Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00798

 

 

 

 

 

 

 

 

2023 04 17 210/МА2023/00798

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/00749 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 7,535,990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь барилга угсралтын гол хэрэгсэл болох хэв хашмал, дотор булан, тулаас, гадна буланг ашиглуулахаар Б.Т-тай 2018 он 08 сарын 20-ны өдөр ТГ-18/08-008-0 дугаартай гэрээ байгуулсан. 2018 оны 08 сараас 11 сарыг дуусталх хугацаанд 13,902,490 төгрөгийн барааг түрээслэн ашигласан. Үүнээс түрээсийн төлбөр болгож 6,366,500 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7,535,990 төгрөгийг төлөхгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компаниас хэв хашмал түрээсэлж байсан нь үнэн боловч тухайн үед барилга бариулж байсан компани мөнгөө өгөөгүйн улмаас ажлаа хаясан тул одоо нэхэмжилж байгаа 7,535,990 төгрөгийг төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Т-аас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,535,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,525 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 135,525 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний бие 2018 онд Т ХХК-аас барилгын пум, сапуд, булан төмөр түрээсэлж байсан ба төлбөр тооцоо болон материалыг тухай бүрд нь өгч байсан. 7,535,990 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед 5,000,000 төгрөг гэж ярьж байсан. Миний ажиллаж байсан барилга зогсож тухайн үед ажлаа хаяж явсан, мөнгөө авах гээд авч чадаагүй, компанийн зүгээс янз бүрийн шалтгаан хэлсээр хөөцөлдөж явалгүй хаясан. Миний бие сард 400,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, нэхэмжилсэн мөнгийг үнэхээр төлж чадахгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ, найруулга болон техникийн шинжтэй өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Т-т холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,535,990 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч ...барилга бариулж байсан компани мөнгөө өгөөгүйн улмаас ажлаа хаясан, 7,535,990 төгрөгийг төлөх санхүүгийн боломжгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 32/

3.   Талууд 2018 оны 08 сарын 20-ны өдөр ТГ-18/08/005 тоот Түрээсийн гэрээ байгуулж, Т ХХК нь барилгын хэв хашмал, гадна булан, сапуд, труба зэргийг түрээслүүлэх, Б.Т- нь хэлэлцэн тохирсон түрээсийн төлбөрийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 8-9/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Нэхэмжлэгч Т ХХК 2018 оны 08 сарын 20-ны өдөр барилгын хэв хашмал, гадна булан, сапуд, труба зэргийг хариуцагч Б.Т-ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /9-13, 37-38, 40-45, 47-57, 59-61/

 

5.   Нэхэмжлэгчийн гаргасан ...Б.Т- 13,902,490 төгрөгийн түрээсийн төлбөрөөс 6,366,500 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7,535,990 төгрөгийг төлөөгүй байгаа... гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, уг тайлбарыг баримтаар няцаагаагүй болно.

Иймд хариуцагч Б.Т-аас түрээсийн гэрээний үүрэгт 7,535,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

6.   Хариуцагчийн татгалзалд дурдагдсан ...барилга бариулж байсан компани мөнгөө өгөөгүйн улмаас ажлаа хаясан, 7,535,990 төгрөгийг төлөх санхүүгийн боломжгүй... гэх нөхцөл байдал нь түрээслэгчийг түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

7.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй, мөн давж заалдах гомдол гаргагч нь гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул ...төлбөр тооцоо болон материалыг тухай бүрд нь өгч байсан, тухайн үед 5,000,000 төгрөг гэж ярьж байсан... гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.   Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамж хуваарилах зохицуулалтыг буруу хэрэглэсэн, нэг хариуцагчтай хэрэг байтал хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж гаргуулсан, мөнгөн тэмдэгтийн төрлийг бичээгүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Түүнчлэн, анхан шатны шүүх хууль удирдлага болгосон хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/00749 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.2... гэснийг ...56.1... гэж, ...хариуцагч нараас... гэснийг ...хариуцагч Б.Т-аас... гэж, ...135 525 гаргуулан... гэснийг ...135,525 төгрөгийг гаргуулан... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 135,520 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР