Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/01032

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/01032

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** хаягт оршин суух, *** овогт *** гийн *** /рд:***/

 

Хариуцагч: Б*** тоотод оршин суух, *** овогт ****нгийн *** /***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт *** гийн *** /рд:*** /

 

Нэхэмжлэлийн шаардлага: 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***,

Хариуцагч О.*** , Ж.***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч О.*** , Ж.*** нарт холбогдуулан 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч Б.*** нь дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Миний бие нь 2018 онд Ж.*** , О.*** гэх хүмүүстэй алтны уурхайн лиценз гаргуулах талаар ярилцаж эдгээр хүмүүст 175,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгийг ***-ны өдөр Ж.*** гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Гэвч ярьсан ажил төрөл бүтээгүй, эдгээр хүмүүс намайг залилсан учир би энэ хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өгч шалгуулсан боловч 3 жилийн турш шалгасны эцэст ***-нд хяналтын прокурор Д.*** *** дугаартай тогтоол гарган хэргийг хаасан. Ингээд шат шатны прокурорт гомдол гаргасан боловч ***-нд Улсын Ерөнхий прокурорын газраас *** дугаартай албан бичгээр уг асуудал нь эрүүгийн хэрэг биш гэсэн эцсийн хариуг өгсөн. Прокурорын зүгээс энэ асуудлыг иргэний эрх зүйн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан гэж үзсэн бөгөөд хэрэг шалгагдах явцад Ж.*** , О.*** нар 148,000,000 төгрөгийг надад өгсөн, одоо 27,000,000 төгрөг дутуу байгаа тул хариуцагч нараас 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.*** хариу тайлбартаа Б.*** ы нэхэмжилсэн 27,000,000 төгрөгийг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. *** , *** бид ***-ны өдөр ярилцан нэхэмжлэлд дурдсан Увс аймгийн Өмнөговь сумын нутагт байрлах *** нэртэй талбайг хуулийн дагуу Б.*** ы *** ХХК-ийн нэр дээр авч хамтран ажиллахаар ярилцан амаар тохиролцсон. Дээрх аман ярианы дараа Тусгай зөвшөөрөл авах бичиг баримт, материалуудыг *** би бүрдүүлж бэлдэж хийсэн. Тусгай зөвшөөрлийн материал бэлдэхэд тухайн орон нутгийн газар зүйн байрлал координатын бодит зураг, байршлын хэвтээ болон босоо тэнхлэгийн программаас татсан зураг, Увс аймгийн Өмнөговь суман дахь тухайн талбайн 4 өнцөгт авсан зураг. Мөн бензин тос, зургийн хөлс, геологичийн хоол ундны болон ажлын хөлс, дээж авахад зарцуулагдсан зардал болон бусад зардлууд гарсан байдаг. Тухайн талбайд ашигтай ажиллах төсвийг мөн төсөвчнөөр бичүүлсэн. Бичиг хэрэг, дүрс зураг, бүх лавлагаанууд мөн бүх техникүүд болон бичиг баримтууд компанийн ажилтан, албан хаагч, ажилчдын диплом мэргэжлийн үнэмлэх, бусад бичиг баримтуудыг нэг бүрчлэн хуулбарлан нотариатаар баталгаажуулахад мөнгө их зарцуулагдаж байсан. Дээрх тусгай зөвшөөрлийн шалгаруулалтад бэлдсэн 2 зузаан ном шиг материал, нэг үнийн саналын тусгайлан битүүмжилсэн дугтуйтай хамт Б.*** д хүлээлгэн өгч *** материалуудыг аваад ****-ний өдрийн Ашигт малтмалаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад компанийн захирлын хувьд оролцсон. Гэвч сонгон шалгаруулалтын 1-р үе шат дуусахад тендерийн бичиг баримтаа үлдээлгүй аваад гарч ирснээс болоод тухайн тендерт оролцохоос сайн дураараа татгалзсан үндэслэлээр тендерийн 2-р шатанд оролцох боломжгүй болж тусгай зөвшөөрлийг авах боломжгүй болсон. Үүнээс үүдэн бидний дунд маргаан үүссэн. Миний хувьд Иргэний хуулийн 476-р зүйлд зааснаар хоёроос дээш этгээд ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээн Б.*** тай Иргэний хуулийн 478-д зааснаар хамтран ажиллах хэлцэл амаар байгуулсан. Иргэний хуулийн 480.1.4-д зааснаар хамтын үйл ажиллагааны зорилго нь Увс аймгийн Өмнөговь сумын *** нэртэй талбайг авах байсан. Энэ хамтын үйл ажиллагааны хүрээнд өөрийн зүгээс шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Иргэний хуулийн 478.11-д зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж зааснаар дээрх бичиг баримтуудыг бүрдүүлж бэлдэхэд гарсан зардлыг би төлөх үүрэггүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Хариуцагч О.*** хариу тайлбартаа Б.*** нэхэмжлэлдээ Ж.*** , О.*** гэх хүмүүс алтны лиценз гаргуулах талаар ярилцаж 175,000,000 төгрөг өгсөн гэж нэхэмжилсэн байна. Миний бие Б.*** гэдэг хүнээс бэлнээр болон дансаар авсан мөнгө байхгүй бөгөөд нэхэмжлэлд тухайн мөнгийг Ж.*** гийн дансанд хийсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байна. Миний хувьд тухайн 2 хүний хооронд Тендерийн сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн материал зэргийг зөөж өгснөөс өөрөөр оролцоогүй болно. Иймд Б.*** ы нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх 1/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын ***-ны өдрийн *** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх 4-6/, Улсын Ерөнхий прокурорын газрын ***-ны өдрийн *** тоот Гомдолд хариу өгөх тухай хариу мэдэг дэх хуудас /хх 7-8/ баримтуудыг шүүхэд өгсөн.

 

5. Хариуцагч Ж.*** гийн хариу тайлбар /хх 28-30/

6. Хариуцагч О.*** гийн хариу тайлбар /хх 31/

 

7. Хариуцагч нараас ямар нэг бичгийн баримт гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.*** , О.*** нартай алтны уурхайн лицензийн тендерийн үйл ажиллагаанд оролцож, хариуцагч нар нь уг лицензийг авахад туслахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч гэрээний төлбөрт 175,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гэрээний гүйцэтгэлийн явцад нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж хариуцагч Ж.*** , О.*** нар 148,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 27,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

3.Хариуцагч Ж.*** нь бид хамтран ажиллах хэлцэл амаар байгуулсан учир Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж зааснаар тендерийн үйл ажиллагааны үед гарсан зардлыг би төлөх үүрэггүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

Хариуцагч О.*** нь нэхэмжлэгчээс бэлнээр болон дансаар мөнгө аваагүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч Ж.*** нарын хооронд Тендерийн сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн материалыг зөөж өгснөөс өөрөөр оролцоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг тендерийн үйл ажиллагаанд оролцоход материал бүрдүүлж өгөх улмаар лиценз авахад туслах үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч нь уг үйлдлийн төлбөрт 175,000,000 төгрөгийг өгч харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна зохигчид уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Талуудын дээрх тохиролцооноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь тендерийн үйл ажиллагааны материалыг бэлтгэх, уг тендерийн үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулж лиценз авахад туслах, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг талуудад үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 175,000,000 төгрөгийг хариуцагч Ж.*** д төлсөн боловч даалгаврын гэрээний гүйцэтгэлийн явцад нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрөөс 148,000,000 төгрөгийг буцаан авсан нь талуудын тайлбараар нотлогдож байна. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.4-д Ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.*** нь гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөө хариуцагч О.*** , Ж.*** нараас шаардах эрхтэй буюу хариуцагч нар нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

Зохигчид гэрээний төлбөрт 175,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн, авсан талаар маргаагүй, гэрээний үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөг болох талаар маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөгийг хариуцагч нар төлөхгүй гэж маргасан. Өөрөөр хэлбэл хариуцагч О.*** нь ...миний бие Б.*** гэдэг хүнээс бэлнээр болон дансаар авсан мөнгө байхгүй. ...нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна гэж, хариуцагч Ж.*** нь ...Иргэний хуулийн 478.11-д зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж зааснаар дээрх бичиг баримтуудыг бүрдүүлж бэлдэхэд гарсан зардлыг би төлөх үүрэггүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй.

 

Энэхүү үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 315 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/1432 тоот Гомдолд хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудас зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагч О.*** нь татгалзлаа нэхэмжлэгчээс мөнгө аваагүй гэж, хариуцагч Ж.*** нь татгалзлаа гарсан зардлыг би төлөх үүрэггүй гэж тус тус тайлбарласан хэдий ч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрсдийн татгалзлыг нотлох гэж ямар нэг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад гаргаагүй бөгөөд дээрх татгалзлаа баримтаар нотолж чадахгүй байна.

 

Иймд хариуцагч нараас 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 294,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*** , Ж.*** нараас 294,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*** д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.*** , Ж.*** нараас 27,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*** д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*** , Ж.*** нараас 294,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*** д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН