Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар  109/ШШ2022/0005

 

                       

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Нэргүй, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Ч.Оюунсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг дарга нарын хоорондын “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 тоот “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” тогтоолоос халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгах”, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал П.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК нь Архангай аймгийн Эрдэнэмандал Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрдэнэмандал сумын Засаг дарга нарт холбогдуулан  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 тоот “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” тогтоолоос халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгах”, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгджээ. Тус компанид Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай олгосон байна.

3. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор сумын төвийг төвлөрсөн халаалттай болгох тухай сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд Э ХХК-тай гэрээ байгуулах саналыг дэмжихээр шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгажээ.

4. Улмаар Эрдэнэмандал сумын Засаг дарга Э.Болдбаатар, Э ХХК-ийн захирал П.З нар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ байгуулжээ.

5. Үүний дараа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сум” төслийн хүрээнд хийгдэж буй цэвэр усан хангамж, бохир цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ, зам, гүүр тавих цогц ажил дуусаж байгаатай холбогдуулан Эрдэнэмандал сумын төсөвт байгууллагууд, аж ахуй нэгж, айл өрхүүдийг стандарт хангасан үйлчилгээгээр хангах, шугам сүлжээ, халаалт, цэвэр, бохир, тохижилт үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах үүрэг бүхий сумын дэд бүтцийг хариуцсан “ЭХДБ” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, тус газрын дүрэм, зохицуулах журмыг баталжээ.

6. Э ХХК нь дээрх тогтоолд холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

7. Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал П.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай тогтоол гарсан талаар манай компанид мэдэгдсэн. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр буюу 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дугаартай албан бичигт дурдсан тогтоолыг гаргахдаа бидэнд мэдэгдэж мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, биднийг тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Манай компани нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг төвлөрсөн халаалтаар ханган ажиллахын тулд өөрийн хөрөнгө оруулалтаар, ОХУ-д үйлдвэрлэсэн 2 МВт-ын хүчин чадалтай усан халаалтын тогоо, уурын зуухны үндсэн ба туслах тоноглолууд болон сүлжээний усны насоснууд, 30 кВт-ын насос 2 ширхэг, 22 кВт-ын насос 2 ширхэг, 40 кВт-ын инвертер 1 ширхэг, 7 кВт-ын инвертер 2 ширхэг, ф159-ын турба 70м, ф159-ын бөмбөлгөн хаалт 8 ширхэг, ф159-ын зөөлөвч 2 ширхэг, десосос 1 ширхэг, бусад тоног төхөөрөмжүүд болон холбох хэрэгслүүдийг тус тус худалдан авсан. Иймд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож,нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

8. Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал П.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч тал гэрээг цуцалсан гэж ойлгож байгаа юм. Манай тал гэрээ хүчин төгөлдөр гэж ойлгож байгаа. Энэ талаар 2 тал ойлголцоогүй учраас шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Шүүхэд хандталаа удаа дараа албан бичгийг явуулсан боловч ойлголцоогүй. Сүүлдээ эвлэрүүлэн зуучлах руу шилжүүлж хамтран ажиллах санал гаргасан. Энэ саналыг хариуцагч хүлээж аваагүй учраас бид бүхэн шүүхэд хандсан. Гол үндэслэл нь хариуцагч тал биднээс их хэмжээний авлига нэхсэн. Тэр авлигыг нь өгөөгүй учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Энэ нь юугаар тогтоогддог вэ гэхээр гэрээгээр “Долоон бар” ХХК-ийг ажиллуулсан. Тэр компани мэдээж нэхсэн зүйлийг нь өгсөн учраас түр гэрээгээр явсан байгаа. Бид Эрдэнэмандал суманд Э нэртэй компанийг орон нутагт нь байгуулж бүх зүйлийг орон нутагт нь төвлөрүүлэх байдлаар үйл ажиллагаа явуулсан. Манай толгой компани “Х” ХХК юм. Долон аймгийн 13 суманд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай Э ХХК нь Эрдэнэмандал суманд үйл ажиллагаагаа явуулж нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлж хүмүүс ажиллуулах зорилгоор орон нутагт нь байгуулсан. Аж ахуй нэгж байгууллагыг дулаанаар хангахад 3 төрлийн тусгай зөвшөөрөл авдаг. Архангай аймгийн Эрчим хүчний салбар зөвлөлд хандаад 3 төрлийн тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар авсан. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. 2020 оны 05 дугаар сард тусгай зөвшөөрөл авсан 2025 он хүртэл тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байгаа. Ийм тусгай зөвшөөрөлтэй компани аж ахуйн нэгжийг дулаанаар хангана уу гэхээс биш ийм тусгай зөвшөөрөлгүй компаниуд айл өрх аж ахуйн нэгжийг дулаанаар хангах ямар ч бололцоогүй. Одоогийн шинээр байгуулагдсан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь дээр дурдсан тусгай зөвшөөрлийн нэг нь ч байхгүй. Эрдэнэмандал сумын удирдлагуудтай ойлголцоод та энэ зүйлээр нэмж хөрөнгө оруулалт хий гэсэн бол бид ойлголцож ажиллах бүрэн боломжтой байсан. Эрдэнэмандал сумын төсвийн байгууллагыг нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлыг цэвэр өөрийн компанийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Ямар нэгэн улсын тендер аваагүй улсаас нэг ч төгрөг аваагүй. 2019 онд манай компанийг уриад манай сум гал алдах гээд эмнэлэг сургууль хөлдөх гээд хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Танай байгууллага энэ нөхцөлийг судлаад халаах боломжтой бол халаагаач гэсэн. Гэхдээ танайх болон бусад хэд хэдэн компаниудыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр оруулж сонгон шалгаруулалт зарлана гэж өөрсдөө хэлсэн. Тэгээд цаг хугацаа болон байгаа хөрөнгө мөнгөө зарцуулсан. Ингээд 2019 оноос хойш хамтарч ажиллаад 4, 5 жил болж байна. Сумын удирдлагууд өөрчлөгдөж 2020 онд орон нутгийн сонгууль болоод бидний үйл ажиллагаанд хориг тавьж эхэлсэн. Тухайн үед бид нар ямар ч ашиггүй ажиллаж байсан. Яагаад гэхээр дулааны тарифыг эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлаагүй шинэ тариф мөрдөөгүй учраас хуучин халаалтын төлбөрөөр ямар ч ашиггүй алдагдалтай ажилласан. Энэ үед энэ хэмжээний мөнгө төгрөг нэхэхэд төлөх бололцоо байхгүй байсан учраас Засаг даргын уурыг хүргэсэн учраас өнөөдөр ийм байдалд хүрч сэтгэл зүйгээрээ хохирсон. Манайх энэ талаараа мэргэшсэн мэргэжлийн байгууллага. Өөрсдийн байгуулсан орон нутгийн аж ахуйн тооцоот газарт дээрх 3 төрлийн зөвшөөрөл байхгүй. Дээрх орон нутгийн төсвийн байгууллагатай эмнэлэг, сургууль, цэцэрлэг, Тамгын газар, соёлын төвтэй гэрээ байгуулсан. Тусгай зөвшөөрөлгүй байгууллагатай гэрээ байгуулсан нь хуулийг зөрчиж байна. Хавтаст хэргийн материалд авагдсан тусгай зөвшөөрөлтэй аж нэгжүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангаж хяналт тавьдаг байгууллага нь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл юм. Шинээр байгуулсан орон нутгийн өмчит хуулийн этгээд нь Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл хүссэн юм билээ. Эрчим хүчний тухай хуульд нэг сум засаг захиргааны нэгжид нэг л зөвшөөрөл өгдөг юм. Танай сумын тусгай зөвшөөрлийг Э ХХК-д олгосон учраас давхардуулж орон нутгийн өмчид компанид тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Хэрэв хуучин тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан Э ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшихээсээ татгалзвал танай компанид өгч болно. Хэрэв тусгай зөвшөөрөл авсан компанийг хэвээр нь ажиллуулна гэсэн хариу ирвэл Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ямар ч боломжгүй гэсэн. Манай байгууллагад Эрчим хүчний зохицуулах хорооноос албан тоот ирүүлсэн. Ингэхдээ танай байгууллага сайн дураараа өөрсдийнхөө хүсэлтээр тусгай зөвшөөрлөө цуцлуулах сонирхол байна уу гэж асуусан. Би энэ талаар хариу хэлсэн. Хариундаа үгүй ээ тэр битгий хэл тусгай зөвшөөрөлгүй компаниар дулаан үйлдвэрлэж дулаан түгээж байгаа. Энэ байдал нь мэргэжлийн хяналтаас шалгалт хийвэл хууль бус ажиллагаа юм. Тэсэрч дэлбэрэх тогоо буудах асуудал гарвал энэ нөхцөлийг хэн хариуцах юм. Тусгай зөвшөөрөлгүй компанийг үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн сум орон нутгийн удирдлагууд хариуцах юм уу тэр компанийг удирдаж байгаа н.Ломбо гэх хүн хариуцах юм уу гэдэг нь тодорхойгүй. Хамгийн гол нь тусгай зөвшөөрөлтэй байж дулаан үйлдвэрлэнэ, үйлдвэрлэсэн дулаанаа түгээх асуудал юм.” гэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэг дэх шаардлага нь сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчийн газарт аж ахуйн нэгж тооцоотой газрыг байгуулах тухай тогтоолоос халаалт дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл гаргахыг даалгах шаардлагын тухайд нэхэмжлэгчийн төлөөлөгч сая хэллээ. Э ХХК нь Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2020 онд дулаан түгээх, дулаан үйлдвэрлэх, дулаанаар хангах тусгай зөвшөөрлийг авсан, хугацаа нь дуусаагүй байгаа. Уг зөвшөөрлийн хүрээнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 тоот тогтоол гарсан байдаг. Уг тогтоолоор сумын төвийг төвлөрсөн халаалттай болгох тухай Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд “Эрдэнэмандал” ХХК-тай гэрээ байгуулах саналыг дэмжиж Засаг дарга болон Э ХХК-ийн хооронд гэрээ байгуулсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг цуцлах эсэх талаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас цуцлах бичиг ирүүлсэн байдгаас биш талуудын хооронд байгуулсан гэрээнийхээ заалтаар гэрээ дуусгавар болоогүй одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж талуудаас үзэж байгаа. Маргаан бүхий сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчийн тооцоот аж ахуйн нэгж байгууллагын 5 тоот тогтоол гарах үед Эрдэнэмандал сумын хурлын тэргүүлэгчийн 15 тоот тогтоол буюу төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай тогтоол хүчин төгөлдөр хэвээр байсан. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас сумын дэд бүтцийг хариуцсан 5 тоот тогтоол гаргахдаа сумын халаалтын асуудлыг сумын дэд бүтэц болон ЭХХК-д хариуцуулсан. Өөрөөр хэлбэл Э ХХК нь халаалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өөрсдийнх нь гаргасан 15 тоот хүчин төгөлдөр тогтоол байхад уг тогтоол хүчингүй болоогүй байхад орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулахдаа тус газарт халаалттай холбоотой асуудлыг нэгэн зэрэг давхардуулж оногдуулсан нөхцөл байдал тогтоогддог. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад Э ХХК-тай дулааны асуудлаар гэрээ байгуулсан 15 тоот тогтоолоо цуцалсан. Гэхдээ тухайн маргаан бүхий тогтоол гарах үед энэ тогтоол хүчин төгөлдөр байсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэсэн хүсэлт  байна. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15 тоот тогтоолоо цуцалсан. Энэ цуцалсан тогтоолоо мөн адил Э ХХК-д мэдэгдэж танилцуулсан зүйл байхгүй. Хэргийн материалтай танилцах үедээ энэ талаар нэхэмжлэгч тал танилцсан. Үүнээс гадна сая П.З дарга өөрөө тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Э ХХК-ийн тусгай зөвшөөрөлгүй гуравдагч этгээдээр татагдсан “ЭХДБ” ОНӨААТҮ газраар гүйцэтгүүлж байгаа нь өөрөө хууль бус. Яагаад гэхээр Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т дулаан үйлдвэрлэх, 12.1.3-т дулаан дамжуулах, 12.1.7-т дулаан түгээх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан байдаг. Гэтэл тухайн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм уу гэдэг нь хэрэгт авагдсан гэрч н.А мэдүүлэг, Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 25 тоот албан бичиг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл хууль зөрчиж тусгай зөвшөөрөлгүй компаниар үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм.

Үүнээс гадна одоо үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн хөгжлийн дэд бүтэц аж ахуйн нэгжээс энэ компанийг ажиллаж байх хугацаанд ямар нэгэн байдлаар халаалтын үйл ажиллагаа доголдсон зүйл байна уу гэж тодруулсан байсан. Эцсийн байдлаар эрчим хүчний зохицуулах зөвлөл тухайн компани үйл ажиллагаагаа хэр үр дүнтэй явуулж байгаа хуулийн дагуу явуулж буй эсэхэд хяналт тавих ёстой эрх бүхий байгууллага юм. Гэтэл үйл хууль бус ажиллагаа эрхэлж байгаагийн улмаас Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс хяналт тавих ямар ч боломжгүй. Тухайн компани муу ажиллаж байгаа юм уу сайн ажиллаж байгаа юм уу магадгүй осол гаргалаа гэхэд тэрийг илрүүлж тухайн нөхцөлд шаардлага оногдуулах боломжгүй хууль бус нөхцөл байдал үүнийгээ дагаад гарч байгаа. Үүнээс гадна Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 05 тоот тогтоол гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй Э ХХК-д мэдэгдэх сонсох ажиллагааг хийгээгүй байдаг. Хуульд сонсох ажиллагаа явуулахаар үүрэг болгосон байтал уг ажиллагааг явуулаагүйгээр тогтоол гаргасан захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх бусдын ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргаж байгаа тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах” мөн хуулийн 25, 26 дугаар зүйлийг зөрчиж гарсан гэж үзэж байгаа. Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны эрх ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх үүрэг нь тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллагын үүрэг. Гэтэл одоог хүртэл энэ үүргээ биелүүлээгүй. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тухайн тогтоол гарсан байхад энэ тогтоолынхоо талаар нэхэмжлэгч байгууллагад ганц ч мэдэгдсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас Эрдэнэмандал сумын Засаг даргаас ирүүлсэн албан бичгээр аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулагдах гэж байгаа юм байна гэсэн нөхцөл байдлыг мэдээд өөрсдөө албан бичиг явуулж тодруулсан. Үүний хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ийм тогтоол гарсан гэж албан бичгээр мэдэгдсэн. Гэхдээ тухайн тогтоолыг бүрэн эхээр нь танилцуулаагүй. Тогтоол ямар зүйл заалтыг баримталж гарсан гэдгийг хэргийн материалтай танилцахаас нааш танилцах боломжгүй нөхцөл байдал байсан. Тэгэхээр мэдэгдэх сонсох ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэрчээр мэдүүлэг өгсөн Ууганбаяр Э ХХК-д манай компаниас мэдэгдсэн зүйл байхгүй. Засаг даргаар дамжуулан мэдэгдсэн байх гэдэг мэдүүлгийг өгдөг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хэн нэгнээр дамжуулж мэдэгдэх үүрэг биш тухайн актыг ямар газар гаргасан Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд гаргасан бол мэдэгдэх үүргийг үүрэг болгосон байх. Ийм байдлаар мэдэгдээгүй нь бидний эрх ашгийг зөрчсөн. Үүнээс гадна хэрэгт Э ХХК, “З” ХХК гэсэн компанийн талаар яригдаж байна. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахад “З” ХХК-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 тоот төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан. Ийм учраас ЭХХК-тай байгуулсан гэрээ нэгэн адил цуцлагдаж тогтоол хүчингүй болсон гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Э ХХК, “З” ХХК нь тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй тусдаа компани байгаа. Мөн санхүүгийн тайлан үр төлбөрөө тусдаа хариуцдаг. Тийм учраас “З” ХХК-ийг төвлөрсөн халаалтаар хамтран ажиллах гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тогтоолыг хүчингүй болгосон эсэх талуудын хооронд байгуулагдсан гэрээ “З” ХХК болон Засаг дарга нарын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан эсэх нь бидний гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байгаа. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргад холбогдуулан гэрээг үргэлжлүүлэхийг даалгах, гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга нь үндэслэлгүйгээр гэрээ цуцлах мэдэгдлүүдийг удаа дараа нэхэмжлэгч компанид явуулсан. Уг гэрээ цуцлах мэдэгдлийн хариу болгонд нэхэмжлэгч компаниас гэрээгээр хүлээсэн ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэе, гэрээгээ үргэлжлүүлж өгнө үү гэсэн санал, хүсэлтийг тавихад уг хүсэлтийг хүлээн авдаггүй. Цаашид ажиллах боломжгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа. Үүнээс гадна тусгай зөвшөөрөлгүй компаниар тусгай зөвшөөрөлтэй компани хийж гүйцэтгэхээр ажлыг хийж гүйцэтгүүлж байгаа нь өөрөө хариуцагчийн үйлдэл хууль бус гэдгийг харуулж байна. Нэхэмжлэгч талаас Эрдэнэмандал сумын Засаг даргын үйлдлийг яагаад хууль бус гэж үзэж байна вэ гэхээр гэрээ цуцлахыг ЭХХК нь гаргаагүй. Ийм байхад үндэслэлгүйгээр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж цаашид ажиллах нөхцөл боломжгүй болгож байгаа. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй бол гэрээ цуцлах мэдэгдлийг Б тал бичгээр хүргэнэ гэж заасан. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т Б тал гэрээ цуцлах мэдэгдэлд заасан хугацаанд гэрээ зөрчсөн нөхцөл байдлаа залруулах эсхүл залруулах хөтөлбөрийг хийж хэрэгжүүлэхээр болсон бол заагдсан нөхцөл болзлын дагуу мэдэгдлийг хүчингүй болгож гэрээг үргэлжлүүлнэ гэж заасан. Тэгэхээр хариуцагч Эрдэнэмандал сумын Засаг даргаас ийм ийм байдлаар гэрээг чинь цуцална гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгч талд хүргүүлдэг. Нэхэмжлэгч тал тэр болгонд нь гэрээ цуцлах үндэслэлгүй байна, эсхүл үргэлжлүүлж ажиллая гэхэд хүлээн аваагүй. Нэг тал гэрээг цуцлах санал гаргахад гэрээг цуцалсан гэж үзэх боломжгүй. Яагаад гэхээр гэрээнд заасан мэдэгдлээ Эрдэнэмандал сумын Засаг даргад өгсөн үү өгсөн. Түүнийх нь дагуу бид зөрчил дутагдал гаргаагүй учраас гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж хариу тайлбараа өгсөн. Энэ тохиолдолд гэрээ цуцлах мэдэгдэл хүчингүй болж байгаа учраас нэхэмжлэгч талаас гэрээ байгуулсан гэж үзэхгүй байгаа. Үүнээс гадна Эрдэнэмандал дулаан” ХХК нь хариуцагч Эрдэнэмандал сумын Засаг даргын тайлбарлаж байгаа шиг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудал байхгүй. Хэрвээ Э ХХК нь гэрээнд заагдсан ямар ямар үүргээ биелүүлээгүй гэж үзээд байгаа юм. Тэгж үзсэн тохиолдолд тэр бүхнээ нотлох баримтаар нотлох ёстой гэж үзэж байгаа. Гэтэл хэрэгт энэ талаар нотолсон баримт байхгүй. Эрдэнэмандал сумын Засаг даргаас юу гэж үздэг вэ гэхээр ганц, хоёр байгууллагаас санал, гомдол ирсэн. Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ирсэн 8 шаардлагыг биелүүлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл Э  ХХК нь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ирүүлсэн 8 шаардлагыг биелүүлж ажилласан юм уу үгүй юу хэний буруугаас гомдол гаргаж байгаа эсхүл Э ХХК муу халааснаас болж халаалт дулаан муу ирж байгаа юм уу гэдэг захиргааны шийдвэр гаргах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Гэрээ цуцлах мэдэгдэл өгөхдөө Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ирүүлсэн 8 шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэдэг. Гэтэл сүүлд эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ирсэн албан бичгээр Э ХХК нь 8 шаардлагыг биелүүлж ажилласан гэдэг албан бичиг ирсэн байгаа. Сургууль болон эмнэлэг хэвийн халахгүй байгаа талаар гомдол ирсэн гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар тухайн сургууль, эмнэлгийн дотоод шугам сүлжээнээс болоод халахгүй байсан нөхцөл байдал тогтоогддог. Энэ талаар Ч.Ц мэдүүлэгтээ дурдсан. Ямар ямар шугам сүлжээ сольсон талаарх санхүүгийн баримтаа хэргийн материалд хавсаргуулсан. Тэгэхээр Эрдэнэмандал сумын Засаг дарга яасан бэ гэхээр П.З даргын тайлбарласнаар захиргааны шийдвэр гаргахад бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Э ХХК-ийн буруу гэдэг байдлаар хандсан байхыг үгүйсгэхгүй гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Яалт ч үгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг харахаар  шийдвэрт хамаарах бодит нөхцөлийг захиргааны байгууллага тогтоож чадаагүй гэж үзэж байна. Хоёрдугаарт гэрээ цуцлах мэдэгдэл бүрд нь хариу өгч байсан. Хэрэгт авагдсан Архангай  аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 тоот гэрээ цуцлах албан бичиг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/400 тоот албан бичгүүдээр гэрээ цуцлах хүсэлттэй байна гэдгээ нэхэмжлэгч талд хүргүүлсэн. Эдгээр албан бичиг хэрэгт авагдсан. Албан бичгийн хариу болгоныг нэхэмжлэгч компаниас Засаг даргад хүргүүлж байсан. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/57 тоот албан бичгийн хариуг нэхэмжлэгч компани 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 021/008 тоот албан бичгээр, энэ хавтаст хэргийн 67-68 дугаар хуудсанд авагдсан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хариуг 8 дугаар сарын 31-ний өдрийн 34 тоот албан бичгүүдээр хариу хүргүүлсэн байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтаар гэрээ цуцлах мэдэгдэл нь хүчингүй болсон гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6 тоот албан бичгээр гэрээгээ үргэлжлүүлж ажилламаар байна гэсэн албан бичгийг явуулахад хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид гаргасан зөрчлөө ингэж засаж ажилласан та нарын дурдсан энэ зөрчлийг гаргаагүй цаашид эвлэрч ажиллая гэсэн албан бичиг өгөхөөр гэрээгээ цааш нь үргэлжлүүлж байгаа юм уу эсхүл бид гэрээгээ цуцална гэсэн ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй алга болчихдог. Тэгээд үргэлжлүүлээд ажиллах юм болов уу гэж бодож байтал хэдэн сарын сараа ахин гэрээ цуцлах мэдэгдэл өгч түүнд нь гэрээ цуцлах боломжгүй хамтарч ажиллая гэхэд дахин хариу өгдөггүй. Гэтэл хэрэгт авагдсан нөхцөл байдал хариуцагч Засаг даргаас өгсөн мэдэгдэл мэдэгдлийн хариуг харахаар талуудын хооронд байгуулагдсан гэрээгээрээ гэрээ цуцлах мэдэгдэл нь тухай бүртээ хүчингүй болсон нөхцөл байгаа учраас нэхэмжлэгч талаас гэрээ цуцлагдаагүй гэж тайлбарлаж байгаа. Э ХХК-иас тайлбарлахдаа Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ажлын хэсэг ирж ажилласан. Ажлаа сайжруулах 8 чиглэл бүхий заалт ирснээс ганц зүйлийг биелүүлээгүй. Халаалтын талаар ирсэн ажлын ачаалал ихэссэнтэй холбоотой хөдөлмөрийн хөлс 8 гэрээт ажилчдын гарын үсэг бүхий өргөдөл ирсэн гэж тайлбарладаг. Эрчим хүчний зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийн хариуд холбогдох ажлуудаа гүйцэтгэж ЭХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эрчим хүчний зөвлөлд хариу хүргүүлсэн байгаа. Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот албан бичгээр Э ХХК-д хүргүүлсэн 8 шаардлагыг биелүүлж зөрчлийг арилгаж ажилласан талаар дурдсан албан бичгүүд авагдсан. Үүнээс гадна Э ХХК-ийн 2020 оны ажлыг дүгнэхдээ эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06 тоот тогтоолоор тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагыг сайн үнэлгээгээр дүгнэсэн. Цаг хугацааны хувьд авч үзэхээр Э ХХК-д 8 чиглэл бүхий үүрэг даалгаврыг Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн байдаг. Харин тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэхдээ 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дүгнэсэн. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбарлаж байсан. Магадгүй хариуцагч талаас тайлбарлаж байгаа шиг өгсөн 8 шаардлага бүхий үүрэг даалгавраас зөвхөн нэгийг биелүүлсэн бол Э ХХК-д дахин хугацаатай үүрэг даалгавар өгдөг ч юм уу энэ энэ зөрчлөө арилгаагүй байна гэдэг байдлаар албан шаардлага өгөх байсан. Магадгүй сайн үнэлгээгээр дүгнэхгүй байсан байх. Гэтэл 8 шаардлагыг биелүүлж ажилласан учраас дахин ийм албан бичиг өгөх шаардлага үүсээгүй. Мөн тухайн оны үйл ажиллагааг сайн үнэлгээгээр дүгнэсэн нөхцөл байдал харагдаж байгаа. Үүнээс гадна гэрээ цуцлах үндэслэлдээ дурдаад байгаа Бадамренчин, Есөнжин нараас гар өргөдөл ирсэн гэж тайлбарладаг. Гэтэл энэ гар өргөдлийг харахаар Э ХХК нь зөрчил доголдол гаргасан ч юм уу цаашид хамтарч ажиллахгүй гэсэн зүйл байхгүй. Хүсэлтийг нь харахаар зөвхөн цалингаа нэмэгдүүлье гэсэн өргөдөл байдаг. Шүүхээс үзлэг хийж Бадамренчин, Есөнжин нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэтэл хариуцагч талаас юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ найман ажилтан сургуулиас цалинждаг. Э ХХК нь цалин өгөхгүй байна гэсэн асуудал яригддаг. Гэтэл орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот газар байгуулж тухайн хүмүүс ажиллаж байх явцад эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахад мөн л сургуулиасаа цалингаа авч байгаа талаар хэлсэн. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр Эрдэнэмандал сумын хөгжлийн дэд бүтэц орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулж тухайн хүмүүс ажиллаж байх явцад ахин гэрчийн мэдүүлэг авахад энэ хүмүүс цалингаа мөн сургуулиасаа авч байсан нөхцөл байдал байдаг. Э ХХК-иас тухайн 8 ажилтан сургуулиасаа шилжээд ирвэл цалин хөлсийг олгох боломжтой. Тухайн ажилчдыг сургуулийн нэр дээр байлгаж өгнө үү гэсэн санал, хүсэлт гаргаж байсан учраас Э ХХК-ийн зүгээс холбогдох урамшууллыг олгож сургуулиасаа цалин хөлсөө авсан байдаг. Хэрэгт сургуулийн халаалт доголдсон талаар Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын мэдүүлэг 141-142 дугаар хуудсанд авагдсан байна. Сургуулийн захирал Ч.Цгээс авсан мэдүүлгийг харахад Э ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад тухайн сургуулийн халаалт доголдсон гэхээсээ илүүтэй сургуулийн олон жил болсон шугам хоолойноос болж халаалтаа хэвийн хэмжээнд авч чадаагүй гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл эрчим хүчээр хангагч Э ХХК нь хэвийн хэмжээнд дулаанаа түгээж болно. Гэтэл дулааныг хүлээн авч буй хэрэглэгч байгууллагын шугам сүлжээ нь өөрөө асуудалтай зэвэрсэн муудсан тохиолдолд Э ХХК хангалттай хэмжээнд дулаан түгээсэн ч тэр дулааныг зохистой хэмжээгээр авах боломжгүй. Хэрэгт авагдсан Ч.Цгийн мэдүүлгээс харахад Э ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдгээр газартай хамтарч дотуур байрны төгсгөл болон болохгүй байсан хэсгүүдээ төсөв зардал гаргаж шийдвэрлэсэн. Үүнд дотуур байрны халахгүй байсан шугамыг сольсон. Мөн мэргэжлийн хүн Эрдэнэтээс ирэхэд нь зөвлөгөө авсан. Хүүхдийн хоолны заалны 2 давхрын шугамыг сольсон гэж мэдүүлсэн. Үүнтэй холбоотой санхүүгийн баримтаа гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас хүсэлт тавьж Ч.Цгээс мэдүүлэг авхуулаагүй, хариуцагч талаас гэрчийн мэдүүлэг авхуулсан. Тэгэхэд юу гэж хэлсэн бэ гэхээр сургуулийн халаалт авсан шугам сүлжээ нь үнэхээр хэцүү хүндрэлтэй байсан талаараа мэдүүлсэн. Э ХХК нь сургуулиас гадна Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг гэх мэт бусад байгууллагыг халааж байсан. Гэтэл хүүхдийн цэцэрлэгчийн эрхлэгч мэдүүлэг өгөхдөө халаалт хэвийн сайн байсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр юу гэж үзэж байна вэ гэхээр 5, 6 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа. Э ХХК-ийн халаалтын үйл ажиллагаа доголдож муу байсан бол бусад 4, 5 байгууллагад нэгэн зэрэг халаалт муу очих ёстой. Гэтэл бусад байгууллага нь хэвийн хэмжээнд халаад байдаг ганцхан засвар хийсэн сургууль, эмнэлэг халахгүй байгаа нь тухайн шугам сүлжээ асуудалтай нөхцөл байдлыг харуулж байна. Гэрч Е мэдүүлэхдээ насосын шаариг нурсан 2 насос тавьсан, сургууль, хүүхдийн дотуур байрны халаалт муу байсан, шугам нь хуучирсан байсан гэж ярьж байсан гэдэг байдлаар мэдүүлсэн. Тухайн байгууллагын халаалт авч буй тоног төхөөрөмж халаалт авахад нөлөөлнө. Шугам нь зөв ихтэй ус бага очвол халаалт муу байх боломжтой гэдгийг мэргэжлийн хүн нь мэдүүлсэн байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр халаалтаа хэвийн хэмжээнд халаадаг байсан. Мэргэжлийн байгууллага нь хүртэл энэ талаар дурдсан. Бусад газруудаас ямар нэгэн санал, гомдол ирдэггүй. Бусад нь хэвийн хэмжээнд халаад байхад яагаад сургууль, эмнэлэг болохгүй байгаа гэдгийг Засаг даргаас асууж тодруулах ёстой байсан. Асууж тодруулаад эмнэлэг, сургуулийн шугам сүлжээ бүгд асуудалгүй байна. Зөвхөн танайхаас халаалт хэвийн хэмжээн байгааг тогтоосон тохиолдолд гэрээ цуцлах мэдэгдэл өгч байгаатай маргах зүйл байхгүй. Гэтэл энэ нөхцөлийг тогтоохгүйгээр нэг газраас санал, гомдол ирэхээр нь халааж байгаа компанийн буруу гэдэг байдлаар  шууд гэрээ цуцлах мэдэгдэл өгч байгаа нь тухайн нөхцөлийг тогтоохгүй байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн өөрийнх нь өмчийн шугам сүлжээ гэж байгаа. Тухайн халаалтаар хангасан компанийн эзэмшил, ашиглалтын шугам сүлжээ нь 2 тусдаа асуудал байгаа. Дулааны худаг буюу бидний хэлдгээр траншейны нүх нь сургууль, эмнэлэг рүү орохоос бусад нь хэрэглэгчийн өөрийнх нь өмчийн асуудал байдаг. Хэрэглэгч яах вэ гэхээр халаалт дулааны улирал эхлэхээс өмнө тухайн шугам сүлжээнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгах, магадгүй хуучирсан байсан зүйлээ солих гэх мэтчилэн халаалтаа хэвийн хэмжээнд авах үүргээ өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй атлаа танайх халаахгүй байна гэж гомдол санал гаргаж байгаа өөрөө хууль бус. Тийм байдлаар гомдол гаргах эрхтэй ч гэсэн Засаг дарга тэр байдлыг шүүн тунгааж хэнийх нь буруу байсныг тогтоох асуудал юм. Тэгэхээр нэхэмжлэгч талаас юу гэж үзэж байна вэ гэхээр Засаг дарга гэрээ цуцлах мэдэгдэл өгөхдөө Захиргааны ерөнхий хуульд зааснаар нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Хэнийх нь буруугаас болсон гэдэг нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байгаа. Үүнээс гадна гэрээний 1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа 50 жил энэ хугацаанд гэрээнээс татгалзахгүй байх зарчмыг баримтална. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-т гэрээний хугацаанд төр засгийн байгууллага, бүтэц орон тоо шинэчлэгдсэн татан буугдсан, 2 талын албан тушаалтан солигдсон нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах гэрээний хугацааг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд эрх залгамжлалын хүрээнд тогтвортой ажиллана гэж заасан. Хариуцагч тал энэ гэрээний заалтыг юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ гэрээний нэг талыг хэт барьсан учраас бид гэрээгээ цуцлах шаардлагатай гэж тайлбарладаг. Яагаад гэхээр 50 жилийн урт хугацаа олгосон Засаг даргад эрх олгоогүй дулаанаар хангаж байгаа компанид илүү их эрх олгосон учраас энэ гэрээг цуцалж байгаа гэж тайлбарладаг. 50 жилийн хугацаанд нэг тал гэрээнээс татгалзахгүй байх зарчмыг баримтална гэдэг нь манайд ашиггүй заалт байгаа учраас гэрээнээс татгалзана гэдэг. Нэхэмжлэгч талаас энэ заалтыг харахдаа ганц, хоёр сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Сумын халаалтын бүхий л асуудлыг хариуцаж өөрөө хувиасаа хөрөнгө оруулалт хийж байгаа учраас тогтвортой ажиллах үүднээс энэ заалтыг оруулсан болохоос нэг талын ашиг сонирхлыг хамгаалах заалт биш. Захиргааны ерөнхий хуульд итгэл хамгаалагдах зарчим байгаа. Энэ зарчмын агуулга энэ заалтаас харагдаж байгаа гэж үзэж байна. Гэтэл хариуцагч Засаг дарга энэхүү заалтыг дээрх байдлаар буруу тайлбарлаж гэрээ цуцлах үндэслэлээ болгосон нь хууль бус. Энэ үндэслэлээр Засаг дарга гэрээгээ цааш үргэлжлүүлэхгүй байгаа учраас Засаг даргын гэрээ үргэлжлүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээг цааш үргэлжлүүлэхийг даалгаж өгнө үү гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

10. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч талын гэрээг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 тоот тогтоолыг хууль бус гэж үзэж байна. Энэ тогтоол нь хурлын ирц байхгүй, хэлэлцэх асуудал, уг хурлаас гаргасан шийдвэр, хурлын тэмдэглэл баримт тус байгууллагын архивд байхгүй байна. Иймд энэхүү хурлын тэмдэглэл гэх ганц хуудас материалыг хууль бус гэж үзэж байгаа болно.” гэжээ.

11. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа: “2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “З" ХХК-тай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалтын гэрээг байгуулан дулаан түгээх үйл ажиллагааг эхлүүлсэн боловч 2020 оны 5 дугаар сарын 15-нд Э ХХК-тай гэрээг дахин байгуулсан байдаг. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр хуралдаанаар төсөвт албан байгууллагуудаас халаалтын горимд доголдол гарч байгаа тухай мэдээлэл, үнийн зөрүүгээс өрийн дарамтад орох нөхцөл байдал үүссэн мөн уурын зуухны ажилчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, ажлын ачаалал 2 дахин нэмэгдсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэх ерөнхий боловсролын сургуулийн 8 гэрээт ажилтны гарын үсэг бүхий өргөдөл гомдол зэргийг тус хурлын хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцүүлсэн болно. Цаашид сумын Засаг даргад тус гэрээг болон үйл ажиллагааг судалж уг асуудлыг 2 дугаар хуралдаанд оруулж ирэхийг тэмдэглэлээр болгосны дагуу Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд халаалтын үйл ажиллагааны доголдлыг шалгуулахаар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/447 тоот албан бичгээр хүсэлт явуулсны дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг газар дээр нь ирж ажиллаж 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 тоот албан бичгээр Э ХХК-д 8 зүйл заалт бүхий ажил сайжруулах үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Гэтэл тухайн үүрэг даалгавраас сүлжээний 1 насосыг солихоос бусад 7 зүйл заалт бүхий үүргийг биелүүлээгүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр уг асуудлыг хэлэлцүүлж тухайн өдрийн 07 тоот тогтоолоор “З” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлахыг үүрэг болгосон. Үүний дагуу 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 тоот албан бичгээр “З ХХК”, Э ХХК-тай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн болно.

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/400 тоот албан бичгээр Э ХХК-д “Эрдэнэмандал суманд Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийгдэж буй цэвэр усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ, уурын зуухны өргөтгөлийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг бий болгож зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн болно. Гэрээний 6.1.1 дэх хэсэгт Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй бол А тал гэрээг цуцлах тухай мэдэгдлийн Б талд бичгээр хүргэнэ гэж заасны дагуу тус гэрээний 6.1.3 дахь хэсэгт заасан Б тал гэрээг цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаанд гэрээг зөрчсөн нөхцөл байдлаа залруулаагүй, залруулах хөтөлбөр ирүүлээгүй бол гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа цуцлагдана гэж заасныг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 тоот албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн болно. Сумын ерөнхий боловсролын сургуулийн өмчлөлийн уурын зуухыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байхдаа Э ХХК-ийн инженер техникийн нэг ч ажилтан тогтмол ажиллуулаагүй, 8 галчийн цалинг ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс өгч байсан болно. Компанийн зүгээс сум орон нутагт нэг ч хүн цалинжуулж ажлын байраар хангаагүй.

Улмаар 05 тоот тогтоолоор сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан болно. Энэхүү үйлдвэрийн газар нь дан ганц дулаан үйлдвэрлэх түгээх бус бохир, цэвэр усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ, зам гүүр, тохижилт үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах үүрэг бүхий газар юм. Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3ж заалт, 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2.4 дэх заалтуудыг үндэслэн тогтоол шийдвэрээ гаргасан болно. Одоогоор сум орон нутагт байгуулагдсан “ЭХДБ” ОНӨААТҮГ нь сумын төвийн төвлөрсөн халаалт, цэвэр усан хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хэвийн хангаж, шинээр 9 хүнийг байнгын ажлын байраар ханган, жигд тогтвортой үйл ажиллагааг явуулж байна. Иймд Э ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

12. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь “З” ХХК-ийн охин компани гэдэг боловч “З” ХХК-ийн охин компани болох талаар баримт хэрэгт авагддаггүй. Мөн Э ХХК нь гадаад худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогддог. Архангай аймгийн Эрдэнэмандал сум нь 2019 онд эхэлж “З” ХХК-тай 50 жилийн хугацаатай дулааны төвлөрсөн нэгдсэн дулаанаар хангуулах тухай илтэд нэг талд ашигтай, нөгөө талдаа хохиролтой гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Э ХХК болон “З” ХХК-тай ашигтай улсад хохиролтой гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдаж сумыг нэгдсэн дулаанаар хангах ажлаа Э ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Улсын төсвөөс төсөвлөгдсөн мөнгөө авдаг хэрнээ яг ид хүйтний үед Эрдэнэмандал сум хөлдөлтийн байдалд орсон. Эрдэнэмандал сумын Сургууль, Цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг хөлдөлтийн байдалтай маш хүнд хэцүү байна гэдэг гомдол санал Засаг даргад удаа дараа ирсэн. Үүнтэй холбоотой сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал асуудлыг хэлэлцээд гэрээг эргэж харах шаардлагатай болсон. Үүний улмаас “З” ХХК болон Э ХХК-д мэдэгдэл, хүсэлт удаа дараа өгч байсан. Ингэхдээ гэрээнийхээ дагуу хууль ёсны ажлаа хийгээч гэдгийг удаа дараа мэдэгдсээр ирсэн. Гэтэл Э ХХК нь ямар нэгэн хариу өгдөггүй. Э ХХК нь хэлэхдээ бид өөрсдийнхөө зардлаар тоног төхөөрөмж авчирсан гэдэг. Шүүхээс үзлэг хийхэд сургуулийн уурын зуухыг ажиллуулж байсан болох нь тогтоогдсон. Дулаанаар яагаад муу хангасан бэ гэхээр ажлаа хаяж явсан. Дулаанаар хангах үүргээ ерөөсөө биелүүлээгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараар шугам хоолой нь зэвэрсэн учраас бид дулаанаар хангаж чадаагүй гэсэн зүйл яриад байна. Гэтэл сургуулийн шугам сүлжээ нь хэвийн хэмжээндээ байдаг. “ЭХХК нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй дулаанаар сумын хангаж чадахгүй байдалд хүрсэн учраас Долоон бар ХХК-д манай сум хүнд хэцүү байдалд орсон учраас дулаанаар хангаж өгнө үү гэсэн санал, хүсэлтийг тавьсан. Долоон бар ХХК нь урьд нь дулаанаар хангах сонгон шалгаруулалтад орж байсан учраас Долоон бар ХХК-ийг мэргэшсэн дагнасан байгууллага гэдэг үүднээс санал тавьсан. Сум хөлдөлтийн байдалд орсон байх үед Долоон бар ХХК-ийн хүчээр тэр өвлийг өнтэй давахад тусалж дулаанаар хангасан байдаг. Архангай аймгийн Эрдэнэмандал сум нь нийтийн эрх ашгийг хохироохгүйн тулд Засгийн газраас хэрэгжүүлсэн шинэ сум төслийн хүрээнд Этөрийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдэг байгууллагыг байгуулахаас өөр аргагүй болсон. Одоогоор Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулааны асуудал шийдэгдсэн байгаа. Мөн Э ХХК нь гэрээгээр сумыг нэгдсэн дулаанаар хангана гэж гэрээ байгуулсан. Тухай үед 8 галч ажилладаг байсан. Улсын төсвөөс цалинждаг. Уг нь ЭХХК-тай дулаанаар хангах гэрээ байгуулсан атал тэр 8 галч ээлжээр ажиллаж сургуулиас цалинждаг байсан. Ид хүйтний үед ажлаа хаяж явсан учраас сумын иргэдийн Төлөөлөгч болон Засаг дарга зайлшгүй арга хэмжээ авахаас аргагүй нөхцөлд хүрсэн. Энэ нөхцөлийг гэрчүүд маш тодорхой хэлдэг. Сургуулийн захирал Ч.Ц хүүхдийн дотуур байр болон сургууль хөлдөлтийн байна гэдгийг хэлж иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргад хандсан байдаг. Мөн эмнэлгийн захирал гэрчээр мэдүүлэг өгдөг. Есөнжин мөн мэдүүлэг өгсөн. ЭХХК нь хөлдөлтийн байдалд орсон талаараа бидэнд мэдэгдээгүй гэж ярьсан. Гэтэл Засаг даргаас гэрээний үүргээ биелүүлээч гэсэн албан бичиг өгч байсан нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдон тогтоогддог. ЭХХК нь дулаанаар хангах үүргээ биелүүлэхгүй байсан учраас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга Л, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нар хуралдаж шийдвэр гаргаад Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хандсан. Энэ тусгай зөвшөөрөлтэй компани сумыг төвлөрсөн дулаанаар хангах үүргээ биелүүлэхгүй байна арга хэмжээ авч өгнө үү гэсэн. Гэтэл Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Э ХХК нь 8 шаардлагыг биелүүлээгүй, хангалтгүй ажиллаж байна. Мөн нүүрсний нөөцөө буруу хэлсэн байна. ЭХХК нь 160 тонн нөөцтэй гэж хэлсэн. Гэтэл Архангай аймгийн зохицуулах зөвлөлөөс газар дээр нь шалгахад 60 тонн нүүрсний нөөцтэй байсан. Ийм зөрчил дутагдал илэрсэн энэ зөрчил дутагдлаа арилгах шаардлагыг хүргүүлдэг. Үүний дагуу нэг л шаардлагыг биелүүлдэг. Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс бид нарын ажлыг сайн дүгнэсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл 3 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд Архангай аймгийн Өлзийт сумыг Э ХХК нь дулаанаар хангадаг үйл баримт тогтоогддог. Э ХХК нь Өлзийт сумыг дулаанаар хангадаг болох нь 3 дугаар хавтаст хэргийн 3, 70 дугаар хуудсанд байгаа. Хийсэн ажлыг сайн гэж дүгнээгүй талаарх баримт хэрэгт авагдсан. Эдгээр зөрчил дутагдлуудыг гаргаад байсан удаа дараагийн шаардлага тавихад биелүүлдэггүй нөхцөл байдал үүсээд байсан учраас Засаг дарга хууль ёсны арга хэмжээг авсан. Дээрх үйл баримтууд нь хэргийн материалд авагдсан байгаа учраас гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёр дахь шаардлага нь Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийм хууль эс үйлдэхүйг Засаг дарга гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах 5 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь өөрөө ЭХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөн байдлаас болж “Хөгжлийн дэд бүтэц” компанийг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах зайлшгүй шаардлагатай болж одоо хүртэл дэд бүтэц сумыг төвлөрсөн дулаанаар хангаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлсэн шинэ сум төслийн хүрээнд Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн хурал өөрсдөө хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хөгжлийн дэд бүтцийг байгуулсан. Хуульд зааснаар байгуулах эрхтэй. Тиймээс нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

13. Гуравдагч этгээд “ЭХДБ” ОНӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: “ЭХДБ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулагдсан. Дүрэмд заасны дагуу төрийн албан хаагчдыг албан тушаалаар, мөн иргэний төлөөллийг нэр заан баталж өгсөн. 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 тоот дүрэм, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17 тоот тогтоолоор шинэчлэн баталсан дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа болно гэжээ.

14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:ЭХДБ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах шаардлага гарсан бэ гэхээр 2020 оны 12 дугаар сараас эхлээд дулааны доголдол үүсэж уурын зуухны ажиллагаа доголтой байсан учраас тухайн орон нутгийн Засаг захиргаа нь Э ХХК-д шаардлага тавьж биелүүлээгүй учраас аргаа бараад аймгийн Эрчим хүчний зохицуулах хороонд өргөдөл гомдол гаргаж шалгуулсан. Ингээд 8 төрлийн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Тэгээд 1 дүгээр сард дахин дулааны үйл ажиллагаа доголдсон. Ийм нөхцөл үүссэн учраас дарга нар хуралдсан. “З” ХХК нь дулааныг хариуцдаг юм шиг. Нэг болохоор Э ХХК нь дулааныг хариуцах ёстой юм шиг яригдаад байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар манайх “З” ХХК-ийн охин компани гэж тайлбарлалаа. Гэтэл төлөөлөгч нь  “З” ХХК нь манайд хамааралгүй, тус тусдаа санхүүгийн асуудлаа зохицуулдаг гэж тайлбарлаж байгаа учраас ямар учиртай нь мэдэгдэхгүй байна. Засаг дарга Э ХХК-тай яагаад гэрээ цуцлах тухай асуудал болсон гэхээр “З” ХХК-ийн захирал Д.Бямбадорж эдгээр хүмүүстэй 2021 оны 02 дугаар сард ярилцаад та нар дулаанаар хангаж чадахгүй бол манайх хариуцна гэж ярилцсан байдаг. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 дүгээр тогтоолыг гаргах гээд хуралдаж байх явцад Д.Бямбадорж дээрх асуудлыг ярьсан учраас үүнийг шийдвэрлэхгүй бол болохгүй гэж үзээд шийдсэн байдаг. Гэрээ цуцлахдаа яасан гэхээр “З” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан. Хэрэв Э ХХК нь “З” ХХК-ийн охин компани байсан бол үргэлжлүүлээд ажлыг нь авсан бол “З” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан байгаа тохиолдолд Э ХХК-ийн гэрээ цуцлагдах үндэслэлтэй. Хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд “З” ХХК нь Э ХХК нь манай охин компани учраас энэ байгууллагад тусгай зөвшөөрлийг нь өгчих гэсэн нөхцөл нь хавтаст хэргийн материалд авагдсан байгаа. 2 дугаар сар нь ид хүйтний үе гэдгийг та бүрэн мэдэж байгаа. Уурын зуухыг ажиллуулахгүй байгаа тохиолдолд сумын удирдлагууд ямар нэгэн аргаар дулааныг өгөхгүй бол Сургууль, Эмнэлгийн үйл ажиллагаа  зогсоно. Тиймээс “Долоон бар” компанид хандаж 5 сар хүртэл ажиллаж өгнө үү гэдэг хүсэлт тавьж ажиллуулсан. Намар дахиад дулааны асуудал үүсэх учраас улсын үйлдвэрийн газар байгуулах нь оновчтой гэсэн шийдэлд хүрсэн. Тэр үед шинэ сум төсөл гараад шинэ сум төсөлтэй холбогдуулан уг байгууллагыг байгуулсан. Өөрөөр хэлбэл ус, дулаан, хот тохижуулалтыг нийлүүлсэн аж ахуйн нэгж байгуулсан. Нэхэмжлэгч талаас Сургууль, Эмнэлэг хэл ам хийсэн гэж ярилаа. Сургууль, Эмнэлэг хоёрт 24 цагийн турш ихэнхдээ хүнтэй байдаг. Бусад байгууллага нь өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл ажилладаг. Тэгэхээр өдөржин хүүхдүүд сургууль дээрээ хичээлээ яаж хийх юм, эмнэлгийн хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс яаж байх юм бэ. Дулаан хангамжийг сайн байлгахын тулд хэлэлцээр хийх гэж зөндөө үзсэн. Сүүлдээ Д.Бямбадорж нь дээрх байдлыг хэлэхээр нь гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгөөд 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч талаас хариу ирсэн. Нэхэмжлэгч талаас ирсэн хариуг хараад дахин 03 дугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлахыг мэдэгдсэн. Ингэж хариу өгснөөс хойш энэ тал Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчид хандсан зүйл байхгүй. Тэгээд 2021 оны 08 дугаар сард тоот ирүүлсэн. Тэр тоотод бид нар цаашид ажиллах боломжтой гэдэг. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлахыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Гэтэл 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хариу өгөхгүй байж байснаа 8 дугаар сарын 31-ний өдрийн хугацаа хүртэл хариу ирүүлээгүй учраас Засаг дарга гэрээгээ цуцлахаас өөр замгүй болсон. Иргэний хуульд нэг тал гэрээ цуцлах санал хүргүүлээд хариу өгөхгүй бол зөвшөөрч байна гэж үздэг. Тиймээс зөвшөөрч байна гэж үзэж дараагийн ажлаа явуулахаас өөр аргагүй болсон. Тэгээд 8 дугаар сарын 31-ний өдөр ингэж хариу өгчхөөд чимээгүй байж байснаа 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа Засаг даргын гэрээ цуцалсан үйлдлийг зогсоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуулийг зөрчсөн үйлдэл байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

1. Анх Э ХХК нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан. (1 дүгээр хавтаст хэргийн 1-3 дахь тал)

2. Үүний дараа нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага гаргаж, хамтран хариуцагчаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал)

3. Хожим нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээ өөрчлөн, тодруулж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай 05 дугаар тогтоолын халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг Архангай аймгийн иргэдийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах болгосон. (3 дугаар хавтаст хэргийн 163 дахь тал)

 

4. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгчээс тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох эсэх, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа эсэхийг нэхэмжлэгч талаас дахин тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн байдлаар дахин өөрчлөөгүй, дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно.

 

5. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэргийг шийдвэрлэсэн болно.

6. Нэхэмжлэгч Э ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал)

7. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 тоот тогтоолоор сумын төвийн төвлөрсөн халаалтай болгох тухай саналыг хэлэлцээд “З” ХХК-тай гэрээ байгуулах саналыг дэмжиж, гэрээ байгуулахыг сумыг Засаг дарга /Э.Б/-т зөвшөөрсөн байдаг. (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал)

8. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “З” ХХК-тай дээрх агуулга бүхий гэрээ байгуулсан байх бөгөөд тус компанийг төлөөлөн иргэн П.З гэрээнд гарын үсэг зурсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 17-20 дахь тал)

9. Үүний дараа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор сумын төвийг төвлөрсөн халаалттай болгох тухай сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд Э ХХК-тай гэрээ байгуулах саналыг дэмжихээр шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал)

10. Ийнхүү Эрдэнэмандал сумын Засаг дарга Э.Болдбаатар, Э ХХК-ийн захирал П.З нар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээг байгуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал)

11. Харин хожим нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 тоот тогтоолыг хүчингүй болгож, тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан “З” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлахыг сумын Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал)

12. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлд “ ... сургуулийн захирал Ч.Ц халаалтын өр үүсэх нөхцөл бүрдэж байгаа асуудлаар тайлбар гаргаж, Э ХХК-тай байгуулсан гэрээг судлах талаар хэлэлцсэн байна ...”, улмаар Эрдэнэмандал сумын Засаг даргаас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/447 дугаар албан бичгээр: “Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд тус сумын халаалтын үйл ажиллагаанд доголдол үүссэн талаар мэдэгдэж, Э ХХК-ийн халаалтын асуудлыг хэвийн хэмжээнд хүргэх асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

13. Дээрх албан бичгийн дагуу Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар албан бичгээр: Э ХХК-д халаалтыг дутуу нийлүүлсэн, дулааны үйл ажиллагаа доголдсон нь тогтоогдсон болохыг дурдаад 8 заалт бүхий зөрчил арилгах мэдэгдлийг хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал)

14. Эрдэнэмандал сумын сум дундын эмнэлгээс 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар албан бичгээр “ ... тус сумын төрөх тасгийн жигүүр халахгүй хөлдөх эрсдэл өндөр байгаа тул холбогдох газарт мэдэгдэж өгнө үү ...” гэх, Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний 142 дугаар албан бичгээр “ ...  тус сургуулийн уурын зуух нэгдсэн халаалтад шилжсэнээс хойш 640 хүүхдийн хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байр, 100 хүүхдийн дотуур байрнууд хэвийн хэмжээнд бүрэн халахгүй, 100-гийн байрны төгсгөл, 640 хүүхдийн хичээлийн байрны 3 давхар тус тус хөлдөлтийн байдалд хүрээд байна ...” гэх агуулга бүхий хүсэлтийг Эрдэнэмандал сумын Засаг даргад тус тус хүргүүлж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн  197-198 дахь тал)

15. Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Э ХХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг “Сайн” үнэлгээтэй дүгнэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал)

16. Мөн Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн  2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар албан бичгээр “...Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 3 дугаар хурлаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2020 онд мөрдөж ажиллах зорилтын нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” асуудлыг хэлэлцэн тус компанийн дулаан хангамжийн үйл ажиллагааг 06 тогтоолоор “сайн” үнэлгээгээр дүгнэсэн. Сумын удирдлага, тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК-ийн хооронд маргаан үүсэж 2021 онд дулаан хангамжийн үйл ажиллагаа эрхлээгүй тул тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг дүгнэх боломжгүй. Зохицуулах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 тоотоор 8 зүйл бүхий албан шаардлага хүргүүлсэн. Э ХХК холбогдох зөрчлүүдийг арилган ажиллаж, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 21/04 тоот албан бичгүүдээр шаардлагыг биелэлтийг ирүүлсэн.  Тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А/10 тоот албан бичгээр ирүүлсэн 2020 оны нөхцөл  шаардлагын биелэлтийн тайланг үндэслэн Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит 3 дугаар хурлыг хэлэлцэн дүгнэсэн болно. (тухайн оны нөхцөл шаардлагыг дараа онд дүгнэдэг)” гэжээ.  (3 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал)

17. Э ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 03 дугаар “Хэрэглэгчийн хүсэлт шийдсэн тухай” албан бичигт: Э ХХК-ийн инженер техникийн ажилтнууд нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Эрдэнэмандал суманд ажиллаж дараах асуудлыг шийдвэрлэсэн. Сүлжээний усны насос /22 квт-ийн эргэлт-3000 эр/мин/ хоёр ширхгийг сольсон. Хэрэглэгч байгууллагуудын тавьсан санал гомдлуудыг засварлаж шийдвэрлэсэн ...” гэжээ. (3 дугаар хавтаст хэргийн 4  дэх тал)

18. Түүнчлэн Э ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А/10 дугаар “албан тоот хүргүүлэх тухай” албан бичгээр “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелэлтийн тайланг заалт бүрээр баримтжуулж аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд тайланг хавсралаар хүргүүлсэн байна. (3 дугаар хавтаст хэргийг 6-51 дэх тал)

19. Эрдэнэмандал сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 дугаар албан бичгээр: “З” ХХК-д “... нэг талыг хэт барьсан, хэт урт хугацаа тогтоосон, нэг талын гэрээнээс татгалзах боломжийг хязгаарласан Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, ашиглалтын гэрээ” гэх талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээг 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон, цуцалж байгаа талаар мэдэгдэж, хувийг Э ХХК-нд хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал)

20.  Улмаар дээрх албан бичгийн дагуу Э ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 021/008 дугаар албан бичгээр: “Танай 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 тоот дугаартай “Гэрээ цуцлах тухай” албан тоотод дараах албан бичгээр хүргүүлж байна гээд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлгүй талаар дурдаж, гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрөхгүй талаар” мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн  167-168 дахь тал)

21. Тус сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/400 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр: Э ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн талаар дурдаж, цаашид “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийгдэж буй бохир цэвэр усан хангамж, ариутгах татуурга цэвэрлэх байгууламж,дулааны шугам сүлжээ, уурын зуухны цогц авч хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг бий болгохоор төлөвлөж байгаа тул Э ХХК-иас байршуулсан 2 мегаваттын 1 зуух, усан эргэлтийн насосоо яаралтай татан авч төрийн өмчийн объектыг чөлөөлж өгөх талаар мэдэгдэл хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн  76-77 дахь тал)

22. Нэхэмжлэгч Э ХХК-ийн  2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 034 дүгээр албан бичгээр: “...Эрдэнэмандал сумын Засаг даргад  тус сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/400 дугаартай албан бичгийг хүлээн авсан талаар дурдаж”, хариу хүргүүлсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн  61-62  дахь тал)

23. Мөн  Э ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар албан бичгээр сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулсан талаарх тогтоол, шийдвэр гарсан эсэх, хэрэв гарсан бол холбогдох шийдвэр, баримтыг ирүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүссэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн  61-62 дахь тал)

24. Улмаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр: “... 2021 оны 9 дүгээр сарын 3-ний өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай” тогтоол гарсан талаар мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 176 дахь тал)

25. Архангай аймгийн  Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ний өдрийн 5 дугаар “Сумын дэд бүтэц хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3. “ж” дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.2.4. дахь заалтуудыг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сум” төслийн хүрээнд хийгдэж буй цэвэр усан хангамж, бохир цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ, зам, гүүр тавих цогц ажил дуусаж байгаатай холбогдуулан Эрдэнэмандал сумын төсөвт байгууллагууд, аж ахуй нэгж, айл өрхүүдийг стандарт хангасан үйлчилгээгээр хангах, шугам сүлжээ, халаалт, цэвэр, бохир, тохижилт үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах үүрэг бүхий сумын дэд бүтцийг хариуцсан “ЭХДБ” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, тус газрын дүрэм, зохицуулах журмыг хавсралтаар баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 79-89 дэх тал)

26. Сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр “Тогтоол цуцлах тухай” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1., Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1., 60 дугаар зүйлийн  60.1.7.-д заасныг тус тус үндэслэн “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолыг цуцалсан байна. (3 дугаар хавтаст хэргийн 85 дахь тал)

27. Өөрөөр хэлбэл  анх Э ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр “Тогтоол цуцлах тухай” эл тогтоолоор хүчингүй болгосон байна.

28. Нэхэмжлэгч талаас дээрх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр “Тогтоол цуцлах тухай” тогтоолтой холбогдуулан тус  шүүхэд маргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн зарим асуудлын тухайд

29. Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хариуцагч нарт мэдэгдсэн ч хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч Эрдэнэмандал сумын Засаг даргаас эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь  хариуцагч нарыг “...байлцуулахгүйгээр тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

30. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн (1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал) уулзалтын тэмдэглэлийг  нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан.

 

 31. Тус шүүхээс шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж хэрэгт авагдсан “З” ХХК-ийн захирал Д.Бямбадоржтой уулзсан 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийг үнэлээгүй, хэргийн оролцогч тухайн нотлох баримттай холбогдуулж шаардлага, үндэслэл, тайлбар гаргаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байхад уг баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж нотлох баримтаас хасах шаардлагагүй гэж үзсэн.

 

32. Өөрөөр хэлбэл шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2. дахь  хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж зааснаар өөр бусад нотлох баримттай харьцуулсан судалж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцсэний дараа шүүх өөрийн дотоод итгэлээр уг нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлэх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.1., 32.6. дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүнээс тогтоол гарч, хэргийн оролцогчоос тус тогтоолд гомдол гаргахгүй гэсэн тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд

Нэг. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай 05 дугаар тогтоолын халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

33. Нэхэмжлэгч нь анх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргаж энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байдаг.

34. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай 05 дугаар тогтоолын халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөн.

35. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгчийн эрх юм.

 

36. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэг Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.3.-т орон нутгийн өмчийн талаар: ж/орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах; гэж,

37. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна., 2. дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй: 4/-т орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж тус тус заажээ.

38. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах, ингэхдээ иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрхтэй байна.

39. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоолыг баталж, тус тогтоолын 3 дахь заалтаар сумын дэд бүтцийг хариуцсан ЭХДБ орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж тус газар үүнээс хойш сумын дулаан халаалт, дэд бүтцийн асуудлыг хариуцан ажиллаж байна.

40. Тодруулбал, Эрдэнэмандал сумын халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэх, уг асуудлаар орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, дүрмийг батлах шийдвэр гаргах эрх хэмжээтэй ажээ. Үүнээс үзвэл, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төсөвт байгууллагууд, аж ахуй нэгж, айл өрхүүдийг стандарт хангасан үйлчилгээгээр хангах, шугам сүлжээ, халаалт, цэвэр, бохир, тохижилт үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах үүрэг бүхий сумын дэд бүтцийг хариуцсан ЭХДБ орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна.

Хоёр. Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг Архангай аймгийн иргэдийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах шаардлагын тухайд

41. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай.

42. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгчээс тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох эсэх, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа эсэхийг нэхэмжлэгч талаас тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно.

 

43. Даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбоотойгоор эсхүл шаардагдах захиргааны акт гаргахаас татгалзсан хууль бус татгалзалтай холбогдуулж гаргадаг.

              

44.  Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар “захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах...” Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд... шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж заасан.

 

45. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.”

46. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар хариуцагчид хандаж байсан эсэх тогтоогдоогүй бөгөөд нөгөө талаар   нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн эл шаардлагадаа дурдсан асуудлаар гаргасан хүсэлтийг хариуцагчаас хүлээн авахаас татгалзсан шийдвэр эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан эсэх нь тогтоогдсонгүй.

47. Мөн нэхэмжлэгч компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргах асуудлаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандаж байгаагүй, эл асуудлаа ямар нэг байдлаар шийдвэрлүүлж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч ч ийнхүү хандаагүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

48. Нөгөөтээгүүр сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006)-ийн 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэгт зааснаар “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй...”

49. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.”, 2. дахь хэсэгт “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй: 4/-т орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэж тус тус заажээ.

50. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т ”Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, мөн хуулийн 42.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж заажээ.

51. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах, ингэхдээ иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрхтэй байна.

52. Тодруулбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас сумын хэмжээнд халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэх, уг асуудлаар орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах эсхүл өөр бусад этгээдээр гэрээний үндсэн дээр эл ажлыг гүйцэтгүүлэх эсэх асуудалтай холбоотойгоор шийдвэр гаргах эрх хэмжээ нь тухайн захиргааны байгууллагын сонгох боломжид хамаарч шийдвэрлэгдэхээр байна.

53. Иймд хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг тус асуудлаар хууль бус эс үйлдэхүй, татгалзал гаргасан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг эл үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Гурав. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах шаардлагын тухайд

54. Анх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор сумын төвийг төвлөрсөн халаалттай болгох тухай сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд Э ХХК-тай гэрээ байгуулах саналыг дэмжихээр шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгажээ. Ийнхүү Эрдэнэмандал сумын Засаг дарга Э.Болдбаатар, Э ХХК-ийн захирал П.З нар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ байгуулсан байдаг.

55. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах эрхийг Засаг даргад олгосон эрх олгосон шийдвэр буюу Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” 15 дугаар тогтоолоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор цуцалж хүчингүй болгож шийдвэрлэжээ. (3 дугаар хавтаст хэргийн 85 дахь тал)

56. Ийнхүү халаалтын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ захиргааны байгууллагаас хүчингүй болгосноор нэхэмжлэгч нь Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 15 дугаар тогтоолын дагуу цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж нэхэмжлэгч компанийн эрх тус тогтоолоос үүдэлтэйгээр хөндөгдсөн байна.

57. Нэхэмжлэгч нь тус тогтоол гарсныг хэргийн материалтай танилцах явцад мэдсэн бөгөөд тогтоолтой танилцаагүй, мэдээгүй гэж тайлбарладаг. 

58. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд энэхүү эрхээ нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эдлэх боломжтой юм.

 

59. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгчээс тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох эсэх, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа эсэхийг нэхэмжлэгч талаас тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, дэмжиж оролцохоо илэрхийлсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

60. Ийнхүү эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосноор анхны Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний 15 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгч болон Эрдэнэмандал сумын Засаг дарга нарын хооронд  2020 оны 5 дугаар сарын 14-ний оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт, ашиглалтын гэрээ” нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байдал нь алдагдсан байна. Тус гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байдал нь хангагдаж байж хууль зүйн үйлчлэл үзүүлэх ёстой.

61. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр “Тогтоол цуцлах тухай” тогтоолоор “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолыг цуцалсан  учраас 15 дугаар тогтоолоор Засаг даргад олгосон эрх хэмжээ нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус болсон байна. Иймд гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

62. Нөгөөтээгүүр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоолыг баталж, тус тогтоолын 3 дахь заалтаар сумын дэд бүтцийг хариуцсан ЭХДБ орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, үйл ажиллагааг жигдрүүлэхийг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

63. Дээрх үйл баримтаас үзвэл маргаан бүхий гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх, Эрдэнэмандал сумын Засаг даргыг гэрээг үргэлжлүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

64. Харин нэхэмжлэгч Э ХХК нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзвэл үүнээс учирсан хохирлыг арилгуулах асуудлаар шаардах эрхээ эдлэх боломжтой юм.

65. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Эрдэн мандал дулаан” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3., 106.3.14., 106.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 18.1 дэх хэсгийн 18.1.3. ж/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4/, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э ХХК-иас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрдэнэмандал сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолын халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг Архангай аймгийн иргэдийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ

ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН