Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/01099

 

 

 

 

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/01099

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 3 234 292,06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунбилэг, З.Оюундарь

хариуцагч Б.******* нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 234 292,06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Иргэн Б.******* нь ******* *******тай 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1850001071 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгч Б.*******гийн ******* ******* дахь ******* тоот дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 27,500,000 төгрөг, зээлийн хүүд 9,350,130.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 295,541.97 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийн төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 371 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ******* удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн төлбөр 2,500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаарх хүү 626,620.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107, 671.23 төгрөг нийт 3,234,292.06 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна... гэв.

 

3. Хариуцагч Б.******* хариу тайлбартаа: ... Би 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр авсан зээлээ цаг хугацаанд нь төлөөд явж байсан. 2019 оны 7 дугаар сард би ажлаасаа гарсан. Тухайн үед ******* *******наас намайг дуудаж гэрээний хүүг нэмэгдүүлж төлбөрөө нэмэгдүүлсэн. Ажилгүй байх хугацаандаа зээлээ хугацаанд төлж чадаагүй тохиолдол байсан. Ковидын үеэр надад зээл төлөх хүндрэлтэй байсан. Миний зээлийн үлдэгдэл 2021 оны 12 дугаар сарын байдлаар 12,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тэгээд ******* *******наас над руу холбогдоод зээлийг чинь хаах гэж байна өнөөдрийн дотор зээлээ төл гэсэн ингээд би нөхөртэйгөө өөр *******наас зээл авч 12,000,000 төгрөгийг төлсөн. Тухайн үед би зээлээ төлөөд, зээл маань хаагдсан гэж ойлгосон. Гэтэл миний төлсөн мөнгийг зээлийн хүүд суутгаж, үндсэн төлбөрөөс суутгаагүй. Одоо надаас төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь ******* дээр 3 удаа очиж уулзсан, бичгээр хүсэлт өгсөн боловч миний хүсэлтийг шийдэж өгөөгүй. Тиймээс би гомдолтой байгаа. Би хамгийн анх ******* *******тай байгуулсан гэрээгээ бодож үзэхээр 40,105,414 төгрөгийг *******анд төлсөн. Тэгэхээр үндсэн зээл 30,000,000 төгрөгөөсөө гадна 10 гаруй сая төгрөгийг хүүд төлсөн байгаа. Тухайн үеийн зээлийн хоцрогдлоос үүдэн би өндөр төлбөр төлсөн байж болно. Түүнээс би одоо ямар ч үндсэн зээлийн өр төлбөр байхгүй гэж үзэж байна... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4 дүгээр тал/

************** ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 6-9, 31 дүгээр тал/

2018.04.03-ны өдрийн Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгий жагсаалт /хэргийн 10-13 дугаар тал/

2019.11.15-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга /хэргийн 14-17 дугаар тал/

Нэхэмжлэлийн шаардлага тодруулах нь /хэргийн 29 дүгээр тал/

Дансны хуулга /хэргийн 30 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 22 дугаар тал/

Дансны хуулга /хэргийн 23 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... зээлдэгч нь *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийн төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 371 хоног хугацаа хэтрүүлээд байна... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч, ...тухайн үед би зээлээ төлөөд, зээл маань хаагдсан гэж ойлгосон. Надаас төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй би одоо ямар ч үндсэн зээлийн өр төлбөр байхгүй гэж үзэж байна... гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.******* 2018 оны 4 сарын 03-ний өдөр № 1850001071 тоот Зээлийн гэрээг нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулж, 30. 000 000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар зээлжээ.

 

Зээлдэгч гэрээний үүргийг 48 сарын хугацаанд зээлийг ашигласан хоногоор сар бүрийн 1-3-ны өдрүүдэд хүүг зээлийн үндсэн төлбөрийн хамтаар хувааж төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна.

 

2019 оны 11 сарын 15-ны өдөр зээлийн гэрээний 1.1-т хүүгийн хэмжээ жилийн 14.4 хувь гэж байсныг жилийн 24 хувь болгож нэмэлт өөрчлөлт оруулсан нь зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 10-17 дугаар тал/

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 30 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2018 оны 04 сарын 03-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн ******* *******ны ******* дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 16 дугаар тал/

 

Зээлдэгч гэрээний дагуу 2022.01.03-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт нийт 40 105 413,09 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээл 27 500 000 төгрөг, зээлийн хүү 12 309.377,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 296 035,12 төгрөг тус тус төлжээ. /хэргийн 17, 23, 29-30 дугаар тал/

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 04 сарын 01-ий өдөр дуусгавар болсон, зээлдэгч буюу хариуцагч Б.*******гоос 2023 оны 01 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2500 000 төгрөг, зээлийн хүү 626 620, нэмэгдүүлсэн хүү 107 671 төгрөг нийт 3 234 292 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг зээлдүүлэгч нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

 

Хариуцагч ...гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн нийт төлбөрт 40 105 414 төгрөг төлсөн, одоо ямар ч зээлийн өр төлбөр байхгүй ... гэж маргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох хуульд заасан үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлогдоогүй, шүүхэд хүсэлт гаргаагүй.

 

Тодруулбал нэхэмжлэгч хариуцагчийг үндсэн зээл 2500 000 төгрөг, хүү 626 620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107 671 төгрөг нэхэмжилж байгаа боловч дээрх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх тооцоолол баримтаа ирүүлээгүй, дээрх үнийн дүн хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгч 2023.01.09-ны өдөр хэвлэсэн Дансны хуулга баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ба дээрх баримтаар хариуцагч зээлийн төлбөр мөнгөн төлбөрийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд хэзээ хэдэн төгрөг төлж байсныг нотлосон баримт байна.

 

Тухайн баримтаас хариуцагчийн мөнгөн төлбөр төлөх гэрээний үүргийг хэдий хугацаа хэтрүүлсэн, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү хэрхэн тооцогдсон болон гэрээний хугацаа хэрхэн хэтрүүлсэн байдал нотлогдохгүй байна.

 

Дээрх дансны хуулга баримт, хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн Дансны хуулга баримтаас 2020.11.09-ны өдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл 12 377 993 төгрөг байсан, 2021.04.07-ны өдөр хариуцагч зээлийн төлөлтөд 2000 000 төгрөг шилжүүлснийг үндсэн зээлд 1 341 522 төгрөг, хүү 627 498 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 979 төгрөгт хувиарласнаар зээлийн үлдэгдэл төлбөр 11 036 471 төгрөг үлдснийг хариуцагч 2021.12.14-ны өдөр 11 962 600 төгрөг төлсөн. Үүнээс 8 536 471 төгрөг үндсэн зээлд, 3 190 875 төгрөг хүү, 235 253 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцжээ.

 

Зээлийн төлөлт хийсэн 2022.04.07-ны өдрөөс 2022.12.14-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл, хүү хэдэн төгрөг төлөгдөөгүй үлдсэн, хугацаа хэтрүүлсэн хэд хоногт нэмэгдүүлсэн хүү тооцохоор байгаа, нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн график зөрчигдсөн байдал, хугацаа хэтрүүлсэн байдал, зээл хүүгийн үлдэгдэл зэргийг тодорхой тооцсон байдал тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөх боломжгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.*******гоос зээлийн гэрээний үүрэгт нийт 3 234 292,06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 698,67 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

2023 оны 03 сарын 16-ны өдрийн дугаар 101/449 нэхэмжлэгчээс С.Ариунбилэг, З.Оюундарь нарт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 31 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018.04.03-ны өдрийн №1850001071 тоот Зээлийн гэрээний 1.10-т ...зээлдэгч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд *******ны шаардлагыг хангах баталгаа болгож үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалуулж... гэж заасан боловч барьцааны хөрөнгийг гэрээнд тусгаагүй, хэргийн 13 дугаар талд Барьцаа хөрөнгийн жагсаалт баримтад тогтмол цалингийн орлого гэсэн баримт авагдсан ба нэхэмжлэгч барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэг шаардлага, тайлбар гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар

хариуцагч Б.*******гоос зээлийн гэрээний үүрэг 3 234 292,06 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 698,67 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ