Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2023/01081

 

 

 

 

 

 

 

 

2023 05 29 210/МА2023/01081

 

 

Ч ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00991 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч ХХК -ийн хариуцагч Л ХХК -д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,059,741,002 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ч ХХК болон Л ХХК -ийн хооронд 600,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, уг зээл бодитоор олгогдсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж үндсэн зээл 519,604,671.23 төгрөг, хүү 540,136,330 төгрөг, нийт 1,059,741,002 төгрөгийг Л ХХК - аас гаргуулахаар шаардсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээг банктай байгуулсан. Барьцааны гэрээгээр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг, Фермийн хороонд байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн *, Ү-* дугаартай, үйлдвэрийн зориулалттай барилга, Үл хөдлөх эд хөрөнгийн *, Ү-* дугаартай контор болон ажилчдын байрны зориулалттай барилга, Үл хөдлөх эд хөрөнгийн 000240572, Ү-* дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Бүртгэлийн 0294553, нэгж талбарын * дугаартай үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, Бүртгэлийн *, Ү-* дугаартай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бүртгэлийн *, нэгж талбарын * дугаартай зуслангийн зориулалттай газар эзэмших эрх, бүртгэлийн 000309179, нэгж талбарын 18696341348460 дугаартай хайрга олборлох зориулалттай газар эзэмших эрх зэргийг зээлдүүлэгчид барьцаалсан. Барьцааны гэрээний 9.5, 9.6, 11, 11.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн барьцааны зүйл болох дээр дурдсан 7 төрлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эрхүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Л ХХК нь олдохгүйн улмаас шүүгчийн албадан ирүүлэх захирамж гарч нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуулийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Бидний зүгээс түүнд туслалцаа үзүүлж, бололцоогоороо төлбөр төлөх хугацааг нь хойшлуулсан. Гэтэл 600,000,000 төгрөг зээлчхээд 9 жилийн хугацаанд мөнгийг төлөх сонирхолгүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 519,604,671.23 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 540,136,330 төгрөг, нийт 1,059,741,002 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Л ХХК нь хариу тайлбар гаргаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л ХХК -аас 1,059,741,002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК -д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох, Төв аймгийн Баянчандмань сум, Чандмань баг, Фермийн хороонд байрлах, 000205302 гэрчилгээний, Ү-* улсын бүртгэлийн дугаартай, Л ХХК -ийн өмчлөлийн 450 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн Баянчандмань сум, Чандмань баг, Фермийн хороонд байрлах, 000208802 гэрчилгээний, Ү-1426000392 улсын бүртгэлийн дугаартай, Л ХХК -ийн өмчлөлийн 162 м.кв талбай бүхий контор, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн Баянчандмань сум, Чандмань баг, Фермийн хороо, Хадаасны үйлдвэр 1/01 тоот хаягт байрлах, 000240572 тоот гэрчилгээний Ү-1426000449 улсын бүртгэлийн дугаартай, Л ХХК -ийн өмчлөлийн 403 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн, Баянчандмань сум, Чандмань баг, фермийн хороонд байрлах, 0294553 тоот гэрчилгээний, 18596342680005 нэгж талбарын дугаартай, Л ХХК -ийн эзэмших эрх бүхий 1 га талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй зуслан, Зүрх уул, 1 дүгээр гудамжны 1 тоот хаягт байрлах, 000236259 гэрчилгээний, Ү-2202019822 улсын бүртгэлийн дугаартай, Х.Т, Т.С нарын өмчлөлийн 182 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; /Х.Төмөрөөс Т.С ид 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон/ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах, 0269921 гэрчилгээний, 18639320410692 нэгж талбарын дугаартай, Х.Т-ийн эзэмшлийн 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар эзэмших эрх, Төв аймгийн Баянчандмань сум, Чандмань багт байрлах, 000309169 гэрчилгээний, 18596341348460 нэгж талбарын дугаартай, Л ХХК -ийн эзэмшлийн 20 га талбай бүхий, Хайрга олборлох зориулалттай газар эзэмших эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,526,855 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК -аас 5,526,855 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК -д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тус компанийн гүйцэтгэх захирал Т.С нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн очиж нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар гаргаж өгөх гэсэн боловч Ч ХХК -аас тооцоо нийлж акт үйлдэх, төлбөр төлөх хугацаа тохирох саналаа бичгээр өг гэсэн шаардлага тавьсан байсан тул манай компани саналаа бичгээр өгөөд хүлээж байсан. Шүүхээс шүүх хуралдааны товын талаар надад болон манай компанид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Утсаар яриагүй, мессеж ирээгүй, мөн бичгээр мэдэгдэх хуудас ирээгүй. Хэргийн материалтай танилцаагүй тул хэрэгт ямар нотлох баримт авагдсан, дутуу баримт сэлт байсан эсэхийг мэдэхгүй байна. Тооцоолол зөв гарсан эсэх нь мөн эргэлзээтэй байгаа. Бусдын хууль бус эзэмшилд байсан цаг хугацааны буюу шүүхийн маргаантай байх үед компанийг эзэмшиж өмчилж байсан хүмүүсээс хохирол төлбөр гаргуулах асуудал яригдах ёстой байсан. Хэрэгт нотлох баримтууд дутуу байсан гэж үзэж байна. Мөн энэ хугацаанд манай төмрийн үйлдвэрийг эвдэж сүйтгэсэн байхаас гадна бусдад худалдсан байсан, энэ асуудлаар одоо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх судлах ёстой гэж үзэж байна. Ч ХХК нь манай компанийн дээрх нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа бөгөөд биднийг ...бичгээр саналаа өгчих өө, хурлаараа хэлэлцэж ямар нэгэн шийдвэр гаргаад мэдэгдье... гэсэн тул тус банкинд итгээд саналаа хүргүүлээд хариу хүлээж байсан, гэтэл тус банк нь энэ байдлаа шүүхэд мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг хийлгүүлэх хүсэлт гаргаснаас үзвэл манай компанийг төөрөгдөлд оруулсан байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдаан болох талаар мэдэгдээгүй, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим зөрчигдөж шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Тооцоо нийлсэн актыг үйлдэж, төлбөр төлөх хугацаагаа тохиролцъё, бичгээр саналаа өг гэж хэлээд хүлээж байсан гэх үйл баримт болоогүй. Олон жилийн өмнө тухайн асуудал нь яригдаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг товыг хэргийн оролцогчид асуух үүрэгтэй. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу шүүчгийн туслах хариуцагчид утсаар шүүх хуралдааны товыг 10 хоногийн өмнө мэдэгдсэн байдаг. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаартай Улсын Дээд шүүхийн тайлбараар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, мэдэгдсэн тохиолдолд хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзан үзээгүй бол зөрчил гэж үзнэ. Мөн хэргийн оролцогч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөр шүүхэд явагдаж байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Тухайн хэргийг шийдвэрлэхээс өмнө уг маргааныг шийдвэрлэх бололцоогүй эсэхийг гэдгийг баримтаар нотлох үүрэг хүлээнэ. Уг ажиллагаануудыг хийгдээгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Л ХХК -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,059,741,002 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

3.1. Тус хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Л ХХК -ийн төлөөлөгч Т.С ид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарласан боловч хэргийн материал танилцуулаагүй гэж үзнэ.

3.2. Шүүх хариуцагчийг хэргийн материалтай танилцах эрхээр нь хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох гэж заасныг тус тус зөрчжээ.

4. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00991 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,526,855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН