Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01030

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 19 210/МА2023/01030

 

Б.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/01032 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э-, О.П- нарт холбогдох, 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ж.Э-, хариуцагч О.П-гийн өмгөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2018 онд Ж.Э-, О.П- гэх хүмүүстэй алтны уурхайн лиценз гаргуулах талаар ярилцан эдгээр хүмүүст 175,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгийг 2018 оны 05 сарын 18-ны өдөр Ж.Э-гийн Хаан банк дахь данс руу шилжүүлсэн. Гэвч ярьсан ажил төрөл бүтээгүй, эдгээр хүмүүс намайг залилсан учир Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өгч шалгуулсан. 2022 оны 03 сарын 17-ны өдөр хяналтын прокурор Д.У- 315 дугаартай тогтоол гарган хэргийг хаасан. Гомдол гаргасан боловч 2022 оны 06 сарын 13-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газраас 1/1432 дугаартай албан бичгээр уг асуудал нь эрүүгийн хэрэг биш гэсэн хариуг өгсөн. Хэрэг шалгагдах явцад Ж.Э-, О.П- нар 148,000,000 төгрөгийг надад өгсөн, одоо 27,000,000 төгрөг дутуу байгаа тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч Ж.Э- хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Б.Б-, О.П- бид гурав 2018 оны 05 сарын 16-ны өдөр ярилцан Увс аймгийн Өмнөговь сумын нутагт байрлах Хорт-Уул нэртэй талбайг хуулийн дагуу Б.Б-ы Бат дөлгөөн мөрөн ХХК-ийн нэр дээр авч хамтран ажиллахаар тохирсон. Дээрх аман ярианы дараа тусгай зөвшөөрөл авах бичиг баримт, материалуудыг Ж.Э- миний бие бүрдүүлж бэлдэж хийсэн. Тусгай зөвшөөрлийн материал бэлдэхэд тухайн орон нутгийн газар зүйн байрлал координатын бодит зураг, хэвтээ болон босоо тэнхлэгийн программаас татсан зураг, тухайн талбайн 4 өнцөгт авсан зураг шаардлагатай байдаг. Мөн бензин тос, зургийн хөлс, геологчийн хоол ундны болон ажлын хөлс, дээж авахад зарцуулагдсан зардал болон бусад зардлууд гарсан байдаг. Тухайн талбайд ашигтай ажиллах төсвийг мөн төсөвчнөөр бичүүлсэн. Бичиг хэрэг, дүрс зураг, бүх лавлагаанууд мөн бүх техникүүд болон бичиг баримтууд компанийн ажилтан, албан хаагч, ажилчдын диплом мэргэжлийн үнэмлэх, бусад бичиг баримтуудыг нэг бүрчлэн хуулбарлан нотариатаар баталгаажуулахад мөнгө их зарцуулагдсан. Тусгай зөвшөөрлийн шалгаруулалтад бэлдсэн 2 зузаан ном шиг материал, нэг үнийн саналын тусгайлан битүүмжилсэн дугтуйтай хамт Б.Б-д хүлээлгэн өгсөн. Б.Б- материалуудыг аваад 2019 оны 02 сарын 14-ний өдөр Ашигт малтмалаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад компанийн захирлын хувьд оролцсон. Гэвч сонгон шалгаруулалтын 1-р үе шат дуусахад тендерийн бичиг баримтаа үлдээлгүй аваад гарч ирснээс болоод тухайн тендерт оролцохоос сайн дураараа татгалзсан үндэслэлээр тендерийн 2-р шатанд оролцох боломжгүй болсон. Үүнээс үүдэн бидний дунд маргаан үүссэн. Миний хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хоёроос дээш этгээд ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээн Б.Б-тай хамтран ажиллах хэлцэл амаар байгуулсан. Иргэний хуулийн 480.1.4-д зааснаар хамтын үйл ажиллагааны зорилго нь Увс аймгийн Өмнөговь сумын Хорт-Уул нэртэй талбайг авах байсан. Энэ хамтын үйл ажиллагааны хүрээнд өөрийн зүгээс шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Иргэний хуулийн 478.11-д зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасан тул дээрх бичиг баримтуудыг бүрдүүлж бэлдэхэд гарсан зардлыг би төлөх үүрэггүй гэж үзэж байна гэжээ.

 

3.   Хариуцагч О.П- хариу тайлбартаа: Миний бие Б.Б- гэдэг хүнээс бэлнээр болон дансаар авсан мөнгө байхгүй. Нэхэмжлэлд тухайн мөнгийг Ж.Э-гийн дансанд хийсэн гэж дурдагдсан байна. Миний хувьд тухайн хоёр хүний хооронд тендерийн сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн материал зэргийг зөөж өгснөөс өөрөөр оролцоогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.П-, Ж.Э- нараас 27,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.П-, Ж.Э- нараас 294,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч Ж.Э- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.а.Анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна.

5.б.Анхан шатны шүүхээс даалгаврын гэрээг биелүүлээгүй гэх үндэслэлээр 27,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар миний бие нэхэмжлэгчтэй харилцан тохирч тендерийн сонгон шалгаруулалтын материал бүрдүүлэхээр болсон. Хариуцагч О.П- нь гэрээний нэг тал буюу даалгавар гүйцэтгэгч бус харин даалгавар гүйцэтгэгч нь Ж.Э- миний бие гэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өөрийн тайлбартаа хүлээн зөвшөөрч хэлсэн байдаг.

5.в.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар даалгавар өгөгч нь даалгавар гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэгтэй байдаг ба нэхэмжлэгч нь хариуцагч О.П-д төлсөн хөлс байхгүй. Харин миний дансаар мөнгөө шилжүүлсэн байдаг. Миний хувьд даалгавар маань нэхэмжлэгчийн өмнөөс сонгон шалгаруулалтад ороход шаардагдах материалыг бэлдэж өгөх, бүрдүүлэх бичиг баримтуудыг боловсруулах, судалгаа хийж, тайлан тооцоо гаргах, тавигдсан шаардлагын дагуу бичиг баримтын бүрдүүлбэрийг хийж гүйцэтгэн Б.Б-д хүлээлгэн өгөх байсан. Энэ даалгавраа миний бие бүрэн гүйцэд биелүүлсэн.

5.г.Анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргахдаа бүрдүүлсэн 2 ширхэг зузаан ном шиг материал, үнийн саналын дугтуйлсан бичиг баримтуудыг Б.Б-д өгсөн гэдгээ бичсэн байгаа. Анхан шатны шүүхийн шүүгч даалгаврыг тусгай зөвшөөрөл буюу лицензийг авч өгснөөр дуусгавар болно гэж хуулийн заалт хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Миний зүгээс Б.Б-д лиценз худалдаж авч өгөх үүрэг хүлээгээгүй, төрийн байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтад оролцох шаардлагад нийцсэн бичиг баримтыг бүрдүүлэн өгөх үүргийг харилцан тохиролцсон болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.   Хариуцагч О.П- хариу тайлбартаа: Анхан шатны шүүхий шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.а.Хариуцагч О.П- нь гэрээний нэг тал буюу даалгавар гүйцэтгэгч бус харин даалгавар гүйцэтгэгч нь Ж.Э- болохыг анхан шатны шүүх хуралдаанд оролцогч талууд мөн хариуцагч Ж.Э- нь өөрийн тайлбартаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн өмнөөс материал бүрдүүлэх, сорьц авах гээд шаардлагатай бүх ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан.

6.б.Нэхэмжлэгч нь хариуцагч О.П-д төлсөн хөлс үгүй. Харин хариуцагч Ж.Э-д хөлсийг төлж, Ж.Э- нь даалгавар гүйцэтгэсэн, мөн хөлс авснаа анхан шатны шүүхэд хүлээн зөвшөөрсөн байхад О.П- намайг даалгавар гүйцэтгэгч мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч О.П-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч О.П-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ж.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Ж.Э-, О.П- нарт холбогдуулан 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч нартай алтны уурхайн лиценз гаргуулахаар тохиролцож 175,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, алтны уурхайн лиценз гараагүй, эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байх үед 148,000,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэгдэл 27,000,000 төгрөгийг гаргуулна... гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

3.   Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлээ хариуцагч Ж.Э- нь ...нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан, үүний дагуу тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтуудыг бэлтгэж нэхэмжлэгчид 2 ширхэг зузаан ном шиг материалыг хүлээлгэн өгсөн, Б.Б-аас авсан мөнгийг бичиг баримт бэлтгэх, хувилах, шатахуун, зургийн ажлын хөлс, геологчийн ажлын хөлс, хоол унаа болон бусад зардалд зарцуулсан, хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг дангаар хариуцах үүрэггүй... гэсэн агуулгаар, хариуцагч О.П- нь ...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, гэрээний нэг тал биш, нэхэмжлэгчээс мөнгө хүлээн аваагүй... гэсэн агуулгаар тус тус тайлбарласан байна.

 

4.   Хэрэгт авагдсан Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 1/1432 тоот Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, зохигчдын тайлбараар Ж.Э- нь Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрт байрлах Хорт-Уул нэртэй газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж Б.Б-тай амаар тохиролцож, түүнээс 2018 оны 05 сарын 18-ны өдөр 175,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байх явцад Б.Б-д 148,000,000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

5.   Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь, хариуцагч Ж.Э- нь ...тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж 2 ширхэг зузаан ном шиг материалыг Б.Б-д хүлээлгэн өгсөн, Б.Б-аас авсан мөнгийг бичиг баримт бэлтгэх, хувилах, шатахуун, зургийн ажлын хөлс, геологчийн ажлын хөлс, хоол унаа болон бусад зардалд зарцуулсан... гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж.Э- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн татгалзлаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул тэдгээрийн хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй.

 

6.   Хариуцагч Ж.Э- нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд биш атлаа нэхэмжлэгч Б.Б-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж 175,000,000 төгрөгийг авсан байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б- нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан этгээдээс мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

7.   Зохигчдын тайлбараар Б.Б- нь 175,000,000 төгрөгийг Ж.Э-д шилжүүлэн өгсөн, Ж.Э- нь 148,000,000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон тул хариуцагч Ж.Э-гаас үлдэх 27,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

Хариуцагч О.П- нь нэхэмжлэгч Б.Б-аас мөнгөн хөрөнгө шилжүүлэн аваагүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч О.П-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ж.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/01032 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ж.Э-гаас 27,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч О.П-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагч О.П-, Ж.Э- нараас... гэснийг ...хариуцагч Ж.Э-гаас... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.П-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР