Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/01422

 

 

 

 

 

 

 

2023 03 21

101/ШШ2023/01422

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, хаягт оршин суух Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 хаягт оршин байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2018 оны 05 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов. Хариуцагч шүүх хуралданд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Г миний бие Ц.Э-аас 2016 онд БГДүүргийн 6 дугаар хороо, 57 дугаар байрны 43 тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 150.000.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан орон сууцны гэрчилгээг 1 сарын дотор шилжүүлэн өгнө гэж хэлээд өнөөг хүртэл шилжүүлж өгөлгүй 6 жил болж байна. Ц.Э нь миний худалдан авсан орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад битүүмжлүүлэн хураалгасан байхыг олж мэдсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 981 дүгээр шийдвэрээр Ц.Эрдэнэбямбаас 476.658.500 төгрөгийг гаргуулж Эм даблви кредит ББСБ" олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Х.******* миний бие маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 /Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно./-т заасны дагуу барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтэй байна.

Учир нь: Ц.Эрдэнэбямбын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ү-2205032344 дугаарт бүртгэлтэй БГД дүүргийн 6 дугаар хороо, 57 дугаар байрны 43 тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, 2018.05.16-ний өдөр хөндлөнгийн шинжээчээр орон сууцыг 138.824.149 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т зааснаар нөхцөл үүссэн. Үүнд:

Барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэнээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. 1. Барьцаа эд хөрөнгө нь үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор орон сууцны зах зээлийн үнэ 210.000.000 төгрөг байна. Дөрвөн жилийн өмнөх үнэлгээ 71.175.851 төгрөгөөр үнийн дүнд өөрчлөлт орсон байна. /Үнийн өөрчлөлт орсон нөхцөлийг хавсралт хуудас буюу баримтаар үзүүлэв./

Төлбөр төлөгч бид үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа сайтуудаас орон сууцын үнэ өөрчлөлт орсон эх сурвалжийг хавсаргав. Үүнд.

1. https://news.mn/r/2329260/,

2. https://www.barilga.mn/n/11739/,

3. http://itoim.mn/article/QrgHw/,

4. Unegui.mn - Монголын зарын үнэгүй сайт. Ажлын байр, ул ... www.unegui.mn. /Дээр сайтаас авсан эх сурвалжуудыг хавсралт хуудас буюу баримтаа үзүүлэв.

Үүнээс гадна Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн 6 хувийн зээл олголт хэрэгжиж эхэлснээс хойш Орон сууц зах зээл дээр эрэлт их байна. Орон сууцанд орох иргэдийн эрэлтийн тухайд албаны хүний мэдээллийг иш тата үзвэл: /Ипотекийн зээл гурван эх үүсвэрээр олгож байгаа гэж Х.Баделхан сайд хэллээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 2639 айлд 214 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үед 1080 айлд 154 тэрбумын зээл олго байсныг бодоход зээл олголт нэмэгдсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдэж байгаа гэж тэрбээр тайлбарласан юм./ олон нийтэд мэдээлсэн./ эх сурвалж нь 2022.04.13 өдрийн сонин/

Үнэлгээ хийсэн хөрөнгийг "Дамно" ХХК нь Барьцаа эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн БГД дүүргийн 6 дугаар хороо, 57 дугаар байрны 43 тоот хаягт байрла 89.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1.550.000 төгрөгөөр үнэлсэн бол өнөөгийн за зээлийн ханш 2.400.000 төгрөг болон өөрчлөгдсөн буюу өөрчлөлт орсон байна. Монгол улсад орон сууцны зах зээлийн ханшинд бодитойгоор өөрчлөлт орсон гэж үзэж БГД дүүргийн 6 дугаар хороо, 57 дугаар байрны 43 тоот хаягт байрлах 89,6, м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дахин үнэлгээ хийлгэхийг шийдвэр гүйцэтгэгчийн даалгаж шийдвэрлүүлж өгнө үү.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд: Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоол нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. /"үнэлгээчин" гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;/ заасныг зөрчин үнэлгээ хийх эрхгүй этгээдийг шинжээчээр томилсон байна.

Иймд: Шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаагийн 2018 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 124 дүгээр Шинжээч томилох тухай тогтоол-ыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч эхнэр, хүүхдийн хамт 2017 оны 1 дүгээр сараас хойш өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч н.Болормаа нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт битүүмжлэх тогтоол үйлдэж битүүмжилсэн түүнээс хойш өнөөг хүртэл шийдвэр гүйцэтгэгч манай гэрт ирж байгаагүй. Нэхэмжлэгч хураах тогтоолд хөндлөнгийн гэрчээр оролцсон СХД-ийн 4 дүгээр хороо, 8-64 тоот хаягт оршин суух О.Хорол-Эрдэнэ /рд:нь94091107/, ХУД-ийн 11 дүгээр хороо, 9-4 тоотод оршин суух А.Чингүн /рд:ню84101210/, нартай уулзах зорилгоор хаягт очиход огт амьдарч байгаагүй, танихгүй гэсэн хариуг өгсөн. Харин дээрх гэрчүүдийн тогтоолд бичигдсэн хаягт н.Долгорханд, н.Түмэнбаяр гэх хүмүүс гэр бүлийн хамт 15-20 жил амьдарч байгаа талаар тайлбар өгсөн. Тус хорооноос бүртгэлтэй талаар лавлаж асуухад А.Чингүүн гэх иргэний хаяг огт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэхдээ 2-оос доошгүй гэрч оролцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хөрөнгө байгаа газарт очиж хураах тогтоол үйлдээгүй, гэрчээр оролцоогүй иргэдийн нэр, хаягийг ашиглаж хураах тогтоол үйлдсэн нь тогтоогдож байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч нь ШШГТХуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх тул Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18260083/03 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ц.Эрдэнэбямбын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү2205032344 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 57 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 89.65 мкв талбайтай 3 өрөө орон сууцанд дахин үнэлгээ хийлгэх, 2018 оны 5 сарын 16-ны өдрийн 124 дугаар шинжээч томилох тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18260083/03 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 124 дугаар бүхий Шинжээч томилох тухай тогтоол нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1195 дугаар бүхий шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан эд хөрөнгөнд мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоох шаардлагатай гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт үндэслэн шинжээчээр Дамно ХХК-ийг томилсон байна.

Нэхэмжлэгчээс Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ гэсэн байхад энэ хуулийн заалтыг зөрчилж компанийг томилсон нь үндэслэлгүй гэж үзсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох зохицуулалтыг хуульчилсан байх бөгөөд 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хамаарах зохицуулалтаар шинжээч томилох журмыг, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан зохицуулалтаар томилогдсон шинжээч дүгнэлт гаргахдаа баримтлах журамыг хуулиар зохицуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуулийг баримтлах зохицуулалтын зорилго нь шинжээчийг томилох харилцаанд бус томилогдсон шинжээч дүгнэлт гаргахдаа баримтлах журмын зохицуулалт юм.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилогдвол зохих шинжээчид тавигдах шалгуурыг тодорхойлсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэг зорилт нь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоох...-д чиглэгдэж байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа гаргасан тогтоол журам зөрчсөн эсэх үндэслэлийг энэ хуулиар тогтоох нь зүйтэй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн зорилт нь, шүүхийн шинжилгээ хийх үндэслэл, журмын тогтоох...-д чиглэгдэх бөгөөд шүүхийн шинжилгээ гэдэг нь, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар, эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг хэлэхээр хуульчилсан байна.

Тус хуулийн үйлчлэх хүрээг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт, Эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална. гэж зохицуулжээ.

Дурдсан үндэслэлээр томилогдсон шинжээч дүгнэлт гаргах ажиллагаанд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг, харин иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилох журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар тус тус зохицуулах зорилготой гэж үзэв.

Энэ үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 124 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол нь журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18260083/03 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан.

Зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс шийдвэрийг хүчингүй болгуулах талаарх шаардлагыг хангах үндэслэл нь бусдын эрх зөрчигдсөн байх урьдчилсан шалгуур бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар эд хөрөнгө хураах ажиллагаа нь нэхэмжлэгч Х.*******ын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус тодорхой эрхийг зөрчсөн гэж үзэх баримтгүй байна.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу Ц.Эрдэнэбямбын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032344 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 57 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 89.65 мкв талбайтай 3 өрөө орон сууцанд дахин үнэлгээ тогтоолгох шаардлага гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж, мөн зүйлийн 32.5-д бид даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж зохицуулсан.

Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т Төлбөр гаргуулахаар хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан.

Үл хөдлөх хөрөнгийн хувьд тус хөрөнгийн өмчлөгч эсхүл өмчлөгчийн адил шаардах эрхтэй хууль ёсны эзэмшигч болон шударга эзэмшигч нь тухайн хөрөнгөтэй холбоотойгоор гуравдагч этгээдийн хувиар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан баримтаар Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 57 дугаар байрны 43 тоот хаягт байрлах 89,65 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Ц.Эрдэнэбямба бүртгэлтэй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд энэ утгаараа эд хөрөнгийг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасны дагуу олж авсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах эрх бүхий этгээдийг өмчлөгч гэж ойлгоно.

Гэвч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Орон сууц худалдан авах тухай хэлцэл, авлагын тооцоо гэх баримтуудаар нэхэмжлэгч Х.*******ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу битүүмжилж хураан авсан хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, үл хөдлөх хөрөнгөд амьдарч байгаа буюу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд бүрийг эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.*******ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй этгээд гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 122 дугаар зүйлийн 122.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх, шинжээч томилох тухай тогтоол болон эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА