Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01091

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 31 210/МА2023/01091

 

 

Х.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/01422 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х.Г

Хариуцагч: ******

Нэхэмжлэлийн шаардлага: хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие нь 2016 онд Ц.Э аас Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 89.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан орон сууцны гэрчилгээг 1 сарын дотор шилжүүлэн өгнө гэж хэлээд өнөөг хүртэл шилжүүлж өгөөгүй 6 жил болж байна. Ц.Э а нь миний худалдан авсан орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад битүүмжлүүлэн хураалгасан байхыг олж мэдсэн.

1.2 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 981 дүгээр шийдвэрээр Ц.Э аас 476,658,500 төгрөгийг гаргуулж Э ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хөндлөнгийн шинжээч орон сууцыг 138,824,149 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар нөхцөл үүссэн. Барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэнээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн ба үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор орон сууцны зах зээлийн үнэ 210,000,000 төгрөг байна. Дөрвөн жилийн өмнөх үнэлгээ 71,175,851 төгрөгөөр үнийн дүнд өөрчлөлт орсон.

1.3 Ипотекийн 6 хувийн зээл олголт хэрэгжиж эхэлснээс хойш орон сууц зах зээл дээр эрэлт их байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 2639 айлд 214 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үед 1080 айлд 154 тэрбумын зээл олго байсныг бодоход зээл олголт нэмэгдсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдэж байгаа.

1.4 Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоол нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгийг зөрчин үнэлгээ хийх эрхгүй этгээдийг шинжээчээр томилсон.

1.5 Нэхэмжлэгч нь гэр бүлийн хамт 2017 оны 01 дүгээр сараас хойш өнөөг хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт битүүмжлэх тогтоол үйлдэж битүүмжилсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл шийдвэр гүйцэтгэгч манай гэрт ирж байгаагүй.

Эд хөрөнгө хураах тогтоолд хөндлөнгийн гэрчээр оролцсон О.Х , А.Ч нартай уулзах зорилгоор хаягт очиход огт амьдарч байгаагүй, танихгүй гэсэн хариуг өгсөн. Харин дээрх гэрчүүдийн тогтоолд бичигдсэн хаягт н.Д , н.Т гэх хүмүүс гэр бүлийн хамт 15-20 жил амьдарч байгаа талаар тайлбар өгсөн. Тус хорооноос бүртгэлтэй талаар лавлаж асуухад А.Чингүүн гэх иргэний хаяг огт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Шийдвэр гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэхдээ хоёроос доошгүй гэрч оролцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хөрөнгө байгаа газарт очиж хураах тогтоол үйлдээгүй, гэрчээр оролцоогүй иргэдийн нэр, хаягийг ашиглаж хураах тогтоол үйлдсэн нь тогтоогдож байна.

Иймд хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх, шинжээч томилох болон эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болго өгнө үү гэжээ.

2. Хариуцагчаас хариу тайлбар анхан шатны шүүхэд ирүүлээгүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 122 дугаар зүйлийн 122.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г ын хариуцагч ******т холбогдуулан гаргасан Хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх, шинжээч томилох тухай тогтоол болон эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Маргаан бүхий үл хөдлөхөд нэхэмжлэгч нь 2016 оноос өнөөг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй. Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэхэд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухайн нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу дээрх шаардлагуудыг гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

1. Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч ******т холбогдуулан эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх, шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тайлбар гаргаагүй байна.

1.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дугаар шийдвэрээр Ц.Э аас 472,133,333 төгрөг гаргуулан Э ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. /1 хх 53-56/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1288 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Ц.Э а шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамж, **Б байр, зоорийн давхрын ** тоот, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамж, **Г байр, * тоот хаягт байрлах, 120 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **-* байр, ** тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууц болон **-** ххх улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн лексус RX 350 маркийн автомашины үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан өөрчлөлт оруулсан. /1хх51-53/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/01195 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 48-50/

1.2. Шүүхийн дээрх шийдвэрийг гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18260083 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18260083/03 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрт заасан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **-* дугаар байр, ** тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууцыг хураасан үйл баримт тогтоогдсон байна. /хх 59, 82/

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авах бөгөөд мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар уг ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргах эрхтэй боловч шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тогтоол нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хэрхэн зөрчиж буй нь баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт нийцсэн байна.

3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор маргааны зүйл болох орон сууцны үнэлгээг тогтоох шинжээчээр Дамно ХХК-ийг томилсон. /хх 86/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох бөгөөд мөн зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шинжээчээр Дамно ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Харин шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах учиртай.

4. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18-Ш08 дугаар дүгнэлтээр Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **-* дугаар байр, ** тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууцыг 138,824,149 төгрөгөөр үнэлсэн. /хх 88-92/

4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэх бөгөөд дээрх этгээдүүд нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Г ыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Ц.Э атай 2016 оны 02 дугаар сард дээрх орон сууцыг худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохирсон, гэрээний үүрэгт тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг төлсөн гэх /хх 10/ тайлбар нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/01422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН