Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2023/00989

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/000000             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажлын байраар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай А....ын үндсэн нэхэмжлэл;

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохирол 804,800 /найман зуун дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг А....оос гаргуулах тухай ... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш....,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.... нь нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

А.... миний бие 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ... ХХК-д няраваар ажилд орсон. 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ... сухайт төмөр замын төсөл рүү бараа материал ачуулах байсан. Гэтэл уг бараа материалыг А.... миний оролцоогүйгээр Баазын дарга н.... нь ачуулсан байсан. Энэ тухай ... ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал У....т няравын ачуулах ачааг өөр ажилтан ачуулснаас гарч болох эрсдлийг би хариуцахгүй гэсэн имэйлийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бичсэн. Энэ өдрийн 15 цагийн үед Санхүү эрхэлсэн захирал У.... над руу залгаж чи бол жижигхэн нярав, над руу ингэж бичиж болохгүй, өөрт ногдсон ажлаа хийж чадахгүй бол зайлаарай гэж хэлсэн. 3 дугаар сарын 02, 03-ны өдөр би төв оффис дээр програмд хандах эрх авах гэж ажилласан. 3 дугаар сарын 05-ны өдөр төв оффисоос Санхүү эрхэлсэн захирал У.... намайг дуудаж ажлаа нярав Л....д хүлээлгэн өг гэхэд нь 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч, ямар үндэслэлээр ажлаа хүлээлгэн өгч байгааг асуухад тодорхой хариулт хэлээгүй түр хүлээж бай, өөр ажил өгнө гэсэн. Миний бие няравын ажлаа хүлээлгэн өгөөд өөр ажил өгөхийг нь хүлээж, удаа дараа асууж байсан. Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын дундуур хүний нөөцийн ажилтан н.... ярьж, өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өг гэсэн. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй, та нар ажлын байраар хангах үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьсан. 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажлын байраар хангуулах талаар хүний нөөцийн ажилтантай ярихад тушаал чинь гарсан ирж ав гэсэн гэсэн учир 7 дугаар сарын 05-ны өдөр очиж тушаалаа аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ... ХХК-иас тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Мөн ... ХХК-иас хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардаж байсан боловч байгуулаагүй.

Нэхэмжлэгч 2021 оны 2 дугаар сарын 27-ны Бямба гарагт буюу амралтын өдөр гэнэт ажлаасаа дуудагдсан. Баазын даргатай муудалцаж, энэ тухай санхүү эрхэлсэн захиралд имэйл явуулсан байна. Энэ асуудлаас болж У.... нь А.... дайрсан. Нэхэмжлэгч 2021 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд төв оффист ажилласан. Түүний байнгын ажлын байр нь төв оффис биш учир хурууны хээ уншуулж бүртгүүлэх боломжгүй байсан. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан дэвтрийг цагийн бүртгэл гэж үзэх боломжгүй. 3 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүд нь амралтын өдөр байгаа. Нэхэмжлэгч 2 дугаар сарын 27-ны амралтын өдөр ажилласан учир 3 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа очихгүй байх эрхтэй. Төв оффист ажиллахдаа програмд хандах эрх аваагүй, эрхээ авах гэж очсон учир тухайн програмын бүртгэлээс мэдээж харагдахгүй. Ажлаас халах тушаал нь 3 дугаар сарын 09-ны өдөр гарсан гэж байгаа боловч А....од гардуулж өгөөгүй. Тухайн тушаалд нэхэмжлэгчийг ямар хоёр өдрүүдэд ажил тасалсан гэдэг нь тодорхойгүй байна. Хэрвээ ажил тасалсан гээд, түүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа бол ажил тасалсан гэх өдрүүд нь тушаалд тодорхой бичигдэх ёстой. Ажлаас халах тушаалыг 3 дугаар сарын 09-ний өдөр гаргаагүй, 7 дугаар сард гаргасан. Иймд А....ын гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... ХХК нь... нүүрсний уурхайгаас ...тын боомт хүртэлх 220 км-ын төмөр зам барих төслийн төмөр замын дэд бүтэц угсралтын ажилд туслан гүйцэтгэгч компаниар ажиллаж байна. Уг ажил нь 2020 оны 3 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн ... суманд байрлах төслийн талбайд ростоер буюу жасаагаар ажиллах нийт 330 ажилтан, Улаанбаатар хотод байрлах оффист 30 ажилтан тус тус ажилладаг. А....ыг ажиллаж байх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үйлдвэр баазын оффист санхүүгийн хэлтэс байрлаж байсан бөгөөд тус оффист 22 ажилтан ажиллаж байсан. Харин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах оффист хүний нөөц, захиргааны хэлтсийн 5 ажилтан байрлаж ажилладаг байсан. А.... нь санхүүгийн хэлтэст харъяалагдаж ажиллаж байсан бөгөөд үйлдвэр баазын оффисоос бараа материалыг ... төмөр замын төсөл рүү ачилтыг хийлгэдэг байсан. ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай тушаалаар А....ыг няравын ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатай ажилд авсан бөгөөд тус тушаалын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, Нууц хадгалах гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргийг А....той ажил олгогч байгуулсан. Тэрээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүйгээс туршилтын хугацаанд байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөрийн гэрээг сунгаагүй. 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Т...т төмөр замын төсөл рүү захиалгын дагуу бараа материалуудыг ачуулж, жолоочид хүлээлгэн өгсөн акт үйлдэх үүрэгтэй байсан боловч баазын дарга Б.... нь бараа материалыг ачсан байсан тул ямар нэг хариуцлага хүлээхгүй гэсэн утгатай имэйлийг 3 дугаар сарын 01-ний өдөр Санхүүгийн хэлтсийн захирал руу явуулсан байна. Тэрээр ажлын байрны тодорхойлолтын 3.4, 3.6, 3.9-д заасан ажил үүргээ биелүүлээгүйгээс төслийн талбай дээр бараа материалыг хүлээж авсан нярав Л....гийн тоолсноор бараа материалууд дутаж 1,255,050 төгрөгийн хохирлыг компанид учруулсан ба энэ дутуу бараанууд яагаад дутсан нь одоо болтол тодорхойгүй, дутуу бараануудаа олж авч чадаагүй. А.... нь ажиллах хугацаандаа орлого зарлагын бүртгэл хөтлөөгүй, шууд удирдах албан тушаалтан болох нягтлан, ахлах нягтлан бодогч нартай уялдаа холбоотой хамтарч ажиллаж чадаагүйгээс ажлаа хагас дутуу, хангалтгүй хийж гүйцэтгэдэг байсан нь туршилтын хугацаанд байгуулсан гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь байсан.

А.... нь нэхэмжлэлдээ 2021 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдөр төв оффис дээр програмд хандах эрх авах гэж ажилласан гэх тайлбар гаргасан боловч ... оффист ажиллах зөвшөөрлийг шууд удирдлагаас аваагүй бөгөөд Б.... хүний нөөцийн менежер энэ талаар мэдээгүй. 3 дугаар сарын 04-нд санхүүгийн хэлтсийн захирал Ө.... нь А....ын ажил тасалсан тухай мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн Б....т өгснөөр түүнийг ажил тасалсан болохыг мэдэж, 3 дугаар сарын 05-нд А....ыг төв оффист дуудаж уулзан, 2 дугаар сарын 27-ны өдөр ажлын хариуцлага алдсан, дээрх хугацаандаа ажилдаа ирээгүй зөрчил гаргасан тул туршилтын гэрээг дуусгавар болгож жинхлэхгүй талаар хэлсэн. Энэ өдрөөс хойш 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд А.... нь ажилдаа дахиж ирээгүй, ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэж өгөөгүй байсан тул Хөдөлмөрийн гэрээний 6.4.14-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэн туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгон, ... дугаартай гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Хүний нөөцийн мэргэжилэтн туршилтын хугацааны гэрээг цуцалсан тухай тушаалыг гардан авахыг удаа дараа А....од утсаар мэдэгдэж байсан боловч надад наад тушаал чинь хамаагүй, би авахгүй гэсэн тайлбар хэлж, тушаалаа гардаж авахгүй явсаар гэнэт 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ирж тушаалаа авсан.

Хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаатай байгуулсан. Туршилтын хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан учир ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, гэрээг сунгаагүй. 2021 оны 3 дугаар сарын 01-нд төслийн талбайд хүлээн авсан бараа материал дутсан гэдгийг нярав Л.... 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдэж, энэ талаар имэйл явуулсан болох нь тогтоогдсон. Бараа материалын дутагдал үүсэж байгаа нь нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй гэж үзэх бөгөөд шууд удирдлагад мэдэгдэж чөлөө авахгүйгээс 2 хоног ажил тасалсан нь Хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил юм. Нэхэмжлэгч Үйлдвэр бааз дээр байрлан ажилладаг байсан бөгөөд ажлын цагаа дэвтэрт гарын үсэг зурж, ковидын үе байсан учир халуунаа хэмжүүлж дэвтэрт мөн бичүүлэн бүртгүүлдэг байсан. Тэрээр 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байгаа. Тушаалд хэдний өдөр тасалсан гэдэг нь тодорхойгүй гэж нэхэмжлэгч тал маргаж байна. Гэвч А.... 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан гэдгээ өөрөө нотлоогүй, нотлох нэг ч баримт байхгүй байна. Бид түүнийг 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй гэдгийг нотолсон. Иймд А....ын гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү....гэв.

3. Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Б.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.... нь 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр урьдчилж захиалсан бараануудыг нийлүүлэгч компаниудаас тоо ширхэгээр хүлээн авсан бөгөөд тус бараануудыг ...хавсралтанд байгаа бараа материал гарна гэж кемпэд ажиллаж байсан няравт имэйл бичиж мэдэгдсэн байна. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бичсэн имэйлд ...2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хавсралтад заагдсан бараа материалыг ... захирлын үүрэг даалгавраар ачсаны дараа жагсаалтыг гаргаж өгсөн гэж бичсэн нь А.... 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр өдрийн ачилтаас буюу өөрийн хариуцсан ажлаас бараа материалын дутагдал гарсныг хүлээхгүй гэдэг байдлаар бичсэн байна. Хэрэв А.... хариуцсан ажилдаа эзэн болж, өөрөөс нь хамааралгүй барааг ачсан бол 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр кемпийн нярав болон ахлах нягтлан бодогчид урьдчилан мэдэгдэж имэйл явуулах байсан. Гэвч дутагдал гарсан гэдгийг дараа өдөр нь мэдсэнээр өөрийгөө хамгаалсан утгатай имэйлийг санхүүгийн хэлтсийн захиралд явуулсан байна. 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ачилтаас компанид доорх материалуудын дутагдал гарсан бөгөөд одоо болтол олдоогүй байгаа. Иймд портальны краны дугуй 30 ширхэгээс 28 ширхэг ирсэн, нэг бүрийн үнэ 178,000 төгрөг ба нийт 356,000 төгрөг; шётка 144 ширхэгээс 139 ширхэг ирсэн, нэг бүрийн үнэ 2,750 төгрөг ба нийт 13,750,000 төгрөг; суурин бэхэлгээ ролик 5 ширхэгээс 4 ширхэг ирсэн, нэг бүрийн үнэ 435,000 төгрөг буюу нийтдээ 804,800 төгрөгийн бараа материал дутсан бөгөөд тус хохирлыг хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу А....оос нэхэмжилж байна.

Тавантолгой Гашуун сухайт руу бараа материалыг нярав л ачилт хийлгэх үүрэгтэй. Нэхэмжлэгч барааг хүлээж авсан, энэ тухайгаа ачилт хийгдсэний дараа имэйлээр илгээсэн. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 01-нд залруулга явуулж, 3 дугаар сарын 02-нд бараа дутсан гэдэг нь мэдэгдсэн. Иймд түүний үүрэгт ажилтай холбоотойгоор компанид хохирол учирсан учир нэхэмжлэгч хариуцах ёстой...гэв.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Тухайн бараа материал ачсан өдөр нь Бямба гараг буюу амралтын өдөр байсан. А....ыг яг очих үед ачиж дуусаад явж байсан учраас 2 фото зураг дарж л амжсан гэдэг. Ингээд няраваар хянуулалгүй ачсан учир энэ тухай Санхүүгийн хэлтсийн захиралд имэйлээр мэдэгдсэн. Тухайн илгээсэн баримтад баазын дарга ... гарын үсэг зурсан учир А.... биш харин ... хохирол учруулсан гэж үзэж байна. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан...гэв.

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: А....ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-4/, Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б21/12 дугаар тушаалын эх хувь /хх-5/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл /хх-118/, уг хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 0... дугаар захирамжийн эх хувь /хх-119-120/ зэрэг баримтуудыг гаргасан. Харин Ажилласан байршил, хийсэн ажлуудын талаарх хүснэгт бүхий нэмэлт тайлбар, фото зураг /хх-189-193/ зэргийг гаргасан нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

6. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар татгалзлаа, мөн сөрөг нэхэмжлэлээ нотлохоор: ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, Дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-17-25/, А....ыг туршилтын хугацаагаар ажилд авах тухай 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-26/, Түлхүүр хүлээлцсэн актын эх хувь /хх-27-28/, Хөдөлмөрийн гэрээний эх хувь /хх-29-31/, Нууц хадгалах гэрээ /хх-32/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-33/, Няравын ажлын байрны тодорхойлолт /хх-34-35/, бараа материалын фото зургууд /хх-36-41/, А....ын цалингийн тодорхойлолт /хх-78/, Үйлдвэр баазын оффисын ажилчдын 2021 оны 3 дугаар сарын цагийн бүртгэл /хх-79/, Зарлагын баримтуудын эх хувь /хх-124-129/, ... ХХК-ийн Үйлдвэр, баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийн эх хувь /хх-195-246/ зэрэг баримтуудыг гаргасан.

7. Шүүхийн бүрдүүлсэн баримтууд:

7.1. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12910 дугаар захирамжаар цахим шууданд үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-48/, үзлэгийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хийж тэмдэглэл үйлдэн, цахим шуудангаар харилцсан захидлуудыг фото зургаар бэхжүүлэв. /хх-51-72/

7.2. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжаар ... ХХК-ийн санхүүгийн ... програм болон санхүүгийн анхан шатны баримтад үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-74/, үзлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн танхимд хийж, санхүүгийн ... програмд үзлэг хийж тэмдэглэл үйлдэн, фото зургаар бэхжүүлсэн. /хх-79-103/

7.3. Хариуцагч талаас гаргасан хүсэлт...... дугаар захирамжаар И би ай эс ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ... ХХК-ийн ажилтан А.... санхүүгийн ... програмд төв оффисоос хандах эрх авсан эсэх талаарх лавлагааг, ... ХХК-иас А....ын ... дугаар утасны 2021 оны 3 дугаар сарын 01-нээс 11-ний өдрийг хүртэлх хугацааны гаднаас ирсэн дуудлагын жагсаалтыг тус тус нотлох баримтаар гаргуулах, Б...., Б.... нарыг гэрчээр асуухаар шийдвэрлэж /хх-110-111/, ... ХХК-иас захирамжид заасан мэдээллийг гаргах боломжгүй тухай албан бичгийг шүүхэд ирүүлж /хх-115/, гэрчүүдийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр асууж тэмдэглэл үйлдсэн /хх-137-142/ ба .. ХХК-иас шүүгчийн захирамжаар шаардсан ... програмд А.... эрх авах болон бусад асуудлаар холбогдоогүй тухай тодорхойлолт, ... ХХК-ийн ажилтнуудын 2021 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдийн програмд хандсан дуудлагын жагсаалтыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-143-150/ Мөн захирамжийн дагуу ... ХХК-ийн цахим шууданд үзлэг хийж тэмдэглэл хөтлөн, фото зургаар бэхжүүлсэн. /хх-167-174/

7.4. Зохигч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн .. дугаар захирамжаар ... ХХК-ийн цахим шууданд үзлэг хийх, 2021 оны 3 дугаар сарын 01-нээс 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ... ХХК-тай бараа материал хүлээлцсэн байгууллагуудаас санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар тус тус шийдвэрлэж /хх-133/, захирамжийн дагуу зарим байгууллагууд зарлагын баримтуудыг ирүүлсэн. /хх-158, 159, 162/ Дээрх захирамжаар хаяг тодорхойгүй байгууллагуудаас нотлох баримт шаардсан, хэрэгт хамааралгүй баримт гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй болсон гэж үзсэний улмаас шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжаар .. тоот захирамжид өөрчлөлт оруулсан. /хх-164/

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх А....ын гаргасан үндсэн нэхэмжлэл, ... ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ... ХХК-д няраваар ажиллахдаа сахилгын аливаа зөрчил гаргаагүй байхад ажил олгогчоос үндэслэлгүйгээр ажлаас халсан, ажлаас халах тухай 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тушаалыг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн, тушаалд хэзээ ажил тасалсан тухай тусгаагүй, ажил тасалсан гэх 2021 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд төв оффист ажилласан байхад үндэслэлгүйгээр ажлаас тасалсан гэснийг зөвшөөрөхгүй. Иймд няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ А.... шууд удирдлагадаа мэдэгдэж чөлөө авалгүйгээр 2021 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажил тасалсан, тийнхүү ажил тасалсан гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон ба энэ нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил бөгөөд нэхэмжлэгч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ хариуцлага алдсаны улмаас байгууллагад хохирол учирсан гэх үндэслэлээр үгүйсгэн маргаж байна.

4.Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Нэхэмжлэгч няравын ажилд туршилтын хугацаанд ажиллахдаа 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр бараа материал дутуу ачуулсны улмаас байгууллагад 804,800 төгрөгийн бараа материал дутааж хохирол учруулсан тул энэ хэмжээгээр хохирлыг барагдуулахаар шаардах эрхтэй. Түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан гэж тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Бараа ачих үед Бямба гараг буюу амралтын өдөр таарсан, А.... очих үед баазын дарга Б.... бараа материалыг түүнд хянуулахгүйгээр шалгаад ачуулсан байсан. Тиймээс хариуцах ёстой хүн нь баазын дарга учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ, Нууцын гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, няравын ажлын байрны тодорхойлолт, А....ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ... ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэл, Үйлдвэр, баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр буюу ажилчдын ирц бүртгэлийн дэвтэр, шүүхийн журмаар үзлэг хийсэн цахим шуудан, санхүүгийн ... програм, тус програмаар ... ХХК-ийг хангадаг ... ХХК-ийн тодорхойлолт, холбогдох баримтууд, фото зургууд, Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын ... тоот тушаал, зарлагын баримтууд, түлхүүр хүлээлцсэн акт, Туршилтын хугацаагаар ажилд авах тухай ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын ... дугаар тушаал зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

6.1.А.... нь 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 3 сарын туршилтын хугацаагаар ... ХХК-ийн Санхүү, төлөвлөлтийн албанд няравын ажилд томилогдон, ажил олгогчтой мөн өдрөө ... тоот Хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хуагцаатайгаар байгуулж, нэмэлтээр Нууц хадгалах гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргийг байгуулсан байна.

6.2.Нэхэмжлэгч ... ХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Үйлдвэр, баазын оффист байрлан ажилладаг байсан бөгөөд ажилчдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс бусад ажилчдын хамт биеийн халууныг хэмжүүлж, гарын үсэг зурж баталгаажуулан цагаа бүртгүүлж эхэлсэн байна.

6.3.Нэхэмжлэгчийн ажиллах хөдөлмөрийн нөхцөл хэвийн бөгөөд ажлын цаг Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын өдөр, цагийг баримтлахаар Хөдөлмөрийн гэрээнд тусгаж, туршилтын 3 сарын хугацаа дуусахаас өмнө 2021 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд А.... нь цагаа бүртгүүлээгүй, мөн өдрүүдэд тэрээр төв оффиссоос санхүүгийн ... програмд хандаагүй, төв оффисын ажилчдын цагийн бүртгэлд бүртггүүлээгүй байна.

6.4.Нэхэмжлэгч А.... 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Баасан гарагийн ажлаас чөлөө авч, маргааш нь 2 дугаар сарын 27-ны өдрийн Бямба гарагт Өмнөговь аймаг руу ачих бараа материалуудыг хүлээн авч шалган, ачуулах үүрэгтэйгээр очиж ажилласан болох нь зохигчдын тайлбар, цахим захидлуудаар тогтоогдсон.

6.5.Улмаар 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр А.... нь Үйлдвэр, баазын ажлын байрандаа ажиллаж, Санхүү эрхэлсэн захирал Ө....д имэйл илгээн, 2 дугаар сарын 27-ны өдөр ачсан бараа материалын талаар мэдээллэж, 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, 04-ний өдөр ажиллаж, 05-ны өдрөөс ажиллаагүй байна. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр А.... нярав Л....тай Түлхүүр хүлээлцсэн акт үйлдэж, өөрт байсан 16 төрлийн 65 ширхэг түлхүүрүүдийг хүлээлгэн өгч, актад гарын үсэг зурсан байна.

6.6.А....ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ... тоот тушаалыг ажил олгогч 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, уг тушаалыг нэхэмжлэгч 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад хүлээн авсан тухай тайлбар бичиж хүлээн авсан байна.

6.7.2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Үйлдвэр, баазаас Өмнөговь аймаг руу ачуулсан бараа материалуудаас Портальны краны дугуй 30 ширхэг ирэхээс 28 ширхэг, шётка 144 ширхэг ирэхээс 139 ширхэг, суурин бэхэлгээ ролик 5 ширхэг ирэхээс 4 ширхэг ирж, нийт 8 ширхэг бараа дутуу ирсэн байх бөгөөд энэ тухай төслийн талбай дээр бараа материалыг хүлээж авсан нярав Л.... фото зургаар баримтжуулан, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр имэйлээр мэдээллэсэн байна.

7.Талуудын маргааны зүйл нэхэмжлэгч А....ыг 2021 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажил тасалсан эсэх, түүнийг ажлаас халах тушаалд ажил тасалсан өдрүүдийг тухайлан заагаагүй нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болох эсэх, А.... хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ ажил олгогч ... ХХК-д хохирол учруулсан эсэх, хариуцагч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаатай томилогдон ажилласан, 2021 оны 2 дугаар сарын 27-ны ажлын бус өдөр ажилласан, өмнөх өдөр нь буюу 2 дугаар сарын 26-ны Баасан гарагт нэхэмжлэгч ажлаас чөлөө авсан зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

8.Ажил олгогчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийг нэхэмжлэгч 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлд шүүхээс иргэний хэрэг үүсгэж, шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ... дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

9.Улмаар нэхэмжлэгч нь тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу А.... нь Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хөдөлмөрийн тухай 1997 оны хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах нэг сарын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ба хэргийг хэрэгсэхгүй болгосон 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ... дүгээр захирамжаас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолвол нэхэмжлэгч А....ыг хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

10.Маргаан бүхий 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот ажил олгогчийн тушаалаар А....ыг холбогдох журмын дагуу харъяалагдах удирдлагаас чөлөө авалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан... гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ... ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дүгээр зүйлийн 9.1.1.4, 9.3 дугаар зүйлийн 9.3.10, ажилтантай байгуулсан 21/01 дугаар Хөдөлмөрийн гэрээний 6.4 дүгээр зүйлийн 6.4.14 дэх заалт зэргийг тус тус үндэслэн А....ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, туршилтын хугацаан дахь хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

11.Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан..., 40.1.5 дахь хэсэгт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно... гэж тус тус хуульчилсан байна. Ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тэрээр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох сахилгын ноцтой зөрчил гаргасан байх, улмаар тухайн зөрчлийг сахилгын арга хэмжээ ногдуулж буй ажил олгогчийн шийдвэрт тусгасан байх шаардлагатай.

12.Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.4 дүгээр зүйлийн 6.4.14 дэх хэсэгт Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болох ажилтны гаргасан ноцтой зөрчилд ажилтан холбогдох журмын дагуу харъяалагдах удирдлагаас чөлөө авалгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан... зөрчлийг тооцно гэж заасан байна.

13.Ажил олгогчийн гаргасан маргаан бүхий тушаалд А....ыг аль өдрүүдэд ажил тасалсан тухай тусгайлан заагаагүй боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан ажилчдын ирцийн бүртгэл, зохигчдын тайлбар зэргээр нэхэмжлэгч 2021 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд өөрийн харъяалах ажлын байранд ирээгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйлд нийцсэн шийдвэр гаргасан байх тул ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай А....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

14.Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч А....оос байгууллагад учруулсан хохирол 804,800 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

15.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан ... тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан байна.

16.Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ А....ыг 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр явуулсан ачаанаас дутаасан, бүрэн хүлээж авсан боловч дутуу бараа материал явуулсан, ийнхүү хариуцлага алдсан учир туршилтын гэрээг сунгахгүй гэх яриа болж, Санхүү эрхэлсэн захирлаас имэйл илгээсэн гэж тайлбарласан боловч түүнийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө энэ талаар тушаалд тусгаагүй, тухайн дутаасан гэх бараа материалуудыг А....ын өмнөөс өөр ажлын чиг үүрэг бүхий ажилтан болох Баазын дарга Б.... хүлээн авч, цааш ачуулсан болох нь түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон.

17.Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх дутсан гэх бараа материалуудыг нэхэмжлэгч А.... дутаасан гэх байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

15.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 23,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 128 дугаар зүйлийн 1281.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож тус компанийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай ... ХХК-д холбогдуулан гаргасан А....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул А....оос 804,800 төгрөг гаргуулах тухай ... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.... тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ... ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 23,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА