Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/00218

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/00218

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод байрлах *** ББСБ ХХК /рд:***/,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух *** овогт М-ын М*** /рд:***/,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 54,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот Зээлийн гэрээний *** дугаартай Зээлийн сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Зо***,

Хариуцагч М.М***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч М.М***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,836,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн М.М*** нь *** ББСБ ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** дугаар Зээлийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** дугаар Хөрөнгө барьцаалах гэрээг тус тус байгуулан 35,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн байдаг. Мөн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *** дугаар Зээлийн сунгалтын гэрээг байгуулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусч, М.М***д зээлээ эргэн төлөхийг удаа дараа утсаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл үндсэн хүүгээс 17,900,000 төгрөгийг төлж, үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү огт төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 11,080,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 756,000 төгрөг, нийт 46,836,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: Би 35,000,000 төгрөгийн сарын 4 хувийн хүү нь 1,400,000 төгрөг бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлвөл зохих хүү нь нийт 8,400,000 төгрөг юм. Миний бие нийт 17,900,000 төгрөг төлсөн бөгөөд энэ дүнгээс хүүгийн төлбөр болох 8,400,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 9,500,000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдах ёстой. Иймд *** ББСБ ХХК нь нэхэмжилж буй 46,836,000 төгрөг, миний төлсөн байгаа 17,900,000 төгрөг нийт 64,736,000 гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Хариуцагч М.М*** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: *** ББСБ нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот зээлийн гэрээний 2.1.2 дахь заалтыг дур мэдэн өөрчилж, зээлийн гэрээг 12 сараар хугацааг сунган дугаар *** зээлийн сунгалтын гэрээг 2021, зээлийн эдийн засагч С.А*** нар гарын үсэг зурсан, иргэн М.М*** эхнээсээ татгалзаж, хүлээн зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй. Тухайн үед дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид тархсан нөхцөл байдлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоогдсон, давагдашгүй хүчин зүйлийн улмаас бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан эдийн засгийн хүнд нөхцөлд зээлдүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн аваагүй, татгалзаж гэрээний сунгалтад гарын үсэг зураагүй болно. *** ББСБ нь гэрээний сунгалтыг дан ганц өөрсдөө дур мэдэн хийцгээж гарын үсэг зурсан. Иймд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот, дугаар *** Зээлийн сунгалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: *** ББСБ ХХК нь М.М***тэй байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар Зээлийн гэрээний хугацаа нь 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байдаг. М.М*** Зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг цахимаар буюу ****холбоосоор 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр илгээснийг үндэслэн талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Манай байгууллагын зүгээс дээрх холбоост Зээлийн гэрээний сунгах хугацааг 3, 6, 9, 12 сар гэсэн сонголттойгоор байршуулсан байгаагаас М.М*** өөрөө сонгож, гарын үсэг зуран илгээсэн тул гэрээний нөхцөлийг тулгасан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт болон мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 421 дүгээр зүйлийн 421.2-д заасантай нийцэж байгаа тул хүчин төгөлдөр байна. Мөн М.М*** нь цахимаар хэлцэл хийж гарын үсэг зурж илгээсэн байдаг нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн*** дугаар мэдэгдэлд дурдсан шаардлагын дагуу Сунгалтын гэрээг цахимаар хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д нийцсэн хэлцэл болно гэжээ.

 

5.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, итгэмжлэл /хх 6/, зээл хүсэх тухай өргөдөл /хх 7/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 8/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 9/, Дугаар *** Зээлийн гэрээний хуулбар /хх 10/, Хөрөнгө барьцаалах гэрээний хуулбар /хх 11/, Зээлийн гэрээг сунгах тухай цахимаар гаргасан хүсэлт /хх 12/, Дугаар *** Зээлийн сунгалтын гэрээ /хх 13/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 14/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх 15/, М.М***ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 16/, хариуцагчийн төлбөр төлсөн ордер /хх 17-21/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт /хх 22/, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай /хх 28/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 29/, Санхүүгийн зохицуулах хороны ажлын албаны *** тоот албан бичиг /хх 87-88/, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай /хх 90-91/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 92/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт /хх 93/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хх 94-95/, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын *** тоот албан бичиг /хх 106/,

 

6.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 27/, сөрөг нэхэмжлэл /хх 78-79/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 80/, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд гаргасан хүсэлт /хх 98/,

 

7.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх 51-60/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

2020 оны 10 дугаар сарын 29ий өдөр *** ББСБ ХХК болон М.М*** нар *** тоот Зээлийн гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу *** ББСБ ХХК нь хариуцагч М.М***д 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлжээ. Мөн зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр харилцан тохирсон байна.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөө *** тоот хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, *** дугаар хороо, ***  тоот хаягт байршилтай, 37 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон хөрөнгө барьцаалах гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч М.М***д холбогдуулж *** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 11,080,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 756,000 төгрөг, нийт 46,836,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагыг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн хүү 6,253,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,250,666.67 төгрөг, нийт 7,504,000 төгрөгөөр ихэсгэж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 54,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 29ий өдөр байгуулагдсан *** тоот Зээлийн гэрээний *** тоот Зээлийн сунгалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Хариуцагчийн зүгээс зээлийг хүлээн авсан болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн тооцоолол дээр маргаагүй. Харин өөрийн татгалзлаа ...Зээл авснаас хойш 12 хоногийн дараа Ковид өвчний асуудал гарч эхэлсэн ...энэ хугацаанд ямар нэгэн асуудал үүсгэхгүй нийт 17,900,000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасаж тооцоогүй гэсэн агуулгаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан, мөн зээлийн буцаан төлөлтийн талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

2020 оны 10 дугаар сарын 29ий өдрийн *** тоот Зээлийн гэрээний 2.3-д М.М*** нь 2.1.2-д заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 2.1.1 заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1 заасан зээлийн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө гэж заасан байна.

 

2020 оны 10 дугаар сарын 29ий өдрийн *** тоот Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болох байсан ба хариуцагч 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 12 сараар сунгах хүсэлтийг цахим хэлбэрээр гаргаж, уг хүсэлтийн дагуу гэрээ 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгагдсан байна.

 

Хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 18 удаагийн төлөлтөөр нийт 17,900,000 төгрөг төлсөн байна.

 

Иймд хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 17,333,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,006,666 төгрөг, нийт 54,340,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

Дээр дурдсанчлан талууд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 29ий өдөр байгуулагдсан *** тоот Зээлийн гэрээний *** тоот Зээлийн сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...*** ББСБ нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот зээлийн гэрээний 2.1.2 дахь заалтыг дур мэдэн өөрчилж, зээлийн гэрээг 12 сараар хугацааг сунган дугаар *** зээлийн сунгалтын гэрээг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хийсэн, зээлдүүүлэгч *** ББСБ-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.М***, зээлийн эдийн засагч С.А*** нар гарын үсэг зурсан, иргэн М.М*** эхнээсээ татгалзаж, хүлээн зөвшөөрөөгүй гарын үсэг зураагүй... гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...М.М*** Зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг цахимаар буюу *** холбоосоор 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр илгээснийг үндэслэн талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан... гэсэн үндэслэлээр няцаасан байна.

 

Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл хариуцагч 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр *** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээгээ сунгах бол гэсэн холбоосоор дамжуулан цахимаар зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгах хүсэлт илгээсэн байна. Уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч *** тоот Зээлийн сунгалтын гэрээг бичгээр үйлдсэн байхаас гадна хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх цахимаар илэрхийлсэн хүсэлтийн гарын үсэг хэсэгт байгаа бичвэрийг өөрийн гарын үсэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлээс бусад, хуульд бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж заасан ба дээрх *** тоот Зээлийн сунгалтын гэрээг хуулийн заалттай нийцсэн гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй байх тул 2020 оны 10 дугаар сарын 29ий өдөр байгуулагдсан *** тоот Зээлийн гэрээний *** тоот Зээлийн сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.М***ээс 54,340,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 37 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 29ий өдөр байгуулагдсан *** тоот Зээлийн гэрээний *** тоот Зээлийн сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,344 төгрөг, хариуцагч М.М***ээс төлсөн 416,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 597,344 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН