Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00665

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00665

 

 

*********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш.даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00218 дугаар шийдвэртэй,

*********-ийн нэхэмжлэлтэй **************д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 54,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20/58-01 дугаартай зээлийн сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь

1.а. Зээл 35,000,000 төгрөг,

1.б. 17, 333,333 төгрөг,

1.в. Нэмэгдүүлсэн хүү 2,006,666 нийт 54,340,000 төгрөгийг гаргуулах

1.г. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

************** нь *********-тай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20/58 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20/059 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 35,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн.

Мөн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 20/58-01 дугаартай зээлийн сунгалтын гэрээг байгуулсан, гэрээний хугацаа дуусаж, зээлээ эргэн төлөхийг удаа дараа утсаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хүүгээс 17,900,000 төгрөгийг төлж, зээл, нэмэгдүүлсэн хүү огт төлөөгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Зээлийн тооцооллыг хийж үзэхэд 35,000,000 төгрөгийн сарын 4 хувийн хүү нь 1,400,000 төгрөг бөгөөд гэрээний хугацаанд төлбөл зохих хүү нь нийт 8,400,000 төгрөг юм.

Хариуцагч нь нийт 17,900,000 төгрөг төлсөн бөгөөд энэ дүнгээс хүүгийн төлбөр болох 8,400,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 9,500,000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдах ёстой. Иймд ********* нь нэхэмжилж буй 46,836,000 төгрөг, төлсөн 17,900,000 төгрөг нийт 64,736,000 гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ********* нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20/58 тоот зээлийн гэрээний 2.1.2 дахь заалтыг дур мэдэн өөрчилж, зээлийн гэрээг 12 сараар хугацааг сунгасан 20/58-01 тоот сунгалтын гэрээг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хийсэн.

*********-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Мөнхжаргал, зээлийн эдийн засагч С.Алюша нар гарын үсэг зурсан, иргэн ************** эхнээсээ татгалзаж, хүлээн зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй. Тухайн үед дэлхий нийтийг хамарсан цар тахал тархсан нөхцөл байдлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоогдсон, давагдашгүй хүчин зүйлийн улмаас бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан эдийн засгийн хүнд нөхцөлд зээлдүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн аваагүй, татгалзаж гэрээний сунгалтад гарын үсэг зураагүй. Лотус финанс ББСБ ХХК нь өөрсдөө дур мэдэн хийцгээж гарын үсэг зурсан.

Иймд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20/58 тоот, дугаар 20/58-01 Зээлийн сунгалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: *********-ийн **************тэй байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20/58 дугаартай гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дууссан.

************** зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг цахимаар буюу https://from.jotform.com/210327773972461 холбоосоор 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр илгээснийг үндэслэн талуудын хоорондын гэрээний хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

Манайх дээрх холбоост Зээлийн гэрээний сунгах хугацааг 3, 6, 9, 12 сар гэсэн сонголттойгоор байршуулснаас ************** өөрөө сонгож, гарын үсэг зуран илгээсэн тул гэрээний нөхцөлийг тулгасан гэж үзэх үндэслэл болохгүй.

************** нь цахимаар хэлцэл хийж гарын үсэг зурж илгээсэн нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/4654 дугаар мэдэгдэлд дурдсан шаардлагын дагуу сунгалтын гэрээг цахимаар хийсэн, хуульд нийцсэн хэлцэл гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч **************ээс 54,340,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205070122 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Дунд гол гудамж, 104а байр, 74 тоот хаягт байршилтай, 37 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 20/58 тоот Зээлийн гэрээний 20/58-01 тоот Зээлийн сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,344 төгрөг, хариуцагч **************ээс төлсөн 416,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 597,344 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хариуцагч нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байхад хүсэлтийг хүлээн авалгүй хуралдааныг хийсэн.Хуулийн болон санхүүгийн мэдлэг байхгүйгээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүн болон төлсөн 17,900,000 төгрөгөөс зээлээс хасагдахгүй байгаа талаар туслалцаа авах шаардлагатай байсан.

6.2. ************** нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20/58-01 тоот сунгалтын гэрээг хүлээн зөвшөөрөөгүй. Гэрээнд гарын үсэг зураагүй.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдааныг товлосон боловч хариуцагчийн өмгөөлөгч н.Итгэл хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, хэргийн оролцогчийн эрх, мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор бүрэн хангадаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хэргийг шийдвэрлүүлэхгүй байх, удаашруулах, хугацаа хожих гэх мэт бүх талын арга хэмжээг авч, хуурамч нотлох баримт бүрдүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан. Өмгөөлөгч солих хүсэлтээ 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Энэ хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байх тул хүсэлтийг хангаагүй.

7.2. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хурлын тэмдэглэл байдаг. Тухайн тэмдэглэлд хариуцагч н.Итгэл өмгөөлөгч шүүх хуралдаанд цааш оролцох боломжгүй болсон тул н.Батзоригт өмгөөлөгчийг хуралд оролцуулах хүсэлттэй байна, хуульд заасан эрхийг минь хангаж, хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. н.Батзоригт өмгөөлөгч хуралдаанд яагаад ирээгүй талаар тодруулахад н.Батзоригт өмгөөлөгчид албан ёсоор итгэмжлэл хийж өгсөн байгаа, н.Батзоригт өмгөөлөгч ажил ихтэй байх тул энэ хуралдаанд ирж чадсангүй гэх мэт тайлбаруудыг өгсөн байдаг. Үүнээс үзэхэд өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болох үйл баримт нь тогтоогддог.

7.3. Хариуцагч зээлийн гэрээний сунгалтыг цахимаар хүсэлтээ ирүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа сунгаж байсан цахим холбоост үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр гэрээ хүчин төгөлдөр болох нь нотлогдсон. Давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч **************д холбогдуулан

1.а. Зээл 35,000,000 төгрөг,

1.б. Зээлийн хүү 17,333,333 төгрөг

1.в. Нэмэгдүүлсэн хүү 2,006,666 нийт 54,340,000 төгрөгийг гаргуулах

1.г. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Хариуцагч Зээлийн 20/58-01 дугаартай сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар.

2.а. Зохигч 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20/58 тоот зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлжээ.

Зээлдэгч нь гэрээний хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй бол хүүг үргэлжлүүлэн төлөх, хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна. /хх10/

2.б. Мөн дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20/059 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын Ү-2205070122 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Дунд гол гудамж, 104а байр, 74 тоот хаягт байршилтай, 37 м2 талбай бүхий 2 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх11/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн. Талууд зээл, барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

2.в. Хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 18 удаагийн төлөлтөөр нийт 17,900,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргахгүй байна.

2.г. Хариуцагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасанд, мөн зээлийн гэрээний заалт, хүчин төгөлдөр байдал зэрэгт маргахгүй байна.

 

3. Зохигчид зээлийн гэрээний бодолт зөв эсэх, зээлийн гэрээний сунгалт хүчин төгөлдөр эсэхэд маргаж байна.

3.а. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэжээ. Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дах хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ.

Хэрэв цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсэг зурах юм.

Хэргийн баримтаас үзэхэд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20/58-01 тоот зээлийн гэрээний сунгалтын гэрээ гэх баримтад хариуцагч гарын үсэг зураагүй тул гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэхээр байна.

3.б. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. Талуудын гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс дуусгавар болсон байна.

 

4. Давж заалдах гомдлын талаар

4.а. Хариуцагч нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20/58-01 тоот сунгалтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн тооцооллын хувьд гомдолтой байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн мөнгөн хөрөнгийг үндсэн үүрэг, хүү гэсэн дарааллаар суутган тооцох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр үндсэн зээлээс гэрээний хугацаа хэтэрснээс хойш төлсөн төлбөрийг хасч тооцвол зээлээс 21,700,000 төгрөг үлдэж байна. /35,000,000-13,300,000=21,700,000/

Зээл 21,700,000 төгрөгийн 12 сарын хүү болох /21,700,000*8%*12=10,416,000/ 10,416,000 төгрөг, зээлийн хугацаанд төлсөн хүүгийн үлдэгдэл төлбөр болох 3,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 756,000 төгрөг, нийт 36,672,000 төгрөгийг /21,700,000+10,416,000+3,800,000+756,000= 36,672,000/ хариуцагч **************ээс гаргуулж, нэхэмжлэгч *********-д олгох нь зүйтэй.

4.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлын тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай.

Анхан шатны шүүх нэхэмжлэлд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэжээ.

Хэргийн баримтаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 удаа хойшлуулсан байна. Тодруулбал, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангаж, хариуцагчид хууль зүйн туслалцаа авах боломж олгосон байх тул энэ талаар гаргасан хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 54,340,000 гэснийг 36,672,000 гэж,

4 дэх заалтын 597,344 гэснийг 341,310 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД