Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01031

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 19 210/МА2023/01031

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01099 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 3,234,292 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Б.Ц- нь Хас банктай 2018 оны 04 сарын 03-ны өдөр 1850001071 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 04 сарын 03-ны өдөр зээлдэгч Б.Ц-гийн Хас банк дахь 5002373243 тоот дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 27,500,000 төгрөг, зээлийн хүүд 9,350,130 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 295,541 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 01 сарын 03-ны өдрөөс эхлэн төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 371 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 2,500,000 төгрөг, зээлийн хүү 626,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,671 төгрөг, нийт 3,234,292 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Хас банкнаас 2018 оны 04 сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед миний үндсэн зээлийн үлдэгдэл 11,036,471 төгрөг байсан. Хавсралтаас харахад нийт 40,105,413 төгрөгийг банкинд төлж барагдуулсан байна. 2021 оны 12 сарын 13-ны өдөр Хас банкны багшийн дээд салбарын Тусгай зээлийн ажилтан н.Ц-зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг нэг хоногийн дотор төл, үгүй бол зээлийн ангилал нь өөрчлөгдөөд шүүх рүү шилжүүлэх гээд байна гэсэн. Төлбөрийн үлдэгдлийг төлчихвөл он дуусаж байгаа учраас хурлаар оруулаад зээлийг чинь хаана, хүүг хөнгөлнө гэсэн. Яаралтай хөөцөлдөөд өөр зээл аваад 12,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч одоо зээл хаагдахгүй, дахиад үлдэгдэл төлбөрөө төл гэсэн. Яагаад төлбөрийн үлдэгдлээ бүрэн төлчихсөн байхад дахиад төлбөрөө төл гээд байгаа юм бэ гэхэд гомдолтой байгаа бол хариуцсан салбарын захиралд нь гомдлоо гарга гэсэн. Ай Си Си салбарт биеэр 2 удаа очиж уулзсан миний гомдлыг шийдвэрлээгүй, захирал нь бүдүүлэг дээрэнгүй харьцсан. 2022 оны 04 сарын 14-ний өдөр гомдлоо бичгээр гаргаж өгсөн. Мөн л шийдвэрлээгүй, хариу албан ёсоор өгөөгүйд гомдолтой байна. 2019 оны 11 сард намайг Скайтел групп-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан тул Хас банк ирж гэрээгээ шинэчил гэж дуудсан. Анх гэрээ байгуулахад 14,4 хувь байсан зээлийн жилийн хүүг 24 хувь болгож огцом нэмсэн. Энэ нь ажилгүй, орлогогүй үед дарамт болсон. Ковид цар тахалтай холбоотойгоор банкууд эргэн төлөлтийг түр зогсоох хөнгөлөлт үзүүлсэн боловч миний хувьд хариуцсан эдийн засагчаа мэдэхгүй, анх зээл авсан Хас банкны Моннис салбар татан буугдсан, хариуцсан ажилтнууд 5-6 удаа солигдон хаана хэнд хандахаа мэдээгүйгээс зээлээ зогсоолгож чадаагүй. Иргэн хүний хувьд би Хас банктай байгуулсан гэрээний хариуцлагаа биелүүлж дууссан, одоо нэмж төлбөр төлөх үлдэгдэл өр байхгүй гэж үзэж байна. Шүүхийн байгууллага үнэн мөнийг тунгааж шийдвэрлэж өгөх байх гэж итгэж байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-гоос зээлийн гэрээний үүрэг 3,234,292 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,698 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх тооцоолол баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчтай байгуулсан 1850001071 дугаартай зээлийн гэрээ, 1850001071 дугаартай зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Зээлийн дансны хуулгаас хариуцагч зээлийн төлбөр төлөх хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих хэсэгчилсэн хугацаанд төлсөн эсэхийг тодорхойлох боломжтой. Өөрөөр хэлбэл шүүх зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн дансны хуулгыг харьцуулж зээлийн гэрээний 1.1-д заасан нөхцөлийг баримтлан хариуцагч зээлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн байдал, төлөгдөөгүй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцоолсны үндсэн дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг өгөх боломжтой.

4.б. Түүнчлэн шүүх зохигчдын гаргаж өгсөн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд бус хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тооцоолол хийсний үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдож байх тул шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,500,000 төгрөг, зээлийн хүү 626,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,671 төгрөг, нийт 3,234,292 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1-2/

Хариуцагч нь дээрх шаардлагыг ...зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулж дууссан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна. /хх 22/

 

3.   Талууд 2018 оны 04 сарын 03-ны өдөр 1850001071 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь 30,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Ц- нь уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 11-12/

Улмаар талууд дээрх гэрээнд 2019 оны 11 сарын 15-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хүүг 24 хувь болгон өөрчилсөн байна. /хх 14-15/

Зээлдүүлэгч Х ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг 2018 оны 04 сарын 03-ны өдөр зээлдэгч Б.Ц-гийн өмчлөлд шилжүүлэн өгчээ. /хх 16/

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5.   Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзвэл зээлдэгч Б.Ц- нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 27,500,000 төгрөг, зээлийн хүүнд 12,309,378 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 296,035 төгрөг, нийт 40,105,413 төгрөгийг төлж, уг хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй болох нь тогтоогдож байна.

 

6.   Иймд зээлдүүлэгч Х ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч Б.Ц-гоос шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь ...банкны тусгай зээлийн ажилтан төлбөрийн үлдэгдлийг төлчихвөл он дуусаж байгаа учраас хурлаар оруулаад зээлийг чинь хаана, хүүг хөнгөлнө гэсэн... гэж тайлбарлах боловч зээлдэгч Б.Ц-г зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Зээлийн дансны хуулгаас үзвэл 2021 оны 12 сарын 14-ний өдөр зээлдэгчийн төлсөн 11,962,000 төгрөгөөс зээлдүүлэгч нь үндсэн зээлд 8,536,471 төгрөг, зээлийн хүүнд 3,190,875 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 235,253 төгрөгийг тус тус суутган тооцсон болох нь тогтоогдож байх ба энэ нь зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүйтэй холбоотой байна. /хх 23/

 

7.   Хамгийн сүүлд зээлийн эргэн төлөлт хийгдсэн 2022 оны 01 сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 01 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү тооцоход (2,500,000 х 24%) + (2,500,000 х 0,066% х 8) = 600,000 + 13,200 = 613,200 төгрөг болж байх ба уг дүнгээс гэрээнд заасан хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү тооцоход 609,900 х 20% = 122,640 төгрөг болж байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 2,500,000 + зээлийн хүү 613,200 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 122,640 төгрөг, нийт 3,235,840 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгч 3,234,292 төгрөгийг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01099 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-гоос 3,234,292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7.1.2-д... гэснийг ...7.1.1-д... гэж, ...үлдээсүгэй... гэснийг ...үлдээж, хариуцагч Б.Ц-гоос улсын тэмдэгтийн хураамжид 66,699 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 66,699 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР