Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/00991

 

2000 оны 00 сарын 00 өдөр                 Дугаар 102/ШШ2000/00000      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,059,741,002 /нэг тэрбум тавин есөн сая долоон зуун дөчин нэгэн мянга хоёр/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн яамны ..., ...тай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот гурван талт гэрээний дагуу Хөдөлмөрийн сайдын 2013 оны 3 дугаар сарын 19-ний ... дүгээр тушаалаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-д зааснаар олгогдсон төслийг санхүүжүүлэх ажлын хүрээнд “...” ХХК болон “...” ХХК-ийн хооронд 600,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, уг зээл бодитоор олгогдсон юм. Зээлдэгч нь иргэн Б...., Б.... нарт компаниа залилуулж алдсан гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагаар 2015 он дуустал, 2016 оноос Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган олон жил маргаан хийж явсны эцэст Улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор уг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, компаниа нэр дээрээ шилжүүлэн авсан байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 519,604,671.23 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 540,136,330 төгрөг болсон байгаа тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,059,741,002 төгрөгийг “...” ХХК-иас гаргуулахаар шаардаж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээг банктай байгуулсан.

Барьцааны гэрээгээр: Төв аймгийн ... хороонд байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн ..., ... дугаартай, үйлдвэрийн зориулалттай барилга, Үл хөдлөх эд хөрөнгийн ..., ... дугаартай контор болон ажилчдын байрны зориулалттай барилга, Үл хөдлөх эд хөрөнгийн ..., ... дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Бүртгэлийн ..., нэгж талбарын .... дугаартай үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, Бүртгэлийн ..., ... дугаартай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Бүртгэлийн ..., нэгж талбарын ... дугаартай зуслангилйн зориулалттай газар эзэмших эрх, Бүртгэлийн ..., нэгж талбарын ... дугаартай хайрга олборлох зориулалттай газар эзэмших эрх зэргийг зээлдүүлэгчид барьцаалсан.

“...” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний 9.5 дугаар зүйлд “барьцаагаар хангагдах шаардлага үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангана”, 9.6 дугаар зүйлд “барьцаагаар хангагдах шаардлага үүссэн тохиолдолд гэрээний үүргийг хангуулахаар барьцааны зүйлийг өмчлөх эрхийг барьцаалагчид шилжүүлэх, худалдан борлуулах ажиллагааг гэрээнд зааснаар хуульд нийцүүлэн гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байна”, 11 дүгээр зүйлд “Хэрэв зээлийн гэрээнд заасан зөрчил /зээлийн гэрээнд тодорхойлсноор/ үүсч, түүний улмаас зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч нараас зээлдүүлэгчид төлбөл зохих зээлийн үндсэн дүн, хүү болон бусад бүх өртөг, зардал /зээлийн өр төлбөр/-ыг төлөх ёстой гэж мэдэгдсэн бол барьцаалагч дараах эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр эдэлнэ”, 11.1 дэх хэсэгт “Барьцааны зүйл буюу түүний аливаа хэсгийг нэн даруй эзэмшилдээ авах” гэж тус тус заасныг үндэслэн барьцааны зүйл болох дээр дурдсан 7 төрлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эрхүүдүээр 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “...” ХХК болон “...” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналтай байгаа тул шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

... ХХК нь 2022 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш ... ХХК олдохгүй, хаа байгаа нь тогтоогдохгүй хэсэг явж байгаад харилцаа холбоо тогтоож, шүүхэд ирэх үүргээ мэдсэн хэр нь ирэхгүй удсан. Энэ хугацаанд шүүгчийн албадан ирүүлэх захирамж гарч нэхэмжлэлийн хувийг ... ХХК-д 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүх гардуулсан байсан. Энэ хугацаанд хуульд заасан 14 хоногийн дотор буюу шүүхээр тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсвэл татгалзаж байгаагаа нотолсон баримтаа гаргах хуулиар хүлээсэн үндсэн үүргээ ... ХХК биелүүлээгүй. Тэр битгий хэл албан ёсны дугаараа хааж, холбогдох боломжгүй болсон мэт дүр эсгэж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зугтаж байгаа. н.... нь худалч бөгөөд түүнтэй манай байгууллага 2014 оноос хойш харилцаж байгаа. Бидний зүгээс түүнд туслалцаа үзүүлж, бололцоогоороо төлбөр төлөх хугацааг нь хойшлуулж цаг их алдсан. ... ХХК-ийн зүгээс энэ хугацаанд эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол амссан. Банк нь мөнгөн хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг итгэл хүлээж, захиран зарцуулах гэрээгээр хүлээсэн итгэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл энэ хүн 600,000,000 төгрөг зээлчхээд 9 жилийн хугацаанд мөнгийг төлөх сонирхолгүй байна. ... ХХК нь шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй тул манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Зээлийн хүүгийн төлбөр 257,060,532.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 283,075,798.41 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг үндсэн зээлийн үлдэгдэл 519,604,671.23 төгрөгийн хамт шаардаж байгаа...гэв.

2.Хариуцагч “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.... 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: “...” ХХК-ийн “...” ХХК-д 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот албан бичгээр гаргасан хүсэлт /хх-6/, Зээлийн хүсэлт /хх-7-8/, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...  дугаар бүхий Зээлийн гэрээ /хх-9-11/, мөн өдрийн ... дугаар бүхий Барьцааны гэрээ /хх-12-13/, “...” ХХК-ийн өмчлөлийн 450 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-14/, ... тоот Барьцаалбар /хх-15/, “...” ХХК-ийн өмчлөлийн 162 м.кв талбайтай контор, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-16/, ... тоот Барьцаалбар /хх-17/, “...” ХХК-ийн өмчлөлийн 403 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-18/, ... тоот Барьцаалбар /хх-19/, “...” ХХК-ийн ... дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-20-22/, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ /хх-23-24/, Х...., Т.... нарын өмчлөлийн 182 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-25/, ... тоот Барьцаалбар /хх-26/, Х....ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-27/, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ /хх-28-30/, Х....өөс Т....ид олгосон 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэл /хх-31/, “...” ХХК-ийн ... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-32-33/, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ /хх-34-35/, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот Барьцааны гэрээ /хх-36-37/, А....ын 51,4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-38/, ... тоот Барьцаалбар /хх-39/, А....ын “...” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт бүхий гар бичмэл баримт /хх-40/, “...” ХХК-иас “...” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлсэн ... тоот, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн .. тоот, 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ... тоот мэдэгдлүүд /хх-41-43/, “...” ХХК-иас барьцаалуулагч Х....т 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн ... тоот мэдэгдэл /хх-44/, “...” ХХК-иас барьцаалуулагч А....од 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн ... тоот мэдэгдэл /хх-45/, Зээлийн болон зээлийн хүүгийн тооцоолол /хх-46/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж /хх-47-48/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүхэд “...” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагааг гаргаж /хх-58/, өөр нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Хариуцагч “...” ХХК-ийн төлөөлөгч Т.... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар бичгээр гаргаагүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч “...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч “...” ХХК-иас Зээлийн гэрээний үүрэгт 1,059,741,002 /нэг тэрбум тавин есөн сая долоон зуун дөчин нэгэн мянга хоёр/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Шүүх “...” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагч “...” ХХК-ийн төлөөлөгч Т....ийг шүүхэд ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэн, утсаар хэд хэдэн удаа холбогдсон боловч тогтоосон хугацаанд шүүхэд ирээгүйн улмаас шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20139 дүгээр захирамжаар “...” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

4.Улмаар хариуцагч “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.... шүүхэд  ирж, нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд мөн хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

5.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардана гэж тодорхойлсон ба үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлүүдээр хангуулахаар шаардсан.

6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээлийн болон Барьцааны гэрээ, Барьцаалбарууд, мөн барьцааны зүйлүүд болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, өмчлөгч болон газар эзэмшигчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэл, зээл авах тухай зээлдэгчийн хүсэлт, Зээлийн болон зээлийн хүүгийн тооцоолол, зээлдүүлэгчээс зээлдэгчид хүргүүлсэн мэдэгдлүүд зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

6.1.Нэхэмжлэгч “...” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... тоот Зээлийн гэрээг зээлдэгч “...” ХХК-тай байгуулж, зээлдэгчид 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журамд зааснаар “...  төсөл”-д ашиглах зориулалттайр, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож байгуулан, зээлийн мөнгийг зээлдэгчид олгосон байна.

6.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ... Барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалж, барьцаалбар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Үүнд:

6.2.1. Төв аймгийн ... хороонд байрлах, ... гэрчилгээний, ... улсын бүртгэлийн дугаартай, “...” ХХК-ийн өмчлөлийн 450 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

6.2.2. Төв аймгийн Б..хороонд байрлах, 0... гэрчилгээний, ... улсын бүртгэлийн дугаартай, “...” ХХК-ийн өмчлөлийн 162 м.кв талбай бүхий контор, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

6.2.3. Төв аймгийн ... тоот хаягт байрлах, ... тоот гэрчилгээний ... улсын бүртгэлийн дугаартай, “...” ХХК-ийн өмчлөлийн 403 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

6.2.4. Төв аймгийн, ... хороонд байрлах, ... тоот гэрчилгээний, ... нэгж талбарын дугаартай, “...” ХХК-ийн эзэмших эрх бүхий 1 га талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх;

6.2.5. Чингэлтэй дүүргийн ... тоот хаягт байрлах, ... гэрчилгээний, ... улсын бүртгэлийн дугаартай, Х...., Т.... нарын өмчлөлийн 182 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; /Х....өөс Т....ид 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон/

6.2.6. Чингэлтэй дүүргийн ... нэгж талбарын дугаартай, Х....ийн эзэмшлийн 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар эзэмших эрх;

6.2.7. Төв аймгийн ... нэгж талбарын дугаартай, “...” ХХК-ийн эзэмшлийн 20 га талбай бүхий, Хайрга олборлох зориулалттай газар эзэмших эрх зэрэг болно.

6.3. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ... тоот Барьцааны гэрээг “...” ХХК болон иргэн А.... нар байгуулж, Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байрлах ... гэрчилгээний, ... улсын бүртгэлийн дугаартай, 51,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаалбар үйлдэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

6.4. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч “...” ХХК нь үндсэн зээлээс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 20,395,328.77 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 60,000,000 төгрөг, нийт 80,395,328.77 төгрөг төлж, төслийн хүүгийн төлбөрт 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 13 удаагийн төлөлтөөр нийт 44,833,416.43 төгрөг, банкны хүүнд 20,009,500 төгрөг тус тус төлжээ.

6.5. Зээлдүүлэгч “...” ХХК-иас зээлдэгч “...” ХХК-д төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг 2015 оны 11 дүгээр сарын 19, 12 дугаар сарын 30, 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрүүдэд, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр барьцаалуулагч Х...., А.... нарт тус тус мэдэгдэл хүргүүлсэн байна.

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

8.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

9.Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 600,000,000 төгрөгийг зээлдэгчид олгосон болох нь зээл, хүүгийн тооцоолол, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон ба зээлдэгч тал гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрөөс 80,395,328.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт нийт 64,842,916.43 төгрөг тус тус төлсөн болох нь зээл, хүүгийн тооцооллоор тогтоогдсон.

10.Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 519,604,671.23 төгрөг, үндсэн зээлийн хүү 257,060,532.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 283,075,798.41 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 1,059,741,002 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

11.Талуудын байгуулсан барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “...” ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

12.Харин нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот А....той байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаалсан Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байрлах ... гэрчилгээний, ... улсын бүртгэлийн дугаартай, 51,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

13.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,526,855 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “...” ХХК-иас 5,526,855 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “...” ХХК-иас 1,059,741,002 /нэг тэрбум тавин есөн сая долоон зуун дөчин нэгэн мянга хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “...” ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох:

- Төв аймгийн ....  улсын бүртгэлийн дугаартай, “...” ХХК-ийн өмчлөлийн 450 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

- Төв аймгийн ... улсын бүртгэлийн дугаартай, “...” ХХК-ийн өмчлөлийн ... м.кв талбай бүхий контор, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

- Төв аймгийн ... улсын бүртгэлийн дугаартай, “...” ХХК-ийн өмчлөлийн ... м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

- Төв аймгийн, ...  нэгж талбарын дугаартай, “...” ХХК-ийн эзэмших эрх бүхий .. га талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх;

- Чингэлтэй дүүргийн ... улсын бүртгэлийн дугаартай, Х...., Т.... нарын өмчлөлийн ... м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; /Х....өөс Т....ид 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон/

- Чингэлтэй дүүргийн ...  м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар эзэмших эрх;

- Төв аймгийн ... нэгж талбарын дугаартай, “...” ХХК-ийн эзэмшлийн 20 га талбай бүхий, Хайрга олборлох зориулалттай газар эзэмших эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,526,855 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “...” ХХК-иас 5,526,855 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА