Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/00745

 

 

 

 

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/00745

Улаанбаатар хот

 

  

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: 

 

хариуцагч:  нарт холбогдох,

 

гэрээний үүрэгт 7 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.******* оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч О.*******, О.******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулах, үүргээ биелүүлээгүйгээс учирсан зардал 700 000 төгрөг нийт 7 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие 2022 оны 08 сарын 14-ний өдөр авто угаалга 3 сараар түрээслэж ажиллуулах гээд О.******* гэх О.*******гийн дүүтэй гэрээ байгуулсан. О.******* нь гэрээ хийхэд хамт байлцаж, *******гийн нөхрийн данс руу түрээсийн төлбөр болох 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 3 сарын түрээс өгөөд явж байх хугацаанд би давхар ажил хийдэг учраас надтай хамтарч ажиллуулах гэж байсан хүн маань болиод би гарахаар боллоо гээд *******д мэдэгдэхэд аан за болно, эхний сараа дуусгаад гарчих гээд 09 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж эхний сарын түрээс 3,500,000 төгрөгөө хасуулаад үлдэх 7,000,000 төгрөг, машин угаалгын мотороо 1,000,000 төгрөгөөр үнэлээд нийт 8,000,000 төгрөг авахаар *******той тохиролцоод 8,000,000 төгрөгийг 11 сарын 15-ны өдөр хүртэл хувааж төлөхөөр хүсэлт гаргаад 11 сарын 15-ны өдөр хүртэл хүлээсэн. Тэр хугацаанд хариуцагч мөнгөө өгөөгүй, би хэд хэдэн удаа очиж уулзсан. Түүнээс хойш утсаа авахаа больсон. Иймд хариуцагч нараас 7,838,150 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түрээсийн гэрээний үүрэг шаардаж байна. Моторны үнийг хариуцагчаас нэхэмжлэл гаргахаас өмнө авчихсан. Өмгөөлөгчид өгсөн 700,000 төгрөгний төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Б.Гантулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/

Б.Гантулгын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5 дугаар тал/

2022.08.15-ны өдрийн Түрээсийн гэрээ /хэргийн 6, 7 дугаар тал/

2022.09.16-ын өдрийн Зээлийн гэрээ /хэргийн 8-9 дүгээр тал/

Банкны шилжүүлгийн баримт /хэргийн 10 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хариуцагч нартай байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдсан тул түрээсийн төлбөрт шилжүүлсэн 7000 000 төгрөгийг гарсан зардлын хамт нэхэмжилнэ... гэж тайлбарлав.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд ямар нэг хариу тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр эрхийн бүртгэлийн Ү-2205076636 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 23 хороо, Зүүн ард Аюуш 25-6 гудамж 121а тоот хаягт байршилтай, 110,9м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6 сарын хугацаатай түрээслэхээр 202.08.15-ны өдөр бичгээр түрээсийн гэрээ байгуулж, 3 сарын түрээсийн төлбөрт 10 500 000 төгрөг шилжүүлсэн нь түрээсийн гэрээ, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5-7 дугаар тал/

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэхь хэсэгт заасан түрээсийн гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзлээ.

 

Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч хариуцагч нарт 3 сарын түрээсийн төлбөрт 10 500 000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь зохигчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ...давхар ажил хийдэг хамтран ажиллахаар тохиролцсон хүн нь ажиллах боломжгүй болсон... шалтгаанаар гэрээнээс татгалзах болсноо 2022.08.16-ны өдөр хариуцагч нарт мэдэгдсэн бөгөөд гэрээ цуцлах хугацааг 1 сар буюу 2022.09.16-ны өдөр байхаар, гэрээний төлбөрт шилжүүлсэн 7000 000 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчид 2022.11.20-ны өдөр багтаан төлөхөөр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Ингээд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсан гэрээ, дуусгавар болсон талууд энэ талаар маргаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.5, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч нараас түрээсийн төлбөрт шилжүүлсэн 7000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Нэхэмжлэгч хуульчийн төлбөрт 700 000 төгрөг нэхэмжилсэн боловч түүнтэй холбоотой ямар нэг баримтыг ирүүлээгүй өөрийн шаардлагаа нотлоогүй тул 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаагүй болно.

 

Түрээсийн гэрээний зүйл хариуцагч О.*******гийн нэр дээр бүртгэлтэй тул түүнтэй бичгээр гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг хариуцагч О.*******гийн хүсэлтээр түүний нөхөр болох Н.Ганбаатарын Хаан банкны дансны руу шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэнийг тайлбарлах нь зүйтэй.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан түүнтэй холбоотой тайлбар баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 360 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 126 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч О.*******, О.******* нараас түрээсийн төлбөрт шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 360 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 126 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ