Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0324

 

 

                         “Э М Д” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Нэхэмжлэгч: “Э М Д” ХХК,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

                    Мөн сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Э Х Д Б” ОНӨААТҮГ,

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” тогтоолоос халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах”,

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.У нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 109/2022/0002/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э М Д” ХХК нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг дарга нарт тус тус холбогдууланАрхангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” тогтоолоос халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1 дэх хэсгийн 18.1.3. ж/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4/, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Э М Д” ХХК-иас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрдэнэмандал сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолын халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг Архангай аймгийн иргэдийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүх “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 4-т зааснаар “... хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах, ингэхдээ иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх” эрхтэй. Тодруулбал, Эрдэнэмандал сумын халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэх, уг асуудлаар орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, дүрмийг батлах шийдвэр гаргах эрх хэмжээтэй ажээ. Үүнээс үзвэл ... Э Х Д Б орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь “Шинэ сум” төслийн хүрээнд Эрдэнэмандал суманд бий болсон хөрөнгийн өмчлөгчийн эрхийг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эсхүл Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аль нь хэрэгжүүлж буйд дүгнэлт өгөхгүйгээр “Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус сумын халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэх, уг асуудлаар орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, дүрмийг батлах шийдвэр гаргах эрх хэмжээтэй” гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэдийгээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхтэй” гэж заасан ч энэхүү заалт нь тухайн хурлын зөвхөн өөрийн өмчлөлд хамаарах зүйлсийн хүрээнд шийдвэр гаргах эрх хэмжээг тусгасан зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн өмчийн зүйлсийг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байх бөгөөд уг өмчийнхөө хүрээнд холбогдох шийдвэр гаргах эрхтэй.

3.2. Хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 159 дүгээр албан бичигт “... 2020-2021 онд улсын төсвийн 3999.0 сая төгрөгийн төсөвт сумын төвийн шинэчлэл төсөл хэрэгжиж Эрдэнэмандал сумын төсөвт байгууллагуудын халаалтын шугамыг өргөтгөх, цэвэр, бохир усны шугам, хатуу хучилттай зам, цэвэр усны насос станц, усан сан , бохир ус цэвэрлэх байгууламж бохир усны шугамын ажил хийгдсэн. Дээрх шугам сүлжээний өмчлөлтэй холбоотой шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар өмчлөгчийн эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлж байна ...” гэж дурдсан.

Үүнээс үзэхэд “Шинэ сум” буюу “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд бий болсон хөрөнгө нь аймгийн өмч бөгөөд өмчлөгчийн эрхийг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхээр, түүнчлэн орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах эрх нь мөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынх байна. Гэтэл Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмчид хамаарах асуудлаар “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 тоот тогтоол гаргасан. Гэвч шүүх уг тогтоолыг “хууль зүйн үндэслэлтэй, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр” гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ... хэрэгжүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

3.3. Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 тоот “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” тогтоолоос халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад огт дүгнэлт өгөөгүй. Маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, мөн уг нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар огт дурдаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй. Шүүхээс зөвхөн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 тоот тогтоол гаргах эрхтэй” гэж дүгнэсэн. Гэвч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаан бүхий тогтоолыг гаргах эрх хэмжээтэй байх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэсэн ойлголт биш.

3.4. Мөн анхан шатны шүүхийн 109/ШШ2023/0005 тоот шийдвэрт “... Сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр “Тогтоол цуцлах тухай” тогтоолоор “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолыг цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, анх “Э М Д” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тогтоолыг “Тогтоол цуцлах тухай” эл тогтоолоор хүчингүй болгосон байна” гэжээ.

Гэвч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Тогтоол цуцлах тухай” 4 дүгээр тогтоолд “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосон гэсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Харин “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” 15 дугаар тогтоолыг цуцалсан гэж товч тодорхой дурдсан байдаг. Тухайн тогтоолыг цуцлах болон хүчингүй болгох нь эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэдэг байтал шүүх “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” 15 дугаар тогтоолыг цуцалснаар уг тогтоолыг хүчингүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.5. Түүнчлэн шүүх маргаан бүхий гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй байх нэг үндэслэлээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр “Тогтоол цуцлах тухай” тогтоолтой холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, “ “Тогтоол цуцлах тухай” тогтоолоор “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолыг цуцалснаар маргаан бүхий гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байдал нь алдагдсан мөн 15 дугаар тогтоолоор Засаг даргад олгосон эрх хэмжээ нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус болсон байна” гэж дүгнэсэн.

3.6. Гэвч “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” 15 дугаар тогтоолыг цуцалснаар нэхэмжлэгч болон хариуцагч Эрдэнэмандал сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г шууд эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус болсон гэж дүгнэх, мөн уг тогтоол нь Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй. Учир нь шүүх “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” 15 дугаар тогтоол нь хэдийгээс хэдий хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсныг мөн нэхэмжлэгчийн маргаж буй сумын Засаг даргын хууль бус үйлдэл аль хугацаанд хамаарч байгаад бодитой дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

3.7. Түүнчлэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 тоот “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” тогтоол гаргах үед мөн тус сумын Засаг дарга маргаан бүхий гэрээг үргэлжлүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байх хугацаанд “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” 15 дугаар тогтоол хучин төгөлдөр үйлчилж байсныг шүүх анхаарч үзээгүй. “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” 15 дугаар тогтоолыг цуцалснаар цуцлахаас өмнө үүссэн аливаа эрх, үүрэг дуусгавар болохгүй.

3.8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй, хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 109/ШШ2023/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

4. Хариуцагч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо. 

2. Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3.  “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолоос халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын  тухайд.

            3.1. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “сумын төвийг төвлөрсөн халаалттай болгох тухай” сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд “Э М Д” ХХК-тай гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г байгуулсан, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр тогтоолоор “15 дугаар тогтоолыг цуцалсан” байна.

            3.2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолоор “... тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын Шинэ сум төслийн хүрээнд хийгдэж буй цэвэр усан хангамж, бохир цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ, зам, гүүр тавих цогц ажил дуусаж байгаатай холбогдуулан Эрдэнэмандал сумын төсөвт байгууллагууд, аж ахуй нэгж, айл өрхүүдийг стандарт хангасан үйлчилгээгээр хангах, шугам сүлжээ, халаалт, цэвэр, бохир, тохижилт үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах үүрэг бүхий сумын дэд бүтцийг хариуцсан Э Х Д Б орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, тус газрын дүрэм, зохицуулах журмыг хавсралтаар баталсан”, нэхэмжлэгчээс үүний халаалт, дулаантай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй.

            3.3. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар мөн Хурал нь орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэгтэй байна.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй, тодруулбал, бүс орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах эрхтэй байна.

3.4. Давж заалдах гомдолд “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн өмчийн зүйлсийг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байх бөгөөд уг өмчийнхөө хүрээнд холбогдох шийдвэр гаргах эрхтэй” гэх боловч дээрхээс үзвэл Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээр дурдсан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нийтийн эрх ашгийг харгалзан тус сумын төсөвт байгууллагууд, аж ахуй нэгж, айл өрхүүдийг стандарт хангасан үйлчилгээгээр хангах, халаалтыг бүрэн хариуцах үүрэг бүхий сумын дэд бүтцийг хариуцсан Э Х Д Б орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь баттай тогтоогдохгүй, тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосноор түүний зөрчигдсөн гэх ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.  

3.5. Дээрх байдлаар шүүх маргаан бүхий 05 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй, түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс цаашид дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргах асуудлаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандаж байгаагүй, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргах асуудлаар Захиргааны ерөнхий хуульд заасан эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон эрхэд халдаж дулааны үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг даалгах боломжгүй.

            4. “2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

                        4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл “Э М Д” ХХК нь халаалтыг дутуу нийлүүлсэн, дулааны үйл ажиллагаа доголдсон талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэж, сум дундын эмнэлэг, сумын Ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагуудаас энэ асуудлаар хүсэлтээ уламжилж байсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

4.2. “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-нд зааснаар “Э М Д” ХХК нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллах, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг дулаанаар хангах төв шугамыг өөрийн хөрөнгөөр байгуулан ашиглах, ашиглалт үйлчилгээнд тавигдах шаардлагад заасны дагуу өөрийн ашиглалтын үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах эрх, үүрэгтэй, мөн гэрээнд тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй бол Засаг дарга гэрээг цуцлах тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлэхээр, компани гэрээг цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаанд гэрээг зөрчсөн нөхцөл байдлаа залруулаагүй, залруулах хөтөлбөр ирүүлээгүй бол гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа цуцлагдахаар тодорхой тусгасан, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална”, 56.3-д “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэж тус тус заасан.

                        4.3. Эрдэнэмандал сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 дугаар албан бичгээр “ ... тогтоогдсон зөрчлүүдийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд арилган шийдвэрлэх, заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд хуульд заасан тодорхой арга хэмжээ авах тухай албан шаардлагыг “Э М Д” ХХК-д хүргүүлсэн ... гэрээний тодорхой зүйл заалтуудыг зөрчиж байна ... 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээг 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон, цуцалж байгаа” гэж  “Э М Д” ХХК-д мэдэгдсэн, “Э М Д” ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 021/008 дугаар албан бичгээр “... 1/57 дугаартай албан тоотод дараах албан бичгээр хүргүүлж байна, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлгүй талаар дурдаж, гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрөхгүй талаар мэдэгдсэн”, сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/400 дүгээр албан бичгээр “Э М Д” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн талаар дурдаж, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг бий болгохоор төлөвлөж байгаа тул төрийн өмчийн объектыг чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн”, “Э М Д” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 34 дүгээр албан бичгээр “... ус халаалтын тогоонууд, сүлжээний усны насос, бусад дагалдах тоног төхөөрөмжүүд, холбох хэрэгслүүдээ буцаан тайлж салгаж авах боломжгүй” гэж мэдэгдсэн зэрэг гэрээний үүргийн биелэлт, тогтоогдсон зөрчил, уг зөрчлийг арилгах талаар талуудын харилцсан байдал, мөн сумын дулааны хангамжгүй асуудал болон орон нутгийн нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг бий болгохоор төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн” зэрэг үйл баримтуудаас үзвэл хариуцагч шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож, дээр дурдсан асуудлын талаар нэхэмжлэгч мэдсэн гэж үзэхээр байна.

                        4.4. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр тогтоолоор “ “Э М Д” ХХК-тай гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгасан 15 дугаар тогтоолыг цуцалсан”, нэхэмжлэгчээс “... 15 дугаар тогтоолыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн” гэж тайлбарлах боловч шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч аливаа байдлаар маргаагүй, уг шийдвэр хүчин төгөлдөр байна.

                        4.5. Шүүхийн шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжтой байх үүднээс авч үзвэл шүүх Э Х Д Б орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан 05 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн, мөн “Э М Д” ХХК-д гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн тогтоол цуцлагдаж, эрх зүйн үр дагаваргүй болсон байх тул Эрдэнэмандал сумын Засаг дарга гэрээг үргэлжлүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах хууль зүйн боломжгүй.

                        Тодруулбал, Засаг дарга дангаар гэрээ байгуулах, гэрээг үргэлжлүүлэх эрх хэмжээгүйн дээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий 05 дугаар тогтоолоор “... сумын дэд бүтцийг хариуцсан Э Х Д Б орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, үйл ажиллагааг жигдрүүлэхийг сумын Засаг даргад даалгасан” шийдвэр ч мөн хүчин төгөлдөр байна.

4.6. Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг “гэрээг цуцлах” гэж ойлгоно. Энэ тохиолдолд хариуцагч сумын Засаг дарга “Э М Д” ХХК-д гэрээг цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 4 дүгээр тогтоолоор өмнө нь гэрээ байгуулах эрх олгосон 15 дугаар тогтоолоо цуцалснаар түүний дагуу байгуулагдсан гэрээний үүргийн харилцаа дуусгавар болно.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлуудыг нэрлэн заасан, 49 дүгээр зүйлийн 49.1-д захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болохоор, 49.3-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах тохиолдлуудыг тус тус нэрлэн заасан, шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол, нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд актыг цуцлах бөгөөд 49.5-д зааснаар захиргааны акт цуцлагдсанаар хүчин төгөлдөр бус болохоор байна.

Нэхэмжлэгч 4 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд маргаагүй бөгөөд шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул уг тогтоолоор 15 дугаар тогтоолыг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэх шаардлагагүй, гэхдээ нэхэмжлэгчээс “... 4 дүгээр тогтоолд 15 дугаар тогтоолыг “хүчингүй болгосон” гэсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй, харин “15 дугаар тогтоолыг цуцалсан” гэж товч тодорхой дурдсан, тухайн тогтоолыг цуцлах болон хүчингүй болгох нь эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэдэг байтал шүүх 15 дугаар тогтоолыг цуцалснаар уг тогтоолыг хүчингүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан тул захиргааны байгууллага өөрийн гаргасан актыг “цуцлах” болон “хүчингүй болгох” замаар эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгох талаарх зохицуулалтыг тайлбарлан хэрэглэснийг тэмдэглэх нь зүйтэй.

5. Нэхэмжлэгчээс “... хариуцагч нар бидний өмчлөх эрхэд шууд халдаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, бид өөрийн хөрөнгөөр уурын зуухыг ажиллуулсан, хөрөнгө их зарсан, манай компанийн хариуцсан дулааны асуудлыг өөр хүнд хариуцуулахаар өгвөл бидний хөрөнгө оруулсан мөнгө талаар болно, уг тогтоолын улмаас ирээдүйд ашиг олж чадахгүй” гэх зэргээр тайлбарлан маргах боловч нэхэмжлэгч гэрээний дагуу үйл ажиллагаагаа бүрэн хариуцаж явуулсан болохоо баримтаар нотолж чадахгүй, энэ тохиолдолд нийтийн эрх ашиг хөндөгдөж байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй, хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагаа нь ямар хуультай хэрхэн зөрчилдсөн талаар хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж маргаагүй бөгөөд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл хуульд заасан үндэслэлээр маргах эрх нь нээлттэй байна.

6. Мөн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 32 дугаар албан бичгээр 8 зөрчлийг арилгах талаарх мэдэгдсэн, нэхэмжлэгчээс “... зөрчлийг арилгасан, мөн халаалт хэвийн очихгүй байх нь сургуулийн олон жил болсон халаалтын шугам хоолойноос болсон байх магадлалтай, гэрээ 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр, гэрээг аль нэг тал эхэлж цуцлах санал, санаачилга гаргахгүй гэдгийг гэрээнд тусгасан” гэх боловч нэхэмжлэгч зөрчлийг бүрэн арилгаж, дулааныг хэвийн олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй, хариуцагчаас шүүх хуралдаанд “... Эрдэнэмандал орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хуучин тоног төхөөрөмжийг солиогүй, дулаанаа хэвийн хангаж байгаа” гэж мэдүүлсэн, түүнчлэн гэрээг 50 жилийн хугацаагаар байгуулсан нь тухайн хугацаанд талууд гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэхгүй байх, мөн уг хугацаанаас өмнө гэрээг цуцлахгүй байх үндэслэл болохгүй. 

7. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э М Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН