Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00987

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 12 210/МА2023/00987

 

 

Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00976 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц-гийн хариуцагч Б-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх, орон сууцыг албадан худалдан борлуулахыг хариуцагчид даалгаж, 60,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Т.Х, Б.Б, Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ц- нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 22 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Б-гийн хамтаар улсын бүртгэлд бүртгэгдсэн. Өнөөгийн зах зээлийн ханшаар орон сууцаа худалдан борлуулж, 50, 50 хувийг авъя гэсэн боловч Б- нь татгалзсан. Тус байранд Б-, өөрийн аав, ээжийн хамт амьдарч байгаа бөгөөд миний бие хамтран өмчлөгч боловч өөрийн өмчийг ашиглах, эзэмших эрхгүй, Б- дангаар эзэмшиж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд миний бие уг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахыг хариуцагч Б-д даалгаж, орон сууцны зах зээлийн үнэ 120,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нэхэмжлэгч Ц-гийн том хүү А-тэй 2013 онд танилцаж үерхэн, 2016 оны 05 дугаар сарын 15-нд охин Э- мэндэлж А-гээр овоглосон. Бид гэрлэлтийн баталгаагүй байсан ба төрөхөөс өмнө батлуулах гээд амжаагүй. Бид 2017 оны 05 сард автомашин худалдан авахаар би 9,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, Приус-20 маркийн машин авсан. 2018 онд машинаа зарж, 20,000,000 төгрөгийн урьдчилгаа бэлдэн, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 65,000,000 төгрөгөөр орон сууц худалдан авсан. Ингэхдээ Алтан давалгаа ХЗХ-нд 53,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд 2 жилийн хугацаатайгаар орон сууцаа барьцаалсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Б-, хамтран эзэмшигчээр Ц- нарын нэр дээр гарсан. Учир нь нөхөр А- Солонгос Улсад байсан учраас ээж нь байрны гэрчилгээ дээр өөрийн нэрийг оруулсан. Тухайн орон сууц нь А- бид хоёрын болон хүүхдийн маань хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул Иргэний хуулийн 126, 129 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүд тэнцүү хамтран өмчлөх эрхтэй юм. Тийм учраас орон сууцны 3/2-ыг авах хүсэлтэй байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц-гийн Б-д холбогдуулан гаргасан өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ эдлэх, шүүхийн шийдвэрээр худалдан борлуулахыг албадан даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гаас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 598,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ц- бид хоёрийн хооронд хийсэн хэлцэл нь хууль бус, 22 тоот орон сууцыг би нөхөр А-, хүүхдийн хамт худалдан авсан дундын хөрөнгө юм. Тухайн үед хадам ээж Ц- бид хоёр тус байрыг 50, 50 хувиар хувааж авна гэж гэрээ хийсэн гэдэг нь худлаа. Энэ гэрээ хуулийн дагуу хийгдээгүй, намайг болон хүүхдийг минь хохироосон гэрээ юм. Анхан шатны шүүхийн шийдвэр бодит үнэнд нийцээгүй. Хэдийгээр А- бид хоёр хуулийн дагуу гэр бүлээ батлуулаагүй ч дундаасаа хүүхэдтэй болсон тул хууль ёсны баталгаатай гэр бүлийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ. Сөрөг нэхмжлэл гаргасан бол хүүхдийг хохироосон шийдвэр гарахгүй байсан. Охин Э-гийн аавын хүсэлтээр зөвхөн ээжийнхээ нэрийг түр оруулсны төлөө аав нь өөрийнхөө мөнгөөр гэр бүлийн дундын хөрөнгө гэж байр худалдаж авчихаад миний хөрөнгө гэж үзэж, ач охиноо орон байргүй болгож хуурамч шийдвэр гаргуулж байгаад гомдолтой байна. 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь анхнаасаа хууль бус юм. Ц- тус байрныг авахад хөрөнгө оруулаагүй.

4.а.Нотлох баримт гаргаж сөрөг нэхэжлэл гаргаагүй нь миний буруу байна. Иймд би хуулийн дагуу нотлох баримт гаргаж шүүхэд мэтгэлцэх хүсэлттэй байна. Бодит байдал ийм байхад өөрийн хадам ээж Ц- зөвхөн байрны гэрчилгээнд түр нэр оруулснаар миний хөрөнгө гэж үзэж болохгүй шударга бус гэж үзэж байна. А-г цаашид охинтойгоо, хүүхэдтэйгээ амьдрах боломжгүй, биднийг доромжлон давхар эхнэр хүүхэдтэй болсныг далимдуулан, миний хүүхдийг хохироож гэр бүлийн зориулалтаар авсан хөрөнгийг бид хоёр хийсэн гэрээ гэж нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Энэ талаар би сөрөг нэхэмжлэл гаргах байсан, би хуулийн мэдлэг муу учир сөрөг нэхэмжлэл гаргаагүй нь миний алдаа болсон. А-г Солонгос улсаас байрны мөнгө явуулсан талаар маргаагүй. Цаашид бүх нотлох баримтыг гаргаж бодит байдлыг шийдүүлмээр байна. Аав нь үүргээ биелүүлэхгүй биднийг сэтгэл зүйн хувьд хохироогоод барахгүй хүүхдийг орон байргүй болгож хохироох ёсгүй гэж үзэж байна. А- миний охин Э-гийн төрсөн аавын хувьд, хуульд заасан үүргээ биелүүлдэггүй, харин ч биднийг доромжлон хууль ёсны гэр бүл биш учир яасан ч яахав гэж ханддаг ба ээж Ц- нь ч бас өөрийн үр удам хүүгийнхээ хүүхдийг хэн ч биш гэж бодож байгаад гомдолтой байна. Би дахин сөрөг нэхэмжлэл гаргаж, бодит үнэнийг нотолж, шүүх хуралд хуулийн дагуу өөрийн болон үр хүүхдийнхээ эрхийг хамгаалж оролцох хүсэлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Тухайн орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Б-, Ц- нар гэрээ байгуулж, орон сууцыг 65,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайн 65,000,000 төгрөгийг гаргуулж байгаа нь Ц- өөрийн хөрөнгийг оролцуулан 53,000,000 төгрөгийг зээлийн гэрээгээр авсан. Уг 53,000,000 төгрөгийг хамтран авч, тухайн мөнгийг өгсөнтэй холбогдуулан өөрийнх нь оногдох хувь байна гэж үзсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ц- нь хариуцагч Б-д холбогдуулан дундын өмчлөлийн орон сууцыг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Б- нь саад учруулж байна гэх үндэслэлээр орон сууцыг албадан худалдан борлуулж, ногдох хэсгийн үнэд 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч миний бие нэхэмжлэгч Ц-гийн хүү А-тэй хамтран амьдарч байсан, бидний дундаас 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Энхжин төрсөн, охины хамт тус орон сууцыг өмчлөх эрхтэй гэж маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 16-р байр, 22 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц-, хариуцагч Б- нар 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /1хх-ийн 33-р тал/

3.б.Хариуцагч Б- нь нэхэмжлэгч Ц-гийн хүү А-тэй тодорхой хугацаанд хамтран амьдарсан үйл баримт тогтоогдсон боловч тэдгээр нь гэр бүл болсноо эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4139 дугаар шийдвэрээр охин Э-г эх Б-гийн асрамжид үлдээж, эцэг А-гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1хх-ийн 249-250-р тал/

3.в.Нэхэмжлэгч Ц-гийн хувьд маргаан бүхий 22 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг бүртгэл буруу ташаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул 22 тоот орон сууцыг зохигчийн дундын өмч гэж үзнэ.

3.г.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ц- нь дундын өмчлөлийн орон сууцнаас ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

3.д.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх зохигчийн хүсэлтээр 22 тоот орон сууцны зах зээлийн үнийг тогтоолгохоор хоёр удаа шинжээч томилсон ба Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 125,280,000 төгрөгөөр, Итгэлт Эстимэйт ХХК нь 122,918,100 төгрөгөөр тус тус орон сууцыг үнэлсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 60,000,000 төгрөгийг хариуцагч Б-гаас гаргуулж, нэхэмжлэгч Ц-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. /1хх-ийн 216-239, 2хх-ийн 1-32-р тал/

4.Хариуцагч татгалзал болон давж заалдах гомдолдоо А-тэй хамт амьдарч байх хугацаанд 22 тоот орон сууц бий болсон, охин Э- тус орон сууцнаас өмчлөх эрхтэй, Ц- нь орон сууцанд хөрөнгө оруулаагүй, тус орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх агуулгыг заажээ.

4.а.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан ба гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаа гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаардаг. Хариуцагч Б-, А- нарын хувьд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх тул маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхгүй юм.

4.б.Түүнчлэн, маргаан бүхий орон сууцыг худалдан авахад хэн, хэдэн төгрөг зарцуулсан асуудлыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлэхгүй. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх бөгөөд улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчмын хүрээнд дундын өмчийн ногдох хэсгийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдлийг зөв гэж үзнэ.

4.в.Нэгэнт маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнээгүй тул охин Э-д ногдох хэсгийн асуудал яригдахгүй. Хариуцагч Б- нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэжээн тэтгүүлэгч буюу охин Э-д онцгой нөхцөл байдал тохиолдсонтой холбоотойгоор түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар түүний эцэг А-д холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.г.Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хуулийн мэдлэг муугаас нотлох баримт бүрдүүлж, сөрөг нэхэмжлэл гаргаж чадаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.Анхан шатны шүүх хариуцагч Б-гаас 60,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудлыг орхигдуулсан алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00976 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... олгосугай. гэснийг олгож, Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 16-р байр, 22 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205003427 дугаартай, хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс нэхэмжлэгч Ц-г хасаж бүртгэхийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ