Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/01628

 

 

 

 

 

 

 

2023 03 30

101/ШШ2023/01628

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах Дүнжингарав Секрыюти ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ээлжийн амралтын мөнгө 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, өмгөөлөгч Х.Отгончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхүү, өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Нарангэрэл, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2012 оны 05 сарын 12-ны өдрөөс эхлэн Мон Уран ХХК-ийн хамаарал бүхий Дүнжингарав секьюрити ХХК-д хамгаалагчаар ажилд орж, Гүнтийн зуслангийн газрын манаач, харуулаар ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж хөдөлмөрийн хуулийн дагуу сануулах, цалингийн хувь хасуулах зэрэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

Гэтэл 2021 оны 9 дүгээр сард Мон Уран ХХК-ийн захирал Наранхүү өөрийн эзэмшлийн ойгоор явж байхад нь үл таних залуу 4 ширхэг бут сугалчихсан авч явж байгаад баригдсан байсан. Баригдахдаа манаач ах ав гэсэн гэж хэлсэн байсан. Миний хувьд тэр бут хулгайлсан залууг танихгүйгээр барахгүй бут ав гэж хэлээгүй. Тэгээд намайг 2021 оны 10 сарын 28-ны өдөр ажлаас халсан. Миний хувьд Мон Уран ХХК-д ажилладаггүй. Харуул хамгаалалтын компанид нь харуул манаачаар 9 жил 5 cap ажилласан. Хэрвээ миний бие хулгай хийсэн бол намайг Эрүүгийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулж шүүхээр миний гэм бурууг тогтоосон тохиолдолд ажлаас халах ёстой гэж үзэж байна.

О.Нарангэрэл нэхэмжлэл гаргах үед 59 настай байсан ба 1 жил ажиллаад л өндөр насны тэтгэвэртээ гарах байсан юм.

Шүүх дээр маргаан явж байх хооронд өндөр насны тэтгэвэрт гарсан тул ажилд эгүүлэн тогтоолгох болон эрүүл мэнд, нийгмийн даатгалд бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгож өгнө үү.

Мөн ажиллаж байсан бол ээжлийн амралтаа авах байсан тул ээлжийн амралтын олговорт 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Дүнжингарав секьюрити ХХК нь Шарихэрд ХХК-тай байгуулсан харуул хамгаалалтын гэрээний дагуу тус компанийн эзэмшил буй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг обьектийн хамт хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл Шарихэрд ХХК-иас манай компанид ирүүлсэн 2021 оны 10 сарын 08-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр манай компанийн харуул хамгаалалтын ажилтан Б.Нарангэрэл нь бусдад зөвшөөрөл өгч өөрийн хамгаалж буй газраас дөрвөн ширхэг зулзган модыг хууль бусаар ухуулсаныг мэдэгдсэн. Ингээд бид энэхүү мэдэгдлийн дагуу Шарихэрд компанийн удирдлагатай уулзаж, мөн газар дээр очиж мод ухагдсан нөхцөл байдалтай танилцаж, мод ухагдсан байдлыг нягтлан, үйл явдал болох үед байсан гэрчээс тодруулга авч эдгээр ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр харуул Б.Нарангэрэлийг компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.3-т заасан ноцтой зөрчил гаргасныг тогтоосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоол байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дэх хэсгийг тайлбарлах тухай. 106.5-т зааснаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тогтоох хэсэгт дурдаж өгнө үү. Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хөдөлмөрлөх эрх нь хөндөгдсөн эрх байдаг. Нэгэнт ажилтан өөрөө хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхгүй, ажилд эргэн орохгүй гэж байгаа учраас ажилд эргүүлэн тогтоох үндэслэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах нь өөрийн эрхийн асуудал байдаг. Үүнд хариуцагч оролцдоггүйгээрээ онцлогтой. Хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрх бий болно. Ийм учраас ажилд нэгэн эргүүлэн тогтоогоогүй.

Ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгох гэдэг бол бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй. Ажилд эргүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т ажилгүй байсан хугацааны цалинг хэрхэн тодорхойлдог вэ гэхээр ажилд эргүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацааны цалинг тогтоодог. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг боддог. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т заасан үндэслэл байгаа. Ажилдаа эргэж орохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа бол ажилгүй байсан хугацааны цалин хөлс бодохгүй гэсэн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байна.

Ээлжийн амралтын хувьд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар баримт байхгүй. Ээлжийн амралт бодоход мөн адил ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байгаа учраас ээлжийн амралтыг бодох үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд ажил олгогчийн зүгээс бэлэглэлийн үндсэн дээр өгсөн байна. 3 сар дотор нэхэмжлэгч ажлаасаа гарч, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал яригдана.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Нарангэрэлд цалин хөлснөөс гадуур буцалтгүй тусламж болгон 2,000,000 төгрөгийг байгууллагын данснаас бэлнээр гаргаж, кассын нярав албан тушаалтай Баасандоржийн Бямбахүүгээр дамжуулан Б.Нарангэрэлийн Худалдаа хөгжлийн банк дахь 3004577 дугаартай данс руу шилжүүлсэн.

Бидний хооронд хөдөлмөрийн гэрээний дагуу мөнгө өгсөн асуудал байхгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ажлаас чөлөөлөгдсөн тул тухайн үед туслалцаа байдлаар өгч байсан 2,000,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Энэ мөнгийг анх хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтандаа тусламж байдлаар өгсөн боловч энэ гэрээний харилцаа үргэлжлээгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Иймд О.Нарангэрэлээс 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь хавар Дэлхий нийтийн цар тахал Монгол улсад гарсанаас болж тэрхүү ковид өвчнийг туссан. Энэ үед компаниас надад буцалтгүй тусламж болгож 2,000,000 төгрөг өгч байсан. Би баярлаад энэ мөнгөөр орон нутгаараа хүртэл явсан бөгөөд энэ байдалд нь тухайн үед настай хүний хувьд их баярлаж байсан. Энэ мөнгийг буцааж төлөөрэй гэж огт хэлээгүй тул буцаан төлөх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, фото зураг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

Хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цалингийн хуудас, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Шарихэрд ХХК-ийн 2021 оны 10 сарын 16, 2022 оны 04 сарын 05-ны өдрүүдийн албан бичиг, гэрээт харуул хамгаалалтын гэрээ, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг,

Зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн: Нийслэлийн Байгаль орчны газрын албан бичиг, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг, гэрч Д.Саруулын мэдүүлэг, Экологийн цагдаагийн албаны 2022 оны 05 сарын 10-ны өдрийн албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Шарихэрд ХХК-иас гаргасан гомдол, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Чингэлтэй дүүргийн прокурорын 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 19 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1617 дугаар хэрэг бүртгэлтийн нээхээс татгалзах тухай тогтоол, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, уг албан хавсарган ирүүлсэн зээлийн хувийн хэрэг хүлээлцэх акт, зээлийн хүсэлтийн анкет, хур системийн лавлагаа, цалингийн зээлийн гэрээ, баталгааны гэрээ, барьцааны гэрээ, банкны мэдээллийн сан зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь хариуцагч Дүнжингарав секьюрити ХХК-д холбогдуулан ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ээлжийн амралтын мөнгө 400,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

2.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзалын үндэслэлийг 4 ширхэг зулзган модыг ойгоос хулгайлах боломж олгосон үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд хамаарах тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ээлжийн амралтын мөнгө гаргуулах нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үндэслэлгүй гэж тодорхойлж байна.

3.Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь Дүнжингарав секьюрити ХХК-д 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зуслангийн газрын хамгаалагчаар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, Дүнжингарав секьюрити ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 064 дугаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 53-55, 95 дугаар тал/

Хариуцагч Дүнжингарав секьюрити ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 064 тоот тушаалаар ...Гүнт лагер дахь харуул Б.Нарангэрэл нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр компанийн эзэмшлийн газраас буюу өөрийн харж хамгаалж буй обьектоос дөрвөн ширхэг зулзаган модыг ухан авч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэгт тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон Б.Нарангэрэлд хөдөлмөрийн сахилгын ажлаас халах шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 53 дугаар тал/

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Үүнд. 3.1.Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2021 оны 11 сараас 2022 оны 11 сар хүртэл хугацаагаар гаргуулах, ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан ба ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах шаардлагаас татгалзсан.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ны өдөр/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зохицуулсан.

Нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргасан байх бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан талаар талууд хэн аль нь маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ны өдөр/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно гэж заасан.

Нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсан тул ажил олгогчоос гарсан тушаал буюу ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож байгаа хууль зүйн факт болох ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Тодруулбал, ажилтныг ажлаас халсан тушаал нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь зохицуулалтад нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно гэж зохицуулсан нь ажилд эгүүлэн тогтоох үр дагавартай салшгүй холбоотой буюу ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговорыг олгохоор зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3.2. Ээлжийн амралтын мөнгө 400,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа тухайн тооцоололыг хэрхэн тооцоолсон талаар тодорхой тусгаагүй байх бөгөөд ажлаас үндэслэлгүй, халагдаагүй бол ээлжийн амралтын мөнгө 400,000 төгрөгийг авах байсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас энэ талаарх шаардлагыг нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн гаргасан тул үндэслэлгүй гэж маргасан.

Ажиллаж байсан хугацааны ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр/-ийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох зарчмын дагуу тодорхойлогдох хөдөлмөрийн маргаан бөгөөд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан юм.

Тухайн маргааны талаар гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт, Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн 2022 оны ээлжийн амралтын олговорт 400,000 төгрөгийг хууль болон гэрээнд зааснаар олгоогүй гэх асуудал нь ажилтны хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах эрх зөрчигдөж байгаа хөдөлмөрийн маргаан бөгөөд ийнхүү эрх нь зөрчигдөж байгааг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үед буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан гэж үзнэ.

Дурдсан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцоолоход гомдол гаргах сүүлийн хугацаа нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байна.

Иймд шүүхэд тухайн асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох зохицуулалт байх боловч хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан баримтаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж хугацааг сэргээн тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.Хариуцагчаас нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтандаа үүсгэн байгуулагчийн хувиас амралт, эрүүл мэндэд нь зориулан 2,000,000 төгрөгийг компанийн данснаас шилжүүлсэн бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буцаан гаргуулах шаардлага гаргаж байна гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй буюу, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж, 492 дугаар зүйлийн 492.2.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийг сайн дурын үндсэн дээр ямар нэг үүрэг хүлээлгэхгүйгээр, түүнийг амарч сувилуулахад дэмжлэг болох зорилгоор шилжүүлсэн нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийсэн үйлдэл байна.

Иймд дээрх хүсэл зоригийн үндсэн дээр шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат дуусахад ажилд эгүүлгэн тогтоолгох шаардлагыг дахин гаргаж байна гэж тайлбарласныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Учир нь нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт хийхийг даалгуулах тухай шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ээжлийн амралтын мөнгө гаргуулна гэж шаардлагаа гэж тодорхойлсноор шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэлэлцэж эхэлсэн ба энэ шаардлагын хүрээнд хариуцагч тал мэтгэлцсэний дараа нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байгаа нь хувийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх диспозитив зарчимд нийцэхгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Дүнжингарав Секрыюти ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ээлжийн амралтын мөнгө 400,000 төгрөг гаргуулах, ажлаас халсан тушаалыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах хэсгээс татгалзсан болохыг батласугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдан, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА