Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/00014

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/00014

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 23 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Д Д /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 9 дүгээр хороо тоотод оршин суух А овогт Д Н /РД:    /

 

Баянгол дүүргийн * тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн төлөөлөгч Б.Д, гэрч Ц.Э, Б.С

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Д.Нд холбогдуулан Баянгол дүүргийн * тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хариуцагч Д.Нтай амаар тохиролцож, Баянгол дүүргийн * тоотод байршилтай хашаа байшинг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг цалингаасаа бага, багаар өгч байхаар тохирсон.

 

1.2. Дээрх тохиролцооны дагуу төлбөрийг төлж байсан ба энэ хугацаанд 9,000,000 төгрөг төлөгдсөн байсан. Гэтэл Д.Нгийн хашаа, байшин барьцаалж авсан зээл төлөгдөөгүйгээс хашаа, байшинг хураана гэж банкнаас мэдэгдсэн. Ингээд Д.Нтай ярилцаж, зээлээс нь төлж байхаар тохирч, 2019 оны 3 дугаар сараас зээлээс нь төлж 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийг нь төлж дуусгасан.

 

1.3. Хариуцагчийн зээлийн төлбөр болон урьдчилж өгсөн 9,000,000 төгрөг нийтдээ 33,000,000 төгрөг төлж, хашаа, байшингийн үнийг төлсөн боловч гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байна гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөлгүй, удаашруулсанаас 102,490,998.10 төгрөг төлүүлж, хохироосон.

 

2.2. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Д.Нгийн Төрийн банкны харилцах болон зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн бичсэн мөнгөний тооцоо гэх гар бичмэл, зээл төлсөн талаарх мемориалын баримтууд, хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн орлогын мэдүүлгүүд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /I-ХХ-5-19, 40-57 дугаар тал/

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.С, Ц.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

6. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Д.Нгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 14 дүгээр гудамж 397 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023427, Г-2205000716 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, газрын хувийн хэрэг, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаарх баримтууд /I-ХХ-ийн 179-194, II-ХХ-ийн 14-36, 230-234 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Нгийн хашаа, байшинг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг бага багаар өгч байхаар тохирсоны дагуу 9,000,000 төгрөг өгсөн ба үлдсэн мөнгийг хариуцагчийн хашаа, байшин барьцаалж авсан зээлээс төлж байхаар болж 2019 оны 3 дугаар сараас эхлэн төлж, зээлийг төлж дуусгасан. Нийт Д.Нд 33,000,000 төгрөг төлж, гэрээгээр тохирсон төлбөрийг төлж дуусгасан байна. Иймд хашаа, байшингийн өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.      

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөхгүй удаашруулсанаас 102,490,998.10 төгрөг төлүүлж хохироосон, мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Д.Нгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 23 дугаар хороо     тоотод байршилтай газар болон хувийн сууцыг худалдан авсан, тухайн сууцанд 2017 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү зохицуулалтаас үзвэл худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдах эд хөрөнгө, түүний үнэ болох нь тодорхой байна.  

 

Дээрх гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь худалдаж буй эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээнэ. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдагч нь тухайн хөрөнгийг өөрийн эзэмшлээс гаргаж, худалдан авагчид бодит эзэмшлийг шилжүүлэн өгснөөр өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үздэг. Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлэхээс гадна өмчлөл шилжүүлэх үүргийг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэдэг тул зөвхөн эзэмшил шилжүүлэх нь хангалтгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу худалдан авагчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх үүргийг хүлээнэ. Энэхүү үүргээ биелүүлэхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ” гэж заасны дагуу гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ дээрх шаардлагыг биелүүлнэ. Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээсэн хэлцлийг заавал бичгээр байгуулах шаардлагыг хуульд заагаагүй тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг амаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хэлцлийг хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй юм.   

 

Иймд зохигчид худалдах эд хөрөнгө болон түүний үнийн талаар амаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасантай нийцсэн байна.

 

Аливаа гэрээг байгуулсан гэж үзэх урьдчилсан нөхцөл нь нэг талын гэрээний саналыг нөгөө тал нь өөрчлөлгүйгээр хүлээн зөвшөөрсөн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл 2 буюу түүнээс дээш этгээдийн харилцан нийцсэн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулагдана. Энэ талаар Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж заасан. Энэхүү санал буюу нэг талын гаргасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж гэрээ байгуулагдсан гэж үздэг. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээний дагуу хариуцагч нь газар, хашаа байшингаа нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байх ба энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасанд нийцнэ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эд хөрөнгөө худалдан авагчийн эзэмшилд шилжүүлнэ гэж заасан үүргээ хариуцагч биелүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгө болох хашаа байшингийн үнийг төлж дууссан үндэслэлээр гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах шаардлага гаргасан ба үүнийг эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон учраас өмчлөл шилжүүлэх үүргээ биелүүлэхийг худалдагчаас шаардсан гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн эсэхийг тогтоох шаардлагатай.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийн үнийг төлөхөөс өмнө өмчлөл шилжүүлэх, эсвэл эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөл шилжүүлэхээр тохирч болно. Хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 9,000,000 төгрөг хүлээн авсан болон түүний 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Төрийн банк” ХХК-иас авсан 15,000,000 төгрөгийн зээлээс нэхэмжлэгч төлөх байдлаар эд хөрөнгийн үнийг төлөхөөр тохирсон асуудлаар маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар худалдан авагчийг эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний үнийг 20,000,000 төгрөгөөр тохиролцсон, урьдчилгаа төлбөр болон хариуцагчийн зээлийн төлбөрт нийт 33,000,000 төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй, ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагч Д.Нгийн 2 зээлийн төлбөрт 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 19,848,341 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдов. Нэхэмжлэгч нь хэрэгт гаргаж өгсөн баримтуудаа үндэслэн хариуцагчийн зээлийн төлбөрт 22,993,319 төгрөг төлсөн байна, зарим баримт нь олдоогүй гэж тайлбарласан ба тухайн баримтуудаас 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийн төлбөрт төлсөн 3,962,000 төгрөгийг нийтэд нь зээлийн төлбөрт тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийн төлбөрт 2,243,000 төгрөг шилжүүлсэн байх ба энэ нь хариуцагчийн дансны үлдэгдэл 1,580,202.87 төгрөг дээр нэмэгдэж 3,823,202.87 төгрөг болсон, мөн өдөр нэхэмжлэгч нь нэмж 140,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 69,000 төгрөг нэмж төлснөөр хариуцагчийн 104400498855 тоот дансны зээлийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хаасан үйл баримт тогтоогдов. Иймд 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр талд байгаа зээл төлөлтийн баримтаар нэхэмжлэгчийг 3,962,000 төгрөг төлсөн гэж үзэхгүй, хариуцагчийн дансанд шилжүүлсэн 2,452,000 төгрөгийг /2,243,000 + 140,000 + 69,000/ төлсөн гэж үзнэ. Мөн хариуцагчийн 104400498908 тоот дансны зээлийн төлбөрийг төлж, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийг хаасан байна. /I-ХХ-ийн 6-7, 53-54, 57 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн тооцоолсон бусад баримтууд давхцаагүй байх ба зээл төлсөн баримт, орлогын баримт, дансны хуулгыг тооцоход хариуцагчийн 104400498855, 104400498908 тоот дансны 2 зээлийн төлбөрт нийт 19,848,341 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байна. Иймд нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28,848,341 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй. /I-ХХ-ийн 5-7, 9-13, 42-57 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагчийг гэрээний үнийн талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байх тул эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.   

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүрэг 23 дугаар хороо Зүүн ард Аюуш 14 дүгээр гудамж 397 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгө /газар, хашаа байшин/-гийн өмчлөгчөөр Д.Дг тогтоож, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөлгүй, удаашруулж хариуцагчаар 102,490,998.10 төгрөг төлүүлж хохироосон гэсэн байх ба дансны хуулгаас харвал дээрх мөнгө нь төлсөн мөнгөн дүн биш бөгөөд зээлийн төлбөрийн төлөлт хийх үед нь тухайн төлөлтийн дүнгээр дансны орлогыг нэмэгдүүлж /автоматаар/, уг дүнгээр дансны зарлага гаргаснаар бүртгэсэн байна. Иймд хариуцагчийн зээлийн төлбөрт нийт 102,490,998.10 төгрөг төлөгдсөн гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, тухайн дүнгээс хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь буруу байна. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний харилцаанаас үүссэн эд хөрөнгийн маргаан тул тухайн эд хөрөнгийн үнээс тооцож, улсын тэмдэгтийн хураамж төлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн дутуу төлсөн 187,750 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 23 дугаар хороо   тоотод байршилтай 700м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-  дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 30м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д Дг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Д.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 187,750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Д.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА