Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00805

 

 

 

 

 

 

 

 

2023 04 17 210/МА2023/00805

 

 

О.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/00840 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: О.С-

Хариуцагч: Б.О-

Хариуцагч: Ш.Ө-

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны талбайн зөрүү үнэ 22,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт төлсөн 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Хариуцагч нар нь Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, 69б дугаар байр, 6 тоот хаягт байрлалтай, 2 өрөө орон сууцыг 54.4 м.кв талбайтай гэж хэлээд надад худалдсан. 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр тооцоод, нийт 110,000,000 төгрөгөөр хариуцагч нараас худалдаж авсан. Гэтэл уг орон сууцны талбайн хэмжилтийг хийлгэхэд 43.68 м.кв талбай гэж гарсан. Иймд 11 м.кв талбайн зөрүү 22,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.

1.2 Тухайн орон сууцыг худалдан авахад бэлэн мөнгө байхгүй байсан тул хүнээс 3 хувийн хүүтэй 80,000,000 төгрөг зээлсэн. 3 сарын хүүгийн төлбөр 7,200,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч нар нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр маргааны зүйл болж байгаа орон сууцыг н.Б-оос худалдаж авсан. Тухайн үед гэрчилгээнд 54.4 м.кв талбайтай гэж бичсэн байсан. Орон сууцыг үзэхэд 54.4 м.кв талбайн хэмжээнээс бага гэж илт харагдаагүй. Гэвч хариуцагч нар байрыг авахдаа хүнээс мөнгө зээлж авсан бөгөөд тус зээлээ төлж чадахгүй байсан учраас байрыг зарахаар шийдсэн.

2.2 Уг байрыг хариуцагч нар 130,000,000 төгрөгөөр зарах хүсэлтэй байсан боловч нэхэмжлэгч тал бэлэн мөнгөөр авч үнийг нь буулгах хүсэлт гаргасан тул 108,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид зарсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан үндэслэлтэй тул хариуцагч нараас орон сууцны талбайн дутуу хэмжээ 10.72 м.кв-ын үнэ нийт 21,676,470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,723,530 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 266,332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчимтай. Мөн Улсын бүртгэлд хийгдсэн тэмдэглэлийн агуулга нь хөрөнгө бодитоор оршиж байгааг баталгаажуулж буй хууль зүйн хэлбэр юм. Улсын бүртгэлээр баталгаажих зүйлст тэмдэглэгдсэн эрхийн оршиж байгаа байдал, тухайн эрхийн агуулгын үнэн зөв байдал, эдгээр эрхийн дараалал, эрх эзэмшигч этгээд, хөрөнгийн байдал болон хэмжээ, өмчлөх эрхийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр хязгаарлагдсан байдал (узуфрукт, сервитут) гэх мэт зүйлс багтдаг. Тиймээс анхан шатны шүүхийн улсын бүртгэлд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн мэдээлэл байдаг, хариуцагч талбайн хэмжээ тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

4.2 Маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ 54.4 м.кв гэж анх 2012 оны 05 сарын 21-ний өдөр бүртгэгдсэн, түүнээс хойш 7 нэр бүхий этгээдийн нэр дээр хөрөнгө шилжихдээ ч талбайн хэмжээ огт өөрчлөгдөөгүй.

4.3 Талуудын хооронд 2022 оны 09 сарын 07-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 -д заасны дагуу орон сууцыг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулсан. Иймээс нэхэмжлэгч орон сууцны талбайн хэмжээ дутуу эсэх доголдол нь хүлээн авах үедээ мэдэх боломжтой далд доголдол биш. Гэвч нэхэмжлэгч орон сууцны талбайн хэмжээг шалгаж авах үүргээ биелүүлээгүй байдаг. Шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анх тухайн орон сууцыг худалдан авч байх үед хүү О.С-т үзүүлье гэхэд хариуцагч нар нь та үзсэн учраас дахиж үзэх шаардлагагүй, 5 цаг болж байгаа учраас нотариат хаах гэж байна, хурдан явъя гэж намайг шамдуулаад үзүүлээгүй.

5.1 Намайг шалгаж авах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй. Б.О- нь би 2, 3 байр зарж байсан, та бэлэглэлийн гэрээ хийгээд ав гээд намайг нотариат ороогүй байхад данс руу мөнгө хий гэсэн учраас хариуцагч нарын үгээр явахаас өөр аргагүй байсан. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн доголдолтой байр авснаа 3 хоногийн дараа мэдсэн. Орон сууцанд засвар хийх гээд хүмүүс ирээд м.кв асуухад 54.4 м.кв гэж хэлсэн. Гэвч засварын хүмүүс ...энэ орон сууц 54.4 м.кв хүрэхгүй гэж хэлсэн. Би маргааш нь албан ёсны хэмжилт хийдэг байгууллагаар хэмжилт хийлгэхэд 43.8 м.кв гэж гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.С- нь хариуцагч Ш.Ө-, Б.О- нарт холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 22,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт төлсөн 7,200,000 төгрөг, нийт 29,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

 

3. Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 1250 дугаартай худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нар нь улсын бүртгэлийн Ү-2206021489 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, Туул гол гудамж 69б дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 54.4 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь үнэ 110,000,000 төгрөгийг хариуцагч нарт төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /хх 4-5/

 

Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хариуцагч нарт төлсөн, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байхаас гадна гэрээнд үнийн дүнг 50,000,000 төгрөг гэж тусгасан боловч 110,000,000 төгрөг гэж тохиролцсон талаар маргаагүй.

 

3.1 Нэхэмжлэгч нь орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны талбайн хэмжилт хийлгэхэд 43,68 м.кв талбайтай буюу гэрээнд заасан хэмжээ болох 54.4 м.кв-аас 10,72 м.кв-аар бага гэжээ.

/хх 9-10/

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

 

Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй ба худалдан авагч буюу нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцны талбайг бага гэж үзсэнийг эд хөрөнгийн хэмжээний талаар нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

 

4.2 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч тухайн эд хөрөнгийг хүлээн авахаас тагалзах эрхтэй. Харин мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.

 

4.3 Нэхэмжлэгч нь орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авахдаа талбайн хэмжээний талаар маргаагүй, хэмжээг тогтоолгох талаар тухайн үед гомдол гаргаагүй байхаас гадна талууд гэрээнд орон сууцны үнийг талбайн хэмжээгээр буюу м.кв-ын үнэлгээгээр тохиролцоогүй байна.Түүнчлэн, нэхэмжлэгч нь орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлсний дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр талбайн хэмжилт хийлгэсэн байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь мөн хуулийн 254.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцаан шаардах боломжтой боловч мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдана.

 

Иймд маргааны зүйл болж буй орон сууцыг нэхэмжлэгч худалдан авахдаа талбайн хэмжээний талаар мэдэх боломжтой байсан боловч түүнийг хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийг доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх үүнийг анхаараагүй нь буруу болжээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан талбайн зөрүү 22,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байхаас гадна 7,200,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Уг шаардлагын хэмжээгээ нэхэмжлэгч багасгаагүй байхад анхан шатны шүүх шийдвэртээ үнийн дүнг 2,400,000 гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх үүнийг залруулж дүгнэв.

 

5.1 Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг худалдан авахын тулд бусдаас мөнгө зээлж, 3 сарын хүүгийн төлбөрт нийт 7,200,000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр хариуцагч нараас шаардсан боловч уг шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхаас гадна үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/00840 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.О-, Ш.Ө- нарт холбогдох, 29,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,332 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН