Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1289

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             Д.О-ы нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01371 дугаар шийдвэртэй

              

Нэхэмжлэгч Д.О-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-т холбогдох

 

4 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О-, түүний өмгөөлөгч А.А, хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний танил Д.Б- 2013 оны 6 дугаар сард гадаадад хүүхдээ тэтгэлэгтэй суралцуулах боломж байна, танай хүүхэд явах уу гэж асуухад миний хүү Ч.Очирвааньд тухайн үед АНУ-д суралцах урилга ирсэн байсан учраас уг саналыг сонирхон зөвшөөрч уулзсан. Тэгээд бид УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны референт С.Энхцэцэгтэй уулзахад “тэтгэлэгтэй сургуульд явуулахад 1 хүүхдээс 10 000 ам.доллар авдаг, мөнгөө бэлдээд байж бай” гэж хэлсэн. 2013 оны 7 дугаар сард Д.Б-т 3 000 000 төгрөг, 8 дугаар сарын дундуур 8 100 ам.доллар нийт 10 000 ам.долларыг тус тус бэлнээр өгсөн. Үүнээс хойш Д.Б- янз бүрийн шалтаг хэлж мөнгө өгөхгүй, хүүхдийг сургуульд явуулахгүй 5 жил болсон. Би аргаа бараад 2018 оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргахад С.Энхцэцэг 4 000 ам.доллар, Д.Б- 5 000 000 төгрөг буцааж өгсөн. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2530 дугаар тогтоолоор С.Энхцэцэг, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан.

Иймд Д.Б-ийн авсан 6 000 ам.долларыг тухайн үеийн Монгол банкны ханш 1 650 төгрөгөөр тооцоход 9 900 000 төгрөг болох бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн 5 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 4 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.О-ы хүсэлтийн дагуу төрсөн дүүгийнх нь хүүхдийг Япон улсад суралцуулахаар явуулсан. Тэр хүүхэд Япон улсад 2 жил гаруй хугацаанд суралцаж байгаад 2017 онд ирээд МУИС-д үргэлжлүүлэн суралцаж төгссөн.

Д.О-ы төрсөн хүү Ч.Очирваань АНУ-ын визинд ороод виз нь гараагүй тул яваагүй. Би мөнгөний бололцоогүй байсан болохоор төлж чадаагүй. Тиймээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг шалгагдаж байх хугацаанд 5 000 000 төгрөгийг өгсөн.

Би дүүгийнх нь хүүхдийг тэтгэлэгт хамруулна гэж хэлээгүй, Д.О-ы төрсөн дүүгийн хүүхэд З.Одгэрэлийн асуудал яригдаж байгаа. Гэтэл төрсөн дүүгийнхээ хүүхдийг өмнөөс нь төлөөлөх талаар хэрэгт баримт байхгүй. Д.О-ы төрсөн дүү болох н.Одгэрэлийн ээж хуулийн чадамжтай хүн байгаа. Би Д.О-ыг, С.Энхцэцэгт зуучилж өгөөд ажлын хөлсөө авсан гэж үзэж байна. З.Одгэрэл Япон улс руу сургуульд яваад 1 жил 9 сар хэлний бэлтгэлд суусан тул би үүргээ биелүүлсэн. З.Одгэрэлийг С.Энхцэцэгт хэлж Япон хэлний “Цөм” сургалтын төвд суралцуулж, тэндээсээ зуучлан Япон улс руу сургуульд явуулсан. Миний ойлгож байгаагаар энд хэлний бэлтгэл хангасан, виз нь гарчихсан хүүхэд бол Японд 1 жил хэлний бэлтгэл хийгээд, 2 жил үндсэн сургуульдаа яваад төгсөөд ирэх боломжтой. З.Одгэрэл 1 жил 9 сар хэлний бэлтгэлд суусан байсан, буцаж ирсэн шалтгаан нь цааш үргэлжлүүлэн сурах чадваргүй учраас буцаж ирсэн гэж бодож, дүгнэж байгаа. Бидний хооронд аман хэлцэл хийгдсэн. Д.О- өөрөө зөвшөөрсөн учраас надад мөнгөө өгсөн. Түүнээс биш би Д.О-ыг хүчээр далайлгаж, хөөцөлдөж, мөнгө аваагүй. Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс 4 900 000 /дөрвөн сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 93 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Соёлмаа давж заалдах гомдолдоо:

Миний бие Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар ял сонсгосон шүүгдэгч Н.Амарбаярт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож хурал 18 цаг 30 минутад тарсан. Хот хоорондын автобус Хэнтий аймгаас Улаанбаатар хотруу 16 цагт хөдөлдөг тул УБ хот руу явах боломжгүй болсон тул 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 08.00 цагаас Улаанбаатар хотруу явах хот хоорондын автобусанд сууж үдээс хойш 15 цаг 15 минутад Тэнгэр плаза дээр ирсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад зарлагдсан хуралдаанд оролцох боломжгүй тул өмгөөлөгч миний бие Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 00 минутад болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар ял сонсгосон шүүгдэгч Н.Амарбаярт холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахаас нь интернетээр авч хурал хойшлуулах хүсэлтийн хамт өөрийн үйлчлүүлэгч Д.Б-ээр дамжуулан шүүх хурал болохоос өмнө өгсөн. Шүүх хуралдаанд ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаантайг мэдэгдсээр байхад шүүх хуралдаанд оролцох эрхийг минь хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Д.Б-т холбогдуулан 4 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд З.Одгэрэлийг Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулахаар амаар тохиролцож, хариуцагч Д.Б- болон иргэн С.Энхцэцэг нарт 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 20 000 ам.доллар хүлээлгэж өгсөн боловч З.Одгэрэл тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй бөгөөд уг төлбөрөөс С.Энхцэцэгээс 10 000 ам.долларыг  хариуцагч Д.Б- 5 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 7 дугаар тал/

 

Хариуцагч Д.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэгч Д.О-аас авсан 6 000 ам.доллараас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 600 ам.доллар, 8 дугаар сарын 31-ний дотор үлдэгдэл тооцоог хийж дуусгахаар тохиролцон баталгаа гаргаж өгсөн бичгийн баримт хэрэгт авагджээ. /хэргийн 6 дугаар тал/

 

Монгол Улсын Засгийн газраас 2013-2014 онд зарлагдсан дэлхийн шилдэг их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад З.Одгэрэл, Ч.Очирваань нар хамрагдаагүй, З.Одгэрэл Япон улсад сургуульд суралцахад “Чинээлэг Од” ХХК зуучлалын үйлчилгээ үзүүлсэн болох нь Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрий 15/12403 дугаартай албан бичиг, тус яамны Боловсролын зээлийн сангийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 684 дугаартай албан бичиг, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зуучлалын болон батлан даагчийн гэрээ, гэрч З.Одгэрэл, Д.Сандуйдэмчиг нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзнэ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Харин хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн хариуцагчаас 10 000 ам.долларын үлдэгдэл төлбөр болох 4 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь “З.Одгэрэлийг Япон улсад суралцахад С.Энхцэцэгт зуучилж өгсний хөлсөнд 6 000 ам.долларыг авсан” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 27, 2019 оны 3 дугаар сарын 4, 2019 оны 3 дугаар сарын 20, 2019 оны 4 дүгээр сарын 30, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн оролцогчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, өмгөөлүүлэх эрхийг хангаж байжээ. /хэргийн 35-37, 50-51, 72-74, 129-130, 139-140/

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч С.Соёлмаа нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг “Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Амарбаярт холбогдох эрүүгийн хэрэг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт зарлагдсан байна. Иймд Д.О-ы нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, 2019 оны 5 дугаар сарын 23-нд товлогдсон хуралдаанд хүрэлцэн ирэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар 23-ны өдрийн 184/ШШ2019/01371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО