Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01119

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 07 210/МА2023/01119

 

 

А.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00904 дугаар шийдвэртэй, А.Ц-ийн нэхэмжлэлтэй, Д.Г-од холбогдох, 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: А.Ц- нь 2016 оны 03 сарын 24-ний өдөр Д.Г-той харилцан тохиролцсоны үндсэн дээр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулсны дагуу А.Ц- нь 10,000,000 төгрөгийг Д.Г-од бэлнээр хүлээлгэн өгсөн. Улмаар А.Ц- нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгийг буцаан төлөхийг 2017 оны хавраас эхлэн шаардсан боловч Д.Г- нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж, удаа дараа хойшлуулсаар ирсэн болно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-оос 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: А.Ц-ийг танихгүй, А.Ц-тай зээлийн гэрээний харилцаанд ороогүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2016 оны 03 сарын 24-ний өдрийн баримт нь А.Ц- гэх хүн Д.Г-од зээл олгосон учраас үйлдсэн баримт биш. Дээрх баримт нь Л.З- гэх хүн хариуцагч Д.Г-од өгөх ёстой байсан төлбөрөө өөрийн нягтлан бодогч гэх хүнээр дамжуулан өгөхдөө үйлдсэн баримт юм. Л.З-, Д.Г- нар багын найзууд бөгөөд 2015 онд Д.Г- өөрийн өмчлөлийн Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Дархан-Уул багт байрлах 70 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан борлуулахаар зар тавьж байх үед Л.З- нь мэдэж аав ээжийн минь гал голомт байсан учраас 40,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн. Ингээд Л.З-, Д.Г- нар 2015 оны 10 сарын 13-ны өдөр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч Л.З- нь урьдчилгаа төлбөр буюу Д.Г-ын хувийн сууцыг худалдан авсан мөнгөө өгнө гэсэн боловч шалтгаан хэлж хойшлуулсаар 10,000,000 төгрөг өгсөн байдаг. Дээрх 10,000,000 төгрөгийг өгөхдөө өөрийн нягтлан гэх хүнийг явуулсан гэж тайлбарласан. Тухайн үед өөрийн нягтлан гэж тайлбарласан хүн нь А.Ц- байдаг. Баримт үйлдэх болсон шалтгаан нь хувиасаа мөнгө гаргаж өгөх боломжгүй тул компанийн данснаас мөнгө авч өгч байгаа, дараа нь тайлан тооцоо гаргахад баримт хэрэгтэй гэж тайлбарласан тул А.Ц- гэх хүнд баримт үйлдэж өгсөн. Гэтэл 2017 онд Л.З- нь би үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өгч чадахгүй юм байна, хувийн сууцыг худалдаж авахаа болилоо гэж хэлсэн. Тухайн үед Д.Г- нь Л.З-од найдаад 40,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн, мөн хувийн сууцаа худалдсан учир 2 жилийн хугацааны түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгөө тооцохоор харилцан тохиролцсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Г-оос 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ц-ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-оос 174,950 төгрөгийг гаргуулж А.Ц-ид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Хариуцагч Д.Г- нь А.Ц- гэх хүнийг танихгүй, А.Ц-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, түүнээс зээл авсан зүйл огт байхгүй. Хэрэгт авагдсан бэлэн мөнгө хүлээлцсэн акт нь Л.З- болон Д.Г- нарын хоорондын төлбөр тооцооны асуудлаас үүдэлтэй баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, Д.Г- нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах санаатай байсныг Л.З- мэдэж түүнд аав ээжийн минь гал голомт байсан учраас би 40,000,000 төгрөгөөр худалдаж авъя, та энэ мөнгийг урьдчилгаа болгож манай компаниас байр авч болно гэж санал болгосон учир Д.Г- саналыг хүлээн зөвшөөрч аман хэлбэрээр гэрээ байгуулсан байдаг. Гэвч тохиролцсоноос хойш Л.З- нь огт мөнгө өгөхгүй байж байгаад 2016 онд 10,000,000 төгрөгийг Д.Г-од өгсөн. 2016 оны сүүлээр Л.З- дахин холбогдож өмнө өгсөн 10,000,000 төгрөгийг компанийн данснаас гаргасан бөгөөд жилийн эцсийн тайлан гаргах гэж байгаа болохоор найзад нь баримт хэрэгтэй байна, би компанийн нягтлангаа явуулья гарын үсэг зураад өгч болох уу гэж хэлсэн учраас Ганболд 2016 оны сүүлээр тухайн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн огноотой байрны мөнгө гэх утга бүхий баримтыг үйлдэж өгсөн. Д.Г-ын хувьд А.Ц-ийг бэлэн мөнгөний баримт үйлдэх үедээ л анх удаа харсан, өөр ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн бэлэн мөнгөний баримтад зээл бус байрны мөнгө гэх утга байгаа нь үүнийг нотолж байгаа юм. Огт танихгүй хүндээ 10,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлэх боломжгүй. Анхан шатны шүүхээс А.Ц- нь Д.Г-од 10,000,000 төгрөгийг зээлсэн нь тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.б.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Л.З-ыг гэрчээр оролцуулах хүсэлт өгч нэлээн хэдэн сарын хугацаа өнгөрсөн боловч ирээгүй, олдохгүй байсан атал нэхэмжлэгч тал 2023 оны 01 сарын 17-ны өдөр тайлбар гаргахдаа Л.З-ыг гэрчээр оролцуулах хүсэлтийг дэмжсэн даруй Л.З- нь шүүхэд хүрэлцэн ирж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тодруулбал Л.З- нь найз Д.Г-оос мөнгөө нэхэж чадахгүй, нүүр тулж чадахгүй байсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос зайлсхийж байсан ч нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн нь эргэлзээтэй байна. Түүнчлэн, өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон 2019 оны 12 сарын 16-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүх хуралдааны үед Л.З-ын талаар хариуцагч талаас анхнаасаа тайлбарлаж явсан хэдий ч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Л.З-, Д.Г- нарын хоорондын харилцаа, нэхэмжлэгч А.Ц-ийн эрхэлдэг ажил, Л.З-, Д.Г- нарын худалдах-худалдан авах гэрээний харилцаа зэргийн талаар огт тайлбар хэлж байгаагүй, мэдэхгүй гэсэн үгийг л хэлдэг нь мөн эргэлзээтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. 2023 оны 04 сарын 27-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гэж хаягласан атлаа хяналтын журмаар гомдол гаргах тухай гэж бичсэн. Давж заалдах шатны шүүх нь хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх агуулгыг илэрхийлж байна. Уг хэрэг маргаантай холбоотой 5 шүүхийн шийдвэр гарч байна. Анх 2019 онд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгэснээс хойш Д.Г- нь 10,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй. Мөн бэлэн мөнгөний орлогын баримтад Д.Г- гарын үсэг зурсан эсэх асуудалд маргаагүй. Шүүхээс Л.З-оос хэрэгт дурдагдсан нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэний дагуу гэрчийн мэдүүлэг авсан. Л.З- нь тухайн 10,000,000 төгрөгийг А.Ц-, Д.Г-од зээлсэн үйл баримт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоогүй гэдгийг тайлбарласан. А.Ц-, Л.З- нар төрөл садангийн холбоотой бөгөөд Д.Г- 10,000,000 төгрөг зээлээч гэх үед Л.З- гадаадад байсан тул хамаатны дүү болох А.Ц-аас 10,000,000 төгрөгийг зээлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч А.Ц- нь хариуцагч Д.Г-од холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 14, 38-47/

 

3.   Хэргийн 4-р талд А.Ц-, Д.Г- нарын үйлдсэн гэх 2016 оны 03 сарын 14-ний өдөр гэсэн огноотой Бэлэн мөнгөний орлогын баримт авагдсан, уг баримтад А.Ц-аас байрны мөнгө 10,000,000 төгрөг тушаасан, хүлээн авагч Д.Г- гэсэн агуулга дурдагджээ. /хх 4/

Дээрх баримтын талаар нэхэмжлэгч нь ...зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг хүлээлгэн өгч баримт үйлдсэн, тухайн үед Д.Г- нь орон сууцны урьдчилгаа хийх зорилгоор мөнгө зээлсэн тул утгыг нь байрны мөнгө гэж бичсэн... гэж тайлбарласан бол хариуцагч нь ...багын найз Л.З- нь хувийн сууц худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрийг нягтлан бодогч А.Ц-аар өгч явуулсан, компанид баримт хэрэгтэй гээд уг баримтыг үйлдсэн, энэ нь баримтад утгыг байрны мөнгө гэж бичсэнээр нотлогдоно... гэж тайлбарлан маргажээ.

 

4.   Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00215 дугаар тогтоолд ...мөнгө хүлээлгэн өгсөн баримт дахь бэлэн мөнгө гэх зориулалтыг тодруулах, Л.З-, Д.Г- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 13-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний талаар талуудыг мэтгэлцүүлэх нь.. маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой тухай дурдаж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/00030 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 2063 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. /хх 89-91/

 

5.   Шүүх дээрх ажиллагааг хийж, хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан асуудлын тухай гэрч Л.З-оос асуухад ...А.Ц-ийн 10,000,000 төгрөг Д.Г-од өгсөн нь байрны асуудалд хамааралгүй. ... Д.Г- ... миний байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөг дутчихлаа надад туслаач гэсэн. Тухайн үед би гадаадад байсан учир дүү А.Ц- руу залгаад Д.Г-од 10,000,000 төгрөг зээлчих гэсэн учраас 10,000,000 төгрөгийг манай дүү өгсөн. ...2015 оны 10 сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг өгөөгүй, тусдаа асуудал, байраа өгөөгүй учраас мөнгө төлөөгүй. ...Д.Г-оос байрны түрээс, анз, алданги тооцож А.Ц-аас Д.Г-од олгосон 10,000,000 төгрөгийн тооцоо дуусгахаар тохиролцоо хийгээгүй... гэж мэдүүлсэн байна. /хх 129-130/

 

6.   Хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотлох зорилгоор Д.Г-, Л.З- нарын хооронд 2015 оны 10 сарын 13-ны өдөр байгуулагдсан гэх Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тус гэрээ бодитоор хэрэгжсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. /хх 34/

 

7.   Түүнчлэн, нэхэмжлэгч А.Ц- нь Л.З-ын хамааралтай гэх АӨ ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /108-109, 116-117/

 

8.   Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Д.Г- нь А.Ц-аас 10,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна гэрч Л.З-ын мэдүүлгээр няцаагдсан тул хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл зөв, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9.   Харин анхан шатны шүүх ...хариуцагч Д.Г- уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс авсан хууль зүйн үндэслэлээ нотолж чадаагүй... гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Учир нь:

9.а.Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг гэж 10,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

9.б.Шүүх хариуцагчийн татгалзалтай холбоотой хуулийн зохицуулалтыг бус харин нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэдэг.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00904 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...492 дугаар зүйлийн 492.1.1-д... гэснийг ...281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР