Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2023/00058

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-т холбогдох

иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ..................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Б-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч М.Д, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б би Б.Б-ын мөнгөний хэрэг гараад хүүтэй мөнгө зээлмээр байна гэсэн хүсэлтийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Б.Б- нь дахин мөнгөний хэрэгцээ гарсан гэсэн тул 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн, мөн 2020 оны 6 дугаар сарын 22-нд 200,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 29-нд 200,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-нд зээлээ хаагаад зээл авах гэж байна гэж хэлээд 700,000 төгрөг, маргааш нь буюу дахин 2020 оны 8 дугаар сарын 11-нд 200,000 төгрөг тус тус нэмж аван 10 хувийн хүүг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон. Б.Б- нь дээрх зээлийг авахдаа эхнэр хүүхэд Б байгаа мөнгөний хэрэг гарч байна хашаа байшингаа зарах гэсэн юм, зээл авах гэсэн юм яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа гэх мэтээр ярьсаар байгаад надаас хүүтэй мөнгө зээлж авсан. Б.Б-ын энэ үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл ч байж болох талтай гэж би үзэж байгаа боловч Б.Б-ыг Э үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг, эхнэр хүүхэдтэй амьдрал зохиогоод явж байгаа хүний хувьд цагдаад өгч шалгуулаад дэмий гэж үзэж шүүхэд хандахаар шийдлээ. Б.Б- 1 жилийн дараа буюу 2021 оны 6 дугаар сарын үед би мөнгөө бүрэн гүйцэт хүүг нь тооцоод өгчихнө гээд байхаар нь би итгээд хэсэг явсан, тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь Б.Б-аас мөнгөө нэхэх гэхэд гар утсаа солиод холбоо барих боломжгүй болсон. Тэгээд би Б.Б-ын ээж О-ийн .............. дугаартай гар утас руу залгаж болсон явдлыг нь хэлээд Б.Б-ыг сураглахад наадах чинь эхнэр хүүхэдтэй болж байгаа юм шиг байна лээ, ажпаа бол хийж байгаа, гар утсаа соличихсон 99340533 дугаарын гар утастай байгаа гэж хэлээд би гар утсаар нь ярьж байсан юм. Б.Б- надад би зээл аваад таньд бүх хүүг нь үндсэн мөнгөтэй чинь хамт өгнө гээд байхаар нь би итгээд яваад байсан юм. Б.Б- бид хоёрын хувьд зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба зээлийн хүүг 10 хувиар тооцож хугацааг мөнгө төгрөгөө өгч бүрэн дууссан өдрөөр тооцохоор тохиролцсон юм. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу Б.Б- нь 1 сая төгрөг зээлж авсан мөнгөний хувьд 21 сарыг 10 хувиар тооцоход хүү нь 2,100,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 1,500,000 төгрөгийн хувьд 21 сарыг 10 хувиар тооцоход 3,150,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлсэн 700,000 төгрөгийн хувьд 19 сарыг 410 хувиар тооцоход зээлийн хүү нь 1,330,000 төгрөг болж байгаа юм. Тэгэхээр 10 хувиар тооцоход хүүнд нийтдээ 6,580,000 төгрөг нэхэмжлэхээр байгаа юм. Гэхдээ би өнөөдрийн цаг үеийн байдлыг харгалзан үзэж зээлийн гэрээний хүүг 10 хувь биш 5 хувь болгон бууруулж тооцохоор шийдлээ. Зээлийн гэрээг бичгээр байгуулж олгогдсон 3,200,000 төгрөгийн хүүг 5 хувиар багасган тооцоход 3,290,000 төгрөгийн хүүг нэхэмжпэх эрх нээгдэж байгаа юм. Үндсэн зээлсэн 4,000,000 төгрөгийн 3 200 000 төгрөг дээр нь зээлийн гэрээ хийгдэж үлдсэн 800,000 төгрөг дээр зээлийн гэрээг дагнаж бичгээр байгуулаагүй зээлийн гэрээ дээрээ нэмж бичээд байсан тул 800,000 төгрөгт хүү, алданги нэхэмжлэхгүй. Мөн би алдангид 1,000,000 төгрөгний алдангид 300,000 төгрөг, 1,500,000 төгрөгийн алдангид 450,000 төгрөг, 700,000 төгрөгийн алдангид 210 000 төгрөг тус тус нийтдээ алдангид 960,000 төгрөг нэхэмжлэнэ. Б.Б- нь надад 10 хувь хүү өгнө гэж өөрөө санал гаргаж өөрт хэрэгцээтэй үедээ мөнгө авсан мөртлөө 2 жилийн орчимын хугацаанд хүү ч өгөхгүй, үндсэн мөнгөнөөсөө ч төлөлт хийхгүй иргэн намайг маш ихээр хохироож байгаа тул хуулийн шаардлага, хэлбэр хангасан байдлаар байгуулсан, хүчин төгөлдөр зээлийн гэрээг үндэслэн надад Б.Б-аас зээлийн үндсэн төлбөр болон хүү, алдангийн төлбөр болох 8,250,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна. Б.Б-аас зээлж авсан үндсэн 4,000,000 төгрөг дээр хүү 3,290,000 төгрөг /5 хувь бууруулж тооцсон/, алдангид 960,000 төгрөг нийт 8,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна. Б.Б- миний бие Б.Б-аас хувийн хэрэгцээндээ зориулж анх 2020.06.08-ны өдөр 900,000 төгрөг, 2020.06.13-нд 150,000 төгрөг, 2020.06.16-нд 1,200,000 төгрөг, 2020.07.03-нд 200,000 төгрөг, 2020.08.11-нд 200,000 тус тус зээлдэж нийт 2,650,000 төгрөг авсан. Мөнгө зээлж авахдаа дандаа өөрийн ........................ тоот дансаар шилжүүлж авдаг байсан. Нэг ч удаа бэлэн мөнгө авч байгаагүй. Энэ мөнгөө төлнө. Харин 2020 оны 6 дугаар сарын 22-нд 200,000 төгрөг, 7 дугаар сарын 29-нд 200,000 төгрөг, 8 дугаар сарын 10-нд 700,000 төгрөг нийт 1,100,000 төгрөгийг зээлж аваагүй. Би анх 2020 оны 6 дугаар сарын 8 нд зээл авахдаа нэг удаа гэрээ хийж гарын үсэг зурсан. Түүнээс өөр бичгээр гэрээ хийгээгүй. Мөн зээлийн гэрээг сунгах нэмж авах байдлаар гарын үсэг зураагүй болно. Иймд зээлсэн 2,650,000 төгрөгийг төлөх болно. Үлдсэн мөнгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ..................... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д -д заасныг тус тус баримтлан Б.Б-аас үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 2.250.000 төгрөг нийт 8.250.000 төгрөгийг /найман сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 146.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний огт аваагүй мөнгийг авсан мэт үзэж үндсэн зээлийг 6.000.000 төгрөг болгон шүүх дүгнэлт хийж буруу шийдвэр гаргасан байна. Би тухайн хүнээс 2.675.000 төгрөг авсан . Гэтэл намайг 6.000.000 төгрөг авсан мэт засвартай, хуурамч баримтаар нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээ гэх баримтууд нь засвартай, ялангуяа авсан гэх мөнгөн дүн дээр засвар орсон, гарын үсэг таарахгүй байсан зэрэг баримтуудыг сайтар судалж үзээгүй, О гэх үсэг таарсан гэх шалтгаанаар их хэмжээний мөнгийг авсан мэт дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй. 2-т 2020.06.13 ны өдрийн 150.000 төгрөгийг, шүүх 1.500.000 гэж бичсэн, 2020.06.22-ны өдөр огт мөнгө аваагүй байхад авсан гэж дүгнэсэн, 2020.07.29-нд 200.000 авсан гэж баримтгүй дүгнэсэн, 2020.08.10-ны өдөр 700.000 авсан гэх баримтгүй дүгнэсэн дээрх мөнгөнүүд миний дансаар ороогүй, зээлийн гэрээгүй байхад зээлийн гэрээ байгуулсан мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. 3-т мөн миний эрх ашгийг илтэд хохироосон, өмгөөлөгч М.Дд хэргийн материал танилцуулаагүй, хурлын тов өгөөгүй, хуралд орох боломж олгоогүй мөн өмгөөлөгчийн хамт хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсээр байхад шийдвэрлээгүй нь миний эрх ашгийг хохироосон. 4-т дээрх байдлаар аваагүй мөнгөнд зээлийн гэрээ байсан мэт, хүү тохиролцсон мэт үндэслэлгүй дүгнэлт хийснийг хуульд нийцээгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.28-ны өдрийн ..................... дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 164 тоот дүгнэлтэнд зохигчдын гомдол гаргаагүй, дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүх нотлох баримтаар тооцож, үндэслэлтэй шийдвэр гаргасан. Б.Б-т өгсөн, авсан мөнгөний тооцоо нь тодорхой гэрээнд заасны дагуу нэхэмжилсэн өөрөө шүүх хуралдаанд тодорхой хэлж байсан. Өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг Б.Б-т хангалттай хугацаа өгсөн. Тийм учраас гомдлыг хангахгүй орхиж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Б-т холбогдуулан Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 4.000.000 төгрөг, хүүнд 3.290.000 төгрөг, алданги 960.000 төгрөг нийт 8.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д -д заасныг тус тус баримтлан Б.Б-аас үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 2.250.000 төгрөг нийт 8.250.000 төгрөгийг /найман сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Зохигчдын хооронд 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулагдаж, нийт 4.000.000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй хариуцагч Б.Б- зээлжээ.

Нэхэмжлэгч нь Б.Б нь зээлийн хүүг сарын 10 хувийн хүүтэй 6.580.000 төгрөг гэж тодорхойлсон боловч зээлийн сарын хүүг 5 хувь болгон бууруулж зээлийн хүүнд хариуцагчаас 3.290.000 төгрөг нэхэмжилжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байна .

Хариуцагч Б.Б- нь шүүхэд ...мөн миний эрх ашгийг илтэд хохироосон, өмгөөлөгч М.Дд хэргийн материал танилцуулаагүй, хурлын тов өгөөгүй, хуралд орох боломж олгоогүй мөн өмгөөлөгчийн хамт хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсээр байхад шийдвэрлээгүй нь миний эрх ашгийг хохироосон... гэсэн утгатай давж заалдсан гомдол гаргажээ.

Шүүгчийн туслах 2023 оны 02 дугаар сарын 27 ны өдрийн 18 цаг 08 минутанд өмгөөлөгч М.Дтэй холбогдож шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ... Б надтай огт холбоо бариагүй, шүүх хуралдаанд оролцуулах талаар мэдэгдээгүй, би шүүх хуралдаанд оролцохгүй, өөрөө өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох байх гэсэн... тайлбарыг өгсөн байх тул хариуцагчийн гомдлын дээрх үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үнийн дүнгийн задаргааг буруу бичсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 146.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ..................... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д -д заасныг тус тус баримтлан Б.Б-аас үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 2.250.000 төгрөг нийт 8.250.000 төгрөгийг /найман сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6. -д зааснаар хариуцагч Б.Б-аас үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 3.290.000, алданги 960.000 төгрөг нийт 8.250.000 төгрөгийг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 146.950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б...............................................................................................................