Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00794

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00794

 

 

********** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/00745 дугаар шийдвэртэй,

********** нэхэмжлэлтэй, **********, ************ нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 7,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр авто угаалга 3 сараар түрээсэлж ************ гэх **********гийн дүүтэй гэрээ байгуулсан. ********** нь гэрээ хийхэд хамт байлцаж, **********гийн нөхрийн дансанд түрээс 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 3 сарын түрээс өгөөд явж байх хугацаанд би давхар ажил хийдэг учраас надтай хамтарч ажиллуулах гэж байсан хүн маань болиод би гарахаар боллоо гээд **********д мэдэгдэхэд аан за болно, эхний сараа дуусгаад гарчих гээд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж эхний сарын түрээс 3,500,000 төгрөгөө хасуулаад үлдэх 7,000,000 төгрөг, машин угаалгын мотороо 1,000,000 төгрөгөөр үнэлээд нийт 8,000,000 төгрөг авахаар **********той тохиролцоод 8,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хувааж төлөхөөр хүсэлт гаргаад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүлээсэн. Тэр хугацаанд хариуцагч мөнгөө өгөөгүй, би хэд хэдэн удаа очиж уулзсан. Түүнээс хойш утсаа авахаа больсон. Иймд хариуцагч нараас 7,838,150 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түрээсийн гэрээний үүрэг шаардаж байна. Моторын үнийг хариуцагчаас нэхэмжлэл гаргахаас өмнө авчихсан. Өмгөөлөгчид өгсөн 700,000 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа гэжээ.

 

2. Хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч **********, ************ нараас түрээсийн төлбөрт шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ************д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,360 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 126 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн "нэхэмжлэгч гэрээнээс татгалзах болсноо 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нарт мэдэгдсэн бөгөөд гэрээ цуцлах хугацааг 1 сар буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байхаар, гэрээний төлбөрт шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр багтаан төлөхөөр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна" гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

Нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нарт мэдэгдсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй атал зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн нотлогдсон гэж дүгнэсэн.

4.2. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт 7,700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон боловч хэрэгт авагдсан "Түрээсийн гэрээ"-нд түрээслүүлэгч талыг төлөөлж зөвхөн ************ зурсан байх бөгөөд энэ нь ************ болон ************ нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байхад анхан шатны шүүх **********г нэхэмжлэлийн хамтран хариуцагч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөнгийг шилжүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хамтран ажиллах хүн маань би боломжгүй байна гэсэн учраас түрээслэхээ больсон. Гэтэл хариуцагч нар бид мөнгийг буцаан өгөх боломжгүй, авсан өдрөө хэрэглэсэн гэж хэлсэн. 1 сарын хугацаанд ажиллуулаагүй 3,500,000 төгрөгийг хариуцагч нарт өгсөн. Үлдэгдэл 10, 11 сарын түрээсийн мөнгийг авмаар байна гэж хэлэхэд одоо төлөх мөнгөгүй тул зээлийн гэрээ байгуулъя гэж хэлсэн. Би барьцаа авмаар байна гэж хэлэхэд барьцаа авах шаардлагагүй зээлийн гэрээ байгуулсан учраас гэж тайлбарласан. Ийнхүү үгэнд нь итгэж зээлийн гэрээ байгуулж, угаалгын газрыг хүлээлгэж өгсөн. Би анх угаалгын газрыг түрээслэхдээ 1,200,000 төгрөгийн машин угаадаг шүршдэг мотор худалдаж авсан. Бид уг моторыг авч үлдье гээд 7,000,000 төгрөг дээр 1,200,000 төгрөг нэмэгдэж 8,200,000 төгрөг болсон. Ийнхүү мөнгөө өгөхгүй удаад байхаар нь би моторыг буцааж авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1.а. Нэхэмжлэгч ************ нь хариуцагч **********, ************ нарт холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 7,000,000 төгрөг, зардалд 700,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч талаас шүүхэд тайлбар гаргаагүй.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай харилцан тохиролцож, эрхийн бүртгэлийн Ү-2205076636 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 23 хороо, Зүүн Ард Аюуш 25-6 гудамж, 121а тоот хаягт байршилтай, 110,9 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6 сарын хугацаатай түрээслэхээр 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бичгээр түрээсийн гэрээ байгуулж, 3 сарын түрээсийн төлбөрт 10,500,000 төгрөг шилжүүлсэн нь түрээсийн гэрээ, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх5-7/

Мөн анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг буруутгахгүй.

Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэхэд зохигч маргаагүй.

2.б. Нэхэмжлэгч нь хариуцагч талд 3 сарын түрээсийн төлбөрт 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.

2.в. Мөн нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг нэг сар орчим ашиглаад гэрээ цуцлагджээ. Энэ нь мөн нэхэмжлэгчийн тайлбар, мөнгөн хөрөнгийг буцаан төлөх агуулга бүхий гэрээгээр нотлогдож байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн бусад баримтыг харьцуулан судалж дүгнэснийг буруутгахгүй. Учир нь хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн авсан боловч зөвшөөрсөн, татгалзсан талаар тайлбар гаргаагүй, мэтгэлцээгүй, нэхэмжлэл түүний үндэслэлийг няцаах, үгүйсгэх баримтыг гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.

Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаврыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх талаар заасан.

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог харьцуулан үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцнэ.

2.г. Нэхэмжлэлээс 700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсан гэрээ, дуусгавар болсон талууд маргаагүй гэж үзнэ.

Түрээсийн төлбөрт шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Хэрэгт авагдсан гэрээ нь 7,000,000 төгрөгийг буцаан төлөх агуулгатай байна.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Нотлох баримтыг зөв үнэлээгүй талаар хариуцагч нь гомдол гаргасан.

Хариуцагч нар нь дээр дурдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан түүнтэй холбоотой тайлбар баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх юм.

3.б. Түрээсийн гэрээний зүйл хариуцагч ************гийн нэр дээр бүртгэлтэй тул түүнтэй бичгээр гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг хариуцагч **********гийн хүсэлтээр түүний нөхөр болох Н.Ганбаатарын Хаан банкны дансанд мөнгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/00745 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД