Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/00749

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/00749

Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: холбогдох,

 

гэрээний үүрэгт 7 535 990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 7 535 990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Тасо ХХК нь барилгын угсралтын гол дагалдах хэрэгсэл худалдан борлуулж, үйлдвэрлэх, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Манай компани дээрх үйлчилгээнээс барилгын угсралтын гол хэрэгсэл болх хэв хашмал, дотор булан, тулаас, гадна буланг ашиглуулахаар иргэн Б.*******тай 2018 он 08 сарын 20-ны өдөр ТГ-18/08-008-0 дугаартай гэрээ байгуулсан. 2018 оны 08 сараас 11 сарыг дуустал хугацаанд 13,902,490 төгрөгний барааг түрээслэн ашигласан. Үүнээс түрээсийн төлбөр болгож 6,366,500 төгрөгийг түрээсээр ашиглаж байх хугацаандаа төлсөн. Үүнээс үлдэгдэл болгож 7,535,990 төгрөгийг одоогоор төлөөгүй байгаа тул нэхэмжилж байна. Иргэн *******тай холбоотой тооцооллыг сар сараар нь гарган хэргийн материалд хавсаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие тус компанийн хэв хашмал түрээслэж байсан нь үнэн боловч тухайн үедээ бариулж байсан ХХК нь мөнгө төгрөгөө өгөөгүй тул бид ажлаа хаясан болно. Одоо би энэ нэхэмжилж байгаа 7 535 990 төгрөгийг миний зүгээс төлөх боломжгүй байгаа тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт /хэргийн 5 дугаар тал/

2021.06.21-ний өдрийн 1247 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 6-7 дугаар тал/

2019.09.17-ны өдрийн 7352 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж /хэргийн 8 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 17 дугаар тал/

Түрээсийн тооцооллын товчоо /хэргийн 35-61 дүгээр тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 23 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...түрээсийн гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...төлөх боломжгүй тул зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 2018 оны 08 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Тасо ХХК өөрийн өмчлөлийн барилгын хэв хашмал, гадна булан, дотно булан, сапуд, труба хөрөнгүүдийг хариуцагч Б.*******т байнгын давтамжтай 7 хоногийн хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөрт хариуцагч гэрээний хавсралтад заасан үнийг төлөхөөр харилцан тохирч 2018 оны 8сарын 20-ны өдөр ТГ-18/005-0 тоот түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байна. /хэргийн 9-16 дугаар тал/

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшил ашиглалтад гэрээнд заасан нийт 13 902 490 төгрөгийг төлбөр бүхий хөрөнгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж үүргийн гүйцэтгэл буюу түрээсийн төлбөрийн үлдэгдэл мөнгөн төлбөрийн үүрэг 7 535 990 төгрөгийг хариуцагчаас шаардсан. /хэргийн 35-61 дүгээр тал/

 

Хариуцагч хариу үүрэг буюу хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй талаар, мөн нэхэмжлэгчийн ирүүлсэн түрээсийн төлбөрийн тооцоолол баримтыг үгүйсгэж маргаагүй.

 

Харин үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...барилга бариулж байсан компани мөнгө төгрөгөө өгөөгүй тул төлбөрийн чадваргүй... гэж тайлбарласан. Өөрийн тайлбар татгалзалтай холбоотой ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй байдал нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу түрээсийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.1, 4.2, 6.1.б, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасан үндэслэлтэй тул хариуцагч Б.*******аас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 7 535 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тасо ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 525 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 135 525 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2022 оны 9 сарын 19-ний өдрийн 22/81 дугаар нэхэмжлэгчээс С.Батбаатарт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 62 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар хариуцагч Б.*******аас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 7 535 990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 525 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 135 525 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ