсан ч гэмтэл тогтоогдоогүй ... цохиход үүсэх боловч хэрэг гарсны дараа нэг хоногийн дараа үзэхэд ямар нэгэн шарх гэмтэл байхгүй байсан. Энэ гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн. Шинжээчийн 134 дугаар дүгнэлтээр ... хэсэг газрын үзлэг баруун дээд 5 дугаар шүд өвчин эмзэглэл ихтэй, биед ил харагдах гэмтэлгүй гэсэн нь гэмтлээс үүссэн гэж үзэхээргүй байна. Шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй хэрэг болсон тухайн үед Т.Ө-ын 5 дугаар шүд гэмтсэн эсэх нь эргэлзээтэй байхад эдгээр баримтуудад дүгнэлт хийгээгүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн.

Талуудын хооронд маргаантай харилцаа бий болох үед нэхэмжлэгчийн шүд хугарсан, нэхэмжлэгч хиймэл шүд хийлгэх зардал 2,500,000 төгрөгийн өртөгтэй болох нь Рүүт оф дэ ворлд ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдохоос гадна уг үнийн дүнг хариуцагч маргаагүй гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй.

Т.Ө- нь 2 жил орчмын дараа 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Рүүт оф дэ ворлд ХХК-д үзүүлсэн гэх үзлэгийн тэмдэглэлд төлөвлөж буй эмчилгээ гэж бичсэн байхад шүүх баримтгүйгээр зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шинжээч томилж нэхэмжлэгчийн шүд гэмтсэн эсэх, уг эмнэлэгт үзүүлсэн эсэх, хиймэл шүд хийлгэх шаардлагатай эсэх, шүдний зах зээлийн үнэлгээг тогтоолгох шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан тайлбарын агуулга:

Д.А- нь Т.Ө-ын шүд, нүүр рүү цохисон. Шүүх эмнэлэгт Д.А- нь Т.Ө- нар үзүүлж дүгнэлт гаргуулсан. Тус шүүх эмнэлэгт үзүүлэхэд 3 хонгийн дотор шүд болон толгойны зургийг авахуулах талаар хэлсэн. Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт шүдний зураг авхуулж Cи Ди бичлэгийг хийлгэсэн. Шинжээч дахин дүгнэлт гаргасан. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Шүд хийлгэхээр үнийг тодруулахад 2,500,000 төгрөгөөр хийнэ гэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т.Ө- хариуцагч Д.А-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн бичмэл нотлох баримтад шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг бүрэн авагдаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон буруу болжээ. Өөрөөр хэлбэл, шинжээч Ц.Оюун-Эрдэнэд хууль сануулж мэдүүлэг авсан талаар болон түүний биеийн байцаалтын хэсэг хэрэгт ирээгүй тул уг тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйгээс гадна мөн хуулийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хэргийн оролцогчийн хүсэлт бүрэн хангагдаагүй гэж үзнэ. (хх-ийн 81)

 

4. Мөн хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 102 дугаар дүгнэлт авагдсан ба уг дүгнэлтэд Д.А-гийн биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон талаар дурдсан байна.

Хариуцагч Н.Даваасүрэн ... Т.Ө- над руу дайрч хэрүүл маргаан үүсгэн хөл рүү өшиглөж толгой руу цохисон гэж тайлбарласан ба нэхэмжлэгч Т.Ө-ын дээрх үйлдэлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Эдгээр баримт нь талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

Дээрх байдлаар Т.Ө-ын нэхэмжлэлийн үндэслэлийг дүгнэх, улмаар хэрэгт байгаа баримт, зохигчийн тайлбарын хэмжээнд талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/00428 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Даваасүрэнгийн төлсөн 54,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ