Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2023/00261

 

2023 03 14

130/ШШ2023/00261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын дугаар багт оршин суудаг, утас И овогт Ж.А;

Хариуцагч: Б аймгийн Б сумын дүгээр багт оршин суудаг, У овогт Ш.Е;

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгөний үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, бүгд 1,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

(Хариуцагч Ш.Е-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Ш.Е-д холбогдуулан зээлсэн мөнгөний үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, бүгд 1,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие хариуцагч Ш.Е-д ачааны машины ком сэлбэг 9,000,000 төгрөгөөр худалдаж, үүнээс  7,000,000 төгрөгийг нь бэлнээр авч үлдсэн, 2,000,000 төгрөгийг дараа өгөхөөр болсон. Бид хоёр хоорондоо гэрээ хийж хугацаа нь өнгөрсөн ч 4-5 сар харж үзсэн. Хариуцагчийн гэрт бараг 15 удаа очиж мөнгө авч чадахгүй байлаа. Сүүлдээ хэзээ төлж өгөх боломжтой вэ гэхэд Ш.Е тэгвэл хоёулаа нотариат орж 2,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулъя, 45 хоногийн хугацаанд төлж өгнө, хугацаанд төлж чадахгүй бол алданги төлж чамайг хохиролгүй болгоно гэсэн.

1.2.Тэгээд хариуцагч Ш.Е бид хоёр нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, надад өгөх ёстой 2,000,000 төгрөгийг 45 хоногийн дотор буюу 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд төлж өгөхөөр болсон.

1.3.Тухайн үед хариуцагч аав, ээжийн хамт наймаацаж байсан. Нотариатаар батлуулсан хугацаа маань дууссаны дараа эхний хэдэн удаа очихдоо хариуцагчид хандаж үнэхээр 2,000,000 төгрөгийг барагдуулж чадахгүй бол надад машины сэлбэгээс хроп-ыг нь өгчих тэгээд гэрээгээ цуцалж, тооцоогоо дуусгах талаар хэлэхэд хариуцагч заавал төлбөрөө барагдуулна гэж зөвшөөрөөгүй.

1.4.Гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусаж Ш.Е нь авсан зээлээс 900,000 төгрөгийг төлсөн ба одоо үлдэгдэл 1,100,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй болно. Тэрнээс хойш 5 сар 17 хоног өнгөрсөн боловч Ш.Е нь үлдэгдэл төлбөрөөс нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй байна.

1.5.Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба Ш.Е нь эргэн төлөх хугацааг 170 хоногоор хэтрүүлсэн. Хэтрүүлсэн хугацаагаар алданги тооцвол 85 хувийн алданги төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу Ш.Е нь 1,100,000 төгрөгийн 50 хувь болох 550,000 төгрөгийн алданги төлөх ёстой.

1.6.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Ш.Е-ээс зээлсэн мөнгөний үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, бүгд 1,650,000 төгрөг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна. 

2.Хариуцагч Ш.Е нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие өвчний улмаас Улаанбаатар хотод очоод эмчилгээ хийлгээд ирсэн учир шүүхэд гаргах тайлбарыг хугацаандаа гаргаж амжаагүй. Миний бие Ж.А-оос зээлдэж мөнгө аваагүй, зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №0720 дугаартай “Зээлийн гэрээг нотлох баримтаар  шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас  шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Ж.А-ын хариуцагч Ш.Е-д холбогдуулан гаргасан, зээлсэн мөнгөний үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, бүгд 1,650,000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь  үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч Ж.А нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч Ш.Е нь авсан зээлийн үлдэгдэл 1,100,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй ба 5 сар 17 хоног хэтэрсэн тул зээлийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг нийтдээ 1,650,000 төрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

7.Хариуцагч Ш.Е нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Миний бие Ж.А-оос зээлдэж мөнгө аваагүй, зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Ш.Е нарын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн байгуулсан №0720 дугаартай “Зээлийн гэрээ”-ээр нэхэмжлэгч Ж.А нь 2,000,000 төгрөгийг, хүүгүй, 2022.05.27-2022.07.10 өдрийг хүртэл  45 хоногийн хугацаатай хариуцагч Ш.Е-д зээлдүүлж, энэ үйлдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Үүгээр талуудын хооронд Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Гэтэл хариуцагч Ш.Е нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байгуулсан №0720 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлээ бүрэн төлж дуусах эцсийн хугацаа 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байсан боловч зээлээ бүрэн төлөөгүй буюу зээлээ хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.

8.2.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Ш.Е нарын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн байгуулсан №0720 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 3.7-д “гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасан ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцэж байна.

8.3.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Иймд хариуцагч Ш.Е нь нэхэмжлэгч Ж.А-оос зээлдэж мөнгө аваагүй, зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тайлбар гаргасан боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээ хөндлөнгийн нотлох баримтаар тогтоож чадаагүй болно.

9.Дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг тус тус баримтлан хариуцагч Ш.Е-ээс зээлсэн мөнгөний үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, бүгд 1,650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т олгох нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ш.Е-ээс 41,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг тус тус баримтлан хариуцагч У овогт Ш.Е-ээс зээлсэн мөнгөний үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, бүгд 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И овогт Ж.А-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41350 (дөчин нэгэн мянга гурван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Е-ээс 41350 (дөчин нэгэн мянга гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК