Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/00840

 

 

 

 

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/00840

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: г нарт холбогдох,

 

орон сууцны м.кв зөрүү үнэ 22 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нандин-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Оюунзул /штэүд:2572/ нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.******* хариуцагч Ж.*******, Б.******* нарт холбогдуулан худалдан авсан орон сууцны м.кв зөрүү үнэ 22 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Хан-Уул дүүргийн 6-р хороонд байрлах 69б байрны 6 тоот 2 өрөө орон сууцыг 54.4мкв талбайтай гэж анх надад хэлээд 1мкв нь 2,000,000 төгрөгөөр тооцоод нийт 110,000,000 төгрөгөөр хариуцагч нараас худалдаж авсан. Тухайн байрыг худалдаж авсныхаа дараа засвар хийх гээд засварын хүмүүс дуудахад танай байр яагаад ч 54.4мкв хүрэхгүй, арай бага мкв байна. Та албан ёсны хэмжилт хийдэг газраар хэмжүүл, та хохирсон байна гэж хэлсэн. Тэгээд би талбайн хэмжилт хийдэг байгууллага дуудаж хэмжүүлэхэд 43.68 мкв талбайтай гэж гарсан. Тиймээс зөрүү болох 11мкв талбайн мөнгө 22,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа. Анх энэ байранд ороход маш их засвар хийсэн. Би энэ байрыг анх очиж үзэхдээ ах нь хүүдээ үзүүлье гээд байхад та өөрөө үзчихсэн юм чинь данс руу мөнгөө хийчих гээд намайг их шамдуулсан. ******* нь өмнө байрны ченж хийдэг байсан юм билээ. Тэр үедээ та бэлэглэлийн гэрээ хийгээд авчих гэж удаа дараа гуйж байсан. Би үгүй гээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Хариуцагч нар надаас зугтаад байсан учир хаягийг нь тодруулах гээд цагдаад гомдол гаргасан. Цагдаа нар шалгаад иргэд хоорондын маргаан байна гээд иргэний шүүхэд ханд гэж хэлсэн. Хэрвээ би тухайн үед гуйлтыг нь зөвшөөрөөд бэлэглэлийн гэрээ хийчихсэн бол надад ямар ч баримтгүй хохирох байсан. Иймд байрны мкв талбайн зөрүү 22,000,000 төгрөг, мөн энэ байрыг анх авахдаа надад бэлэн мөнгө байхгүй хүнээс 3 хувийн хүүтэй 80,000,000 төгрөг зээлсэн. 3 сарын хүүгийн төлбөр 7,200,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна... гэв.

 

3. Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... маргаан бүхий орон сууц нь мкв зөрүүтэй болох нь тогтоогдохгүй байна. Хариуцагч Ш.*******, Б.******* нар нь 2022 оны 02 сарын 24-ний өдөр маргаан бүхий байрыг иргэн н.Батцогтоос худалдаж авсан. Тухайн үед гэрчилгээн дээрээ 54.4мкв талбайтай гэж бичсэн байсан. Орон сууцыг үзэхэд зохион байгуулалт сайтай, харахад 54.4мкв талбайн хэмжээнээс бага гэж илт харагдаагүй, таалагдсан учраас худалдаж авсан байдаг. Гэвч хариуцагч нар байрыг авахдаа хүнээс мөнгө зээлж авсан. Тус зээлээ төлж чадахгүй байсан учраас байрыг зарахаар шийдсэн. Хариуцагч нар байрыг зарахаар зар тавихад нэхэмжлэгчийн эцэг ******* гэх хүн ирж байртай танилцаад таалагдаж байна, авъя гэж хэлээд худалдаж авсан. Хариуцагч нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г шахамдуулж шаардсан асуудал байхгүй. Уг байрыг хариуцагч нар 130,000,000 төгрөгөөр зарах хүсэлтэй байсан боловч нэхэмжлэгч тал бэлэн мөнгөөр авч үнийг нь буулгах хүсэлт гаргасан тул 108,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид зарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

2022.09.07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 4-5 дугаар тал/

О.*******ын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 6, 33 дугаар тал/

Орон сууцны хэмжилтийн тайлан /хэргийн 7-12 дугаар тал/

2022.10.14-ний өдрийн Прокурорын тогтоол /хэргийн 13-15 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 204 дүгээр тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагч нараас ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 21 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 29, 35 дүгээр тал/ нотлох баримтууд

 

6. Шүүхээс

Улсын бүртгэлийн ерөнхий газраас,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хэргийн 41 дүгээр тал/

Кассын орлогын баримт /хэргийн 43 дугаар тал/

******* ******* ХХК-ийн хүсэлт /хэргийн 43 дугаар тал/

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хэргийн 180-181 дүгээр тал/

Төлбөрийн баримт /хэргийн 182-183 дугаар тал/

2022.09.07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 184-1876 дугаар тал/

О.*******ын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 188 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... Тухайн байрыг худалдаж авсныхаа дараа засвар хийх гээд засварын хүмүүс дуудахад танай байр яагаад ч 54.4мкв хүрэхгүй, арай бага мкв байна. Та албан ёсны хэмжилт хийдэг газраар хэмжүүл, та хохирсон байна гэж хэлсэн. Тэгээд би талбайн хэмжилт хийдэг байгууллага дуудаж хэмжүүлэхэд 43.68 мкв талбайтай гэж гарсан. Тиймээс зөрүү болох 11мкв талбайн мөнгө 22,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа... гэж тайлбарласныг,

 

хариуцагч нар эс зөвшөөрч ... Хариуцагч Ш.*******, Б.******* нар нь 2022 оны 02 сарын 24-ний өдөр маргаан бүхий байрыг иргэн н.Батцогтоос худалдаж авсан. Тухайн үед гэрчилгээн дээрээ 54.4мкв талбайтай гэж бичсэн байсан. Орон сууцыг үзэхэд зохион байгуулалт сайтай, харахад 54.4мкв талбайн хэмжээнээс бага гэж илт харагдаагүй, таалагдсан учраас худалдаж авсан байдаг. Гэвч хариуцагч нар байрыг авахдаа хүнээс мөнгө зээлж авсан. Тус зээлээ төлж чадахгүй байсан учраас байрыг зарахаар шийдсэн. Хариууцагч нар байрыг зарахаар зар тавихад нэхэмжлэгчийн эцэг ******* гэх хүн ирж байртай танилцаад таалагдаж байна, авъя гэж хэлээд худалдаж авсан. Хариуцагч нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г шахамдуулж шаардсан асуудал байхгүй. Уг байрыг хариуцагч нар 130,000,000 төгрөгөөр зарах хүсэлтэй байсан боловч нэхэмжлэгч тал бэлэн мөнгөөр авч үнийг нь буулгах хүсэлт гаргасан тул 108,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид зарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Хариуцагч тал доголдолгүй гэж үзэж байгаа. Улсын бүртгэл дээр анхнаасаа 54мкв гэж мэдүүлсэн барилга учраас бидэнд хамааралгүй... гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч О.*******, хариуцагч буюу худалдагч Ж.*******, Б.******* нартай 2022 оны 09 дугаар сарын 07-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021489 дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүрэг, 15 хороо, Туул гол гудамж 69б байр 6 тоот хаягт байршилтай, 54.4м2 талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 110.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ, зохигч талуудын тайлбар, 2022.10.14-ний өдрийн дугаар 6072 Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-5, 13-15 дугаар тал/

          

 Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж хүлээн авах үүрэгтэй.

 

Хариуцагч хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч хөрөнгийг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон үнийг төлсөн нь өмчлөх эрхийн гэрчилгээ, талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар тал/

 

Гэрээний үнэ, хөрөнгө хүлээн авсан, үнийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авснаас хойш 7 хоног орчмын дараа хөрөнгийн хэмжээ буюу орон сууц үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу 43.68 м2 болохыг мэдэж энэ тухай худалдагч талд мэдэгдсэн нь Брайт пойнт ХХК-ийн орон сууцны талбайн хэмжээ хийсэн дүгнэлт баримт, 2022.10.14-ний өдрийн дугаар 6072 Нийслэлийн Прокурорын газрын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд авагдсан ...гэрч Б.*******ийн ...54.4мкв талбайтай орон сууцаа 110 000 000 төгрөгөөр зарахаар тохирч гэрээ хийж байрыг шилжүүлж авснаас 7 хоногийн дараа над руу холбогдож шүүхэд өргөдөл өгнө гэж хэлж байсан... гэх мэдүүлэг гэсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 7-12, 13-15 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч 2022.10.21-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Энэ нь худалдагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

2022.09.07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч нар Ү-2206021489 дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүрэг, 15 хороо, Туул гол гудамж 69б байр 6 тоот хаягт байршилтай, 54.4м2 талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 110.000.000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдахаар тохиролцсон боловч тухайн хөрөнгийн хэмжээ гэрээнд зааснаас 10.72м2 хэмжээгээр дутуу 43.68м2 талбай хэмжээтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Брайт Пойнт ХХК-ийн сууцны талбайн хэмжээ тогтоосон бичгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 7-12 дугаар тал/

 

Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй сууцны талбайн хэмжээ тогтоосон бичгийн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой баримт хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, харин ... Улсын бүртгэлийн гэрчилгээ баримтад сууцны талбайн хэмжээг 54мкв гэж мэдүүлсэн учраас бидэнд хамааралгүй, бүртгэл үнэн зөв... гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

Тодруулбал талууд бүртгэлтэй холбоотой маргаагүй, 2022.09.07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байгаа тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу худалдсан орон сууц хөрөнгийн биет байдлын доголдол болох орон сууцны талбайн хэмжээний талаар худалдан авагч хөрөнгийг хүлээж авах үедээ мэдэх боломжгүй ба тэрээр эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэсний үндсэн дээр доголдлыг мэдсэн даруйд худалдагч талд мэдэгдэж эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу дутуу хэмжээний хөрөнгийн үнийг хариуцагч нараас буцаан төлүүлэхээр шаардсан. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн зөрчлийг арилгуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан үндэслэлтэй тул хариуцагч нараас орон сууцны талбайн дутуу хэмжээ 10.72 м2 ийн үнэ нийт 21 676 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 723 530 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Талууд гэрээний үнэ 110 000 000 төгрөг болох талаар маргаагүй тул 110 000 000 : 54.4м2 = 2 022 058 төгрөг /1м2 талбайн үнэ/

 

2 022 058 х 10.72м2 /дутуу хэмжээ/ = 21 676 470 төгрөг.

 

Нэхэмжлэгч орон сууц худалдан авахдаа бусдаас хүүтэй мөнгө зээлж авсан хүүний төлбөрт 2400 000 төгрөг төлснийг нэхэмжилсэн боловч энэхүү шаардлагатай холбоотой ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй тул хохирол 2400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад дээрх хохирол төлбөрийг 7200 000 төгрөг гэж нэмэгдүүлэн нэхэмжилж тайлбарласан ба нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, түүнд холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлд заасан хэмжээгээр тооцов.

 

2023 оны 02 сарын 18-ны өдрийн 0445 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгчээс Д.*******, 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 0320 дугаар, 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 0045 дугаар итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 29, 34, 204 дүгээр тал/

 

2022.12.23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр маргаан бүхий орон сууц хөрөнгийг нэхэмжлэгч, иргэн Д.Солонгод худалдсан бөгөөд тухайн орон сууц үл хөдлөх хөрөнгө нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байна. /хэргийн 193-198 дугаар тал/

 

Тухайн хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн нь 2022.09.07-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үүргийн зөрчлийг нэхэмжлэгч хариуцагч нараас шаардахад дээрх өмчлөгч өөрчлөгдсөн үйлдэл нөлөөлөхгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 266 332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан үндэслэлтэй тул хариуцагч нараас орон сууцны талбайн дутуу хэмжээ 10.72 м2 ийн үнэ нийт 21 676 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 723 530 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 266 332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ