Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01094

 

 

 

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01094

 

 

 А.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00989 дугаар шийдвэртэй, А.А-ын нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б21/61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажлын байраар хангахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохирол 804,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр И ХХК-д няраваар ажилд орсон. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Тавантолгой-Гашуун сухайт төмөр замын төсөл рүү ачуулах байсан бараа материалыг миний оролцоогүйгээр Баазын дарга Б.Б ачуулсан байсан. Энэ тухай И ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Ө.М-т няравын ачуулах ачааг өөр ажилтан ачуулснаас гарч болох эрсдлийг би хариуцахгүй гэсэн и-мэйлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бичсэн. Энэ өдрийн 15 цагийн үед Санхүү эрхэлсэн захирал Ө.М над руу залгаж чи бол жижигхэн нярав, над руу ингэж бичиж болохгүй, өөрт ногдсон ажлаа хийж чадахгүй бол зайлаарай гэж хэлсэн. Мөн 03 дугаар сарын 02, 03-ны өдөр би төв оффис дээр програмд хандах эрх авах гэж ажилласан. 03 дугаар сарын 05-ны өдөр төв оффисоос Санхүү эрхэлсэн захирал У.Мягмаржав намайг дуудаж ажлаа нярав Л.О-д хүлээлгэн өг гэхэд нь 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч, ямар үндэслэлээр ажлаа хүлээлгэн өгч байгааг асуухад тодорхой хариулт хэлээгүй түр хүлээж бай, өөр ажил өгнө гэсэн. Миний бие няравын ажлаа хүлээлгэн өгөөд өөр ажил өгөхийг нь хүлээж, асууж байсан. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын дундуур хүний нөөцийн ажилтан Б.Э ярьж өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өг гэсэн. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй, та нар ажлын байраар хангах үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьсан. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажлын байраар хангуулах талаар хүний нөөцийн ажилтантай ярихад тушаал гарсан ирж ав гэсэн учир 7 дугаар сарын 05-ны өдөр очиж тушаалаа аваад нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. И ХХК-аас хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардаж байсан ч байгуулаагүй.

Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд төв оффист ажилласан. Түүний байнгын ажлын байр нь төв оффис биш учир хурууны хээ уншуулж бүртгүүлэх боломжгүй. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан дэвтрийг цагийн бүртгэл гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч 02 дугаар сарын 27-ны амралтын өдөр ажилласан учир 03 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа очихгүй байх эрхтэй. Төв оффист ажиллахдаа програмд хандах эрх аваагүй, эрхээ авах гэж очсон учир програмын бүртгэлээс харагдахгүй. Ажлаас халах тушаал 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гарсан гэж байгаа боловч надад гардуулж өгөөгүй. Тушаалд нэхэмжлэгчийг 2 өдөр ажил тасалсан гэдэг тодорхойгүй. Ажил тасалсан, түүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа бол тушаалд тодорхой бичигдэх ёстой. Ажлаас халах тушаалыг 03 дугаар сарын 09-ний өдөр гаргаагүй, 07 дугаар сард гаргасан.

Иймд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажлын байраар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: И ХХК нь Таван-толгой нүүрсний уурхайгаас Гашуун сухайтын боомт хүртэлх 220 км-ын төмөр зам барих төслийн төмөр замын дэд бүтэц угсралтын ажилд туслан гүйцэтгэгч компаниар ажиллаж байна. Уг ажил нь 2020 оны 03 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах төслийн талбайд ростоер буюу жасаагаар ажиллах нийт 330 ажилтан, Улаанбаатар хотод байрлах оффист 30 ажилтан тус тус ажилладаг. А.А-ыг ажиллаж байх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үйлдвэр баазын оффист санхүүгийн хэлтэс байрлаж байсан бөгөөд тус оффист 22 ажилтан ажиллаж байсан. Харин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах оффист хүний нөөц, захиргааны хэлтсийн 5 ажилтан байрлаж ажилладаг байсан. А.А нь санхүүгийн хэлтэст харъяалагдан ажиллаж байсан бөгөөд үйлдвэр баазын оффисоос бараа материалыг Таван толгой, Гашуун сухайт төмөр замын төсөл рүү ачилтыг хийлгэдэг байсан. И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн б21/12 дугаартай тушаалаар А.А-ыг няравын ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатай ажилд авч, өдөр хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг А.А-той ажил олгогч байгуулсан.

Тэрээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүйгээс туршилтын хугацаанд байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөрийн гэрээг сунгаагүй. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Тавантолгой Гашуун сухайт төмөр замын төсөл рүү захиалгын дагуу бараа материалуудыг ачуулж, жолоочид хүлээлгэн өгсөн акт үйлдэх үүрэгтэй байсан боловч баазын дарга Б.Б нь бараа материалыг ачсан байсан тул ямар нэг хариуцлага хүлээхгүй гэсэн утгатай и-мэйлийг 03 дугаар сарын 01-ний өдөр Санхүүгийн хэлтсийн захирал руу явуулсан байна. Тэрээр ажлын байрны тодорхойлолтын 3.4, 3.6, 3.9-д заасан ажил үүргээ биелүүлээгүйгээс төслийн талбай дээр бараа материалыг хүлээж авсан нярав Л.О-гийн тоолсноор бараа материалууд дутаж 1,255,050 төгрөгийн хохирлыг компанид учруулсан ба бараа яагаад дутсан нь тодорхойгүй, бараагаа олж авч чадаагүй. А.А- нь ажиллах хугацаандаа орлого зарлагын бүртгэл хөтлөөгүй, шууд удирдах албан тушаалтан болох нягтлан, ахлах нягтлан бодогч нартай уялдаа холбоотой хамтарч ажиллаж чадаагүйгээс ажлаа хангалтгүй хийж гүйцэтгэдэг байсан нь туршилтын хугацаанд байгуулсан гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл болсон.

А.А нь нэхэмжлэлдээ 2021 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдөр төв оффис дээр програмд хандах эрх авах гэж ажилласан гэх тайлбар гаргасан боловч Парк плэйс оффист ажиллах зөвшөөрлийг шууд удирдлагаас аваагүй бөгөөд Б.Э хүний нөөцийн менежер энэ талаар мэдээгүй. 2021 оны 03 дугаар сарын 04-нд санхүүгийн хэлтсийн захирал Ө.М нь А.А-ын ажил тасалсан тухай мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн Б.Э-т өгснөөр түүнийг ажил тасалсан болохыг мэдэж, 03 дугаар сарын 05-нд А.А-ыг төв оффист дуудаж уулзан, 02 дугаар сарын 27-ны өдөр ажлын хариуцлага алдсан, ажилдаа ирээгүй зөрчил гаргасан тул туршилтын гэрээг дуусгавар болгож жинхлэхгүй талаар хэлсэн. Энэ өдрөөс хойш 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд А.А ажилдаа ирээгүй, ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэж өгөөгүй байсан тул Хөдөлмөрийн гэрээний 6.4.14-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэн туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгон, Б21/61 дугаар гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Хүний нөөцийн мэргэжилтэн туршилтын хугацааны гэрээг цуцалсан тухай тушаалыг гардан авахыг удаа дараа А.А-д утсаар мэдэгдэж байсан боловч надад наад тушаал чинь хамаагүй, би авахгүй гэсэн тайлбар хэлж, тушаалаа гардаж авахгүй явсаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тушаалаа авсан.

Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байна. Тушаалд хэдний өдөр тасалсан нь тодорхойгүй гэж нэхэмжлэгч тал маргаж байна. Гэвч А.А нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан гэдгээ өөрөө нотлоогүй, нотлох нэг ч баримт байхгүй байна. Бид түүнийг 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй гэдгийг нотолсон. Иймд А.А-ын гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга, А.А 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр урьдчилж захиалсан бараануудыг нийлүүлэгч компаниудаас тоо ширхэгээр хүлээн авсан бөгөөд тус бараануудыг ...хавсралтад байгаа бараа материал гарна гэж кемпэд ажиллаж байсан няравт и-мэйл бичиж мэдэгдсэн байна. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бичсэн и-мэйлд ...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хавсралтад заагдсан бараа материалыг Б.Б захирлын үүрэг даалгавраар ачсаны дараа жагсаалтыг гаргаж өгсөн гэж бичсэн нь А.А 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ачилтаас буюу өөрийн хариуцсан ажлаас бараа материалын дутагдал гарсныг хүлээхгүй гэдэг байдлаар бичсэн. Хэрэв А.А- хариуцсан ажилдаа эзэн болж, өөрөөс нь хамааралгүй барааг ачсан бол 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр кемпийн нярав болон ахлах нягтлан бодогчид урьдчилан мэдэгдэж и-мэйл явуулах байсан. Гэвч дутагдал гарсан гэдгийг дараа өдөр нь мэдсэнээр өөрийгөө хамгаалсан утгатай и-мэйлийг санхүүгийн хэлтсийн захиралд явуулсан байна. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ачилтаас компанид портальны краны дугуй 30 ширхэгээс 28 ширхэг ирсэн, нэг бүрийн үнэ 178,000 төгрөг ба нийт 356,000 төгрөг, шётка 144 ширхэгээс 139 ширхэг ирсэн, нэг бүрийн үнэ 2,750 төгрөг ба нийт 13,750,000 төгрөг, суурин бэхэлгээ ролик 5 ширхэгээс 4 ширхэг ирсэн, нэг бүрийн үнэ 435,000 төгрөг буюу нийт 804,800 төгрөгийн бараа материал дутсан бөгөөд хохирлыг хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу А.А-оос нэхэмжилж байна. Тавантолгой Гашуун сухайт руу бараа материалыг нярав л ачилт хийлгэх үүрэгтэй. Нэхэмжлэгч барааг хүлээж авсан тухайгаа ачилт хийгдсэний дараа и-мэйлээр илгээсэн. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр залруулга явуулж, 03 дугаар сарын 02-ны өдөр бараа дутсан нь мэдэгдсэн. Иймд түүний үүрэгт ажилтай холбоотойгоор компанид хохиролд 804,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Тухайн бараа материал ачсан өдөр нь Бямба гараг буюу амралтын өдөр байсан. А.А-ыг яг очих үед ачиж дуусаад явж байсан учраас 2 фото зураг дарж л амжсан гэдэг. Ингээд няраваар хянуулалгүй ачсан учир энэ тухай Санхүүгийн хэлтсийн захиралд имэйлээр мэдэгдсэн. Тухайн илгээсэн баримтад баазын дарга Б.Б гарын үсэг зурсан учир А.А биш харин Б.Б хохирол учруулсан гэж үзэж байна. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 128 дугаар зүйлийн 1281.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б21/61 дугаар тушаалыг хүчингүй болгож тус компанийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай И ХХК-д холбогдуулан гаргасан А.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул А.А-оос 804,800 төгрөг гаргуулах тухай И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч И ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 23,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр И ХХК-д няраваар ажилд орсон. Төлөвлөгөөний дагуу Тавантолгой-Гашуун сухайт төмөр замын төсөл рүү бараа материал ачих гэрээт тээврийн машин 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ачаа ачих хувиартай байсан боловч 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу бямба гаригийн өглөө 10 цагийн үед гэнэт баазын дарга Б.Б утсаар залгаж Тавантолгой-Гашуун сухайт руу машин явахаар боллоо гэж дуудсан. Амралтын өдөр зуслан дээр байсан болохоор яаран 11.30 минутын үед ирсэн боловч бараа материал нэгэнт ачигдаж машин хөдлөх гэж байсан тул гар утсаараа, хоёр зураг л дарж амжсан. Энэ тухай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр И ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Ө.М-т няравын ачуулах ачааг өөр ажилтан ачуулснаас гарч болох эрсдлийг нярав миний бие хариуцахгүй гэсэн утгатай и-мэйлийг бичсэн. Тухайн өдрийн 15 цагийн үед Санхүү эрхэлсэн захирал Ө.М над руу залгаж, Чи бол жижигхэн нярав, над руу ингэж бичиж болохгүй, өөрт оногдсон ажлаа хийж чадахгүй бол зайлаарай гэж хэлсэн. 2021 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд нягтлан Б.Ж Парк плейс-д байрлах төв оффис дээр 01, 02 дугаар сарын орлого зарлагын баримтуудыг санхүүгийн программ руу яаж оруулахыг ажлынхаа завсар зайгаар зааж өгнө гэж очсон боловч программыг заалгаж амжаагүй бөгөөд нягтлан Б.Ж-ын даалгасан гүйлгээнүүд нягтлах шивэх гэх мэт бусад даалгасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төв оффисоос Санхүү эрхэлсэн захирал Ө.М- намайг дуудан ажлаа нярав Л.О-д хүлээлгэн өг гээд нийлүүлэгч компаниудаас ирсэн бараа материалын хүлээлцэх хуудас, орлого, зарлагын баримтууд, нөүтбүүкийг хураан авсан. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нярав н.О-д үйлдвэр баазын түлхүүрүүдийг хүлээлгэн өгч, ямар үндэслэлээр ажлаа хүлээлгэж өгч байгааг асуухад тодорхой хариулт хэлээгүй, түр хүлээж бай, өөр ажил өгнө гэсэн. Миний бие няравын ажлаа хүлээлгэж өгөөд, өөр ажил өгөхийг хүлээж, асууж байсан. Гэтэл 2021 он 04 дүгээр сарын дундуур хүний нөөцийн ажилтан Б.Э ярьж өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өг гэсэн. Би буруу зүйл хийгээгүй учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй, та нар ажлын байраар хангах үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьсан.

2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажлын байраар хангуулах талаар Хүний нөөцийн ажилтан Б.Э-тай ярихад тушаал чинь гарсан ирж ав гэсэн бөгөөд миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй Санхүү эрхэлсэн захиралдаа зүй ёсны шаардлага тавьж и-мэйл явуулсаны төлөө ажлаас халагдсан болно. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00989 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: А.А-ыг ажлаас халах тушаалыг ажлын алдаа дутагдал гаргасантай холбогдуулан гаргаагүй, харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 болон түүнээс дээш өдөр ажил тасалсан үндэслэлээр гарсан. Энэ нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зохицуулалтад хамаарах тул хөдөлмөрийн гэрээн дэх 2 болон түүнээс дээш хоног ажил тасалсан гэх заалтыг үндэслэсэн.

А.А- 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирсэн, 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй. Шалтгааныг нь асуухад ажил хийж байсан гэж тайлбарладаг. Шүүх ажил олгогч буюу И ХХК-ийн программд шүүлт хийж хайсан, мөн А.А-ын гарын үсэг бүхий санхүүгийн баримт байгаа эсэхийг шүүхэд олдоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.А-ын харилцсан компаниудаас баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан хэдий ч тухайн баримтууд байгаагүй. Нэхэмжлэгч 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажилласан гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй. Тухайн үед ковид-19 цар талхын улмаас ажилчдын цагийг бүртгэхдээ даралт, халууныг хэмжиж, зааварчилгаа өгдөг байсан. Энэ баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба ажилчид халуун, даралтаа хэмжүүлж, зааварчилгаа аваад гарын үсгээ зурсан байдаг. Уг бүртгэлд 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд А.А-ын гарын үсэг зурагдаагүй байсан. Тушаал 03 дугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд А.А- нь 03 дугаар сарын 01, 04, 05-ны өдрүүдэд ажилдаа ирээд, 03 дугаар сарын 02, 03, 06-09-ний өдрүүдэд ирээгүй. Хариуцагч талын нотолж чадаж байгаа хэмжээ нь 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүд байсан тул нотлох баримтад тулгуурлаж тайлбар гаргасан.

И ХХК нь А.А-той 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул гэрээний хугацаа 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусахаар байсан. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинг хэдий хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч А.А-оос хариуцагч И ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б21/61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажлын байраар хангахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохирол 804,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ажил тасалсан гэх 3 дугаар сарын 02, 03-ны өдөр төв оффис дээр програмд хандах эрх авах гэж ажилласан. Ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэснийг хариуцагч эс зөвшөөрч Ажлын байрны тодорхойлолтын 3.4, 3.6, 3.9-д заасан ажил үүргээ биелүүлээгүйгээс бараа материалууд дутаж 1,255,050 төгрөгийн хохирлыг компанид учруулсан. 2021 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдөр Парк плейс оффист ажиллах зөвшөөрлийг шууд удирдлагаас аваагүй, ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээний 6.4.14-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. Учир нь хэрэгт авагдсан ирцийн бүртгэл болон хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн гэрээний 6.4.14-т ажилтан холбогдох журмын дагуу харъяалагдах удирдлагаас чөлөө авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэл болохоор заажээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлд хамаарна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б21/61 дүгээр тушаал хууль ёсны байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн 2021 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд нягтлан Жаргалын даалгасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээ нэхэмжлэгч нь нотлоогүй байна.

4. Шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт хариуцагч гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

5. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00989 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН