Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2023/00308

 

 

 

 

 

 

 

 

        2023            02              28                                     142/ШШ2023/00308

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум 0 өаг, 0-0 тоотод оршин суух Т овогт Б-ын Б /регистрийн дугаар: хх000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух Ч овогт Б-н Б /регистрийн дугаар хх00000000/,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Б холбогдуулан 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А би Б.Бын мөнгөний хэрэг гараад хүүтэй мөнгө зээлмээр байна гэсэн хүсэлтийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Б.Б нь дахин мөнгөний хэрэгцээ гарсан гэсэн тул 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн, мөн 2020 оны 6 дугаар сарын 22-нд 200,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 29-нд 200,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-нд зээлээ хаагаад зээл авах гэж байна гэж хэлээд 700,000 төгрөг, маргааш нь буюу дахин 2020 оны 8 дугаар сарын 11-нд 200,000 төгрөг тус тус нэмж аван 10 хувийн хүүг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон. Б.Б нь дээрх зээлийг авахдаа эхнэр хүүхэд Булганд байгаа мөнгөний хэрэг гарч байна хашаа байшингаа зарах гэсэн юм, зээл авах гэсэн юм яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа гэх мэтээр ярьсаар байгаад надаас хүүтэй мөнгө зээлж авсан. Б.Бын энэ үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл ч байж болох талтай гэж би үзэж байгаа боловч Б.Быг “ХХХ”-д-т ажилладаг, эхнэр хүүхэдтэй амьдрал зохиогоод явж байгаа хүний хувьд цагдаад өгч шалгуулаад дэмий гэж үзэж шүүхэд хандахаар шийдлээ. Б.Б 1 жилийн дараа буюу 2021 оны 6 дугаар сарын үед би мөнгөө бүрэн гүйцэт хүүг нь тооцоод өгчихнө гээд байхаар нь би итгээд хэсэг явсан, тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь Б.Баас мөнгөө нэхэх гэхэд гар утсаа солиод холбоо барих боломжгүй болсон. Тэгээд би Б.Бын ээж О-гийн 00000000 дугаартай гар утас руу залгаж болсон явдлыг нь хэлээд Б.Быг сураглахад “наадах чинь эхнэр хүүхэдтэй болж байгаа юм шиг байна лээ, ажпаа бол хийж байгаа, гар утсаа соличихсон 000000 дугаарын гар утастай байгаа” гэж хэлээд би гар утсаар нь ярьж байсан юм. Б.Б надад би зээл аваад таньд бүх хүүг нь үндсэн мөнгөтэй чинь хамт өгнө гээд байхаар нь би итгээд яваад байсан юм. Б.Б бид хоёрын хувьд зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба зээлийн хүүг 10 хувиар тооцож хугацааг мөнгө төгрөгөө өгч бүрэн дууссан өдрөөр тооцохоор тохиролцсон юм. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу Б.Б нь 1 сая төгрөг зээлж авсан мөнгөний хувьд 21 сарыг 10 хувиар тооцоход хүү нь 2,100,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 1,500,000 төгрөгийн хувьд 21 сарыг 10 хувиар тооцоход 3,150,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлсэн 700,000 төгрөгийн хувьд 19 сарыг 410 хувиар тооцоход зээлийн хүү нь 1,330,000 төгрөг болж байгаа юм. Тэгэхээр 10 хувиар тооцоход хүүнд нийтдээ 6,580,000 төгрөг нэхэмжлэхээр байгаа юм. Гэхдээ би өнөөдрийн цаг үеийн байдлыг харгалзан үзэж зээлийн гэрээний хүүг 10 хувь биш 5 хувь болгон бууруулж тооцохоор шийдлээ. Зээлийн гэрээг бичгээр байгуулж олгогдсон 3,200,000 төгрөгийн хүүг 5 хувиар багасган тооцоход 3,290,000 төгрөгийн хүүг нэхэмжпэх эрх нээгдэж байгаа юм. Үндсэн зээлсэн 4,000,000 төгрөгийн 3 200 000 төгрөг дээр нь зээлийн гэрээ хийгдэж үлдсэн 800,000 төгрөг дээр зээлийн гэрээг дагнаж бичгээр байгуулаагүй зээлийн гэрээ дээрээ нэмж бичээд байсан тул 800,000 төгрөгт хүү, алданги нэхэмжлэхгүй. Мөн би алдангид 1,000,000 төгрөгний алдангид 300,000 төгрөг, 1,500,000 төгрөгийн алдангид 450,000 төгрөг, 700,000 төгрөгийн алдангид 210 000 төгрөг тус тус нийтдээ алдангид 960,000 төгрөг нэхэмжлэнэ. Б.Б нь надад 10 хувь хүү өгнө гэж өөрөө санал гаргаж өөрт хэрэгцээтэй үедээ мөнгө авсан мөртлөө 2 жилийн орчимын хугацаанд хүү ч өгөхгүй, үндсэн мөнгөнөөсөө ч төлөлт хийхгүй иргэн намайг маш ихээр хохироож байгаа тул хуулийн шаардлага, хэлбэр хангасан байдлаар байгуулсан, хүчин төгөлдөр зээлийн гэрээг үндэслэн надад Б.Б-аас зээлийн үндсэн төлбөр болон хүү, алдангийн төлбөр болох 8,250,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна. Б.Б-аас зээлж авсан үндсэн 4,000,000 төгрөг дээр хүү 3,290,000 төгрөг /5 хувь бууруулж тооцсон/, алдангид 960,000 төгрөг нийт 8,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Б.Бын мөнгөний хэрэг гараад хүүтэй мөнгө зээлмээр байна гэсэн хүсэлтийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг 10 хувий хүүтэй зээлсэн. Б.Б нь дахин мөнгөний хэрэгцээ гарсан гэсэн тул 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн, мөн 2020 оны 6 дугаар сарын 22-нд 200,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 29-нд 200,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-нд зээлээ хаагаад зээл авах гэж байна гэж хэлээд 700,000 төгрөг, маргааш нь буюу дахин 2020 оны 8 дугаар сарын 11-нд 200,000 төгрөг тус тус нэмж аван 10 хувийн хүүг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон. Б.Б бид хоёрын хувьд зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба зээлийн хүүг 10 хувиар тооцож хугацааг мөнгө төгрөгөө өгч бүрэн дууссан өдрөөр тооцохоор тохиролцсон юм. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу Б.Б нь 1 сая төгрөг зээлж авсан мөнгөний хувьд 21 сарыг 10 хувиар тооцоход хүү нь 2,100,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 1,500,000 төгрөгийн хувьд 21 сарыг 10 хувиар тооцоход 3,150,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлсэн 700,000 төгрөгийн хувьд 19 сарыг 10 хувиар тооцоход зээлийн хүү нь 1,330,000 төгрөг болж байгаа юм. Тэгэхээр 10 хувиар тооцоход хүүнд нийтдээ 6,580,000 төгрөг нэхэмжлэхээр байгаа юм. Гэхдээ би өнөөдрийн цаг үеийн байдлыг харгалзан үзэж зээлийн гэрээний хүүг 10 хувь биш 5 хувь болгон бууруулж тооцон Зээлийн гэрээг бичгээр байгуулж олгогдсон 3.200.000 төгрөгийн хүүг 5 хувиар багасган тооцоход 3,290,000 төгрөгийн хүүг нэхэмжпэх эрх нээгдэж байгаа юм. Үндсэн зээлсэн 4,000,000 төгрегийн 3,200,000 төгрөг дээр нь зээлийн гэрээ хийгдэж үлдсэн 800,000 төгрөг дээр зээлийн гэрээг дагнаж бичгээр байгуулаагүй зээлийн гэрээ дээрээ нэмж бичээд байсан тул 800,000 төгрөгт хүү, алданги нэхэмжлэхгүй. Мөн алдангид 1,000,000 төгрөгний алдангид 300,000 төгрөг, 1,500,000 төгрөгийн алдангид 450,000 төгрөг, 700,000 төгрөгийн алдангид 210,000 төгрөг тус тус нийтдээ алдангид 960,000 төгрөг нэхэмжлэнэ. Б.Баас зээлж авсан үндсэн 4,000,000 төгрөг дээр хүүнд 3,290,000 төгрөг /5% бууруулж тооцсон/, алдангид 960,000 төгрөг нийт 8,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сая би нэхэмжлэгч А.Атай утсаар ярьсан. Аавынх нь бие муудсан байгаа учраас 2,000,000 төгрөгийг хасч 6,000,000 төгрөг гаргуулахаар эвлэрч болно гэв.

3. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.Агийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж  байна. Б.Б миний  бие А.Агаас хувийн хэрэгцээндээ  зориулж анх 2020.06.08-ны өдөр 900,000 төгрөг, 2020.06.13-нд 150,000 төгрөг, 2020.06.16-нд 1,200,000 төгрөг, 2020.07.03-нд 200,000 төгрөг, 2020.08.11-нд 200,000 тус тус зээлдэж нийт 2,650,000 төгрөг авсан. Мөнгө зээлж авахдаа дандаа өөрийн 5120071434 тоот дансаар шилжүүлж авдаг байсан. Нэг ч удаа бэлэн мөнгө авч байгаагүй. Энэ мөнгөө төлнө. Харин 2020 оны 6 дугаар сарын 22-нд 200,000 төгрөг, 7 дугаар сарын 29-нд 200,000 төгрөг, 8 дугаар сарын 10-нд 700,000 төгрөг нийт 1,100,000 төгрөгийг зээлж аваагүй. Би анх 2020 оны 6 дугаар сарын 8 нд зээл авахдаа нэг удаа гэрээ хийж гарын үсэг зурсан. Түүнээс өөр бичгээр гэрээ хийгээгүй. Мөн зээлийн гэрээг сунгах нэмж авах байдлаар гарын үсэг зураагүй  болно. Иймд зээлсэн 2,650,000 төгрөгийг төлөх болно. Үлдсэн мөнгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Би хуулийн дагуу тайлбарлаж мэдэхгүй байна. Би 4.000.000 төгрөг хүүтэй авснаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчтэйгээ байж тохиролцоо хиймээр байна. 10 хувь гэж тооцно гэж байсан. Би авсан нь үнэн. Би боломжгүй байна гэдгээ хэлж байсан. Энэ хүнээс авсан учраас хохироохгүй гэж үзэж байгаа гэв.

4. Нэхэмжлэгчээс: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, итгэмжлэл /хх-8/, зээлийн гэрээ /хх-5-7/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний  хэргийн анхан шатны шүүх дэх аюлэрүүлэн зуучлахад хандаж гаргасан өргөдөл /хх-9-10/, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-11/ зэргийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн.

Хариуцагчаас: Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-27-32/,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар: Орхон аймгийн шүүхийн шинжилгээний  албаны шинжээч Ч.Ганзоригийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 164 дугаартай  дүгнэлт, хавсралт баримтууд /хх-40-204/

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь Б.Бт холбогдуулан 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нь А.А, хариуцагч Б.Б нарын хооронд 2020 оны 6 сарын 8-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 22-нд нэмж 200,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 03-нд 200,000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 29-нд 200,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 10-нд 700,000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 11-нд 200,000 төгрөгийг тус тус сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа зээлийн гэрээнийхээ хүүг сарын 10 хувийн хүүтэй байснаас сар бүр 5 хувиар тооцон нэхэмжилж байна гэдэг.

            Хариуцагч Б.Б нь А.Агаас хувийн хэрэгцээндээ зориулж анх 2020.06.08-ны өдөр 900,000 төгрөг, 2020.06.13-нд 150,000 төгрөг, 2020.06.16-нд 1,200,000 төгрөг, 2020.07.03-нд 200,000 төгрөг, 2020.08.11-нд 200,000 тус тус зээлдэж нийт 2,650,000 төгрөг авсан гэж тайлбар ирүүлсэн ч шүүхийн хэлэлцүүлэгт үндсэн зээл 6.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

            Хариуцагч Б.Бт нь 2020 оны 6 дугаар сарын 22-нд 200,000 төгрөг, 7 дугаар сарын 29-нд 200,000 төгрөг, 8 дугаар сарын 10-нд 700,000 төгрөг нийт 1,100,000 төгрөгийг зээлж аваагүй. Би анх 2020 оны 6 дугаар сарын 8 нд зээл авахдаа нэг удаа гэрээ хийж гарын үсэг зурсан. Түүнээс өөр бичгээр гэрээ хийгээгүй. Мөн зээлийн гэрээг сунгах нэмж авах байдлаар гарын үсэг зураагүй болно гэж тайлбарлаж байгаа боловч Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны  шинжээчийн Ч.Ганзоригийн 2022 оны 12 дугаар 16-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтэд 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгүүд Б.Бын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэх хариуг ирүүлсэн.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хэрэг үүссэнээс хойш нэхэмжлэгч болон хариуцагчийг энэ эрхээр нь хангасан байдаг.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээ байгуулсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

            Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

            Иргэний  хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан ба талууд зээлийн гэрээгээр зээлийн хүүг сарын 10 хувь байхаар тогтоосон боловч нэхэмжлэгч А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн хүүг бууруулж сарын 5 хувь болгосон.

             Иймд хариуцагч Б.Баас үндсэн зээл 6.000.000 төгрөг хүү 2.250.000 төгрөг нийт 8,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,950 төгрөг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Мөн  хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нь 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй шүүх давхардсан талаархи хүсэлтээ нотлох баримтын хамт ирүүлсэний дагуу шүүх хуралдаан хойшилсон байдаг ба өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэнд 99864198 дугаарт холбогдон мэдэгдсэн боловч өмгөөлөгчийн зүгээс шүүх  хуралдааныг хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д -д заасныг  тус тус баримтлан Б.Б-аас үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 2.250.000 төгрөг нийт 8,250,000 төгрөгийг /найман сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 146,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА