Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/шш2023/00976

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ...,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ эдлэх, албадан худалдан борлуулахыг хариуцагчид даалгаж, 60,000,000 /жаран сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р....

Хариуцагч З....

Хариуцагчийн өмгөөлөгч Т....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн ... тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн хөрөнгийг Худалдах, худалдан авах гэрээгээр З....гийн хамт Ж....гаас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр худалдан авч, уг хөрөнгө З...., О.... нарын хоёр иргэний өмч болсон. Энэ байрны өмчлөгч бид уулзаж ярилцахдаа тус байрыг өнөөгийн зах зээлийн ханшаар худалдан борлуулж, 50 хувийг тус бүр авъя гэж амаар хэлэлцсэн боловч З.... сүүлд Би энэ байрыг зарахгүй, шүүхдээд аваарай гэсэн тул Иргэний хуулийн 101.1, 106.2, 106.3-т заасныг удирдлага болгон өмчлөх хөрөнгөө захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй болсныг хүлээн зөвшөөрч чадахгүй байх тул өөрт байгаа эрхийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тус байранд З...., өөрийн аав ээжтэй амьдарч байгаа бөгөөд О.... миний бие хамтран өмчлөгч боловч өөрийн өмчийг ашиглах, эзэмших эрхгүй, З.... дангаар эзэмшиж байгаа нь хууль бус гэж үзэхээр байна. Иймд миний бие уг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахыг хариуцагч З....д даалгахыг хүсэж байна. Уг орон сууцыг 2019 онд 73,000,000 төгрөгөөр худалдан авсан. Өнөөдөр тухайн орон сууцны зах зээлийн үнэ ханш 120,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгааг unegui.mn вэбсайт болон үл хөдлөх хөрөнгө зуучийн компаниудаас гаргасан заруудаас харьцуулан гаргасан. Тиймээс уг байрнаас ногдох хэсэг болох 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Гэрч Б.... нь ээжээсээ авсан мөнгөөр бүх төлбөрийг төлж барагдуулсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй учир хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2 хүний өмч байгаа. Гэтэл нэг өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхээ эдлэхээр шаардлага гаргаж байгаа. Мөн хариуцагч тал нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаж өгөөгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү.

Хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 515 дугаартай дүгнэлтээр уг байрыг 125,280,000 төгрөг гэж үнэлсэн. Шинжээчээр Ж.... ажилласан. Харин дахин шинжээчийн дүгнэлтийг Итгэлт эстимэйт ХХК 2023 оны 01 сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа 122,918,100 төгрөг гэж дүгнэлт гарсан. Шинжээчээр Х.... ажилласан. Шинжээч нар зах зээлийн хандлагын арга ашигладаг болох нь анзаарагдсан бөгөөд энэ арга нь тухайн зарлагдсан мэдээллийн сангаас 3-аас дээш мэдээллийг жишнэ гэж үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу хийжээ. Шинжээчийн дүгнэлт нь хариуцагчаас 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн үйл баримтыг нотлох ач холбогдолтой байсан. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг хэрэглэх боломжгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 108 дугаар зүйлийн 108.3, 108.7, 108.8 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар 72.3-т заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэгч шүүхэд хандахаасаа өмнө хариуцагчид өөрсдийн ногдох хэсгийг аваад дуусгавар болох талаар хэлсэн байдаг. Гэтэл хариуцагч огт зөвшөөрдөггүй. Зар тавиад хүмүүст үзүүлэх гэхээр хаалга үүдээ тайлдаггүй, үзүүлэх боломж өгдөггүй учраас даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. О....гийн нэхэмжлэл нь гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл биш юм. Өөрийн өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулах тухай шаардлага байгаа юм. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан. Б.... бол өөрийнхөө хөдөлмөрөөр энэ эд хөрөнгийг бий болгосон. Энэ эд хөрөнгийг бий болгоход эх О....гийн зүгээс өөрийн хөрөнгийг барьцаанд тавьж түүнтэй холбоотой төлбөр мөнгийг төлөхөд ямар нэгэн саад учруулахгүй байх нөхцөл бололцоогоор хангаж байсан. Хөрөнгө нь хөдлөх болон үл хөдлөх гэсэн хэлбэртэй байгаа. Үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэнээр, хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэнээр өмчлөх эрх баталгаажна. Үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлсэнээр З...., О.... нарын өмчлөх эрх нь баталгаажсан. Үүнтэй холбоотой өнөөдрийг хүртэл З....гийн зүгээс ямар нэгэн байдлаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан уг хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой үнэн зөвийн талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байгаа нь дээрх орон сууц О....гийн хөрөнгө мөн болохыг үйлдлээрээ харуулж байна. Хариуцагч бол уг эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгч мөн эсэх дээр маргаагүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй...гэв.

2.Хариуцагч З.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

З.... миний бие нэхэмжлэгч О....гийн том хүү Б....тэй 2013 онд танилцаж үерхэн, 2015 оны 7 дугаар сард жирэмсэн болж, 2016 оны 5 дугаар сарын 15-нд охин А.... мэндэлж Б....гээр овоглосон. Бид гэрлэлтийн баталгаагүй байсан ба төрөхөөс өмнө батлуулах гээд амжаагүй. Охиноо төрүүлсний дараа нөхөр Б...., охин А.... бид гурав манай аав ээжийн гэрт амьдарч байсан. Амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор би охиноо 8 сартай байхад ажилдаа орж, ажил гэр хол байсан учир 2017 оны 5 дугаар сард автомашин худалдан авахаар би өөрийн нэр дээр ХХБ-аас 9,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, уг машинаа барьцаалж Хаан банкнаас 8,000,000 төгрөгийн зээл авч, 12,000,000 төгрөгөөр ... улсын дугаартай Приус-20 машин авсан. Зээлээс үлдсэн 3,5 сая төгрөгийг Б....г Солонгос улс руу явуулах зардалд гаргасан. Энэ орон сууцыг бид хоёр ярилцсаныхаа дагуу 2018 онд өөрсдийн машинаа 12,000,000 төгрөгөөр худалдаж, нөхөр ... 8,000,000 төгрөг нэмснээр 20,000,000 төгрөгийн урьдчилгаа бэлдэж, 2019 оны 9 дүгээр сарын 13-нд 65,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэхдээ миний нэр дээр ...ХЗХ-нд 53,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд 2 жилийн хугацаатайгаар тавьж зээл авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ З...., хамтран эзэмшигчээр О.... нарын нэр дээр гарсан. Учир нь нөхөр ... Солонгос улсад байсан учраас ээж нь байрны гэрчилгээ дээр өөрийн нэрийг заавал бичүүлнэ, хүүгээ ирэхээр өөрийн нэрийг хасаж хүү ...гийн нэрийг бичүүлнэ гэж нэрээ оруулсан. Энэ орон сууц бол ... бид хоёрын болон хүүхдүүдийн маань хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул Иргэний хуулийн 126, 129 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүд тэнцүү хамтран өмчлөх эрхтэй юм. ...ХЗХ-ны зээл ч бүрэн дуусаагүй байгаа. Байрыг авахад О.... ямар нэг хөрөнгө оруулаагүй. Нэхэмжлэгч тал уг орон сууцыг ямар эх сурвалжаар 120,000,000 төгрөгөөр үнэлж буй нь ойлгомжгүй байна. Уг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа үнэгүй.мн вэбсайтын хуулбар хавсаргасан байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байгаа учир эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

Албан ёсоор бэр гуйгаад Б....гийн хүүхдийг гаргаж бэр нь болоод О....гийн гэрт орсон нь үнэн. Хүүхдийн тэтгэлэг өгчихлөө гээд аав байх үүргээ хүлээчихсэн гэсэн ойлголт биш. Хүүхдээ аюулгүй, эрүүл саруул өсгөж хүмүүжүүлэх нь эцэг, эх хоёрын хоёулангийнх нь үүрэг байдаг. Гэтэл хүүхдийнхээ амьдарч байгаа байрыг зарж борлуулахаар албадан даалгаж байгааг ойлгохгүй байна. Би хүүхдээрээ барьцаалсан зүйл байхгүй. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шүүх хуралдаанаас хойш Б.... надтай нэг ч удаа холбоо бариагүй. Хаалга тогшиход онгойлгохгүй гэж нэг ч удаа тийм үйлдэл гаргаж байгаагүй. Хүүхдийн тэтгэлэгээс гадна аав хүний хүлээх үүрэг юу билээ, дөнгөж 1 дүгээр ангид орсон хүүхдэд анхаарал халамж ямар их хэрэгтэй билээ, сургууль, тэмцээн бүхий л зүйлд ээж нь ганцаараа очдог. Намайг энэ байранд хөрөнгө оруулалт хийгээгүй гэж тайлбарлаад байна. Би Б....тэй танилцсанаас хойш амьдралынхаа 10 жилийг зориулсан. Амьдрал маань гэнэт ингэж эргэнэ гэж би огт мэдээгүй. Би хүүхдээ 6 нас хүртэл нь өөрийнхөө ээжид харуулаад өөрөө ажил хөдөлмөрөө эрхэлж ирэн иртэл нь ажлаа хийж байсан. ...ХЗХ-оос би нийгмийн даатгал төлдөг байсан учраас миний нэр дээр зээл гарсан. Тийм учраас би энэ байрныхаа 3/2-ыг хувааж үлдэх хүсэлтэй байгаа.

З.... гэх эмэгтэйг аймшгийн муухай шуналтай эмэгтэй мэтээр нэхэмжлэгч тал тайлбарлаад байна. Үл хөдлөх хөрөнгө яаж үүсээд талууд хоорондоо яагаад маргаад байгаа юм бэ гэх асуудал яригдаад байгаа. З.... бол нэхэмжлэгч О....гийн бэр буюу хадам ээжийн харилцаатай байсан. З.... нь нэхэмжлэгчийн том хүү болох Б....тэй гэр бүлийн харилцаатай, энэ талаар хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Б.... болон хариуцагч хоёр 10 жилийн өмнө залуу хүмүүс болно, бүтнэ, амьдаръя гээд амьдралаа эхлүүлж дундаас нь А.... гээд охин мэндэлсэн. Залуу хосууд учраас нөхрөө гадны улсад ажиллаж амьдруулъя, ар гэрээ өөд нь татъя гэх үүднээс Б.... Солонгос улсыг зорьсон. Энэ хугацаанд ажиллаж байхдаа эхнэрээ хардаад чи хаана байна, хүүхэд хаана байна гэх харилцаатай байсан. Гэтэл сүүлдээ энэ харилцаа нь хөндийрч эхэлдэг. Б.... Солонгос улсад ажиллаж байхдаа олон асуудал болон өрөнд орж шөнө оройн цагаар З.... руу утасдаж чихийг нь халууцуулж байсан. Тэр болгонд зардлыг З.... төлж ирсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гэр бүлийн тухай хуулийг буруу тайлбарлаж байна. Гэр бүл бол нандин харилцаанд эцсийн эцэст эмэгтэй хүн болон хүүхэд хохирч үлдэж байгаа. Маргаад байгаа үл хөдлөх бол үнэтэй тансаг сүүлийн үеийн байр биш хуучны талбай багатай орон сууц байгаа. Үүн дээр ээжийгээ явуулчхаад өөрөө цаана нь үлдчихдэг. Б.... бол шүүх дээр мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх хэмжээний худлаа мэдүүлэг өгсөн. Б. ... нь би гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй, эхнэртээ үнэнч гэх тайлбар өгсөн. Гэтэл 11 сард Б.... нь 4 сар гарантай хүүтэй гэх мэдээллийг би үйлчлүүлэгчээсээ авсан. Энэ мэт харилцааг яагаад хэлээд байгаа юм бэ? Гэхээр залуу хосууд ар гэрээ өөд нь татах үүднээс хэн аль нь тусдаа ажиллаж байсан. З.... ажилгүй, Б.... тэнд ажиллаад байгаа юм биш. Өнөөдөр бид хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Манай үйлчүүлэгч одоо 36 настай, анх Б....тэй 26 настай танилцаад өнөөдөр өрх толгойлсон ганц бие, 6 настай охинтой ээж болж үлдсэн. Одоо О.... болон З.... нарын нэр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр байгаа. Яагаад О....г оруулсан бэ? гэхээр миний хүү Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Тийм учраас би хүүгээ иртэл нэрээ түр оруулчихъя, ирэхээр нь нэрээ та нар хоорондоо сольдог юм байгаа биз гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр хоёр нэр бичигдсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байгаа. Тийм учраас үл хөдлөх хөрөнгийн 3/2 хувийг миний үйлчлүүлэгч З.... болон охин А.... нарт ногдох хэсгийг гаргуулж өгөхийг хүсье...гэв.

3. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:

- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1-р хх-10-11/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-12-14, 197/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-15/, нэхэмжлэгч О....гийн нөхөр гэх Ж....гийн эрүүл мэндийн болон байнгын асаргаа шаардлагатай тухай баримтууд /1-р хх-58-70/, Б....гийн Голомт банк ХХК дахь харилцах дансны хуулга /1-р хх-91-137/, О....гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-196/, О....гаас Б....д 58,000,000 төгрөг өгсөн гэх Кассын зарлагын ордер /1-р хх-198/, Төлбөрийн нэхэмжлэх /1-р хх-199/, ... ХЗХ-той З...., О.... нарын байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээ, Зээл болон барьцааны гэрээний сунгалтын гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /1-р хх-205-210/, З...., О.... нарын Ж....гаас Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэрээ /1-р хх-211-212/, ... ХЗХ Зарлагын мэдүүлэг №93 /1-р хх-93/, Б....гийн гарын үсгийн нотариатаар гэрчлүүлсэн баталгаа /1-р хх-214/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04139 дүгээр шийдвэрийн хуулбар /1-р хх-249-250/ зэрэг болно.

4. Хариуцагч тал тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:

- ... ХЗХ-той З...., О.... нарын байгуулсан Зээлийн гэрээ /1-р хх-29-30/, Хаан банк ХХК-тай Б.... байгуулсан Тэтгэврийн зээлийн гэрээ /1-р хх-31-32/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-33/, З....гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-34, 36/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-35/, Б....ээс З....д мөнгө шилжүүлсэн Хаан банкны төлбөрийн баримтын хуулбар /1-р хх-37/, Цахим төлбөрийн баримт /1-р хх-38/, Б....гийн Хаан банк ХХК дахь харилцах дансны хуулга /1-р хх-39/, З....гийн иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-40/, З....гийн Хаан банк ХХК дахь харилцах дансны хуулга /1-р хх-41, 44/, З....гийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь харилцах дансны хуулга /1-р хх-46/, З....гийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1-р хх-47-48/ зэрэг болно.

5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:

5.1. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр захирамжаар Б....г гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж /1-р хх-54/, гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн. /1-р хх-143-144/

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ... дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагааг холбогдох баримтуудын хамт, ... ХЗХ-ноос ... тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн тооцоолол, уг гэрээтэй холбоотой барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол барьцааны гэрээ зэргийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн. /1-р хх-150-151/

Захирамжаар шаардсан баримтуудыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлж /1-р хх-155-181/, ... ХЗХ-ноос Зээлийн болон Барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. /хх-182-188/

5.3. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дүгээр захирамжаар маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж /1-р хх-201-202/, шинжээч дүгнэлтээ 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн. /1-р хх-217-239/

5.4. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэ ханшийг дахин тогтоолгохоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж /1-р хх-245-246/, шинжээч дүгнэлтээ 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна. /2-р хх-1-32/

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх О....гийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч О.... нь шаардах эрхийн үндэслэлээ маргаан бүхий орон сууцыг З....тай хамтран өмчилдөг ба уг хөрөнгөө захиран зарцуулахад хариуцагч саад учруулж байгаа тул хамтран өмчилж буй уг хөрөнгөө захирах зарцуулах эрхээ эдлэх, шүүхийн шийдвэрээр орон сууцыг худалдан борлуулахыг хариуцагчид албадан даалгах, мөн орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ тухайн орон сууц нь З...., нэхэмжлэгчийн хүү Б....гийн, мөн тэдний охин А.... нарын буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учир охины хамт уг орон сууцны 2/3 хувь ногдох ёстой, О.... нь уг орон сууцыг авахад хөрөнгө оруулаагүй учир өмчлөх эрхгүй гэж тайлбарлан маргаж байна.

4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн ерөнхий газар дахь хувийн хэрэг, зохигчдын ... хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээ, зээл хүүгийн төлөлтийн тооцоолол, гэрч Б....гийн мэдүүлэг тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шинжээчийн дүгнэлтүүд, зохигчдын болон гэрч Б....гийн арилжааны банк дахь харилцах дансны хуулга, хариуцагч З....гийн болон түүний хамаарал бүхий этгээдийн Хаан банк ХХК-тай байгуулсан Тэтгэврийн зээлийн гэрээ, мөн хамаарал бүхий этгээдээс мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ....тоот дахь 29 м.кв талбайтай, хоёр өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө анх Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор иргэн ... нарын өмчлөлд хувьчилсныг 1998 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэж, өмчлөх эрх 2000 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Бэлэглэлийн гэрээгээр иргэн Ж....гийн өмчлөлд шилжсэн байна. Улмаар Ж.... нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу З...., О.... нарт 65,000,000 төгрөгөөр худалдаж, уг орон сууцны өмчлөл З...., О.... нарт шилжиж, улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

4.2. Дээрх орон сууцны өмчлөгч З...., О.... нар 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ... ХЗХ-той зээлийн гэрээ байгуулан 53,000,000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд маргаан бүхий орон сууцыг барьцаалан, улсын бүртгэлд барьцааны гэрээг бүртгүүлжээ.

4.3. ... ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлдүүлэгчийн гаргасан тооцооллоор 2,098,017.34 төгрөг, зээлийн хүү 237,207.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,115.09 төгрөгийн зөрүү төлөгдөөгүй байна.

4.4. Маргаан бүхий орон сууцанд одоогоор хариуцагч З.... охин А....гийн хамт амьдардаг ба нэхэмжлэгчийн хүү Б....тэй хариуцагч 2013 онд танилцан үерхэж байгаад хамтран амьдарч, тэдний дундаас охин А.... 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрж, эцэг Б....гээр овоглосон бөгөөд тэд 2021 оны 12 дугаар сараас тусдаа амьдарсан байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04139 дүгээр шийдвэрээр охин А....г эх З....гийн асрамжид үлдээн, А....д Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг Б....гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

5. Зохигчид Баянгол дүүргийн ... м.кв талбайтай, хоёр өрөө бүхий орон сууцыг О.... болон З.... нар хамтран өмчлөхөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг орон сууц ... ХЗХ-той байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу барьцаалагдан, улсын бүртгэлд барьцааны гэрээ бүртгэгдсэн ба тухайн зээлийн гэрээний төлбөр бүрэн дуусч барьцаанаас чөлөөлөгдөөгүй байгаа, мөн нэхэмжлэгчийн төрсөн хүү Б....тэй хариуцагч З.... гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, тэдний дундаас охин А.... төрсөн, маргаан бүхий орон сууцыг хариуцагч охины хамт эзэмшиж, уг орон сууцанд амьдарч байгаа, ... ХЗХ-ны зээлийн төлбөрийг төлүүлэх болон бусад хэлбэрээр гэрч Б.... БНСУ-аас хариуцагч З....д мөнгө шилжүүлдэг байсан, хариуцагч З.... өөрийн хамаарал бүхий хүмүүсээс мөнгөн тусламж авч БНСУ руу Б....д зориулж мөнгө явуулж байсан зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй.

6. Харин тухайн орон сууц нь хариуцагч З.... болон нэхэмжлэгч О....гийн хүү Б...., тэдний охин А.... нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх, нэхэмжлэгч О.... нь тухайн орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй эсэх, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг уг орон сууцыг худалдахыг шаардах эрхтэй эсэх, З.... нь орон сууцны 2/3 хувийг өмчлөх эрхтэй буюу түүнд болон охин А....д энэ хэмжээгээр орон сууцнаас ногдох хэсгийг шаардах эрхтэй эсэх зэрэг үйл баримтуудын талаар зохигчид өөр өөрийн үндэслэл заан маргаж байна.

7. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж хуульчилсан ба О...., З.... нар нь маргаан бүхий орон сууцыг иргэн Ж....гаас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авснаар тэд хэн аль нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болж, энэ үеэс хөрөнгийг дундаа хамтран өмчилж эхэлжээ.

8. Хариуцагч талын зүгээс маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүү Б...., хариуцагч З.... болон тэдний охин А.... нарын хамтран өмчлөх дундын өмч бөгөөд О.... хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч Б....г БНСУ-аас ирэх хүртэл түр хугацаанд бүртгүүлсэн учир З...., охин А.... нар уг орон сууцны 2/3 хувийн ногдох хэсгийг өмчлөх эрхтэй гэж тайлбарлан маргасан.

9. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж хуульчилсан ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно.

10. Хариуцагч З.... болон нэхэмжлэгчийн хүү Б.... нар хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарсан байх тул маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар тэдний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх боломжгүй, тухайн хөрөнгийн 2/3 хувийг З...., А.... нар өмчлөх эрхтэй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна. Мөн хариуцагч талын зүгээс маргаан бүхий орон сууцны 2/3 хувийг гаргуулна гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан ч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаж шаардаагүй учир татгалзлын үндэслэл гэж дүгнэв.

11. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр, тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно. Тиймээс мөн зүйлийн 108.3 дахь хэсэгт заасныг үндэслэн эд хөрөнгө захиран зарцуулах эрхээ эдлэх, шүүхийн шийдвэрээр худалдан борлуулахыг албадан даалгах зэрэг О....гийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн уг зохицуулалтад нийцээгүй, хамтран өмчлөгч З.... зөвшөөрөөгүй үед түүнийг хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр худалдан борлуулахыг албадан даалгахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүд нь өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлэс шаардах эрх, мөн өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг орон сууцыг өмчлөл, эзэмшилдээ авах шаардлага гаргаагүй. Харин нэхэмжлэлийн гол шаардлага нь өөрт ногдох хэсгийг хариуцагчаас мөнгөн хэлбэрээр гаргуулахыг хүсэж байгаа учир Иргэний хуулийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасны дагуу гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

13. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран өмчлөх маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнийг 120,000,000 төгрөгөөр үнэлж, өөрт ногдох 50 хувийг буюу 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч орон сууцыг өмчлөх, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсны улмаас өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан гэж, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

14. Зохигчдын хамтран өмчлөх уг орон сууцны зах зээлийн үнийг нэхэмжлэгч 120,000,000 төгрөгөөр тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудаас гаргасан хүсэлтүүдийг үндэслэн маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилсон ба эхний шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 125,280,000 төгрөгөөр, дараагийн шинжээч Итгэлт эстимэйт ХХК 122,918,100 төгрөгөөр тус тус үнэлсэн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

15. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 598,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлд тооцогдох тэмдэгтийн хураамж 457,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул О....гийн З....д холбогдуулан гаргасан өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ эдлэх, шүүхийн шийдвэрээр худалдан борлуулахыг албадан даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З....гаас 60,000,000 /жаран сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О....д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 598,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА