Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01015

 

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01015

 

“банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00905 дугаар шийдвэртэй,

 

            “банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б, Б.Г, Д.Б нарт холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүрэгт 86,467,615 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Б.Б, цахимаар хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Б.Г, Б.Б нар нь “банк” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/201944934212 тоот Зээлийн гэрээ, мөн тус өдөр БГҮ201944934212 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулж 70,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд улмаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 317201944934212-1 тоот, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 317201944934212-02 тоот, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 317201944934212-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгасан.

1.2. Энэхүү зээлийн барьцаанд Д.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, -хаягт байршилтай, нэгж талбарын - дугаартай 640 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, мөн Д.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, мөн -хаягт байршилтай, 152.86 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Д.Гын өмчлөлийн - арлын дугаартай, Тоёота хайландер маркийн, - улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалуулсан.

1.3. Зээлдэгч нар нь үндсэн зээлээс 4,617,289 төгрөг, хүүгийн төлбөрт 23,907,932 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 220 төгрөг, нийт 28,525,442 төгрөгийг төлсөн байна.

1.4. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөх тухай утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүйгээс гадна үндсэн зээлдэгч Б.Г нь хорих ангид ял эдэлж, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нь банк” ХХК-д хандан тус зээлийг төлөх боломжгүйгээ бичгээр мэдэгдсэн болно.

1.5. Иймд банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Б.Г, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 86,457,615 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Б.Гын татгалзал, тайлбарын агуулга: банк” ХХК-ийн нэхэмжилсэн 86,457,614 төгрөгийг хорих ангид ял эдэлж гараад төлөх боломжтой. банк” ХХК-тай олон жил хамтран ажиллаж итгэлтэй зээлдэгч болсон. Уг барьцаанд байгаа хашаа байшинг зараад төлбөр төлөх боломжгүй учир нь нэг найз маань надад итгэмжлэл хийж өгсөн. Би Д.Быг хуурч мэхэлж итгэмжлэл хийлгээгүй, хуулийн дагуу итгэмжлэлийг авсан тул Д.Бын өмчлөлийн хашаа байшин банкны барьцаанд хэвээр үлдэнэ. Ял эдэлж дуусаад ажил хөдөлмөр хийж уг мөнгийг төлөх хугацаа олгож өгнө үү.

 

3. Хариуцагч Б.Бийн татгалзал, тайлбарын агуулга: Нөхөр Б.Гыг банк” ХХК-аас 70,000,000 төгрөгийн зээл авахад хамтран зээлдэгчээр оролцсон. Миний хувьд ажилгүй, хүүхдүүдээ харж байгаа тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байна.

 

4. Хариуцагч Д.Бын татгалзал, тайлбарын агуулга: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Год өөрийн өмчлөлийн 650 м.кв талбай бүхий газар, 150 м.кв талбай бүхий хувийн сууцны гэрчилгээг өгч 10,000,000 төгрөгийн зээл авахуулахаар тохиролцсон. Үүний дагуу миний бие итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл Б.Г, Б.Б нар нь итгэмжлэл хийж өгснөөс 5 сарын дараа 70,000,000 төгрөгийн зээл авсан байсныг сүүлд 2021 оны 02 дугаар сард мэдсэн. Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг Б.Год хийж өгөөгүй, өмнөх итгэмжлэлийг ашигласан байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.Г, Б.Б нараас 86,457,615 төгрөгийг гаргуулж “банк” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г, Б.Б нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, -хаягт байршилтай, - нэгж талбарын дугаартай, 640 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, мөн Д.Бын өмчлөлийн,  эрхийн улсын бүртгэлийн - дугаартай Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, -хаягт байршилтай, 152.86 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Д.Гын өмчлөлийн - арлын дугаартай, Toyota Highlander маркийн, - улсын дугаартай автомашин зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660,440 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Б.Б нараас 590,240 төгрөгийг, хариуцагч Д.Баас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж “банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч Д.Бын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянзүрх дүүргийн нотариатч Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 195 ,196 дугаарт бүртгэлтэй итгэмжлэлийг баталсан. Гэвч тухайн өдөр Д.Б би нотариатч Б.Ц дээр өөрийн биеэр очиж гарын үсэг зурах ямар ч үйлдэл хийгээгүйг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтэд 195 ,196 гэсэн итгэмжлэлтэй миний гарын үсэг тохирно гэж дурдсан. Миний бие Баянзүрх дүүргийн нотариатч Б.Цгийн нотариатчийн бүртгэлийн дэвтрийг шинжлэн судлуулах, мөн нотариатч Б.Цг гэрчээр асуулгах хүсэлттэй байна. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нотариатч Б.Цгээр Б.Год итгэмжлэл хийж өгснөөр банк” ХХК-аас 45,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Энэхүү зээлийн гэрээг итгэмжлэлийн хамт гаргуулах хүсэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүй, шийдвэрлэж өгөөгүй тул гомдолтой байна.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч буюу барьцаалуулагч Д.Б нь итгэмжлэлийг үйлдээгүй гэх боловч хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр итгэмжлэлд зурагдсан гарын үсэг хариуцагч Д.Бынх мөн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.Гын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсан ба хууль зөрчсөн зүйлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Бид хамт явж итгэмжлэлийг хийсэн бөгөөд хууль зөрчөөгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “банк” ХХК нь хариуцагч Б.Б, Б.Г, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,467,615 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зээлийн үндсэн төлбөрийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. “банк” ХХК нь Б.Б, Б.Г нартай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/201944934212 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “банк” ХХК нь 70,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.Б, Б.Г нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201944934212-1 дугаар, мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944934212-02 дугаар, мөн оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/2019449342212-2 дугаар гэрээгээр тус тус зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан байна.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4. банк” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 70,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн.

Зээлдэгч Б.Г, Б.Б нар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 28,525,442 төгрөг төлсөн боловч дээрх зээлийн гэрээний  хавсралтад заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргийг 2020 оны 06 дугаар сарын 24ий өдрөөс хойш зөрчсөн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.  

 

5. Зээлийн гэрээнд Б.Б гарын үсэг зурсан, хүсэл зоригийг илэрхийлсэн учир Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр юм. Иймд Б.Б нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6. Зээлийн гэрээний 6.1.1-д “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүээгүй” тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлахаар талууд тохиролцсон, энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд зээлдэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, мөнгөн хөрөнгийг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г, Б.Б нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 65,382,711 төгрөг, зээлийн хүүд 21,074,904 төгрөг, нийт 86,457,615 төгрөгийн хэмжээгээр шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. 

 

7.1.банк” ХХК болон Б.Б нар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, Б.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 5 гудамж, -хаягт байршилтай, 640 м.кв талбай бүхий газар, 152,86 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Гын өмчлөлийн Тоёота Хайландер маркийн - улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан байна. Энэ гэрээнд Б.Г нь барьцаалуулагч Б.Бын өмнөөс гарын үсэг зурахдаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгогдсон итгэмжлэлийг үндэслэсэн.

Хариуцагч Б.Год 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон итгэмжлэлд хариуцагч Б.Б гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Б.Б хүсэл зоригоо илэрхийлээгүй, хүчин төгөлдөр бус гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Иймд итгэмжлэл хүчинтэй байх тул Б.Бын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7.2. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00905 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА