Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2023/00904

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 24 181/ШШ2023/00904

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Ц-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ц нь Д.Гтой аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 03 сарын 24-ний өдрийн бэлэн мөнгө хүлээлцэх баримтаар баталгаажуулсан. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг хүү тогтоох тохиолдолд заавал бичгээр байгуулах шаардлага байдаггүй. Энэ нь аман хэлбэрээр байгуулж болдог хэлцэл. Ийм болохоор Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4-т зааснаар зээлийн гэрээг ямар тохиолдолд байгуулагдсанаар тооцдог вэ гэхээр мөнгийг шилжүүлэн өгснөөр байгуулагдсанд тооцдог. Өнөөдөр бидний хэргийн баримтад авагдаад байгаа бэлэн мөнгөний баримтад мөнгө хүлээн авагч нь Д.Г, мөнгө тушаагч нь А.Ц юм. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хэрвээ талууд буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол хэзээ ч шаардах болох ийм үндэслэл байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.2-т зааснаар хугацаа тогтоогоогүй бол мөнгө шаардах эрхээ хэдийд ч үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Д.Г нь 10,000,000 төггрөгийг хүлээн авснаа зөвшөөрч, энэ талаар маргадаггүй. Хариуцагч нь татгалзалдаа Л.Зт гэдэг хүн Д.Год өгөх ёстой байсан мөнгөө өөрийн нягтлан бодогч гэх хүнээр дамжуулах өгсөн гэж тайлбарладаг боловч А.Ц нь тус компанид урьд өмнө нь ажиллаж байгаагүй. Гэтэл А.Цийг АС ХХК-ийн нягтлан бодогч, компанийн мөнгөнөөс надад өгөс ёстой байсан мөнгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Л.Зт, Д.Г нарын хооронд үүссэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд болон тэдгээртэй холбоотой тохиролцоонуудыг А.Ц огт мэдэхгүй.

Иймд Д.Гоос 10,000,000 төгрөгийг гэрээний дагуу шаардсан боловч Д.Г өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэг байдлаар үүргээ гүйцэтгээгүй учир зээлийн гэрээний Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 283.2 заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Гоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Б.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч А.Цыг танихгүй, тэдний дунд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Зээл аваагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2016.03.24-ний өдрийн баримт нь А.Ц гэх хүн Д.Год зээл олгосон учраас үйлдсэн баримт биш. Дээрх баримт нь Л.Зт гэх хүн хариуцагч Д.Год өгөх ёстой байсан төлбөрөө өөрийн нягтлан бодогч гэх хүнээр дамжуулан өгөхдөө үйлдсэн баримт.

Л.Зт, Д.Г нар нь 10 жилийн найзууд бөгөөд 2015 онд Д.Г өөрийн өмчлөлийн Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Дархан-Уул багт байрлах 70 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0905000545 дугаар бүхий хувийн сууцыг худалдан борлуулахаар зар тавьж байх үед Л.Зт нь мэдэж Аав ээжийн минь гал голомт байсан учраас би худалдаж авъя, би АС ХХК буюу барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажилладаг тул бартераар орж ирдэг байраа худалдан, эцэг эхийнхээ гал голомтыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авъя, энэ мөнгө байхад байрны урьдчилгаа хийгээд ипотекийн зээлд орох боломжтой гэсэн бөгөөд тухайн үед Л.Зтод бэлэн 40,000,000 төгрөг байхгүй байсан тул чи яаж ийгээд хүнээм 40,000,000 төгрөг зээлээд бэлдээд байж бай, би удаахгүй өгнө гэж хэлээд Д.Гтой 2015.10.13-ны өдөр түүний өмчлөлийн хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Хэсэг хугацааны дараа Л.Зт нь өөрийн найз гэх Х.Ганцогт болон өөр 3 этгээдтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 80 байрны 50 тоот хаягт байрлах, 65 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг надад санал болгож таалагдсан учир хүнээс 40,000,000 төгрөгийг хүүтэй зээлж, бүгдийг нь байрны урьдчилгаа болгон тус байрыг ипотекийн зээлээр худалдаж авсан.

Гэвч Л.Зт нь урьдчилгаа төлбөр буюу Д.Гын хувийн сууцыг худалдан авсан мөнгөө өгнө гэсэн боловч боломжгүй байна, мөнгө орж ирээгүй гэх шалтгаан хэлж хойшлуулсаар 10,000,000 төгрөг өгсөн байдаг.

Дээрх 10,000,000 төгрөгийг өгөхдөө өөрийн нягтлан гэх хүнийг явуулсан гэж тайлбарласан бөгөөд тухайн үед өөрийн нягтлан гэж тайлбарласан хүн нь нэхэмжлэгч А.Ц байдаг. Баримт үйлдэх болсон шалтгаан нь хувиасаа мөнгө гаргаж өгөх боломжгүй байсан тул компанийн данснаас мөнгө авч өгч байгаа, дараа нь тайлан тооцоо гаргахад баримт хэрэгтэй гэж тайлбарласан тул А.Ц гэх хүнд баримт үйлдэж өгсөн.

Гэтэл 2017 онд Л.Зт нь би үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өгч чадахгүй юм байна, хувийн сууцыг худалдаж авахаа болилоо гэж хэлсэн. Тухайн үед Д.Г нь Л.Зтод найдаг 40,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн, мөн хувийн сууцаа худалдсан учир 2 жилийн хугацааны түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгөө тооцохоор харилцан тохиролцсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2016.03.24-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.16-ны өдрийн 101/ШЗ2019/01222 дугаар захирамж, нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас 2015.10.13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015.12.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар гэрчийн мэдүүлэгийн тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Д.Год холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.Ц нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Д.Год 2016 оны 3 сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг зээлдүүлсэн, буцаан төлөөгүй тул 10,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсныг, хариуцагч Д.Г зээл аваагүй, Л.Зт үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар тохиролцсоны дагуу 10,000,000 төгрөгийг төлж, нягтлан бодогч А.Цаар мөнгө хүлээлгэн өгсөн баримтад гарын үсэг зуруулсан, А.Цаас мөнгө аваагүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч А.Ц нь 2016 оны 3 сарын 24-ний өдөр байрны мөнгө гэх гүйлгээний утгатайгаар 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Год хүлээлгэн өгсөн болох нь Бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4 хуудас/

 

2. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус заасны дагуу талууд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байна.

 

3. 2015 оны 10 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-гээр худалдагч Д.Г нь худалдан авагч Л.Зтод улсын бүртгэлийн Ү-0905000545 дугаарт бүртгэлтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-уул багт байрлах 70 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 40 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /хавтаст хэргийн 34-35 хуудас/

3.1. Уг гэрээний дагуу Л.Зт нь А.Цаар дамжуулан 10,0 сая төгрөгийн төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь: гэрч Л.Зт ...Д.Г байрны урьдчилгаанд 10,0 сая төгрөг дутчихлаа надад туслаач гэсэн. Тухайн үед би гадаадад байсан учир дүү Цэнд-Аюуш руу залгаад Ганболдод 10,0 сая төгрөгийг зээлчих гэсний дагуу 10,0 сая төгрөгийг манай дүү өгсөн... гэж мэдүүлсэн тул хариуцагч Д.Гын хувийн сууцыг худалдан авсан мөнгөө өгнө гэж хойшлуулсаар 10,000,000 төгрөг өгсөн, 10,000,000 төгрөгийг өгөхдөө өөрийн нягтлан А.Ц гэх хүнийг явуулсан, ...түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгөө тооцохоор харилцан тохиролцсон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

3.2. Мөн 2015 оны 10 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний дагуу харилцан үүрэг гүйцэтгэгдсэн буюу гэрээ хэрэгжсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тодруулбал, худалдагч Д.Г нь хувийн сууцаа Л.Зтод шилжүүлээгүй, Л.Зт нэхэмжлэгч А.Цаар дамжуулан үнэ төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

4. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч А.Цаас 10,000,000 төгрөгийг хууль ёсоор авсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадахгүй байна.

 

5. Харин нэхэмжлэгч А.Цийн хүлээлгэн өгсөн 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Г хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, хариуцагч Д.Г уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс авсан хууль зүйн үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 10 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

6. Х.Ганцогт, А.Ургамал, Г.Цолмон, Г.Бумбаяр нарын Д.Гтой байгуулсан 2015.12.25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч А.Цаас гаргуулсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нь хариуцагчийн маргаж буй үндэслэлд хамааралгүй байна. /хавтаст хэргийн 36-37, 116 хуудас/

 

7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.16-ны өдрийн 101/ШЗ2019/01222 дугаар захирамжаар А.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Гыг эрэн сурвалжлуулах хүсэлтээ Д.Г хаягаа тодорхойлсон гэх үндэслэлээр татан авсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Гоос 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цид олгох үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Гоос 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гоос 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж А.Цид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА