Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2023/00905

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 24 181/ШШ2023/00905

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: Б.Г

Хариуцагч: Д.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 86,457,615 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч Б.Г /онлайн/, Б.Б, Д.Б, түүний өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г, Б.Б нар нь ХБ ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/201944934212 тоот Зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГҮ201944934212 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулж 70,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд улмаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр №317201944934212-1 тоот, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №317201944934212-02 тоот, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр №317201944934212-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгасан. Энэхүү зээлийн барьцаанд Д.Бын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024347 дугаартай Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, 182 тоот хаягт байршилтай, нэгж талбарын №18654311066355 дугаартай 640 мкв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, мөн Д.Бын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022865 дугаартай Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, 182 тоот хаягт байршилтай, 152,86 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Д.Гын өмчлөлийн №JTEBW3EH0A2042435 арлын дугаартай, Toyota Highlander маркын, 4468 УНВ улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь үндсэн зээлээс 4,617,289 төгрөг, хүүгийн төлбөрт 23,907,932 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 220 төгрөг, нийт 28,525,442 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-г удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөх тухай утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдсөнгүйгээс гадна Үндсэн зээлдэгч Б.Г нь хорих ангид ял эдэлж, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нь ХБ ХХКанд хандан тус зээлийг төлөх боломжгүйгээ бичгээр мэдэгдсэн болно.

Иймд банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх заалтыг тус тус үндэслэн зээлдэгч Б.Г, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 86,457,615 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг Д.Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, 182 тоот хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024347 дугаартай, нэгж талбарын №18654311066355 дугаартай, 640 мкв талбай бүхий газар, мөн хаягт байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022865 дугаартай, 152,86 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Д.Гын өмчлөлийн №JTEBW3EH0A2042435 арлын дугаартай, Toyota Highlander маркын, 4468 УНВ улсын дугаартай автомашин зэрэг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБ ХХКны нэхэмжилсэн 86,457,614 төгрөгийг хорих ангид ял эдэлж гараад төлөх боломжтой. Хаанбанктай олон жил хамтран ажиллаж итгэлтэй зээлдэгч болсон. Уг барьцаанд байгаа хашаа байшинг зараад төлбөр төлөх боломжгүй учир нь нэг найз маань надад итгэмжлэл хийж өгсөн. Би Д.Быг хуурч мэхэлж итгэмжлэл хийлгээгүй, хуулийн дагуу итгэмжлэлийг авсан тул Д.Бын өмчлөлийн хашаа байшин банкны барьцаанд хэвээр үлдэнэ. Ял эдэлж дуусаад ажил хөдөлмөр хийж уг мөнгийг төлөх хугацаа олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр Б.Гыг ХБ ХХКнаас 70,000,000 төгрөгийн зээл авахад хамтран зээлдэгчээр оролцсон. Миний хувьд ажилгүй, хүүхдүүдээ харж байгаа тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байна гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Л.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Год өөрийн өмчлөлийн 650 мкв талбай бүхий газар, 150 мкв талбай бүхий хувийн сууцны гэрчилгээг өгч 10 сая төгрөгийн зээл авахуулахаар тохиролцсон. Үүний дагуу миний бие итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл Б.Г.Б.Б нар нь итгэмжлэл хийж өгсөний дараа нэг хэсэг зээл хөөцөлдөж байна гээд яваад байсан. Гэтэл итгэмжлэл хийж өгсөний 5 сарын дараа Б.Г, Б.Б нар нь 70 сая төгрөгийн зээл авсан байсныг сүүлд 2021.02 сард мэдсэн. Б.Г нь залилангийн хэрэг үйлдэж ял аваад явсаны дараа миний бие сураглаж мэдсэн. Би 2019.12.06-ны өдрийн итгэмжлэлийг Б.Год хийж өгөөгүй, өмнөх итгэмжлэлийг ашигласан байна. иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас ХБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.12.17-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.04.30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.10.30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2020.12.29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2019.12.17-ний өдрийн барьцааны гэрээ, 2019.12.06-ны өдрийн итгэмжлэл 3х, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2х, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, Б.Бийн гар өргөдөл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч Д.Баас 2021.02.28-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, ХБ ХХКны дансны хуулга, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг 2х, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа 2х, тээврийн хэрэгсэлийн бүртгэл, 2019.07.05-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч Б.Г, Б.Б нараас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.18-ны өдрийн 2831 дугаар шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Б.Б, Б.Г, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,457,615 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Г, Б.Б нар нь ажилгүй, ял эдэлж байгаа гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх боломжгүй гэж, хариуцагч Д.Б нь Б.Год 2019.12.06-ны өдрийн итгэмжлэлийг олгоогүй гэх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзан маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. ХБ ХХК нь Б.Г, Б.Б нартай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/201944934212 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн №БГҮ201944934212 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулж, 70,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн шуурхай бичил зориулалтаар зээлдүүлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д.Бын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024347 дугаартай, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, 182 тоот хаягт байршилтай, 18654311066355 нэгж талбарын дугаартай, 640 мкв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, мөн Д.Бын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022865 дугаартай Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, 182 тоот хаягт байршилтай, 152,86 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Д.Гын өмчлөлийн №JTEBW3EH0A2042435 арлын дугаартай, Toyota Highlander маркын, 4468 УНВ улсын дугаартай автомашин зэргийг барьцаалжээ. /хавтаст хэргийн 8-11, 19-30 хуудас/ 

Талууд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр №201944934212-1 тоот, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ/201944934212-02 тоот, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр №ЗГ/201944934212-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгаж, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилжээ. /хавтаст хэргийн 12-18 хуудас/ 

 

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/201944934212 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн №БГҮ201944934212 тоот Барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн байна.

 

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

а/ ХБ ХХК нь 2019.12.18ий өдөр зээл 70,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Год олгож, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. /хавтаст хэргийн 31 хуудас/

 

б/ Талууд Зээлийн гэрээний гэрээний 2.4.1-д зээлийн төлбөрийг ...Хавсралт 1-ээр тохиролцсон Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө, мөн 2.4.2.2Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-аас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн төлбөрийг төлүүлнэ гэж зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцож, Гэрээний 1.2.2, 2.1.5-д зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.  

 

Гэрээний дагуу зээлдэгч Б.Г, Б.Б нар үндсэн зээлд 4,617,289 төгрөг, үндсэн хүүнд 23,907,932 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 220 төгрөг, нийт 28,525,442 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 32-33 хуудас/

 

3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч Б.Г, Б.Б нар нь зээлийн хүү, үндсэн зээлийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг сар бүр төлөөгүй, 2021.06.24-ны өдөр 95,943 төгрөгийн төлбөрийг хийснээс хойш огт төлөөгүй, зээлийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 32-35 хуудас/ 

 

4. Зээлийн гэрээний 6.1-д Дараахи тохиолдолд Банкны санаачилгаар гэрээгцуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана гэж, мөн зүйлийн 6.1.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж гэрээг цуцлах талаар тохиролцсон байна.

Зээлдэгч Б.Г, Б.Б нар Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, зээлдэгч Б.Б нь нөхөр Б.Г хорих ангид ял эдэлж байгаа тул зээлээ төлөх боломжгүй гэх хүсэлтийг гаргасан болох зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Бийн хүсэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 32-33, 37 хуудас/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

5. ХБ ХХК нь зээлийн гэрээг 2021.08.25-ны өдөр цуцалсан тул зээлийн төлбөрт хариуцагч Б.Г, Б.Б нараас үндсэн зээл 65,382,711 төгрөг, үндсэн хүү 21,074,904 төгрөг, нийт 86,457,615 төгрөгийг төлөхөөр байна.

 

Иймд хариуцагч Б.Г, Б.Б нараас зээлийн төлбөр 86,457,615 төгрөгийг гаргуулж ХБ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Зээлдэгч Б.Г, Б.Б нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №БГҮ201944934212 тоот Барьцааны гэрээ-ний дагуу барьцаалагч ХБ ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

Уг барьцааны гэрээг Д.Быг төлөөлж, Б.Г байгуулсан бөгөөд Д.Баас Б.Год олгосон 2019.12.06-ны өдрийн Итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Д.Б нь Итгэмжлэлийг олгоогүй гэж маргасан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.18-ний өдрийн 2831 дугаар Шинжээчийн дүгнэлт-ээр 2019.12.06-ны өдрийн 195, 196 дугаар Итгэмжлэл гэх 2 хуудас баримтын доод хэсэгт Д.Б гэсний ард зурагдсан 2 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Бын гэх гарын үсгийн загваруудтай тохирно гэсэн тул Д.Быг итгэмжлэл олгоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох Д.Бын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024347 дугаартай, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, 182 тоот хаягт байршилтай, 18654311066355 нэгж талбарын дугаартай, 640 мкв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, мөн Д.Бын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022865 дугаартай Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, 182 тоот хаягт байршилтай, 152,86 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Д.Гын өмчлөлийн №JTEBW3EH0A2042435 арлын дугаартай, Toyota Highlander маркын, 4468 УНВ улсын дугаартай автомашин зэргийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.Г, Б.Б нараас 86,457,615 /наян зургаан сая дөрвөн зуун тавин долоон мянга зургаан зуун арван таван/ төгрөгийг гаргуулж ХБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч Б.Г, Б.Б нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.Бын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024347 дугаартай, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, 182 тоот хаягт байршилтай, 18654311066355 нэгж талбарын дугаартай, 640 мкв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, мөн Д.Бын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022865 дугаартай Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, 182 тоот хаягт байршилтай, 152,86 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Д.Гын өмчлөлийн №JTEBW3EH0A2042435 арлын дугаартай, Toyota Highlander маркын, 4468 УНВ улсын дугаартай автомашин зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660,440 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Б.Б нараас 590,240 /таван зуун ерэн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг, хариуцагч Д.Баас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулж ХБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА